| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 188/2022/0135/Э/220/2022/0264 |
| Дугаар | 2022/ШЦТ/1037 |
| Огноо | 2022-08-18 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1037
2022 08 18 2022/ШЦТ/00000
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга: П.Золбаяр,
улсын яллагч: Г.Лхагвасүрэн /томилолтоор/,
шүүгдэгч: Т.А, түүний өмгөөлөгч Ч.Д нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Т.А-д холбогдох эрүүгийн 0000000000 тоот хэргийг 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Т-гийн А /РД:0000000/,
Монгол улсын иргэн, **** оны ***дугаар сарын ******-ны өдөр ****** аймгийн **** суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Тахилтын 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух хаягтай, урьд:
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 701 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Т.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Тахилт 13 гудамжны 00 тоотод иргэн П.Ж-ыг шалтаг шалтгаангүйгээр нүүр, цээжин тус газарт нь гараараа цохиж, цээж, хэвлий хэсэгт нь хөлөөрөө өшиглөж, цээжин тус газарт нь хутгаар хатгаж улмаар биед баруун уушгины дунд, доод дэлбэнгийн паренхимийн эдийн няцрал, цээжний хөндийн шингэн хуралдалт /300 мл/, баруун 6, 7-р хавирганы далд хугарал, доод уруулын няцарсан шарх, цээжний баруун талын хатгагдсан шарх гэмтлийг үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Т.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Тахилт 13 гудамжны 00 тоотод иргэн П.Ж-ыг шалтаг шалтгаангүйгээр нүүр, цээжин тус газарт нь гараараа цохиж, цээж, хэвлий хэсэгт нь хөлөөрөө өшиглөж, цээжин тус газарт нь хутгаар хатгаж улмаар биед нь “баруун уушгины дунд, доод дэлбэнгийн паренхимийн эдийн няцрал, цээжний хөндийн шингэн хуралдалт /300 мл/, баруун 6, 7-р хавирганы далд хугарал, доод уруулын няцарсан шарх, цээжний баруун талын хатгагдсан шарх” гэмтлийг үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:
-Хохирогч П.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ...зам дагуу дэлгүүрээс Болдбаатар 0.75 литрийн Хараа нэртэй архи авахаар нь танай гэрт уугаад яах юм. ...А-гийн гэрт орж ууя гэж хэлээд А-гийн гэрт очсон. Тэгээд бид 3 нөгөө архиа уугаад сууж байхад би их согтож байсан. Тухайн үед хоол унд идээгүй их удсан болохоор хурдан согтсон ...миний санаж байгаагаар би хутгалуулсан байдалтай Амраагийн гэрээс гарах үед А ганцаараа миний хажууд зогсож байсан. Тэгээд би цээжээ гараараа дараад гэрээс нь гараад хашаанд байгаа 2 гэрийн дунд зогсож байсан. Тэгээд түүнээс хойш ухаан балартаж эхлээд гэмтлийн эмнэлэг дээр очоод ухаан орсон...”,
“...Эхлээд маргалдаад хоорондоо зодолдож эхэлсэн ба улмаар А нь намайг дараагаар нь хутгаар хутгалсан. Зодолдож эхлэх үедээ намайг цохисон. Миний нүүр, цээж хэсэгт гараараа цохих үед би ухаан балартсан. Тэгээд гэр дотор шалан дээр унахад цээж, хэвлий хэсэгт хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд нэг ухаан ороход цээжин хэсгийг хутгаар хатгасан байдалтай цус гарсан байсан.. " гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-00 , 113, 183-184-р хуудас/,
-Гэрч Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ...би дэлгүүр ороод бэлэн хоол, 0.75 граммын Хараа нэртэй архи аваад буцаад гэрлүүгээ явж байсан чинь Жак ах А-гийн гэрт ороод ууя гэхээр нь би дагаад орсон юм. Тэгээд гэрт нь яваад орсон чинь А орон дээрээ сууж байсан ба бид архиа хувааж уусан юм. Би архи задлаад гурван удаа уугаад ээж ирж байгаа гэж хэлээд гэрлүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60-р хуудас/,
- Гэрч Ж.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ...хүү А-ийн гэрт орсон чинь ганцаараа хэвтэж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа намайг гэртээ байж байхад А-ийн гэрт хүн дуугараад байхаар нь гэрт нь 17 цаг өнгөрч байхад дахин орсон чинь зүс таних “Жак” хочтой Ж-д танихгүй нэг залуутай орж ирсэн архи ууж байсан. ...Тэгээд би хашаанд угаасан хувцас оруулаад мод хагалаад зогсож байхад Ж-д тай хамт явсан танихгүй хүн түрүүлээд гараад явсан. ...Тэгтэл хүү А намайг жорлонгоос гарч ирсэн чинь гадаа зогсож байсан бөгөөд ээжээ би Ж-д ыг хутгаар дүрчихлээ гэж хэлэхээр нь чи яаж байгаа юм бэ, тэгээд зүгээр юм уу гэж асуусан чинь, Ж-д гудамж уруудаад алхаж яваа харагдахаар нь чи цаадахаа эмнэлэгт үзүүлж биеийг нь үзэж хар гэхэд хүү А араас нь гүйгээд явсан. Түүнээс хойш одоог хүртэл холбогдоогүй, гэртээ ирэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64-р хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Э-ийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай:
“...1. П.Ж-д ын биед баруун уушгины дунд, доод дэлбэнгийн паренхимийн эдийн няцрал, цээжний хөндийн шингэн хуралдалт /300 мл/, баруун 6, 7-р хавирганы далд хугарал, доод уруулын няцарсан шарх, цээжний баруун талын хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Баруун уушгины дунд, доод дэлбэнгийн паренхимийн эдийн няцрал, цээжний хөндийн шингэн хуралдалт, баруун 6, 7-р хавирганы далд хугарал, доод уруулд няцарсан шарх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ, цээжний баруун талын хатгагдсан шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хатгах үйлдлээр үүснэ.
3. Баруун уушгины дунд, доод дэлбэнгийн паренхимийн эдийн няцрал, цээжний шингэн хуралдалт /300 мл/, баруун 6, 7-р хавирганы далд хугарал гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. Доод уруулын няцарсан шарх, цээжний баруун талын хатгагдсан шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 35-37-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Өөрөөр хэлбэл гэрч, хохирогчийн мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
-Шүүгдэгч Т.А-гийн яллагдагчаар өгсөн: “...“...Би Ж-д ахтай огт маргалдаагүй бөгөөд намайг алгадаад байхаар нь миний уур хүрээд зодож эхэлсэн. Тэгээд намайг мөн цохиж надтай барьцалдаад авахаар нь түүнийг дийлэх санаатай цохиж зодсон. ...Би нүүр, цээж хэсэг рүү нь гараараа цохиж, өшиглөсөн. Тэгээд хутгаар хатгаж учруулсан...” гэж /хавтаст хэргийн 187-188-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Өмгөөлөгчөөс шүүгдэгчийн хувийн байдлын талаар: иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 75-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 80-р хуудас/, эд хөрөнгийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 84-р хуудас/ нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 83-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 85-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Э-ийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай дүгнэлтээр хохирогч П.Ж-д ын эрүүл мэндэд “ биед баруун уушгины дунд, доод дэлбэнгийн паренхимийн эдийн няцрал, цээжний хөндийн шингэн хуралдалт /300 мл/, баруун 6, 7-р хавирганы далд хугарал, доод уруулын няцарсан шарх, цээжний баруун талын хатгагдсан шарх, баруун уушгины дунд, доод дэлбэнгийн паренхимийн эдийн няцрал, цээжний хөндийн шингэн хуралдалт, баруун 6, 7-р хавирганы далд хугарал, доод уруулд няцарсан шарх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ, цээжний баруун талын хатгагдсан шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хатгах үйлдлээр үүснэ. Баруун уушгины дунд, доод дэлбэнгийн паренхимийн эдийн няцрал, цээжний шингэн хуралдалт /300 мл/, баруун 6, 7-р хавирганы далд хугарал гэмтэл нь амь насанд аюултай” гэмтлийн хүнд зэрэг тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Т.А нь хохирогч П.Ж-д ын нүүр цээжин тус газар нь гараараа цохиж, цээж хэвлий хэсэгт нь хөлөөрөө өшиглөж, цээжин тус газар нь хутгаар хатгаж байгаа нь хууль зүйн хувьд “шууд санаатай” үйлдэл гэж үзэх үндэслэлтэй.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Т.А нь хохирогч П.Ж-д-ын эрүүл мэндэд халдаж зодсон нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Т.А-г “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч П.Ж-д нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Т.А-г бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Т.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн П.Ж-ыг шалтаггүйгээр цээжин тус газарт цохиж, хутгаар хатгаж улмаар биед нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Т.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэх саналтай байна. Хэрэгт авагдсан 1 ширхэг хутгийг тогтоол хүчин төгөлдөр болоход устгуулах саналтай байна. Нийт хоригдсон 191 хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг бор хүрэн өнгийн хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай. Битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй болно” гэв,
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: “...Т.А нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Хохирогчид хохирол төлбөр төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлж өгнө үү...”гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Т.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний эхийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзсэн болно.
Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 хугацаагаар жилийн хорих ялыг хохирол төлбөргүй байгаа болон дээрх нөхцөл байдлуудыг харгалзан хөнгөрүүлж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ /хохирол төлбөр нэхэмжлээгүй/, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд тохирсон гэж үзэв.
Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг бор хүрэн өнгийн хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Т.А нь 2022.02.08-ны өдрөөс нийт 191 хоног цагдан хоригдсон хоногийг нь түүний эдлэх ялд оруулан тооцох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасантай нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Т-гийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-д 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-гийн 2022.02.08-ны өдрөөс цагдан хоригдсон нийт 191 хоногийг хорих ял эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг бор хүрэн өнгийн хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА