Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/265

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2022       07            28                                          2022/ШЦТ/265

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж, шүүгч Г.Энхтунгалаг, шүүгч Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй

 

Нарийн бичгийн дарга Д.Д

Иргэдийн төлөөлөгч Л.О

Улсын яллагч Ц.Л

Хохирогч Г.Б 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Н  

Шүүгдэгч С.Б   нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-т   холбогдох эрүүгийн 2225000000301 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

С.Б

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б   нь 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн ****    тоотод согтуугаар Г.Б  ийн хэвлийн тус газарт хутгалж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Б-г   зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б   мэдүүлэхдээ “Нэг сэрэхэд эхнэр намайг багалзуурдаж байсан. Тэгээд намайг хардлаа гэхээр нь чи архи уугаад байгаа юм чинь гэж хэлсэн. Тэгтэл намайг зодсон. Би гэрээсээ хутга аваад айлгах санаатай Х     ахын гэрт орсон. Б     дээр очиход миний хоёр гарыг бариад авсан. Гараа тавиулах гэсэн чинь хутгалчихсан. Чамайг хутгалчихлаа шүү дээ гэсэн чинь зүгээр зүгээр гэсэн. Тэгэхээр нь болохгүй түргэн дуудая гэсэн” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Г.Б   мэдүүлэхдээ “Х     ахынд ороод хойд талын орон дээр хэвтэж байтал Б-н    эхнэр орж ирээд Б    намайг хутгалах гээд байна гэж байснаа гараад явтал Б    орж ирээд намайг хатгачихаад гараад явчихсан. Би барьцалдаж авсан зүйл байхгүй. Би бодохдоо Б    согтуудаа Х     ахтай андуураад хутгалчихсан гэж бодож байгаа. Бид хоёр маргалдсан зүйл байхгүй. Хоёр сая орчим төгрөгийн эмчилгээний зардал төлсөн. Эмнэлэгт байхдаа унаж гараа гэмтээсэн. Хот орж гараа эмчлүүлэх зардал 5 сая орчим төгрөг нэхэмжлэнэ. Сэхээн амьдруулахад байхдаа орноос босч угаалтуур хүрэх гэж байгаад цус багадалтаас болж ухаан алдаж унахдаа гараа хугалж нүдээ гэмтээсэн. Хутганы гэмтэл бол гайгүй эдгэж байгаа” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хавтаст хэргийн

3-10 дахь тал/,

 

            2. Хохирогч Г.Б  ийн “...Б    нь халамцуу 1 шил архитай ирсэн. Х    э ах, Б    бид гурав архийг хувааж уусан. Архиа дууссаны дараа Б    дахин архинд явж, 1 шил архи авчирсан. Архиа уусны дараа би Х     ахын гэрт орж, том өрөөний хойд орон дээр нь хэвтсэн. Ч   эгч гал тогоондоо хоол бэлдэж байсан. Гэрт өөр хүн байгаагүй. Б    гаднаас орж ирээд миний хэвлий рүү хутгалсан. Тэгээд гараад явчихсан. Би намайг хутгалчихлаа гэж Ч   эгчид хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

 

3. Гэрч А.Ч-н “Өдөр ногооны талбай дээр би, Х    , Б  , Б    , М  ах бид нарыг ажил хийж байхад Б    согтуу, ганцаараа 1 шил архитай ирсэн. Тэр архинаас нөгөө хэд маань хувааж уусан. Архи дуусаагүй байхад Б-н    эхнэр ганцаараа халамцуу ирсэн. Б   , Б     нар хамт ажиллаж байсан багш, шавь байгаа юм гээд тэврэлдээд байсан. Архи дууссаны дараа Б    архинд явсан ба Б    , Б-н    эхнэр хоёр хоорондоо маргалдаад байсан. Б  а босож ирээд Б ээ битгий маргалдаад бай гэж байсан. Б    дэлгүүрээс 1 шил архи авчирсан ба тэр архиа уулгүй шидээд хагалчихсан. Тэгээд би гэртээ орсон, дахиж гараагүй. Хэсэг хугацааны дараа Б    гэрт орж ирээд Б    ийг асуухаар нь дуугараагүй бөгөөд өөрөө Б-ийг хэвтэж байхыг хараад том өрөө рүү орсон. Манай гэрт тэр хоёрын дунд маргаан болоогүй. Б    эхнэртэйгээ орж ирсэн, эхнэр нь гал тогооны сандал дээр сууж байсан. Б     хутгалуулчихлаа гэхэд нь айж сандраад анзаараагүй ба Б-н    эхнэр нэг мэдэхэд гараад явчихсан байсан. Би Б   аас хутгыг нь гуйж аваад ширээн доогуур шидсэн” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

4. Гэрч И.Т-н “Х     ахынд очиход тэднийд Х     ах, түүний ах гээд хүн, Ч   эгч, нэг танихгүй залуу, Б     болон манай нөхөр Б    нар ногооны талбай дээр байсан. Тэнд архины шил байсан. Б     манай нөхөртэй маргалдаад бие биенийгээ алгадаад байсан. Ч   эгч мөнгө өгч архинд явуулсан бөгөөд нэг нь архинд явж, авсан архиа манай нөхөрт өгсөн. Нөхөр маань тэр архийг хагалсан. Нөхөр маань буцаж орж ирээд намайг хэл амаар доромжилж зодсон. Тэнд байсан хүмүүс салгахаар нь би гэр лүүгээ зугтаасан. Намайг гэртээ ороход нөхөр Б    араас орж ирсэн данхтай цай авч шидээд хутга бариад намайг хөөхөөр нь нөхрөө модоор цохисон. Нөхөр маань тэд нарыг чинь ална гээд хутгаа аваад явчихсан. Би араас нь Х    э ахынд ороход нөхөр маань гэрт том өрөөний хойд буйдангийн урд зогсож байсан. Тэгээд нөхөр маань Б     рүү дайрахад Б     нь хоёр гараас нь гараараа барьсан. Нөхөр маань хутгатай гараа мулталж аваад шууд Б    ийг хутгалсан. Яг хутгалах үед Б     нөхрийн гарын тохойноос барьсан байсан Б-н    барьж явсан мөнгөлөг иштэй хутга нь манай гэрийн хутга бөгөөд нөхөр Б    гэрээсээ авч гарсан юм” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/

5. Гэрч Ж.Х    эгийн “Б    эхнэрийнхээ араас хашаанаас гараад явсан. Манай эхнэр Чулуунцэцэг, Б     нар хоол хийхээр гэрт орсон. Хэсэг хугацааны дараа эхнэр маань “Б    Б    ийг хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэр үед Б    нь манай хашаанаас гарч явсан. Б    ирээд гэр лүү орсон байсан, Б-н    эхнэр гэрт байсан эсэхийг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/

6. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 07- ны өдрийн 434 дугаартай “Г.Б  ийн биед цээжний зүүн доод талд хэвлийн хөндийд нэвтэрч бүдүүн гэдэсийг гэмтээсэн 1 тооны хатгагдаж, зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хавтаст хэргийн 50-51 дэх тал/

 

7. Шүүх химийн шинжилгээний 2022 оны 06 дугаар сарын 09-ний 198 дугаартай “Г.Б  ийн биенээс авсан цусанд этилийн спирт 3.0 промиль илэрсэн. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хэргийн 60-61 дүгээр хуудас/

 

8. Шүүх химийн шинжилгээний 2022 оны 06 дугаар сарын 09-ний 197 дугаартай “С.Б-н    биенээс авсан цусанд этилийн спирт 2.0 промиль илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хавтаст хэргийн 66-67 дахь тал/,

 

9. Яллагдагч С.Б-н    “би нэг мэдсэн гартаа хутга барьчихсан Х    э ахын хашаан дотор явж байсан бөгөөд газар хагалж байсан танихгүй залууг чи манай эхнэртэй банзалдаад байна уу гэхэд би архи уудаггүй гэж хэлж байсан. Тэгэхээр нь цаашаа яваад Х    э ахын гэрт орсон. Х    э ахын эхнэр гал зуухны өрөөндөө хоолоо хийж байсан бөгөөд надад хандан чи яах гээд гартаа хутга бариад яваад байгаа юм бэ гэж байсан. Би хариуд нь юм хэлээгүй. Тэдний том өрөөний орон дээр хэвтэж байсан Б     орноосоо босож ирээд Баагий чи яах гээд байнаа гээд миний хоёр гарыг барьж авсан. Би гараа тавиулах гээд хүчтэй татахад миний баруун гарт байсан хутга түүнийг хатгачихсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 82-83 дахь тал/

 

10. С.Б-н    эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 109 дэх тал/

 

11. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1996 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 392 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 112 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л  дүгнэлтдээ “Шүүгдэгч С.Б   нь 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр согуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн ****    тоотод Г.Б  ийн хэвлийн тус газарт хутгалж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг устгах нь зүйтэй. Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчи    лж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь саналтай” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Н    дүгнэлтдээ “Хэргийн болсон үйл баримт, хуулийн зүйлчлэлийн талаар маргах зүйлгүй. Нотлогдвол зохих байдлын талаар зарим зүйлийг дурьдвал эдгээр хүмүүс зургуулаа нийлж архи дарс хэрэглэсэн, хохирогч, шүүгдэгч нар нилээд согуу байсан болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Сэдэлт нь хардалтын улмаас үйлдлэгдсэн гэж үзэх үндэстэй. Гэм хорын хохирлын хувьд хохирол төлөгдсөн. Хохирогч шүүх хуралдааны явцад гар гэмтсэн гэж ярьж байгаа боловч өмнө нь хоёр удаа мэдүүлэг өгөхдөө энэ талаар мэдүүлж шалгуулсан зүйл байхгүй. Эмнэлэгийн байгууллагад хүн гэмтсэн бол эмчилгээ, оношлогоо хийсэн баримт байх ёстой. Холбогдох баримтууд нь байхгүй тул шийдвэрлэх боломжгүй. Хохиролд нийт 1 760 000 төгрөг төлсөн. Гэм буруугийн хувьд маргаагүй хүлээн зөвшөөрдөг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах боломжтой гэж үзэж байна. Оногдуулах ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй” гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Л.О дүгнэлтдээ “гэм буруутай гэж бодож байна” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч Г.Б  ийн “Б    гаднаас орж ирээд миний хэвлий рүү хатгачихсан” гэх мэдүүлэг, гэрч А.Ч-н “Б     хутгалуулчихлаа гэхэд нь айж сандраад Би Б   аас хутгыг нь гуйж аваад ширээн доогуур шидсэн” гэх мэдүүлэг, гэрч И.Т-н “Нөхөр маань тэд нарыг чинь ална гээд хутгаа аваад явчихсан. Нөхөр маань хутгатай гараа мулталж аваад шууд Б    ийг хутгалсан” гэх мэдүүлэг, гэрч Ж.Х    эгийн “Хэсэг хугацааны дараа эхнэр маань “Б    Б    ийг хутгалчихлаа” гэж хэлсэн” гэх мэдүүлэг, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 434 дугаартай дүгнэлт, Шүүх химийн шинжилгээний 2022 оны 06 дугаар сарын 09-ний 198 дугаартай дүгнэлт, Шүүх химийн шинжилгээний 2022 оны 06 дугаар сарын 09-ний 197 дугаартай дүгнэлт, яллагдагч С.Б-н    “Би гараа тавиулах гээд хүчтэй татахад миний баруун гарт байсан хутга түүнийг хатгачихсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б   нь 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн ****    тоотод архи согиууруулах ундаа хэрэглэсэн үедээ Г.Б  ийн хэвлийн тус газарт хутгалж, хэвлийн хөндий рүү нэвтэрч бүдүүн гэдэсийг гэмтээсэн хүнд гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.Б   нь согтуурсан үедээ эхнэрээ хардаж, шууд санаатай үйлдлээр хутга хэрэглэн, хүний хэвлийн тус газарт хутгалж, хэвлийн хөндийг нэвтэлсэн, амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг гэм буруутай гэж дүгнэсэн болно.

 

Орхон аймгийн Прокурорын газраас С.Б-г   яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, хохирогчид учирсан гэмтэлтэй холбоотой гэм хорын хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлын төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдлыг зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хохирогч Г.Б  ийн эрүүл мэндэд цээжний зүүн доод талд хэвлийн хөндийд нэвтэрч бүдүүн гэдэсийг гэмтээсэн 1 тооны хатгагдаж, зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардал 1 760 000 төгрөг төлсөн байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Г.Б   мэдүүлэхдээ “сэхээн амьдруулахад байхдаа цус багадалтаас болж ухаан алдан унаж гараа хугалсан учир гар эмчлүүлэх зардал 5 сая төгрөг нэхэмжлэнэ” гэж байх боловч хавтаст хэрэгт хохирогчийн гар хугарсан тухай баримт сэлт авагдаагүй, мөрдөх ажиллагаа хийгээгүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцлэлгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

  1. Хэрэгт хамааралтай бусад зүйлсийн талаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мөнгөлөг, металл хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Б овгийн С-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-г 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Б-т оногдуулсан 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Г.Б   нь гар эмчлүүлэх эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.АЛТАНГАДАС

 

                 ШҮҮГЧИД                             Г.ЭНХТУНГАЛАГ

 

                                                            Б.НАРМАНДАХ