Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/264

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2022           07             28                                       2022/ШЦТ/264

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж, шүүгч Г.Э, шүүгч Б.Н нарын бүрэлдэхүүнтэй

 

Нарийн бичгийн дарга Г.Э

Иргэдийн төлөөлөгч Б.Б

Улсын яллагч Г.А

Хохирогч Л.Т

Гэрч Н.Н

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С

Шүүгдэгч Т.Ү нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ү-д холбогдох эрүүгийн 2225000000160 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Т.Ү

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Т.Ү нь 2022 оны 03 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө 1 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Манхан **** тоотод өөрийн төрсөн эцэг Л.Т ыг өндөр настай биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Ү-г хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ү мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Эцэг маань ар гэртээ анхаарал халамжгүй, байнга архи ууж ээжийг маань, охин дүүг маань зовоодог. Орон гэр ч байхгүй. Энэ талаар эцэгтэйгээ ярих гэхээр ярьдаггүй. Энэ байдалд нь би их бухимдаж явдаг байсан. Тэр өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн байхдаа ийм байдалд хүрсэн байна. Гэмшиж байна.” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Л.Т  мэдүүлэхдээ “согтуу ирээд гэртээ унтаж байсан. Нэг цохих шиг болсон Сайн санахгүй байна. Энэ асуудалд би буруутай. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрч Н.Н  мэдүүлэхдээ “нөхөр маань ар гэртээ анхаарал халамж тавьдаггүй, хүүхдүүдээ тоодоггүй, байнга архи уудаг. Олон жил архи ууж байна. Хүү маань амьдарлын төлөө явдаг архи дарс хэрэглэдэггүй. Нөхрийн маань энэ байдлаас болж хүү маань ийм хэрэгт холбогдлоо.” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Н.Н ийн цагдаагийн газарт гаргасан гомдол /хавтаст хэргийн 2 дахь тал/,

2. Хохирогч Л.Т ын “Би 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр архи уугаад Даваат багийн Манхан **** тоот хаягтай өөрийн гэрийнхээ орон дээр унтаж байсан бөгөөд нэг сэрэхэд Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ирсэн байсан. Юу болсон талаар өөрийн эхнэр Н.Н ээс асуухад манай хүү Т.Ү нь 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө гэрт ирээд намайг унтаж байхад цохиж зодоод тэгээд Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ирсэн гэсэн. Яагаад намайг зодох болсон шалтгааныг мэдэхгүй байна. Миний зүгээс гаргах санал хүсэлт, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дахь тал/

3. Гэрч Н.Н ийн “2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шөнө 01 болж байхад Т.Ү нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтолт өндөртэй орж ирсэн. Би Т.Ү-д ор засаж өгөх гээд зогсож байхад Т.Ү ямар ч шалтгаангүй, юу ч хэлэлгүйгээр аав дээрээ очин аавынхаа нүүр хэрэг рүү гараа атгаж байгаад цохиж, аавыгаа татаж орноос нь газарт унагаан нүүр болон цээж, нуруу хэсэг рүү нь олон удаа өшиглөж мөн нүүр лүү нь гараараа цохиод байсан. Би Т.Ү-гболиулах гэж гуйхад болихгүй л аавыгаа зодоод л байсан” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 9 дэх тал/

4. Насанд хүрээгүй гэрч Т.Ү-н “2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шөнө Даваат багийн Манхан **** тоот гэртээ би унтах гээд орондоо ороод хэвтэж байхад ээж галаа түлээд сууж байсан, аав орон дээрээ унтаж байсан. Тэгээд байж байтал миний төрсөн ах Т.Ү гаднаас гэртээ орж ирээд ээжээ уучлаарай гээд аав дээр очин аавыг орон дээр унтаж байхад гараараа цохиж байгаад орноос татан унагааж хөл болон гараараа бие болон нүүр хэсэг рүү цохиж зодоод байсан. Ээж агааг болиулах гээд цамцнаас нь татаад байхад зодоод байсан” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 14 дэх тал/

5. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 106 дугаартай “Т.Ү-н /*********  / биенээс авсан гэх цусанд 1,55 промилл процент этилийн спирт. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. /хавтаст хэргийн 20-21 дэх тал/

6. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 106 дугаартай “Л.Т ын биенээс авсан цусанд этилийн спирт 1.4 промилл процент илэрсэн болно. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

7. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 253 дугаартай “Л.Т ын биед гавал тархины битүү гэмтэл, тархины баруун тал бөмбөлгийн чамархай ба дагзны хэсгийн тархины эд дэх цусан хураа, баруун талын хацар ясны хугарал, баруун хацрын нум ясны хугарал, баруун талын хоншоор ясны хугарал, зүүн эгэмний ясны далд хугарал, зүүн талын дөрөв, тав дугаар хавирганы далд хугарал, баруун нүдний ухархайн дотор ба доод ханын хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, дээд урууланд шарх, дээд, доод уруулын дотор тал, нүүр, хоёр гарын мөр, бугалга, цээж, зүүн гуянд цус хуралт, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгдэнэ шинэ гэмтлүүд байна. Гавал тархины битүү гэмтэл, тархины баруун тал бөмбөлгийн чамархай ба дагзны хэсгийн тархины эд дэх цусан хураа нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун талын хацар ясны хугарал, баруун хацрын нум ясны хугарал, баруун талын хоншоор ясны хугарал, зүүн эгэмний ясны далд хугарал, зүүн талын дөрөв, тав дугаар хавирганы далд хугарал нь тус бүрдээ эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун нүдний ухархайн дотор ба доод ханын хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, дээд урууланд шарх, дээд, доод уруулын дотор тал, нүүр, хоёр гарын мөр, бугалга, цээж, зүүн гуянд цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн эрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Эрүүнд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэсэн дүгнэлт. /хавтаст хэргийн 33-36 дахь тал/

8. Сэжигтэн Т.Ү-н “Би 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн орой 21 цагийн үед ажлаа дуусган Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллалаа явуулдаг Wave бааранд Татар хамтлагийн тоглолтыг 1 найзынхаа хамт үзэж байгаад 22 цагийн үед гарч ирээд бид 2 Sugar баар луу орж 0.7 литр хэмжээтэй Eden нэртэй шил архи хуваан уусан. Бид 2 архиа хуваан ууж дуусгаад 23 цаг өнгөрч байхад гарч ирэн би найзаасаа салан явж өөрийн Даваат багийн Манхан **** тоот гэр лүүгээ харьсан. Би их бухамдалтай, согтолт өндөр байсан болохоор гэр лүүгээ ороод аав болох Л.Т ын согтуу унтаж байхад нь гар хүрч биед нь халдаж зодсон. Гараараа болон хөлөөрөө нүүр болон бие рүү нь цохиж зодсон” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/

9. Т.Ү-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 52 дахь тал/,

10. 0679792 дугаартай шийтгэлийн хуудсын хуулбар /хавтаст хэргийн 77 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.А  дүгнэлтдээ “Шүүгдэгч Т.Үнь 2022 оны 03 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө 1 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Манхан **** тоотод өөрийн төрсөн эцэг Л.Т ыг өндөр настай биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С  дүгнэлтдээ “Гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, болон хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэх байх. Хохирогчийн буруутай үйлдэл энэ гэмт хэрэг гарахад маш их нөлөөлсөн. Хохирогч ар гэрээ хайхрахгүй байнга архи ууж гэр бүлдээ тухгүй байдал үүсгэдэг. Энэ нь шүүгдэгчид нөлөөлж, найз нөхөдтэйгөө тоглолт үзэж гэртээ ирээд бухимдаж энэ хэрэг гарсан. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь хохирогчид эмнэлэгийн тусламж үзүүлж, эмнэлэгт эмчлүүлсний үр дүнд хохирогчийн биеийн байдал сайжирсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан хуульд зааснаас доогуур хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Б  дүгнэлтдээ “Гэм буруутай гэж үзэж байна. Хэргээ хүлээж байгаа тул гэм буруугаа ойлгосон байх” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

  1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан Н.Н ийн цагдаагийн газарт гаргасан гомдол, хохирогч Л.Т ын “манай хүү Т.Ү нь 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө гэрт ирээд намайг унтаж байхад цохиж зодоод тэгээд Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ирсэн гэсэн. Яагаад намайг зодох болсон шалтгааныг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Н ийн “Т.Ү ямар ч шалтгаангүй, юу ч хэлэлгүйгээр аав дээрээ очин аавынхаа нүүр хэрэг рүү гараа атгаж байгаад цохин аавыгаа татаж орноос нь газарт унагаан нүүр болон цээж, нуруу хэсэг рүү нь олон удаа өшиглөж мөн нүүр лүү нь гараараа цохиод байсан” гэсэн мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч Т.Ү-н “аавыг орон дээр унтаж байхад гараараа цохиж байгаад орноос татан унагааж хөл болон гараараа бие болон нүүр хэсэг рүү цохиж зодоод байсан” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 106 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 106 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 253 дугаартай дүгнэлт, Т.Ү-н “Л.Т ын согтуу унтаж байхад нь гар хүрч биед нь халдаж зодсон. Гараараа болон хөлөөрөө нүүр болон бие рүү нь цохиж зодсон” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Т.Үнь 2022 оны 03 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө 1 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Манхан **** тоотод төрсөн эцэг Л.Т ыг зодож, эрүүл мэндэд нь гавал тархины битүү гэмтэл, тархины баруун тал бөмбөлгийн чамархай ба дагзны хэсгийн тархины эд дэх цусан хураа, баруун талын хацар ясны хугарал, баруун хацрын нум ясны хугарал, баруун талын хоншоор ясны хугарал, зүүн эгэмний ясны далд хугарал, зүүн талын дөрөв, тав дугаар хавирганы далд хугарал, баруун нүдний ухархайн дотор ба доод ханын хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, дээд урууланд шарх, дээд, доод уруулын дотор тал, нүүр, хоёр гарын мөр, бугалга, цээж, зүүн гуянд цус хуралт, эрүүнд зулгаралт бүхий хүнд гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Т.Ү нь санаатай үйлдлээр биеэ хамгаалж чадахгүй өндөр настай, согтууруулах ундаа хэрэглэсэн хүний биед хүч хэрэглэн халдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас зөрүүтэй санал, дүгнэлт гараагүй бөгөөд шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “шүүгдэгчийг гэм буруутай” гэж дүгнэсэн байна.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Ү-гяллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсний дараа хохирогчид туслалцаа үзүүлж эмнэлэгийн байгуулагад хүргэсэн, хохирол төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулахдаа шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлах боломжтой гэж үзлээ. Шүүгдэгчид оногдуулах ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Т ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

  1. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.. Шүүгдэгч Х овгийн Т-ын Ү-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ү-г 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ү-д оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ү-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А

                                       ШҮҮГЧИД                       Б.Н

                                                                              Г.Э