Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 159/ШШ2021/0005

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа би, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Ариунзаяагийн дүгнэлттэй, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч Г.Энхтүвшинд холбогдох Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 0031366 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий дүгнэлттэй зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэрэгт хариуцагчаас 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гаргасан тайлбарыг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч Г.Энхтүвшин шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ... Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Г.Энхтүвшин би аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх А.Ариунзаяагийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 12 дугаар дүгнэлттэй танилцлаа.

Пүрвээ овогтой Атархүү нь Гамшгаас хамгаалах тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх зөрчлийн талаарх гомдол мэдээллийг шалгаад хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх тэмдэглэл үйлдэж, 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ажиллагаа явуулан 0031366 дугаартай шийтгэлийн хуудсаар /маягт-1/ шийтгэл ногдуулсан нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 194 дүгээр тогтоолыг зөрчсөн тул дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Ариунзаяа нь гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх тохиолдолд шийтгэлийн хуудсыг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 194 дүгээр тогтоолоор батлагдсан шийтгэлийн хуудсын загвар болох шийтгэлийн хуудас /маягт-2/-аар шийтгэл оногдуулаагүй гэх үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 0031366 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд ханджээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч Г.Энхтүвшин прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр бичгээр гаргасан тайлбартаа илэрхийлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй, 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасны дагуу Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ахлах прокурорын Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 0031366 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хариуцагч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ. гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тайлбарлаж, шүүгчийн захирамжийн үр дагавар тайлбарласан баримтад гарын үсэг зуруулсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ахлах прокурорын Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 0031366 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хариуцагч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА