Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 465

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Бд холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Нарангэрэл,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж, шүүгч Х.Одбаяр, Д.Алтанжигүүр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Нарангэрэлийн бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 14 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Г.Бд холбогдох 1810000000697 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Гийн Б, 1990 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, бетон арматурч мэргэжилтэй, Улсын 89 дүгээр зууханд галч ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, ...тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: .../

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 184 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан.

Г.Б нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагийн орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 13 дугаар гудамжинд Б.Пүрэвдоржтой маргалдан улмаар түүнийг биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж түлхэж унагаан алсан гэмт хэрэгт холбогджээ.

 Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Г.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,

Б овогт Гийн Быг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Быг 5 /тав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Бд оногдуулсан 5 /тав/жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Бын цагдан хоригдсон 125 /нэг зуун хорин тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 Прокурор Н.Нарангэрэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцээгүй. Амь хохирогч 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс өөрийн ухамсарт үйлдлийг хянах чадваргүй болсон нь М.Хишигсүрэн, Э.Болортуяагийн мэдүүлэг болон шинжээчийн 2405 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна. Улсын Дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 5.16-д “... Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэдгийг бие махбодын хувьд сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээд хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгосон байхыг хэлнэ. Биеэ хамгаалж чадахгүй хүнд бага насны буюу өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мөн биеийн ерөнхий хөгжлөөр илтэд сул дорой, эсхүл хүчтэй мансуурсан, согтуурсан бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй зэрэг этгээд хамаарна гэж тайлбарласан. Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Г.Б нь амь хохирогч Б.Пүрэвдоржийг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс ухамсарт үйлдэл хийх чадваргүй. Өөрөөр хэлбэл өөрийгөө хамгаалах чадваргүй гэдгийг ухамсарлан ойлгох боломжтой байсан гэдэг нь нотлогдсон. Анхан шатны шүүх амь хохирогч Б.Пүрэвдоржийг “биеэ хамгаалах чадвартай байсан” гэсэн дүгнэлт хийхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Хишигсүрэн, гэрч Э.Болортуяа, насанд хүрээгүй гэрч М.Амирланы мэдүүлгийг үндэслэл болгосон. Шинжээчийн 2405 дугаартай дүгнэлт нь нотлох баримтын бусад төрлийн адил хүчин чадалтай ба шүүх хэрэгт цугларсан бусад нотлох баримттай тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр түүнийг үнэлэх ёстой. Шүүх хуралдаанд шинжээч эмч Ш.Цэцэгмаа оролцсон байхад түүнээс “согтолтын хүнд зэрэг” нь согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийн хувьд ухамсарт үйлдэл хийх биеэ хянаж авч явах, бусдаас өөрийгөө хамгаалах, бусдын эсрэг идэвхтэй эсэргүүцэл үзүүлэх чадвартай эсэхийг анагаахын шинжлэх ухааны үүднээс тайлбарлуулан мэдүүлэг авахгүйгээр зөвхөн гэрчийн мэдүүлгийг үндэслэн, шүүгдэгч Г.Бд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэж байна...” гэв.

Шүүгдэгч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Г.Баяржаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн амь хохирсон шалтгааныг шууд зааж өгсөн байдаг. Миний үйлчлүүлэгч хохирогчийг 2 удаа түлхсэн нь шалтгаант холбоотой юм. Хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас 2 удаа түлхсэн юм. Цүлхэн нь архи их уусан хэрэглэсэн үед болон доргилтын үед хагарч болдог. Тиймээс анхан шатны шүүх хөнгөрүүлж зүйлчилсэн нь зөв болсон. Хохирогч нарын мэдүүлгүүдийг прокурор буруу тайлбарлаж байна. Тухайлбал хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу эхнэрийнх нь мэдүүлгээр хохирогч нь шөнөжин архи уусан. Гэртээ ороод хоол унд ч иддэггүй. “Би мэдэж байна” гээд хэсэг унтаж амраад бага зэрэг сэргэж, архи нь гарангуут дахиад архи уух гэж гарч явдаг. Энэ хооронд, гэртээ орж ирэх болгондоо мөн гудамжинд явж байхдаа үргэлж идэвхтэй үйлдэл хийж байсан. Хамгийн сүүлд Г.Бтай таарч түлхүүлэхээсээ өмнө “эгчийгээ аваад зайлаагүй юм уу? одоо би ална” гэж хэлдэг. Үүний дараа Г.Б араас нь очиж, бага насны гэрч М.Амирланы харснаар 2 удаа түлхсэн үйлдэл байдаг. Тиймээс эсрэгээрээ тухайн гэрчүүдийн мэдүүлгээр хэдийгээр шинжээчийн дүгнэлтээр согтуурлын хэмжээ их гарсан ч гэсэн хохирогч нь өөрийгөө удирдан залж, юу хийх гэж байгаагаа мэдэж, хэлж байсан. Гэрчүүдийн мэдүүлгүүдээр улсын яллагчийн ярьж буйгаар биеэ хамгаалж чадахгүй байдал гэдэг бол эсрэгээрээ няцаагдаж байна. Хавтас хэрэгт байгаа бусад шинжээчийн мэдүүлгүүд бий. Шүүгдэгчийн өмсөж явсан хувцаснууд, биед учирсан гэмтлүүдийн талаар шинжээч дүгнэлт гаргасан. Биед учирсан гэмтэл нь тухайн үйл баримтын өмнө болсон байна. Хувцаснууд нь хуучин урагдалтай, цооролтой байна гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Г.Б нь олон удаа, согтуу байдлыг нь ашиглаж хүч хэрэглэж, хохирогчийн биеийг түлхэж амь насыг хохироогоогүй. Харин эсрэгээрээ бага насны гэрч М.Амирланы мэдүүлснээр “нөгөө ах салаавч өгөөд хэрүүл хийсэн. Гэтэл 2 удаа түлхсэн. Түлхэхэд толгойгоороо цемент дээр буюу явган хүний зам дээр унасан. Дараа нь түлхэхэд нуруугаараа унасан. Тэгээд энэ хоёр хүн босоод яваад өгсөн” гэсэн байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 15.00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 13 дугаар гудамжинд амь хохирогч Б.Пүрэвдорж нь Г.Бын дэргэд эхнэр Э.Болортуяатай нь “Эгчийгээ аваад зайлахгүй яасан юм бэ, Би одоо очиж эгчийг чинь ална... Наанаа хүлээж бай” гэх зэргээр зүй бусаар доромжилж, цохих гэж дайрч, салаавч гарган ам руу нь хийх зэргээр балмад авирлан гэрийн зүг буцаж алхах үед нь түүнийг хориглох гэж араас нь очсон Г.Бд Б.Пүрэвдорж нь мөн салаавч үзүүлэн ам руу нь хийх үед биеэсээ холдуулахаар түлхэн унагаасны улмаас, гавал тархины хүнд гэмтэл учруулан алсан болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Хишигсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...6 настай охин Солонго нь уйлчихсан гэрт орж ирээд Пүрэвээ агаа уначихсан босож чадахгүй байна, таныг хүрээд ир гэж байна гэж хэлэхээр нь би яараад гүйгээд гартал гудамжны зүүн үзүүрт шонгийн модны харалдаа Б нь талийгаачийг өвдөг дээрээ түшүүлээд суулгачихсан байсан. Яасан бэ? гэсэн чинь Б “Пүрэвээ ах ухаан алдчихлаа, сэрэхгүй байна”. Тэгээд би өргөж дийлэхгүй байна, усны тэрэг аваад ирээч гэж хэлсэн. Энэ үед дэргэд нь Бын эхнэр Болортуяа, талийгаачийн төрсөн дүү Пүрэвжав нар хараад зогсож байсан ...Б цээжнээс нь би хөлөөс нь өргөөд тэргэнд суулгаад гэрт авчраад гэрийн баруун талын орны урд газарт хэвтүүлээд хөл, гарыг нь барьсан чинь ямар нэгэн хөдөлгөөнгүй байсан. Анх унасан газарт очих үед болон тэргэнд суулгаад гэрт оруулах үед аль алинд нь талийгаач ямар ч хөдөлгөөнгүй байсан. Ямар ч хөдөлгөөнгүй байгаад байхаар нь би айгаад орилоод “юу болсон юм бэ” гэсэн чинь Б “эгчээ би харин нэг удаа цохисон юмаа” гэж хэлсэн... Э.Болортуяа тухайн үед жирэмсэн байсан. Талийгаач урьд шөнө нь шөнөжин архи ууж, агсам тавьж хоносон...“ гэх мэдүүлэг /хавтас хэргийн 32 дугаар хуудас/,

гэрч Э.Болортуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаач “та нар яваагүй юм уу, эгчийгээ аваад явахгүй яасан юм, би одоо очоод эгчийг чинь ална” гээд над руу салаавч гаргаад гэр рүүгээ алхаад явсан. Гэр рүүгээ алхаад явах үед манай нөхөр Б “Хишигсүрэн эгчийг зодох гээд байгаа юм биш үү” гээд куртикээ надад тайлж өгөөд араас нь дагаад булан тойрсон. Би араас нь очиход талийгаач газарт сууж байсан бөгөөд би “та алив босоорой гэрт чинь хүргэж өгье” гэсэн чинь талийгаач “байж бай, байж бай” гэж хэлсэн. Тухайн үед ухаантай байсан. Быг “чи Пүрэвээ ахыг өргө” гэж хэлсэн чинь өргөөд жаахан яваад шонгийн тэнд суулгасан. Өргөөд дийлэхгүй байна гэж хэлсэн. ...Тэгээд Хишигсүрэн эгч ирээд өргөх гэсэн боловч дийлэхгүй болохоор дахиж гэртээ очоод усны тэрэг авч ирээд суулгаад гэрт нь оруулсан. Бид бужигнаж байх хооронд ухаан алдсан байх. Гэрт ороод ухаан орохгүй байсан ба Сайнцогт ах араас орж ирээд массаж хийгээд, хөл гарыг нь бариад ч ухаан орохгүй байсан. Эмч ирж үзээд өнгөрчихсөн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 43-44 дүгээр хуудас/,

насанд хүрээгүй гэрч М.Амирланы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би хашааны хаалгаа хаахаар очтол манай хашааны яг үүдэнд хойд талд гэр нь байдаг, дандаа архи уугаад гудамжны үзүүрт сууж байдаг согтуу ах, урт хар куртик өмссөн залуутай хэрэлдээд байсан. Урт хар куртик өмссөн ах “чи манай эхнэрт салаавч гаргалаа” гэж хэлээд согтуу ахын цээж рүү хоёр гараараа нилээд хүчтэй түлхсэн чинь нөгөө согтуу ах толгойны ар талаараа газарт унасан. Манай үүдэнд цементэн зам байдаг бөгөөд цементэн дээр толгойгоороо унасан. Тэгээд нөгөө согтуу ах өөрөө босоод явж байтал урт хар куртиктэй ах дахиад маргалдаад цээж рүү нь түлхсэн чинь нуруугаараа газарт унасан.” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 48 дугаар хуудас/,

гэрч Н.Пүрэвжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би урд автобусны буудлаас буугаад гэр рүү явган алхаад очиж байтал манай гудамжны зүүн үзүүрт Болортуяа Бын куртикийг барьсан зогсож байсан. Цаана манай ах Пүрэвдорж газарт баруун хажуу талаараа хэвтэж байсан. Ах ямар ч хөдөлгөөнгүй байсан. Б “хоёулаа өргөөд гэр рүү нь оруулъя” гэхээр нь би ч өөрөө архи уусан байсан болохоор “үгүй ээ би ч бас согтуу байна” гэж хэлээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг, /хавтас хэргийн 53 дугаар хуудас/,

Шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн: “...Тархины судасны цүлхэн нь 2 тохиолдолд хагарч болно. Нэгдүгээрт ямар нэгэн байдлаар доргилт үүсэн үед хагарна. Хоёрдугаарт судсанд цусны үзүүлэх даралт ихэссэн үед хагарна. Хүн архи уусан үед судас агшиж судсанд үзүүлэх даралт ихэсдэг бөгөөд энэ үед цүлхэн хагарч цус харваж болно. ...би дүгнэлтдээ угааж хусахад арилахгүй гэж оруулсан нь цус харвалт болсон гэдгийг харуулах зорилгоор тусгаж өгсөн...” гэх мэдүүлэг, /хавтас хэргийн 84 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн 2405 дугаартай цогцост задлан шинжилгээ хийсэн шинжээчийн: “Б.Пүрэвдоржийн цогцост дух, зүүн чамархай, дагзны хуйх, баруун чамархайн булчин, цээж, эрүү, зүүн шанаанд цус хуралт, дух, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач нь зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчтэй байжээ. Талийгаачийн цусанд 5,7 промилл, ходоодны шингэнд 6,2 промилл, шээсэнд 5,9 промилл спиртийн зүйл илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Цус нь АВО системээр В /III/ бүлгийн цустай байна. Талийгаач нь тархины суурийн зүүн дунд тараагуур судасны цүлхэн хагарсны улмаас их тархины хоёр тал бөмбөлгийн дотор гадаргуу, дух, чамархай, дагз, суурь, бага тархины дээд гадаргуугийн аалзан хальсан доор болон зүүн хажуу ховдолд цус харваж нас баржээ.” гэх дүгнэлт, /хавтас хэргийн 65-67 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтас хэргийн 06-14 дүгээр хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтас хэргийн 15-18 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Амь хохирогч Б.Пүрэвдорж нь тархины суурийн зүүн дунд хэсэгт тараагуур судасны цүлхэнтэй байсан бөгөөд шүүгдэгч Г.Б түүнийг түлхэж цементэн зам дээр савуулж унагах үед уг судасны цүлхэн нь хагарсны улмаас тархинд цус харваж амь насаа алдсан нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн 2405 дугаартай цогцост задлан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Б нь амь хохирогч Б.Пүрэвдоржийг “Архи ууж согтууран жирэмсэн эхнэрийг доромжлон, мөн эгч М.Хишигсүрэнг зодохоор явлаа” гэх шалтгааны улмаас түүний агсамнах үйлдлийг таслан зогсоохоор араас нь очих үед өөр лүү салаавч гарган ам руу нь хийх тэр мөчид биеэсээ холдуулахаар түлхсэний улмаас амь хохирогчийн тархины тараагуур судасны цүлхэн хагарч цус харваснаас нас барсан үйл баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон талаар, мөн шүүгдэгчийн түлхсэн үйлдэлтэй амь хохирогчийн нас барсан үр дагавар шалтгаант холбоотой талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.    

Харин прокуророос Г.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсэн нь үндэслэл муутай байна.

Учир нь шүүгдэгч Г.Б нь амь хохирогч Б.Пүрэвдоржийг санаатай түлхэж алсан гэхээс илүү өөрийн жирэмсэн эхнэрийг “Эгчийгээ аваад манайхаас зайлахгүй яасан юм бэ... Би одоо очиж эгчийг чинь ална... Наанаа хүлээж бай” гэх зэргээр доромжилж, цохих гэж дайрч ам руу нь салаавч хийх зэргээр зүй бус авирласан, түүнийг болиулахаар араас нь очиход өөрийнх нь ам руу салаавч хийх үед сэтгэл санааны гэнэтийн цочролд орж, хоромхон зуур сэтгэцийн хэвийн байдал алдагдаж түлхсэн нь нотлох баримтуудаар тогтоогдсон ба шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдолтой энэхүү нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулжээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан...” бол санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргээр зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг дүгнэн үзэхэд насанд хүрээгүй гэрч М.Амирланы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би хашааны хаалгаа хаахаар очтол манай хашааны яг үүдэнд хойд талд гэр нь байдаг дандаа архи уугаад гудамжны үзүүрт сууж байдаг согтуу ах, урт хар куртик өмссөн залуутай хэрэлдээд байсан. Урт хар куртик өмссөн ах “чи манай эхнэрт салаавч гаргалаа” гэж хэлээд согтуу ахын цээж рүү хоёр гараараа нилээд хүчтэй түлхсэн чинь нөгөө согтуу ах толгойны ар талаараа газарт унасан. Манай үүдэнд цементэн зам байдаг бөгөөд цементэн дээр толгойгоороо унасан...” гэж /хавтас хэргийн 48 дугаар хуудас/, гэрч Э.Болортуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...талийгаач “та нар яваагүй юм уу, эгчийгээ аваад явахгүй яасан юм, би одоо очоод эгчийг чинь ална” гээд гэр рүүгээ алхаад явсан. Тэр хооронд над руу салаавч гаргаад байсан бөгөөд гэр рүүгээ алхаад явах үед манай нөхөр Б “Хишигсүрэн эгчийг зодох гээд байгаа юм биш үү” гээд куртикээ надад тайлж өгөөд араас нь дагаад булан тойрсон...” гэж /хавтас хэргийн 43-44 дүгээр хуудас/ хэргийн үйл баримтын талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч Г.Быг өөрийг нь болон эхнэрээ хүндээр доромжилсон амь хохирогч Б.Пүрэвдоржийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдаж амь хохирогчийг түлхэн унагаасны улмаас нас барсан байх тул шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд зааснаар зүйлчилж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, энэхүү гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хэдий ч амь хохирогчийн оршуулгын зардалд 7.000.000 төгрөгийг төлсөн болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс ямар нэгэн гомдол саналгүй болохоо илэрхийлсэн, ам бүлийн хувьд эхнэр болон 0-6 насны хүүхдүүдийн хамт амьдардаг зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэдгийг бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг гэмт этгээд ухамсарлаж, гэмт хэрэг үйлдэхдээ энэ байдлыг нь ашигласныг, мөн биеэ хамгаалж чадахгүй гэдэгт бага насны буюу өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, биеийн ерөнхий хөгжлөөр илтэд сул дорой, эсхүл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалж, хянах чадваргүй нөхцөл байдлыг мэдсээр байж амь насыг нь хохироосныг ойлгоно.

Амь хохирогч Б.Пүрэвдорж нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан болох нь хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2405 дугаартай цогцост хийсэн задлан шинжилгээний шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан “...Талийгаачийн цусанд 5,7 промилл, ходоодны шингэнд 6,2 промилл, шээсэнд 5,9 промилл спиртийн зүйл илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна /хавтас хэргийн 67 дугаар хуудас/...”гэх дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон боловч тухайн хэрэг учрал болох үед биеэ авч явах чадвартай байсан төдийгүй бусадтай маргалдаж, хэл амаар доромжлон, зодохоор далайлган сүрдүүлж байсан үйл баримтын талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Хишигсүрэнгийн: “...Болортуяаг чи эндээс зайл, энд яах гэж ирсэн юм, муу гичий минь, эгчийгээ аваад зайл гэхээр нь Болортуяа та яагаад дандаа манай эгчийг ингэж зовоож байдаг юм вэ, та тэгж хөөгөөд байх юм бол аваад явж чадна, хамгаалах ах дүүгүй гэж бодоо юу гээд маргалдсан..” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 32 дугаар хуудас/, гэрч Э.Болортуяагийн: “...тэгэхээр нь би эгчийгээ аваад явна гэж хэлээд талийгаач Пүрэвдорж ахтай маргалдсан. Тэгсэн намайг цохих гээд гараа сарвайлгаад байсан би өөдөөс нь та жирэмсэн хүн цохих гээд байгаа юм уу гэж хэлсэн чинь намайг цохиогүй...Бид нар гэртээ харихаар явж байгаад дэлгүүрийн үүдэнд таарсан бөгөөд талийгаач та нар яваагүй юм уу, эгчийгээ аваад явахгүй яасан юм, би одоо очоод эгчийг чинь ална гээд гэр рүүгээ алхаад явсан. Тэр хооронд над руу салаавч гаргаад байсан бөгөөд гэр рүүгээ алхаад явах үед манай нөхөр Б “Хишигсүрэн эгчийг зодох гээд байгаа юм биш үү” гээд куртикээ надад тайлж өгөөд араас нь дагаад булан тойрсон...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 43-44 дүгээр хуудас/, насанд хүрээгүй гэрч М.Амирланы: “...би хашааны хаалгаа хаахаар очтол манай хашааны яг үүдэнд хойд талд гэр нь байдаг дандаа архи уугаад гудамжны үзүүрт сууж байдаг согтуу ах, урт хар куртик өмссөн залуутай хэрэлдээд байсан...” /хавтас хэргийн 48 дугаар хуудас/ гэж мэдүүлжээ.

Дээрх үндэслэлүүдээр “Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцээгүй. Амь хохирогч 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс өөрийн ухамсарт үйлдлийг хянах чадваргүй байсан тул хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтаар зүйлчлэх үндэслэлтэй” талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн прокуророос Гийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Б овогт Гийн Быг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Гийн Быг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Бд оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Н.Нарангэрэлийн бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 14 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,                                                  М.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ