| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2022/0574/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/563 |
| Огноо | 2022-08-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Отгонтөгс |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/563
2022 08 08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Т.Отгонтөгс /томилолтоор/, шүүгдэгч П.Ө-, нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х- овогт П-гийн Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2210000000818 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянгол зочид буудлын зогсоолын ажилтан хийдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Х- овогт П-гийн Ө,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Ө- нь 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороолол, Шинэ тосгоны 0-00 тоотод эхнэртэй нь бэлгийн харьцаанд орлоо гэх шалтгаанаар Л.Н-ыг заазуураар баруун гуя, баруун дал, баруун ядам хуруу нь заазуураар зүсэж эрүүл мэндэд нь баруун дал, баруун гуя, баруун ядам хуруунд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч П.Ө-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхэд нэмж мэдүүлэг гаргахгүй, хохирогч өөрөө миний буруу зүйл байгаа учир хохирол нэхэмжлэхгүй гэсэн, одоо эхнэртэйгээ эвлэрсэн, хамт амьдарч байгаа...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Л.Н- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 6 дугаар сарын 07-ны өглөө Өлзий гэх залуу руу залгахад эхнэр нь утсыг нь авахаар нь та хоёр хүрээд ир, ганц шил архи байна, ууя гэхэд за гэсэн. ...Удалгүй Бямбасүрэн ирсэн, би нөхөр чинь яасан юм гэхэд удахгүй араас ирнэ гэсэн. Тэгээд гэрт ороод Эден нэртэй архиа уусан, ороо хураагаагүй байсан болохоор Бямбасүрэн гэх эмэгтэйтэй секс хийсэн. ...Энэ үед хаалга дуугарахаар нь босоод хаалга руу харахад Бямбасүрэнгийн нөхөр Өлзий орж ирсэн. ...Уурлаад ширээн дээр байсан заазуурыг аваад ар нурууг зүссэн, баруун гуяыг зүссэн...” /хавтас хэргийн 23 дахь тал/ гэсэн,
Гэрч Ш.Янжинлхам мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Охиныхоо хамт гэртээ ирэхэд нөхөр согтуу баруун далан дээр хоёр оёдол, гуя дээр 2-3 оёдол тавьсан байсан...” /хавтас хэргийн 31 дэх тал/ гэсэн,
Гэрч Д.Бямбасүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 6 дугаар сарын 07-ны өглөө ...Н- ах залгаад эхнэртэйгээ хамт хүрээд ир, ах нь ганц шил юм авчихсан гэж хэлсэн, манай нөхөр тоохгүй унтаад өгсөн. ...Тэгээд би 07 цагийн үед автобусаар ажилдаа явах гэж байсан боловч хоцорчихсон, тэгээд Н- ахынхаар ороод гарья гэж бодоод ороход ...надад архи хийж өгсөн. ...Би тухайн үед манарчихсан байсан бөгөөд Н- ах надтай бэлгийн харьцаанд орно гэхээр нь зөвшөөрч бэлгийн харьцаанд орсон. ...Тэгтэл гаднаас манай нөхөр ороод ирсэн. ...Би хувцсаа өмсөөд гараад явсан, Н- ах манай нөхөр хоёр ноцолдоод байх шиг байсан...” /хавтас хэргийн 35-36 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч П.Ө- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 6 дугаар сарын 07-ны өглөө ...Н- залгахаар нь би утсаа аваагүй, ...намайг нэг сэрэхэд манай эхнэр байхгүй, гэрээс гараад явчихсан байхаар нь гайхаад утсаа шалгаад үзэхэд Н-тай миний утсаар ярьсан байсан. ...Н-ы гэр рүү очиход секс хийж байгаа юм шиг хүн орилоод дуу гараад байхаар нь шууд явж ороод унтлагын өрөө рүү харахад Н-, манай эхнэртэй нүцгэн хэвтэж байсан. ...Миний уур хүрээд алгадсан чинь заамдаад авахаар нь би ор руу түлхээд унагаасан. ...Тэгээд би буйдангийн урд байсан ширээг аваад шидэхэд таваг газар унаад хагарсан, хэлтэрхийг нь аваад боов руу нь чиглүүлээд шидэхэд Н- баруун хөлөөрөө хаасан чинь баруун өвдөгт оносон...” /хавтас хэргийн 70-71 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн №8333 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Л.Н-ы биед баруун дал, баруун ядам хуруунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. 4 Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” /хавтас хэргийн 39-40 дэх тал/ гэсэн дүгнэлт,
- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 6 дахь тал/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 7-9 дэх тал/,
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 10-14 дэх тал/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 16 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 05/255 дугаартай дүгнэлт /хавтас хэргийн 45-52 дахь тал/,
- Шүүгдэгч П.Ө-ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 60 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 40 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хавтас хэргийн 43 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 63 дахь тал/ зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороолол, Шинэ тосгоны 0-00 тоотод эхнэртэй нь бэлгийн харьцаанд орлоо гэх шалтгаанаар Л.Н-ыг заазуураар баруун гуя, баруун дал, ядам хуруунд заазуураар зүсэж эрүүл мэндэд нь баруун дал, баруун гуя, баруун ядам хуруунд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Л.Н-ы “...2022 оны 6 дугаар сарын 07-ны өглөө Өлзий гэх залуу руу залгахад эхнэр нь утсыг нь авахаар нь та хоёр хүрээд ир, ганц шил архи байна, ууя гэхэд за гэсэн. ...Удалгүй Бямбасүрэн ирсэн, би нөхөр чинь яасан юм гэхэд удахгүй араас ирнэ гэсэн. Тэгээд гэрт ороод Эден нэртэй архиа уусан, ороо хураагаагүй байсан болохоор Бямбасүрэн гэх эмэгтэйтэй секс хийсэн. ...Энэ үед хаалга дуугарахаар нь босоод хаалга руу харахад Бямбасүрэнгийн нөхөр Өлзий орж ирсэн. ...Уурлаад ширээн дээр байсан заазуураар ар нуруу, баруун гуяыг зүссэн...” /хавтас хэргийн 23 дахь тал/ гэсэн, гэрч Ш.Янжинлхамын “...Охиныхоо хамт гэртээ ирэхэд нөхөр согтуу баруун далан дээр хоёр оёдол, гуя дээр 2-3 оёдол тавьсан байсан...” /хавтас хэргийн 31 дэх тал/ гэсэн, гэрч Д.Бямбасүрэнгийн “...Би тухайн үед манарчихсан байсан бөгөөд Н- ах надтай бэлгийн харьцаанд орно гэхээр нь зөвшөөрч бэлгийн харьцаанд орсон. ...Тэгтэл гаднаас манай нөхөр ороод ирсэн. ...Би хувцсаа өмсөөд гараад явсан, Н- ах манай нөхөр хоёр ноцолдоод байх шиг байсан...” /хавтас хэргийн 35-36 дахь тал/ гэсэн, шүүгдэгч П.Ө-ын “...2022 оны 6 дугаар сарын 07-ны өглөө ...Н- залгахаар нь би утсаа аваагүй, ...намайг нэг сэрэхэд манай эхнэр байхгүй, гэрээс гараад явчихсан байхаар нь гайхаад утсаа шалгаад үзэхэд миний утсаар Н-тай ярьсан байсан. ...Н-ы гэр рүү очиход секс хийж байгаа юм шиг хүн орилоод дуу гараад байхаар нь шууд явж ороод унтлагын өрөө рүү харахад Н-, манай эхнэртэй нүцгэн хэвтэж байсан. ...Миний уур хүрээд алгадсан чинь заамдаад авахаар нь би ор руу түлхээд унагаасан. ...Тэгээд би буйдангийн урд байсан ширээг аваад шидэхэд таваг газар унаад хагарсан, хэлтэрхийг нь аваад боов руу нь чиглүүлээд шидэхэд Н- баруун хөлөөр өө хаасан чинь баруун өвдөг нь оносон...” /хавтас хэргийн 70-71 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №8333 дугаартай дүгнэлтэд: “...Л.Н-ы биед баруун дал, баруун ядам хуруунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 39-40 дэх тал/ гэсэн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 7-9 дэх тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 10-14 дэх тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 16 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч Л.Н-ы эрүүл мэндэд учирсан “...баруун дал, баруун ядам хуруунд зүсэгдсэн шарх...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч П.Ө-ын заазуураар зүссэн идэвхитэй үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч П.Ө-ын хохирогч Л.Н-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.Ө-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
2. Шүүгдэгч П.Ө- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар уг ялаас чөлөөлж шийдвэрлэв.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Н-ы биед баруун дал, баруун ядам хуруунд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн 2210000000818 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан заазуур 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч П.Ө- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Н- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х- овогт П-гийн Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П-гийн Ө-ыг 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч П.Ө-ыг түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэсэн 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.
4. Эрүүгийн 2210000000818 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан заазуур 1 /нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч П.Ө- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Н- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Ө-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ө-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР