| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 128/2023/0637/З |
| Дугаар | 221/МА2024/0152 |
| Огноо | 2024-03-05 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2024/0152
“Ф ш з” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э
Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн НА-21220000075 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-д гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, гомдол гаргах хугацаа сэргээхийг даалгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 889 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Я.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тэмүжин
Хэргийн индекс: 128/2023/0637/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ф ш з” ХХК-иас Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд холбогдуулан “Татварын ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн НА-21220000075 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-д гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, гомдол гаргах хугацаа сэргээхийг даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 889 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т заасныг баримтлан Татварын ерөнхий газрын Татварын маргаан таслах зөвлөлд холбогдуулан гаргасан “Татварын ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн НА-21220000075 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-д гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, гомдол гаргах хугацаа сэргээхийг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “Ф ш з” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлага болох “Татварын ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн НА-21220000075 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-д гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, гомдол гаргах хугацаа сэргээхийг даалгуулах” тухай нэхэмжлэл гаргаснаас 1 дүгээр шаардлага болох Татварын ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн НА-21220000075 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-д гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлагад дүгнэлт өгч, 2 дугаар шаардлага болох гомдол гаргах хугацаа сэргээхийг даалгуулах тухай шаардлагад дүгнэлт өгөөгүй, орхигдуулсан байна.
Мөн нэхэмжлэгчийн маргаж буй бүхий л үндэслэлд бүрэн хууль зүйн дүгнэлт өгөөгүй байдаг. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж заасан. Уг хуулийн хэм хэмжээнээс үзвэл татвар төлөгчид хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй гэж үзэж байна.
Учир нь хэргийн материалд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн А-19/10 дугаар, 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 06/01 дугаар, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 09/01 дугаартай итгэмжлэлүүд тус тус авагдсан байна. Эдгээр гурван итгэмжлэлийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн D X /Д Ш/-аас тус тус олгосон.
Уг хятад иргэн нь Монголоор уншиж бичих нь байтугай ярьж ч чадахгүй. Хэрэгт авагдсан итгэмжлэлүүд нь бүгд Монгол хэл дээр байна. Иймээс тухайн татвар төлөгчийн хүсэл зориг бүрэн илэрхийлэгдээгүй гэж үзэхээр байна.
Хэрэгт авагдсан итгэмжлэлүүд болох БНХАУ-ын иргэнээс Б.А-д олгосон итгэмжлэлүүд нь бүгд алдаатай байгааг харж болно. Тухайлбал 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 06/01 дугаартай итгэмжлэл нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр олгосон хэрнээ 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гэж өнгөрсөн цаг дээр төлөөлөх эрх олгосон алдаатай, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 08/15 дугаартай итгэмжлэл нь 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр олгосон хэрнээ 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гэж мөн л өнгөрсөн цаг дээр төлөөлөх эрх олгосон алдаатай итгэмжлэлүүд байгаагаас түүний Монгол хэл бичгийн мэдлэггүй нь нотлогдоно.
Гадаад улсын иргэн нь Монгол хэл мэдэхгүй бол баримт бичиг үйлдэхдээ өөрийн эх хэл дээр үйлдэж, тухайн эх хэл дээр үйлдэгдсэн баримтыг баталгаат орчуулгаар орчуулуулж баталгаат орчуулгын тамга тэмдэг дарснаар сая хүчин төгөлдөр хүсэл зоригийн илэрхийлэл болно. Хэрэгт авагдсан баримтуудаас харвал эх хэл дээрээ олгосон итгэмжлэл авагдаагүй байна. Иймээс компанийн эрх барих этгээд буюу татвар төлөгчийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлт зориг илэрхийлэгдээгүй гэж үзэж байна.
Хариуцагчаас Б.А-д нөхөн ногдуулалтын актыг 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гардуулсан гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтээ үүнээс 3 сарын дараа гаргах ёстой энэ хугацаандаа гаргаагүй буюу 2023 оны 05 дугаар сард гаргаж 8 сар хэтрүүлсэн гэж тайлбарласан нь үндэслэлгүй.
Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйл нь гагцхүү захиргааны актыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн тохиолдолд хэрэглэгдэх хуулийн хэм хэмжээ юм.
Нөгөөтээгүүр, нөхөн сэргээх хүсэлтийг хугацаа хэтэрснээс хойш 3 сарын дотор гаргана, энэхүү 3 сарын дотор гаргах боломжгүй бол тухайн шалтгаанаа нотлох боломжоор хангах ёстой. Гэтэл нотлох боломж олгоогүй, хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, хүсэлтийг буцааж шийдсэн нь захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг баримтална гэж заасан байхад оролцоог хангаагүй хүлээн авахаас татгалзсан нь хууль бус гэж үзэж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч гэж захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно” гэж заасан ба энэ хуулийн 15 дугаар зүйлд оролцогчийн эрхийг заасан байгаа. Үүний 15.1.4-д “захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх” гэж заасан эрхийг эдлүүлээгүй нэмэлт тайлбар баримт авалгүйгээр 3 сар хэтрүүлсэн гэж үзэж хүлээн авахаас татгалзсан нь хууль бус юм.
Судлан тогтоох зарчим: Захиргаа нь гарч болох гомдол шаардлагыг урьдчилан тооцоолон аль болох боломжит судалгааг хийж нөхцөл байдлыг тодорхой болгох ёстой бөгөөд тухайн тохиолдолд ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлыг нарийвчлан судалсан байх ёстой.
Сонсох ажиллагаа: Захиргаа нь аливаа шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.
Нотлох зарчим: Хуульд заасан журмын дагуу захиргааны байгууллага нь нөхцөл байдлыг тогтоохдоо шаардлагатай нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй. Энэ талаар анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт өгөөгүй байна.
Иймээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 889 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
2.1. Нэхэмжлэгч “Ф ш з” ХХК-иас Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд холбогдуулан “Татварын ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн НА-21220000075 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-д гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, гомдол гаргах хугацаа сэргээхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.2. Татварын ерөнхий газраас “Ф ш з” ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн НА-21220000075 дугаар нөхөн ногдуулалтын актаар 24 255 148 117.79 төгрөгийн зөрчилд 1 175 447 873.7 төгрөгийн нөхөн татвар, 407 716 184.25 төгрөгийн торгууль, 130 995 756.04 төгрөгийн алданги, нийт 1 714 159 813.99 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.
2.3. Нэхэмжлэгч компаниас дээрх татварын улсын байцаагч нарын нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд “гомдол гаргах хугацаа сэргээлгэх” хүсэлт гаргасныг маргаан таслах зөвлөл 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаар албан бичгээр “...Маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 4.1-д “Татвар төлөгч, эсхүл түүний эрх олгосон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөх нь татварын актыг гардаж авснаас хойш Захиргааны ерөнхий хуулийн 94.2-т заасан хугацаанд хүсэлтээ гаргана”, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т “Энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актыг гардаж авснаас хойших гурван сарын дотор Маргаан таслах зөвлөлд хүсэлт гаргах хуулийн зохицуулалттай, ... гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргах хуулийн хугацаа хэтэрсэн...” гэсэн үндэслэлээр “Ф ш з” ХХК-ийн нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, буцааж шийдвэрлэжээ.
2.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхээр байна.
2.5. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т “Энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана”, Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Татварын албаны дэргэд татвар төлөгчөөс энэ хуулийн 6.1.26-д заасан татварын акттай холбогдуулан гаргасан гомдол, Захиргааны ерөнхий хуулийн 94.2-т заасан хүсэлтийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Татварын маргаан таслах зөвлөл /цаашид “Маргаан таслах зөвлөл” гэх/ ажиллана”, 47 дугаар зүйлийн 47.9-д “Маргаан таслах зөвлөл нь энэ хуулийн 46.1-д заасан гомдлыг татвар төлөгчийн гомдлын хүрээнд хянан шалгаж, шийдвэр гаргана”, 47.10-д “Маргаан таслах зөвлөл нь татварын актаар баталгаажуулсан дүнг өөрчлөх, хүчингүй болгох, хэвээр үлдээх, түдгэлзүүлж татварын албанд буцаах шийдвэрийн аль нэгийг гаргах бөгөөд уг шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна”, 47.19-д “Татвар төлөгч нь Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шийдвэрийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй” гэж тус тус зохицуулжээ.
2.6. Дээрх зохицуулалтаас үзэхэд, нэхэмжлэгч компанийн гаргасан хүсэлт нь татварын акттай холбогдуулан гаргасан гомдол биш харин гомдол гаргах хугацааг сэргээлгэхтэй холбоотой хүсэлт байх тул уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж буцаасан Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаар албан бичиг нь Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.9, 47.10, 47.19-д заасан Маргаан таслах зөвлөлөөс татварын акттай холбогдуулан гаргасан гомдлыг хянаад гаргасан шийдвэрт хамаарахааргүй байна.
2.7. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаар албан бичгээр нэхэмжлэгч компаниас гаргасан Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж буцаасан байх тул энэ нь хуульд заасан захиргааны актын шинжийг агуулсан гэж үзэхээргүй байна.
Иймд анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “шүүгч захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхээр байтал нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 889 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар “Ф ш з” ХХК-ийн Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд холбогдуулан гаргасан “Татварын ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн НА-21220000075 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-д гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, гомдол гаргах хугацаа сэргээхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН