Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2402

 

МАГАДЛАЛ

 

2017.11.22                                                     Дугаар 2402                                Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

О И нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02308 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч О И нэхэмжлэлтэй,  

Хариуцагч НШГА холбогдох,

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 17/140 тоот тогтоол, 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 3/404 тоот мэдэгдэх хуудсыг тус тус хүчингүй болгуулах, 102/ШШ2015/04198 тоот шүүгчийн захирамжид заагдсан төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн   71 485 000 төгрөгийг Б.А тус “О ББСБ” ХХК-д олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэхийг даалгах болон нотариатын зардал 10 500 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б, Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ү,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Баянгол,    Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2015/04198 тоот шүүгчийн захирамжаар Б.Амарсайханаас 219 398 700 төгрөгийг тус “Ориент инвест ББСБ” ХХК-д олгохоор захирамжилсан. Үүний дагуу НШГА ажиллагаа хийж тус О И зээлийн барьцаанд бүртгэлтэй байсан Б.Амарсайханы өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.5 дахь хэсэгт зааснаар 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулж, 147 000 000 төгрөгөөр худалдан борлуулсан. НШГА нь 147 000 000 төгрөгөөс оногдох урамшууллын төлбөрийг суутган авч 144 795 000 төгрөгийг тус О И Худалдаа хөгжлийн банкны 499045986 тоот данс руу шилжүүлсэн байсан. Тус “Ориент инвест ББСБ” ХХК нь 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр НШГАны ахлах шийдвэр гүйцэтгэгчид хандан үлдэгдэл 73 158 700 төгрөгийг гаргуулах арга хэмжээ авч өгнө үү гэсэн Я2/17/012 тоот хүсэлт гаргасан боловч НШГАны тасгийн дарга бөгөөд Сонгинохайрхан дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч М.Үүлэнсолонго нь 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 3/226 тоот мэдэгдлээр “...2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 144 795 000 төгрөгийг танай байгууллагын дансанд шилжүүлсэн байна нийт 1 673 700 төгрөг гаргуулж танай байгууллагад олгуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгааг үүгээр мэдэгдье гэсэн байсан. Уг мэдэгдлийг тус “Ориент инвест ББСБ” ХХК нь эс зөвшөөрч НШГАны дарга Ж.Наранбаатарт хандан 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Я2/17/053 тоот гомдол гаргасан боловч НШГАны дэд дарга бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн хэлтсийн дарга, ахмад Р.Энхтайван нь 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 3/404 тоот мэдэгдлээр “...шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 1 673 700 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр танай байгууллагын дансанд шилжүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна...” гэсэн мөн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 17/140 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол ирүүлсэн байна. Б.Амарсайхан нь захирамжид дурдсан 219 398 700 төгрөгөөс 71 485 000 төгрөгийг төлж барагдуулаагүй байхад НШГА нь доорх холбогдох хуулиудын заалтыг зөрчиж 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 17/140 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол гаргасанд тус “Ориент инвест ББСБ” ХХК нь гомдолтой байгаа тул уг нэхэмжлэлийг гаргаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлд хамаарагдах заалтууд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т Шүүх, бусад байгууллагаас гаргасан шийдвэрийг энэ хуульд заасны дагуу гүйцэтгэх талаар шийдвэр гүйцэтгэгчээс тавьсан шаардлагыг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа иргэн, хуулийн этгээд, албан тушаалтан биелүүлнэ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.6-т “...эд хөрөнгө, эсхүл төлбөр төлөхөд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн өмчлөлийн бусад эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулна, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ. Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Үүнээс үзэхэд НШГА нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль мөн бусад хуулийн заалтуудыг давсан тогтоол гаргасан нь нотлогдож байна. Шүүгчийн захирамжид хөрөнгө бус мөнгө гаргуулахаар заасан тул барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох хууль зүйн үндэслэл байхгүй.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол, 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 3/404 тоот мэдэгдэх хуудас зэргийг хүчингүй болгож, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2015/04198 тоот шүүгчийн захирамжид заагдсан төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн   72 398 700 төгрөгийг Б.Амарсайханаас тус “Ориент инвест ББСБ” ХХК-д олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэхийг даалгах шаардлага гаргаж байна. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой нэхэмжлэгчээс нотариатын зардалд 4 500 төгрөг гарсныг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 4198 дугаар захирамжаар“Ориент инвест ББСБ”    ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Амарсайханд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 239 150 000 төгрөгийн 21 000 000 төгрөгөөс татгалзаж, 218 150 000 төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдөр бүрэн төлөх, хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн          Ү-2203028724 дугаартай Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 11 дүгээр хороолол Их тойруу гудамж 11а байрны 16 тоотын 58,4 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203028723 дугаартай Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 11 дүгээр хороолол Их тойруу гудамж 11a байрны 23 тоотын 58,4 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203028728 дугаартай Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 11 дүгээр хороолол Их тойруу гудамж 116 байрны 69 тоотын 58,4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнаас тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах, албадан гүйцэтгүүлэхээр талууд харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Тус алба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Б.Амарсайханы өмчлөлийн, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан эрхийн улсын бүртгэлийн                     Ү-2203028724 дугаартай Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 11 дүгээр хороолол Их тойруу гудамж 11а байрны 16 тоотын 58,4 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203028723 дугаартай Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 11 дүгээр хороолол Их тойруу гудамж 11 а байрны 23 тоотын 58,4 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203028728 дугаартай Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 11 дүгээр хороолол Их тойруу гудамж 116 байрны 69 тоотын 58,4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнуудыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2015 оны 10 дугаар сарын O5-ны өдрийн 15/32, 15/33, 15/34 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11/11, 11/14, 15/12 тоот хураах тогтоолоор хураан авсан. Хураасан хөрөнгийн анхны үнэлгээг тогтоохоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авах ажиллагааг явуулахад талууд харилцан тохиролцоогүй тул 2002 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж “Итгэлт-Эстимэйт” ХХК-иар үнэлгээ тогтоолгоход тус бүр 93 989 900 төгрөгөөр үнэлэгдсэн. Зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэж заасны дагуу албадан дуудлага худалдааны доод үнийг 93 989 900 төгрөгийн 70 хувь буюу 65 792 930 төгрөгөөр тогтоож, энэ талаар талуудад мэдэгдсэн. 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагт болсон анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон албадан дуудлага худалдааны доод үнийг 93 989 900 төгрөгийн 50 хувь буюу 46 994 950 төгрөгөөр тогтоож 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад Б.Оргил /РД:ШБ87021314/ дуудлага худалдааны ялагчаар тодорч тус бүр       49 000 000 төгрөгөөр орон сууц худалдагдсан. Албадан дуудлага худалдааны орлого 147 000 000 төгрөгөөс урамшуулал, зардлыг хасаж 144 795 000 төгрөгийг төлбөр авагч О И дансанд 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр шилжүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Шүүх төлбөрийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар заасан, бид шийдвэрийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан тул үнийг шилжүүлснээр шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэгч О И гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны/-ийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 34 дүгээр зүйлийн 34.3, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 2017 оны 4 дүгээр сарын     18-ны өдрийн 17/140 тоот тогтоол, 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 3/404 тоот хариу мэдэгдэх хуудсыг тус тус хүчингүй болгож, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2015/04198 тоотзахирамжийн гүйцэтгэгдээгүй үлдсэн хэсгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 оны/-ийн 86 дугаар зүйлд заасан журмын дагуу гүйцэтгэх ажиллагаа явуулахыг НШГАдаалгаж, НШГАнаас 10 500 төгрөг гаргуулж, “Ориент инвест ББСБ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.4, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215 150 төгрөгөөс 144 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 70 200 төгрөг, хариуцагчаас 144 950 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талуудын хооронд байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 14/4067 дугаар барьцаат зээлийн гэрээ болон шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс гаргуулахаар харилцан тохиролцсон бөгөөд шүүгчийн 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2015/04198 дугаар захирамжид төлбөрийн шаардлагыг биелүүлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 онд батлагдсан/ 53 дугаар зүйлд заасан журмын дагуу төлбөр төлөгчийн бусад эд хөрөнгөөс гаргуулах талаар дурдаагүй. Шүүхийн шийдвэрт заасан барьцааны хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааг зохион байгуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар   болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хууль дээдлэх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хүндэтгэх, Иргэний хуулийн иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байх зарчимд нийцсэн байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон ажиллагааг хүчингүйд тооцсон 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02308 дугаар шийдвэрийг хянаж, шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Ориент инвест ББСБ” ХХК нь хариуцагч НШГАхолбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 17/140 тоот тогтоол, 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 3/404 тоот мэдэгдэх хуудсыг тус тус хүчингүй болгуулах, шүүгчийн 102/ШШ2015/04198 тоот захирамжид заагдсан төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн 71 485 000 төгрөгийг Б.Амарсайханаас тус “Ориент инвест ББСБ” ХХК-д олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэхийг даалгах болон нотариатын зардал 10 500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2015/04198 тоот захирамжаар Б.Амарсайхан нь 218 150 000 төгрөгийг нэхэмжлэгч “Ориент Инвест” ХХК-д бүрэн төлөх, хугацааны төлөөгүй бол барьцааны зүйл болох 3 орон сууцаар үүргийг хангахаар талууд тохиролцон эвлэрснийг баталсан байна.

Б.Амарсайхан нь дээрх захирамжид заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүйгээс төлбөр авагч “Ориент Инвест” ХХК-ийн гаргасан хүсэлтээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1963 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан.

Хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Б.Амарсайханы өмчлөлийн 3 орон сууцыг худалдан борлуулсан үнэ 144 795 000 төгрөгийг төлбөр авагчид шилжүүлснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгон 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 17/140 тоот тогтоол гаргасан үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй.

Харин нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцээгүй, төлбөр бүрэн барагдаагүй гэж, хариуцагч нь шүүгчийн захирамжид заасан барьцааны зүйлээр зээлийн үүргийг хангасан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан гэж маргасан байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангасан нь зөв байна.

Талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжид Б.Амарсайхан нь 219 150 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн, шүүхийн гүйцэтгэх хуудсанд түүнээс 219 150 000 төгрөгийг гаргуулахаар заасан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт “Төлбөр төлөгчөөс гаргуулсан эд хөрөнгө, мөнгийг төлбөр авагчид хуульд заасан журмаар бүрэн олгосон бол төлбөрийг бодитой биелүүлсэнд тооцож “...гүйцэтгэх баримт бичгийг хаана” гэж заасан. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг, иргэн хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй юм.

Гэтэл хариуцагч нь төлбөр авагч “Ориент Инвест” ХХК-д 144 795 000 төгрөгийг шилжүүлэн өгч, шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудсанд заасан мөнгөн төлбөрөөс 71 485 000 төгрөгийг төлбөр төлөгчөөс гаргуулалгүй, гүйцэтгэх баримт бичгийг хааж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан гэсэн нь хуулийн дээрх заалтад нийцээгүй байна.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02308 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД                                            Д.БАЙГАЛМАА

 

                                                                М.НАРАНЦЭЦЭГ