| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2022/0237/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/262 |
| Огноо | 2022-07-27 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/262
2022 07 27 2022/ШЦТ/262
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Нарийн бичгийн дарга Т.Б
Улсын яллагч Ц.Л
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т
Шүүгдэгч Ө.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Б-т холбогдох эрүүгийн 222500309293 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Ө.Б
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Ө.Б нь 2022 оны 04 сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ тосгон *** тоот хашаанд бариатай байсан иргэн Ө.Г-н эзэмшлийн 6 ханатай, эсгий гэрийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 3 200 000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 04 сарын 27-ны өдөр иргэн Г.М-д өөрийн гэрийг зарна гэж хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 600 000 төгрөгөөр зарж залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, бусдыг хуурч эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Б мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Учруулсан хохирлоо төлнө” гэв.
Хохирогч Ө.Г “Шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол гаргуулна” гэсэн байна.
Хохирогч Г.М “Шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол гаргуулна” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийх явцыг бэхжүүлсэн гэрэл зургууд /хавтаст хэргийн 5-8 дахь тал/,
2. Г М-н депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 15 дахь тал/,
3. Ө-н Б-н Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
4. Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл гэрэл зургууд /хавтаст хэргийн 24-27 дахь тал/,
5. Хохирогч Ө.Г-н “Би 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянцагаан баг, Шинэ хороо *** тоотод байрлах манай 6 ханатай монгол гэрээ хулгайд алдсан учраас цагдаагийн байгууллагад хандсан юм. Манайх 2012 онд их зургаан ханатай, 12 толгойтой, бургасан ханатай, уньтай, дээвэртэй, туурга бүс барьсан монгол гэрийг 800 000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Би 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Яргуйт багийн айлаас өөрийнхөө монгол гэрийг хүлээж авсан. Манай гэрт эвдэж гэмтсэн, дутсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 31, 33 дахь тал/
6. Хохирогч Г.М-н “Би 2022 оны 04 дүгээр сарын 27-ны орой 18 цаг өнгөрч байхад гэр худалдан авах зорилгоор фейсбүүкийн “Эрдэнэт зар” группээс зар үзэж байсан чинь “Ochoo Ochkoo Ochkoo” гэх хаягаас 5 ханатай гэр зарна гээд ******** дугаарын утсаар тавьчихсан байхаар нь тухайн дугаар луу залгаж асуухад Баянцагаан багт байгаа гэхээр нь очиж уулзахад Баянцагаан багийн өрхийн эмнэлгийн үүдэнд мөнгөлөг өнгийн Санни маркийн тээврийн хэрэгсэлтэй 2 залуу зогсож байсан. Тухайн машинтайгаа нөгөө 2 залуу миний урд яваад Баянцагаан багийн зүүн талын дэнж дээр байх хүүхдийн тоглоомын талбайн зүүн талын блокон хашаан дээр очоод бариатай байсан гэрийг нь үзсэн юм. Тухайн гэр нь үүдэндээ жижигхэн амбаартай байсан. Тэгээд тухайн 2 залууд гэр худалдан авахаар бол яръя гэж хэлээд явсан чинь араас ******** дугаарын утаснаасаа залгаад “мөнгөний боломж байхгүй бол 600 000 төгрөгөөр худалдан ав, мөнгөө бэлэн өгөөрэй” гэхээр нь маргааш худалдан авах талаар хэлсэн чинь банкны мөнгө нэхэгдээд хэцүү байна гэж байсан. Би 22 цаг өнгөрч байхад найз Г , Б нартай таньдаг хүнийхээ портер машиныг гуйж аваад очиход тухайн ******** дугаарын эзэмшигч надад гэр үзүүлсэн залуу ганцаараа гэрээ буулгачихсан байхаар нь би найзуудтайгаа ачиж яваад тухайн залуугийн *********** дугаартай Ө.Б гэх хүний данс руу 600 000 төгрөг хийсэн юм” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 37-38 дахь тал/
7. Гэрч С.Д-н “үүнээс хойш над руу хэд хоногийг дараа цагдаагаас ярьж байна та гэр худалдаж авсан уу, таны авсан гэр хулгайн гэр байна аа гэж хэлсэн. Ингээд 2022 оны 05 сарын 04-ний өдөр ахын хашаанд цагдаа, надад гэр зарсан залуу, тухай гэрийн жинхэнэ эзэн гэх эмэгтэй нар ирж би гэр худалдаж авсан залуугаас мөнгөө буцааж авахаар болсон. Харин тэр гэрийн жинхэнэ эзэн гэх эмэгтэй ахын хашаанаас гэрээ ачиж явсан юм” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 47 дахь тал/
8. Ө.Б-н сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн “Би 2015 оноос хойш “Ochoo Ochkoo Ochkoo” гэх фейсбүүк хаяг ашиглаж байсан. 2022 оны 05 дугаар сарын эхээр “Bat-Ochir Ulziibadrah” нэртэй болгож өөрчилсөн юм. Би өөрийн “Ochoo Ochkoo Ochkoo” гэх фейсбүүк хаягаар “Эрдэнэт зарын нэгдсэн групп” хуудсанд 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр “ih 5 hanatai ger zarna ******** ” гэсэн мэдээлэл оруулсан. Би 2022 оны 04 дүгээр сарын 27-ны орой 20 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянцагаан баг, Шинэ хорооны хүүхдийн тоглоомын талбайн хажууд байрлах блокон хашаатай айл эзэнгүй байхаар нь монгол гэрийг нь худалдаж авахаар ирсэн залууд үзүүлсэн юм. Орой 22 цагийн үед тухайн гэрийг буулгачхаад байж байхад 3 залуу портер машинтай ирээд ачаад миний данс руу 600,000 төгрөг шилжүүлээд явсан. Үлдсэн тухайн айлын эд хогшлыг тэнд нь орхиод явсан юм” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 54, 91 дэх тал/
9. Орхон аймгийн Ашид Билгүүн” ХХК-ний шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №ТХҮ-622/3623 дугаартай “их 6 ханатай Монгол гэр 1 ширхэг 3 200 000 төгрөг” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 69-67 дахь тал/
10. Ө.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 100 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч Ө.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ тосгон *** тоот хашаанд бариатай байсан иргэн Ө.Г-н эзэмшлийн 6 ханатай, эсгий гэрийг 2022 оны 04 сарын 27-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 3 200 000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 04 сарын 27-ны өдөр иргэн Г.М-д өөрийн гэрийг зарна гэж хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 600 000 төгрөгөөр зарсан учруулсан болох нь хэрэгт хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 41 хоног цагдан хоригдсон байх тул эдлэх ялаас нь хасаж шийдвэрлэх нь зүйтэй” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т дүгнэлтдээ “гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй, шүүгдэгч хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Мөн хохирлыг хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгчийн төрсөн ах нь хохирлын мөнгө болох 900 мянган төгрөгийг миний дансанд шилжүүлсэн. Завсарлага авч хохирхогч нарт хохирлыг төлөх хүсэлтэй байна. Эрүүгийн хариуцлагын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 6 сарын хорих ял, нийт 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийх явцыг бэхжүүлсэн гэрэл зургууд, ГМ-н депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Ө-н Б-н Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл гэрэл зургууд, хохирогч Ө.Г-н “Би 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянцагаан баг, Шинэ хороо *** тоотод байрлах манай 6 ханатай монгол гэрээ хулгайд алдсан учраас цагдаагийн байгууллагад хандсан юм” гэх мэдүүлэг, хохирогч Г.М-н “Би 22 цаг өнгөрч байхад найз Г , Б нартай таньдаг хүнийхээ портер машиныг гуйж аваад очиход тухайн ******** дугаарын эзэмшигч надад гэр үзүүлсэн залуу ганцаараа гэрээ буулгачихсан байхаар нь би найзуудтайгаа ачиж яваад тухайн залуугийн *********** дугаартай Ө.Б гэх хүний данс руу 600 000 төгрөг хийсэн юм” гэх мэдүүлэг, гэрч С.Д-н “Харин тэр гэрийн жинхэнэ эзэн гэх эмэгтэй ахын хашаанаас гэрээ ачиж явсан юм” гэх мэдүүлэг, Ө.Б-н сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн “...Орой 22 цагийн үед тухайн гэрийг буулгачхаад байж байхад 3 залуу портер машинтай ирээд ачаад миний данс руу 600,000 төгрөг шилжүүлээд явсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Ашид Билгүүн” ХХК-ий шинжээчийн №ТХҮ-622/3623 дугаартай гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Б нь 2022 оны 04 сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ тосгон *** тоот хашаанд бариатай байсан иргэн Ө.Г-н эзэмшлийн 6 ханатай, 3 200 000 төгрөгийн үнэ бүхий эсгий гэрийг эзэмшигч, өмчлөгийн зөвшөөрөлгүй нууцаар хууль бусаар авч иргэн Г.М-д өөрийн гэр гэж итгүүлэн 600 000 төгрөгөөр зарсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ө.Б нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүй, нууцаар хууль бусаар авсан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг, бусдын эд хөрөнгийг өөрийн гэж итгүүлэн бусдыг хуурч зарж борлуулан хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилах гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ялыг доод хэмжээгээр оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ө.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 41 хоног цагдан хоригдсныг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Ганпүрэвт 3 200 000 төгрөгийн үнэ бүхий монгол гэрийн хохирол учирсан бөгөөд гэрийг хураан авч хүлээлгэн өгч биет байдлаар хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч нь гэр зөөхөд зарцуулсан тээврийн хөлс 390 000 төгрөг нэхэмжилсэн, хохирогч Г.М-д 600 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч 990 000 төгрөгийг шүүх хуралдааны явцад нөхөн төлсөн байна.
3. Хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ү овгийн Ө-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ө.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-н цагдан хоригдсон 41 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А