Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/564  

 

 

 

 

 

 

                             

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Т.Отгонтөгс /томилолтоор/, хохирогч Э.Э-, хохирогч, шүүгдэгч Н.Б-, шүүгдэгч Г.Э-, тэдгээрийн өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг, шүүгдэгч З.С-о, түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун, нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос

шүүгдэгч Б овогт Н-ын Б-, Х овогт Г-ийн Э- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, шүүгдэгч Ж овогт З-ын С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2210011890814 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол улсын иргэн, 1996 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 418 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, биеэр эдлэх ялыг 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Н-ын Б,

 

2. Монгол улсын иргэн, 1995 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, Х овгийн Г-ийн Э,

 

3. Монгол улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ж овогт З-ын С,  

 

Шүүгдэгч нарын холбогдсон

хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Б-, Г.Э- нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, бүлэглэн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны шөнө 00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 00 дугаар гудамж 000 тоот хашааны гадна Э.Э-той “машинаараа дайрах шахлаа” гэх шалтгааны улмаас маргалдан хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, Э.Э-гийн нүүрэнд гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн хацар, зүүн, дээд зовхи, хамрын нуруу, баруун гарын долоовор хуруунд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салст, хэлэнд шарх, зүүн хацар, зүүн өвдөг, нуруунд зулгаралт, бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч З.С-о нь 2022 оны 4 дүгээр сарын 28-ны шөнө 00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 00 дугаар гудамж 000 тоот хашааны гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас Н.Б-тай маргалдаж, улмаар түүний хүзүү, бугалга, зүүн суга, цээжинд хумсаараа маажиж, цохих зэргээр эрүүл мэндэд нь хүзүү, цээж, хэвлий, ар нуруу, дал, суга, бугалгад зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг: 

 

Хохирогч Э.Э-: “...2022 оны 4 дүгээр сарын 28-ны орой 23 цаг 40 минутын орчим гэртээ орох гэж байгаад хоёр залуутай маргалдаад зодуулсан. Хохирол төлбөр авсан зүйл байхгүй, эмчилгээний хохирол төлбөр 660.000 төгрөгийн зардлыг нэхэмжилж байгаа, надад төлнө гэдгээ илэрхийлсэн. Гомдол саналгүй...” гэв.

Хохирогч Н.Б-: “...С-отой зодолдоод хоёр тийшээ салаад зодоон хийхээ болъё гээд байж байхад нэг залуу гарч ирээд өчөөд унагаасан. Тэгэхэд С-о дээрээс дарж багалзуурдсан. Тухайн үед би ухаан алдсан байсан. Тухайн үед Э.Э- миний толгой дээр дэвсэж байсан, тэгээд цагдаа ирээд аваад явсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..” гэв.  

Шүүгдэгч Н.Б-: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй..” гэв.

Шүүгдэгч З.С-о: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг гаргахгүй....” гэв.

Шүүгдэгч Г.Э-: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Э.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 4 дүгээр сарын 28-ны шөнө 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ харих гээд машинтайгаа гудамж руу эргээд орох гэтэл гудамжны үзүүрт байдаг худаг дээл үл таних 2 залуу зогсож байсан. Тэгээд хажуугаар нь машинтайгаа зөрөөд хашаандаа ороод хашааны хаалгаа хаах гээд очтол манай эхнэрийг нэг залуу нүүрэн хэсэг рүү нь мангасдахаар нь би та нар яагаад байна гэж хэлэхэд дундаж нуруутай, 20-25 орчим насны үл таних залуу ирээд нүүрэнд нь гараараа нэг удаа цохисон. ...Тэр хоёр залуу хоёулаа над уруу дайраад намайг зодож эхэлсэн. ...Миний зүүн талын нүд хавдсан, хамар хугарсан юм шиг байна. Толгойн баруун дээр хагарсан, баруун гарын тохой хөндүүртэй, зүүн талын өвдөг хөндүүрлээд...” /хавтас хэргийн 18-20 дахь тал/ гэсэн,

 

Хохирогч Н.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 4 дүгээр сарын 28-ны орой ...22 цаг өнгөрч байхад Э- бид хоёр манай гэр рүү алхаад явж байхад ...Тоёота Приүс 20 маркийн машин хурдтай гудамжаар яваад бараг мөргөх шахахаар нь Э- хүн дайрлаа ш дээ гэхэд тухайн машины жолооч эмэгтэй архичид минь зайлаач гэсэн юм. ...Цэнхэр өнгийн хашаа руу машинаа оруулаад жолооч эмэгтэй гарч ирээд би насаараа Яармагт амьдарлаа муу архичид минь эндээс зайл гэж хэлсэн. ...Чи өөрөө согтуу байгаа юм биш үү гэхэд хашаанаас нэг эрэгтэй гарч ирээд Э-ыг гараараа нүүрэнд нь хоёр удаа цохисон, ...миний аманд учруулсан гэмтлийг согтуу эмэгтэй намайг газар унасан байхад хүзүүн дээр дарж маажиж учруулсан, цээж хэвлий, ар нуруу, хүзүүн дээр дарж маажиж учруулсан, цээж, хэвлий, ар нуруу, дал, суга, бугалгад учирсан гэмтлийг нөгөө согтуу эмэгтэй учруулсан, баруун мөрний зүүн үеийн зөөлөн эдийн няцрал гэмтлийг нөхөр нь намайг газар унасан байхад хөлөөрөө өшиглөж учруулсан...” /хавтас хэргийн 23-24 дэх тал/ гэсэн,

 

Гэрч Г.Ууганцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тэр дөрвөн хүн дээр очиход эмэгтэй нь нэг эрэгтэй хүнийг зуурчихсан хажууд нь хоёр эрэгтэй нь зууралдчихсан байсан. ...Хүү Эрдэнэбилэг ...бид хоёр очиход нэг эрэгтэй булан тойроод гүйгээд явсан, эмэгтэй хүнтэй зууралдаад газар унасан, үснээс зулгаасан байсан эрэгтэйг манай хүү гарыг нь тавиулаад хөдөлгөхгүй байсан...” /хавтас хэргийн 39-40 дэх тал/ гэсэн,

 

Шинжээч О.Нансалмаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Э.Э-гийн биед учирсан гэмтлүүдээс зүүн хацар, зүүн дээд, доод зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салст, хэлэнд шарх гэмтэл нь мөн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 64 дэх тал/ гэсэн,

 

Шинжээч А.Туяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Баруун мөрний үеийн зөөлөн эдийн няцрал нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн бугалга, зүүн суга, цээжний зулгаралт гэмтлүүд дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” /хавтас хэргийн 71 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Н.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би нөхрийг нь мангасдаад түлхсэн чинь газар уначихсан, босож ирээд бид хоёр зууралдаад нэг нэгийгээ цохиод газар зууралдсан...” /хавтас хэргийн 006 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Г.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Хашаанаас нөхөр нь гарч ирээд миний нүүрэнд цохихоор нь би зөрүүлээд ам орчимд нь нэг удаа гараараа цохиход Б- болон эмэгтэй хоёр бид хоёрыг салгасан. ...Б-тай нөхөр нь зууралдаад газар унахад би нөхрийнх нь гуя орчимд нэг удаа өшиглөсөн...” /хавтас хэргийн 146 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч З.С-о мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Нэг эрэгтэй намайг түлхсэн чинь нөхөр уурлаад нэг эрэгтэйг түлхэх шиг болоод нэг нэгийгээ заамдаад зууралдаад салсан. ...Хүн ирээд салгаад Н.Б-ы газарт унагаад дээр нь дарсан байхад нь гараараа цохисон...” /хавтас хэргийн 154 дэх тал/ гэсэн  мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаарын сарын 04-ний өдрийн №6418 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Э.Э-гийн биед зүүн хацар, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун гарын долоовор хуруунд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салст, хэлэндээ шарх, зүүн хацар, зүүн өвдөг, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” /хавтас хэргийн 42-43 дахь тал/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн №6435 дугаартай дүгнэлтэд: “...1. Н.Б-ы биед ам, хүзүү, цээж, хэвлий ар нуруу, дал, суга, бугалгад зулгаралт, шанаанд цус хуралт, баруун мөрний үеийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” /хавтас хэргийн 58-59 дэх тал/ гэсэн дүгнэлтүүд,

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 4 дэх тал/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 5-6 дахь тал/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 7-8 дахь тал/,

- Шүүгдэгч Н.Б-, Г.Э-, З.С-о нарын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 78 , 84 дэх тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 77, 79, 86дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 112-100, 115дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтас хэргийн 91-102 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Н.Б-, Г.Э- нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, бүлэглэн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны шөнө 00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 00 дугаар гудамж 000 тоот хашааны гадна Э.Э-той “машинаараа дайрах шахлаа” гэх шалтгааны улмаас маргалдан хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, Э.Э-гийн нүүрэнд гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн хацар, зүүн, дээд зовхи, хамрын нуруу, баруун гарын долоовор хуруунд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салст, хэлэнд шарх, зүүн хацар, зүүн өвдөг, нуруунд зулгаралт, бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг,

Шүүгдэгч З.С-о нь 2022 оны 4 дүгээр сарын 28-ны шөнө 00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 00 дугаар гудамж 000 тоот хашааны гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас Н.Б-тай маргалдаж, улмаар түүний хүзүү, бугалга, зүүн суга, цээжинд хумсаараа маажиж, цохих зэргээр эрүүл мэндэд нь хүзүү, цээж, хэвлий, ар нуруу, дал, суга, бугалгад зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч Э.Э-гийн “...Би 2022 оны 4 дүгээр сарын 28-ны шөнө 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ харих гээд гудамж руу машинтайгаа эргээд орох гэтэл гудамжны үзүүрт байдаг худаг дээл үл таних хоёр залуу зогсож байсан. Тэгээд хажуугаар нь машинтайгаа зөрөөд хашаандаа ороод хашааны хаалга хаах гээд очтол манай эхнэрийн нүүрэнд нэг залуу мангасдахаар нь би та нар яагаад байна гэж хэлэхэд дундаж нуруутай, 20-25 орчим насны үл таних залуу ирээд нүүрэнд нь гараараа нэг удаа цохисон. ...Тэр хоёр залуу хоёулаа над уруу дайраад намайг зодож эхэлсэн. ...Миний зүүн талын нүд хавдсан, хамар хугарсан юм шиг байна. Толгойн баруун дээр хагарсан, баруун гарын тохой хөндүүртэй, зүүн талын өвдөг хөндүүрлээд...” /хавтас хэргийн 18-20 дахь тал/ гэсэн, хохирогч Н.Б-ы “...2022 оны 4 дүгээр сарын 28-ны орой 22 цаг өнгөрч байхад Э- бид хоёр манай гэр рүү алхаад явж байхад ...Тоёота Приүс 20 маркийн машин хурдтай гудамжаар яваад бараг мөргөх шахахаар нь Э- хүн дайрлаа ш дээ гэхэд тухайн машины жолооч эмэгтэй архичид минь зайлаач гэсэн юм. ...Цэнхэр өнгийн хашаа руу машинаа оруулаад жолооч эмэгтэй гарч ирээд би насаараа Яармагт амьдарлаа муу архичид минь эндээс зайл гэж хэлсэн. ...Чи өөрөө согтуу байгаа юм биш үү гэхэд хашаанаас нэг эрэгтэй гарч ирээд Э-ыг гараараа нүүрэнд нь хоёр удаа цохисон, ...миний аманд учруулсан гэмтлийг согтуу эмэгтэй намайг газар унасан байхад хүзүүн дээр дарж маажиж учруулсан, цээж хэвлий, ар нуруу, хүзүүн дээр дарж маажиж учруулсан, цээж, хэвлий, ар нуруу, дал, суга, бугалгад учирсан гэмтлийг нөгөө согтуу эмэгтэй учруулсан, баруун мөрний зүүн үеийн зөөлөн эдийн няцрал гэмтлийг нөхөр нь намайг газар унасан байхад хөлөөрөө өшиглөж учруулсан...” /хавтас хэргийн 23-24 дэх тал/ гэсэн, шинжээч О.Нансалмагийн “...Э.Э-гийн биед учирсан гэмтлүүдээс зүүн хацар, зүүн дээд, доод зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салст, хэлэнд шарх гэмтэл нь мөн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 64 дэх тал/ гэсэн, шинжээч А.Туяагийн “...Баруун мөрний үеийн зөөлөн эдийн няцрал нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн бугалга, зүүн суга, цээжний зулгаралт гэмтлүүд дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” /хавтас хэргийн 71 дэх тал/ гэсэн, шүүгдэгч Н.Б-ы “...Би нөхрийг нь мангасдаад түлхсэн чинь газар уначихсан, босож ирээд бид хоёр зууралдаад нэг нэгийгээ цохиод газар зууралдсан...” /хавтас хэргийн 006 дахь тал/ гэсэн, шүүгдэгч Г.Э-ын “...Хашаанаас нөхөр нь гарч ирээд миний нүүрэнд цохихоор нь би зөрүүлээд ам орчимд нь нэг удаа гараараа цохиход Б- болон эмэгтэй хоёр бид хоёрыг салгасан. ...Б-тай нөхөр нь зууралдаад газар унахад би нөхрийнх нь гуя орчимд нэг удаа өшиглөсөн...” /хавтас хэргийн 146 дахь тал/ гэсэн, шүүгдэгч З.С-ын “...Нэг эрэгтэй намайг түлхсэн чинь нөхөр уурлаад нэг эрэгтэйг түлхэх шиг болоод нэг нэгийгээ заамдаад зууралдаад салсан. ...Хүн ирээд салгаад газар дээр дарсан байхад нь гараараа цохисон...” /хавтас хэргийн 154 дэх тал/ гэсэн  мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №6418 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Э.Э-гийн биед зүүн хацар, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун гарын долоовор хуруунд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салст, хэлэндээ шарх, зүүн хацар, зүүн өвдөг, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” /хавтас хэргийн 42-43 дахь тал/ гэсэн,

Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны №6435 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Н.Б-ы биед ам, хүзүү, цээж, хэвлий ар нуруу, дал, суга, бугалгад зулгаралт, шанаанд цус хуралт, баруун мөрний үеийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” /хавтас хэргийн 58-59 дэх тал/ гэсэн дүгнэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 5-6 дахь тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 7-8 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Э.Э-гийн эрүүл мэндэд учирсан “...зүүн хацар, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун гарын долоовор хуруунд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салст, хэлэндээ шарх, зүүн хацар, зүүн өвдөг, нуруунд зулгаралт...” бүхий хөнгөн гэмтэл шүүгдэгч Н.Б-, Г.Э- нарын түүнийг цохисон, түлхсэн санаатай идэвхтэй үйлдлийн улмаас,

Хохирогч Н.Б-ы эрүүл мэндэд учирсан “...биед ам, хүзүү, цээж, хэвлий ар нуруу, дал, суга, бугалгад зулгаралт, шанаанд цус хуралт, баруун мөрний үеийн зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч З.С-ын түүнийг цохисон, зуурсан санаатай идэвхтэй үйлдлийн улмаас тус тус үүссэн бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч З.С-ын хохирогч Н.Б-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “бүлэглэж” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Н.Б-, Г.Э- нар гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, хохирогч Э.Э-гийн эрүүл  мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч З.С-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Н.Б-, Г.Э- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

Шүүгдэгч З.С-о, Н.Б-, Г.Э- нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч З.С-о нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй. Шүүгдэгч Н.Б-, Г.Э- нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч нарын өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч З.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Н.Б-, Г.Э- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэв.

Шүүгдэгч З.С-о, Н.Б-, Г.Э- нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Э-гийн эрүүл мэндэд учирсан “...зүүн хацар, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун гарын долоовор хуруунд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салст, хэлэндээ шарх, зүүн хацар, зүүн өвдөг, нуруунд зулгаралт...” бүхий хөнгөн хохирол, хохирогч Н.Б-ы эрүүл мэндэд учирсан “...биед ам, хүзүү, цээж, хэвлий ар нуруу, дал, суга, бугалгад зулгаралт, шанаанд цус хуралт, баруун мөрний үеийн зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч Э.Э- эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардалд баримтаар 690,000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн /шүүх хуралдаанд гаргаж өгсөн/, хохирогч Н.Б- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

Хохирогч Э.Э-гийн эмчилгээний зардалд нэхэмжилсэн 690,000 төгрөгийг гэм буруутай этгээдүүд болох Н.Б-, Г.Э- нараас тэнцүү хувиар буюу шүүгдэгч тус бүрээс 345,000 төгрөг гаргуулж, хохирогч Э.Э-д олгох нь зүйтэй.

 

Эрүүгийн 2210011890814 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Н.Б-, Г.Э-, З.С-о нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч З.С-о бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Н-ын Б-, Х овогт Г-ийн Э- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ж овогт З-ын С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н-ын Б-, Г-ийн Э- нарыг тус бүр 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З-ын С-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Н.Б-, Г.Э- нарт оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч З.С-од оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-, Г.Э-, З.С-о нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-, Г.Э- нараас тус бүл 345,000 /гурван зуун дөчин таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Э.Э-д олгосугай.  

 

6. Эрүүгийн 2210011890814 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Н.Б-, Г.Э-, З.С-о нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч З.С-о бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Б-, Г.Э-, З.С-о нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-, Г.Э-, З.С-о нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР