Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/560  

 

 

 

 

 

 

 

    2022             08            08                                 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Т.Отгонтөгс /томилолтоор/, шүүгдэгч Ц.Б-, нарийн бичгийн дарга Ж.Гандулам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х овогт Ц-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2210000000788 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Завхайн аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,  бие эрүүл, ухаан бүрэн, Х овогт Ц-ын Б,  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Б- нь 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 0-0 дугаар гудамжны 65 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох бага насны 3 хүүхдийнхээ дэргэд хамтран амьдрагч Т.Х-ыг гадуур хонолоо гэх шалтгаанаар хоолойг нь боож гараараа нүүр толгойн хэсэгт, сандлаар толгой, баруун, зүүн гар цээж хэсэгт удаа дараа цохиж эрүүл мэндэд нь зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хурал, зулгаралт, дух, баруун чамархайн хуйх, зүүн чих, зүүн чихний ард хөхлөг орчим, зүүн хацар, цээж, зүүн мөр, зүүн бугалга, зүүн сарвуу, баруун мөр, баруун бугалга, баруун шуу, баруун гуя, зүүн гуя, умдагт цус хуралт, зүүн хацарт зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Ц.Б-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг гаргахгүй, гэрлэлтийн баталгаа байхгүй, тухайн үед 3 хүүхэдтэйгээ хамт амьдарч байсан, Х- гэртээ ирэлгүй 4 хоносон, ирэхэд нь би согтуу байсан...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Т.Х- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Ц.Б- хүүхдүүдтэйгээ уулзах гэж манай гэрт ирсэн, тэгээд хүүхдүүдтэйгээ хононо гэхээр нь би гэрээсээ гарч дүүгийнхээ гэрт очиж хоносон. Тэгээд маргааш нь бас хононо гэхээр нь би ажил дээрээ хоносон. ...2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ...гэртээ очиход Ц.Б- согтуу байсан, намайг гэрт ороход чи намайг ирэхээр гэртээ байхгүй явчихлаа, намайг доромжиллоо, чи муу ингээд гадуур банзалдаад яваад байдаг юм байна, гичий минь, янхан минь чи гээд намайг үстсэн, ...хоолой боож, нүүр нүдгүй гараараа болон сандлаар толгой, баруун, зүүн гар, цээж хэсэгт цохиж зодсон. ...Энэ үед миний 4-13 насны гурван хүүхэд байсан, ааваа болиоч гэж орилж хашхирсан боловч хол байгаарай гэж загнасан. ...Ц.Б- гэх хүнтэй 2010 онд гэр бүл болж 3 хүүхдийн эцэг, эх болсон, ...2019 онд намайг цохиж зоддог асуудлаас нь болоод салж байсан, ...өчигдрийн тухай би чамайг ална гээд байсан...” /хавтас хэргийн 16-17 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Ц.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэй, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр эхнэр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. ...Манай эхнэр тухайн өдрөөс 3 хоногийн өмнө гэрээсээ гарч яваад хэл сураггүй байсан. ...Тэр орой гэрт орж ирэхээр нь уур хүрээд хэрэлдэж байгаад нүд рүү нь гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохисон, ...эхнэр гараад гүйхээр нь араас нь очиж барьж авсан, ...хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би гараа атгаж байгаад дахиад нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохичихсон...” /хавтас хэргийн 43-44 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 8005 дугаартай дүгнэлтэд: “...1. Т.Х-ын биед зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хурал, зулгаралт, дух, баруун чамархайн хуйх, зүүн чих, зүүн чихний ард хөхлөг орчим, зүүн хацар, цээж, зүүн мөр, зүүн бугалга, зүүн сарвуу, баруун мөр, баруун бугалга, баруун шуу, баруун гуя, зүүн гуя, умдагт цус хуралт, зүүн хацарт зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” /хавтас хэргийн 23-24 дэх тал/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 5 дахь тал/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 6-7 дахь тал/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 8-11 дэх тал/,

- Аюулын зэргийн үнэлгээ /хавтас хэргийн 27-28 дахь тал/,

- Шүүгдэгч Ц.Б-ийн иргэний үнэмлэхийн мэдээлэл /хавтас хэргийн 30 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 34 дэх тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтас хэргийн 47-50 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Ц.Б- нь 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 0-0 дугаар гудамжны 65 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох бага насны 3 хүүхдийнхээ дэргэд хамтран амьдрагч Т.Х-ыг гадуур хонолоо гэх шалтгаанаар хоолойг нь боож гараараа нүүр толгойн хэсэгт, сандлаар толгой, баруун, зүүн гар цээж хэсэгт нь удаа дараа цохиж эрүүл мэндэд нь зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хурал, зулгаралт, дух, баруун чамархайн хуйх, зүүн чих, зүүн чихний ард хөхлөг орчим, зүүн хацар, цээж, зүүн мөр, зүүн бугалга, зүүн сарвуу, баруун мөр, баруун бугалга, баруун шуу, баруун гуя, зүүн гуя, умдагт цус хуралт, зүүн хацарт зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Т.Х-ын “...Ц.Б- хүүхдүүдтэйгээ уулзах гэж манай гэрт ирсэн, хүүхдүүдтэйгээ хононо гэхээр нь би гэрээсээ гарч дүүгийнхээ гэрт очиж хоносон. Тэгээд маргааш нь бас хононо гэхээр нь би ажил дээрээ очиж хоносон. ...2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ...гэртээ очиход Ц.Б- согтуу байсан, намайг гэрт ороход чи намайг ирэхээр гэртээ байхгүй явчихлаа, намайг доромжиллоо, чи муу ингээд гадуур банзалдаад яваад байдаг юм байна, гичий, янхан минь чи гээд намайг үстсэн, ...хоолой боож, нүүр нүдгүй гараараа болон сандлаар толгой, баруун, зүүн гар, цээж хэсэгт цохиж зодсон. ...Энэ үед миний 4-13 насны гурван хүүхэд байсан, ааваа болиоч гэж орилж хашхирсан боловч хол байгаарай гэж загнасан. ...Ц.Б- гэх хүнтэй 2010 онд гэр бүл болж 3 хүүхдийн эцэг эх болсон, 2019 онд намайг цохиж зоддог асуудлаас нь болоод салж байсан, ...өчигдрийн тухайд би чамайг ална гээд байсан...” /хавтас хэргийн 16-17 дахь тал/ гэсэн, Шүүгдэгч Ц.Б-ийн “...2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ...эхнэр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. ...Манай эхнэр тухайн өдрөөс 3 хоногийн өмнө гэрээсээ гарч яваад хэл сураггүй байсан. ...Тэр орой гэрт орж ирэхээр нь уур хүрээд хэрэлдэж байгаад нүд рүү нь гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохисон, ....эхнэр гараад гүйхээр нь араас нь очиж барьж авсан, ...хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би гараа атгаж байгаад нүүр хэсэг рүү нь дахиад 2-3 удаа цохичихсон...” /хавтас хэргийн 43-44 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8005 дугаартай дүгнэлтэд: “...Т.Х-ын биед зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хурал, зулгаралт, дух, баруун чамархайн хуйх, зүүн чих, зүүн чихний ард хөхлөг орчим, зүүн хацар, цээж, зүүн мөр, зүүн бугалга, зүүн сарвуу, баруун мөр, баруун бугалга, баруун шуу, баруун гуя, зүүн гуя, умдагт цус хуралт, зүүн хацарт зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 23-24 дэх тал/ гэсэн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 6-7 дахь тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 8-11 дэх тал/, аюулын зэргийн үнэлгээ /хавтас хэргийн 27-28 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Т.Х-ын эрүүл мэндэд учирсан “...зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хурал, зулгаралт, дух, баруун чамархайн хуйх, зүүн чих, зүүн чихний ард хөхлөг орчим, зүүн хацар, цээж, зүүн мөр, зүүн бугалга, зүүн сарвуу, баруун мөр, баруун бугалга, баруун шуу, баруун гуя, зүүн гуя, умдагт цус хуралт, зүүн хацарт зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Ц.Б-ийн түүнийг цохисон идэвхитэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.Б-ийг хамтран амьдрагч хохирогч Т.Х-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч …этгээдийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие мах бодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилжээ.

Шүүгдэгч, хохирогч нар нь 2010 оноос хойш хамт амьдарч байгаа, дундаасаа 3 хүүхэдтэй болох шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдох бөгөөд энэ талаар хэн аль нь маргахгүй байх тул шүүгдэгч Ц.Б-ийг хамтран амьдрагч Т.Х-ын биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч Ц.Б-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр / сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, ялыг хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шүүгдэгч нь эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Х-ын эрүүл мэндэд зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хурал, зулгаралт, дух, баруун чамархайн хуйх, зүүн чих, зүүн чихний ард хөхлөг орчим, зүүн хацар, цээж, зүүн мөр, зүүн бугалга, зүүн сарвуу, баруун мөр, баруун бугалга, баруун шуу, баруун гуя, зүүн гуя, умдагт цус хуралт, зүүн хацарт зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан хохирогчоос гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой төлбөр нэхэмжлээгүй тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2210000000788 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ц.Б- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Ц-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-ын Б-ийг 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2210000000788 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ц.Б- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус  дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Б-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР