Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/561

 

 

 

 

 

 

 

    2022          08              08                              2022/ШЦТ/561

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Т.Отгонтөгс /томилолтоор/, хохирогч Б.Б-, шүүгдэгч Ш.Б-, нарийн бичгийн дарга Ж.Гандулам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б- овогт Ш-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2210000000789 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, урьд нь: Налайх дүүргийн шүүхийн 2006 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.5 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Налайх дүүргийн шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, урьд эдлээгүй үлдсэн 04 сар, 27 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 03 жил 09 сарын хугацаагаар хорих ялаар,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 05 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар,

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сум дундын шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд оршин суух газраа өөрчлөх болон явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, Б- овогт Ш-гийн Б,  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ш.Б- нь 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр такси үйлчилгээ авч Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Харумафүжи сургуулийн ойролцоо буухдаа уг таксины жолооч Б.Б-тэй төлбөр төлөх асуудлаас болж маргалдан, хувийн таарамжгүй харилцаа үүсгэж хохирогч Б.Б-ийн толгой, нүүр хэсэгт нь гараараа цохих, хоолойг нь боох зэргээр халдаж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал таславчийн мурийлт, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхины гадна буланд няцарсан шарх, цус хуралт, нүүрний зүүн талын зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын дотор салстад няцарсан шарх, цус хуралт хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг: 

 

Хохирогч Б.Б-: “...Таксинд явж байгаад 21-р хорооллоос энэ хүнийг авсан, “Хүннү молл” явна гээд энэ хүний яв гэсэн замаар явсан, тэгээд Вритиш Энглиш сургуулийн орчим очиход 20,000 төгрөг болсон учир таны 20,000 төгрөг чинь болчихсон, дуусчихлаа гэж хэлсэн чинь чи намайг төлбөр төлж чадахгүй гээд байгаа юм уу гэхээр нь би төлж чадахгүй гээгүй, мөнгө чинь дуусчихлаа гэж хэлсэн гэсэн. Тэгээд маргалдсан, энэ хүн газраас чулуу аваад намайг цохисон, тархины компьютерын зураг авхуулсан, хамрын таславчийн мурийлтыг хагалгаанд оруулна гэсэн, одоо хамар битүү, нусаа нийхээр цус гараад байгаа, гомдолтой байна. Эмчилгээний 130,000 төгрөг гарсныг авсан, хамрын хагалгаанд ороход нэг хамар нь 4-5 сая төгрөг болно гэсэн, яг эмнэлэг явж асуугаагүй, таньдаг хүнээсээ асуусан, хамрын хагалгаанд орох мөнгийг нэхэмжилнэ. Би энэ хүнийг нийгэмд аюултай хүн байна гэж дүгнэж байгаа учир Шар хадны эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гэж үзэж байна...” гэв.

 

          Шүүгдэгч Ш.Б-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг гаргахгүй, одоогоор би ажил хийхгүй байгаа, гэхдээ хохирлоо төлөх боломжтой, хохирлын хувьд одоо ч төлөх боломжтой, цаашид гарах зардлыг төлнө, тухайн үед 4-үүлээ нэг шил архи хувааж уусан байсан, согтолт бага зэрэг, бүх зүйлийг санаж байгаа, такси нэг км-г 1,500 төгрөгөөр явж байгаа гэж бодсон, би шагайн харвайгаар хичээллэдэг, хэд хэдэн удаа такси барьсан, 15,000-16,000 төгрөг гардаг, би эхнэртэйгээ ярьж байгаад таксины жолоочид 20,000 төгрөг шилжүүлсэн байсан, гэтэл надад 20,000 төгрөг хүрэхгүй байна гэхээр нь 16,000 төгрөг гардаг гэж хэлээд маргаан үүссэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Б.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би км-ээ 2,000 төгрөгөөр бодож явж байгаа гэж хэлээд байж байхад миний хамар руу баруун гараараа атгаж байгаад хоёр удаа цохисон бөгөөд миний хоолойг боогоод машин руу шахаад байж байхад цаанаас танихгүй хүн ирээд бид хоёрыг салгаад байж байхад нөгөө ах миний уруул руу баруун гараа атгаж байгаад нэг удаа цохихоор нь би цагдаа дуудлаа гэж хэлсэн боловч тэр ах тоохгүй байсан...” /хавтас хэргийн 10 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Ш.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 5 дугаар сарын 31-ний орой 24 цагийн орчим 21 дүгээр хороонд байрлах Шагай харвах байрнаас гарсан. ...Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд ...такси бариад гэр рүүгээ явсан. Тэгээд явах замдаа эхнэр рүүгээ залгаад таксины жолоочийн дансыг өгөөд өөрийн гэрийн хаяг болох Хан-Уул дүүргийн 4 дүгээр Дрийм палас хотхоны хаягийг хэлж өгөөд явсан. Гэтэл таксины жолооч залуу 20,000 төгрөг чинь дуусчихсан, одоо энд буу гээд гэрт хүрч амжаагүй байхад намайг буулгах гээд байхаар нь гэр хүртэл холгүйхэн байна, хүргээд өгчих гэхэд би буцахдаа ашиггүй гээд байхаар нь наад чинь чиний асуудал гэсэн чинь шөнө хоёр мянган төгрөгөөр явдаг юм гэхээр нь би яаж мэддэг юм, анхнаасаа хорооллоос суухад хэлэхгүй яасан юм бэ гэж маргалдсан. Тэгсэн чинь намайг чам шиг пизданууд гай болдог байхгүй юу гэж хэлээд машинаас буугаад миний нүүрэнд нэг удаа түлхсэн, тэгэхээр нь би чи муу яадаг пизда вэ гэж хэлээд машинаас бууж иртэл миний зүүн талын шанаа хэсэг рүү цохисон. ...Над руу ойртоод ирэхээр нь би цочсондоо гарын алганы ар хэсгээр нүүр рүү нь нэг удаа цохисон...” /хавтас хэргийн 29 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн №8050 дугаартай дүгнэлтэд: “...1. Б.Б-ийн биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины гадна буланд няцарсан шарх цус хуралт, нүүрний зүүн талын зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулын дотор салстад няцарсан шарх, цус хуралт, хүзүүнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шинэ гэмтлүүд байна.  

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” /хавтас хэргийн 17-18 дахь тал/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 5 дахь тал/,

- Хохирлын баримт /хавтас хэргийн 74 дэх тал/,

- Хохирол төлсөн баримт /хавтас хэргийн 89 дэх тал/,

- Шүүгдэгч Ш.Б-ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 31 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 34 дэх тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтас хэргийн 37-69  дэх тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Ш.Б- нь 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр такси үйлчилгээ авч Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Харумафүжи сургуулийн ойролцоо буухдаа уг таксины жолооч Б.Б-тэй төлбөр төлөх асуудлаас болж маргалдан, хувийн таарамжгүй харилцаа үүсгэж хохирогч Б.Б-ийн толгой, нүүр хэсэгт нь гараараа цохих, хоолойг нь боох зэргээр халдаж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал таславчийн мурийлт, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхины гадна буланд няцарсан шарх, цус хуралт, нүүрний зүүн талын зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын дотор салстад няцарсан шарх, цус хуралт хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Б-ийн “...Би км-ээ 2,000 төгрөгөөр бодож явж байгаа гэж хэлээд байж байхад миний хамар руу баруун гараараа атгаж байгаад хоёр удаа цохисон бөгөөд миний хоолойг боогоод машин руу шахаад байж байхад цаанаас тахихгүй хүн ирээд бид хоёрыг салгаад байж байхад нөгөө ах миний уруул руу баруун гараа атгаж байгаад нэг удаах цохихоор нь би цагдаа дуудлаа гэж хэлсэн боловч тэр ах тоохгүй байсан...” /хавтас хэргийн 10 дахь тал/ гэсэн, шүүгдэгч Ш.Б-ын “...2022 оны 5 дугаар сарын 31-ний орой 24 цагийн орчимд 21 дүгээр хороонд байрлах Шагай харвах байрнаас гарсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд такси бариад гэр рүүгээ явсан. ....Намайг чам шиг пизданууд гай болдог байхгүй юу гэж хэлээд машинаас буугаад миний нүүрэнд нэг удаа түлхсэн тэгэхээр нь би чи муу яадаг пизда вэ гэж хэлээд машинаас бууж иртэл миний зүүн талын шанаа хэсэг рүү цохисон. Над руу ойртоод ирэхээр нь би цочсондоо гарын алганы ар хэсгээр нүүр рүү нь нэг удаа цохисон...” /хавтас хэргийн 29 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №8050 дугаартай дүгнэлтэд: “...Б.Б-ийн биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины гадна буланд няцарсан шарх цус хуралт, нүүрний зүүн талын зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулын дотор салстад няцарсан шарх, цус хуралт, хүзүүнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 17-18 дахь тал/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд учирсан “...биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины гадна буланд няцарсан шарх цус хуралт, нүүрний зүүн талын зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулын дотор салстад няцарсан шарх, цус хуралт, хүзүүнд цус хуралт...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Ш.Б-ыг түүнийг цохисон идэвхитэй үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ш.Б-ын хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч Ш.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавь мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Шүүгдэгч Ш.Б- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины гадна буланд няцарсан шарх цус хуралт, нүүрний зүүн талын зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулын дотор салстад няцарсан шарх, цус хуралт, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардалд баримтаар 130,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад уг хохирлыг төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар гаргуулах хохиролгүй байна. Шүүх хуралдаанд оролцсон хохирогч цаашид хамрын хагалгаанд орох зардлаа нэхэмжилнэ гэж мэдүүлсэн тул хохирогч Б.Б- гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн 2210000000789 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ш.Б- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б- овогт Ш-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш-гийн Б-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавь мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ш.Б-ад оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавь мянга/  төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б- хохирогч Б.Б-өд 130,000 /нэг зуун гучин мянга/ төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч Б.Б- гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн 2210000000789 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ш.Б- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.Б-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР