Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 115/ШШ2021/0004

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: Д.Э-ын гомдолтой

Хариуцагч: Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч Ц.С-д холбогдох

Гомдлын шаардлага: Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч Ц.С-ийн гаргасан 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1448551 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдолтой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд гомдол гаргагч Д.Э, хариуцагч Ц.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Батхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Д.Э нь шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Бүгд найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Монголын Үндэсний ардчилсан нам нэгдэн “Шинэ эвсэл” байгуулан улмаар “Мөнгөгүй сонгуулийн уриалга дэвшүүлсэн”. Энэхүү уриалгыг иргэн Д.Э миний бие дэмжин “Шинэ эвсэл”-ээс нэр дэвшин оролцсон юм. Миний бие нэр дэвшихдээ санхүүгийн чадамжгүй гэдгээ эвсэлд мэдэгдэхэд эвслээс дэмжлэг үзүүлнэ гэсэн санал тавьсан. Үүнийг хүлээн аван сонгуульд нэр дэвшсэн болно. Сонгуулийн зардалд өөрийн биеэс зарцуулсан хөрөнгө байхгүй, хандивын дансанд орлого байхгүй, эвслийн мөрийн хөтөлбөртэй сэтгүүлийг цөөн тоогоор хэвлүүлсэн гэх боловч үүний зардлыг эвсэл шийдвэрлэсэн. Миний хандивын дансанд орсон орлого /тавин мянган төгрөг/ нь цалингийн доод хэмжээнд хүрэхгүй тул аудитын дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж ойлгосон. Миний бие эх орон, ард түмнээсээ сэтгэл буруулсан, улс нийгэмд учруулсан хохирол байхгүй тул өөрийгөө гэм буруугүй гэж ойлгож байна. Харамсалтай нь, сонгуулийн зардлын тайланг цаг хугацаанд нь зохих байгууллагад хүргүүлээгүйн улмаас 20.000.000 төгрөгийн торгуульд орсон.

Сонгуулийн сурталчилгааны хугацаанд Сайншанд суманд 2, Замын-Үүд суманд 2, Айраг, Даланжаргалан, Эрдэнэ, Мандах сумдад тус бүр нэг удаа Шинэ эвслээс нэр дэвшигч Ц.Г-ын иргэдтэй хийх уулзалтад оролцсон. Сонгуулийн хандивын дансанд иргэдээс 55.000 төгрөгийн хандив орсон байсныг сурталчилгааны 2 машинд наах хуулга  хэвлүүлэхэд зарцуулсан. Миний зураг болон танилцуулга, эвслийн мөрийн хөтөлбөрийг багтаасан 6 хуудас танилцуулах материалыг 1000 ширхэг хувийг эвслээс хэвлүүлж өгсөн. Цөөхөн хувь хэвлэсэн учир сонгуулийн ухуулах байруудад тараан байршуулж, иргэдэд танилцах боломжоор хангалаа гэж эвслээс надад мэдээлсэн. Мөн миний бие өөрийн фэйсбүүк хуудсанд тараах материалын хуудас бүрийн зургийг байршуулж олон нийтэд хүргэсэн. Өөрөөр хэлбэл, сонгуулийн зардалд өөрөөс болон бусдаас зарцуулсан хөрөнгө байхгүй тул миний бие өөрийгөө гэм буруугүй гэж ойлгож байна

Миний санхүүгийн нөхцөл байдал дээрх 20,000,000 төгрөгийг төлөх чадамжгүй билээ. Миний бие өмнө нь Эрээн-Замын-Үүдийн боомтоор ачаа тээвэрлэж амьжиргаагаа залгуулдаг байсан. Харамсалтай нь 2012 оноос Замын-Үүдийн улс хоорондын тээвэрт хууль зөрчигдөж шударга өрсөлдөөн агдагдаж үндэсний эрх ашиг хохирч олон тээвэрчин амьжиргааны орлогоосоо салсан. Иймд миний бие амьдрахын эрхээр малчин болж 3 дахь өвөлтэйгөө золгож байна. Өөрийн гэсэн мал хөрөнгө байхгүй тул Өргөн сумын Сүмийн булаг багийн малчдын хээлтүүлэгч малыг маллаж амьжиргаагаа залгуулдаг. Ингэж маллахдаа нэг ухна малласан хөлсөнд нэг ишиг, нэг хуц, нэг хурга авдаг. Ингэхдээ өвлийн 12 дугаар сарын 01-нд малчид эцэг малаа надад хүлээлгэн өгөөд, ирэх намар 10 дугаар сарын 1-нд буцаан авдаг. 2016 онд миний гэр бүлийн хүн болох Д.Э-ийн тархинд цус харваж, тархины хавдартай нь оношлогдож, эмчилгээгүй болсон билээ. Эмчилгээний зардал байхгүй, эдгэрэх магадлал бага тул хоол ундаар таслахгүй байлгах нь миний гол зорилго болоод байна. Бага охин маань ЕБС-ийн 6-р ангийн сурагч тул сумын төвд дотуур байранд суудаг. Эхнэр бид хоёр хоёулхнаа хөдөө байдаг. Эхнэр маань тархины хавдар өвчний улмаас цусны даралт бууруулах, бамбайн даавар нөхөх зэрэг олон эм, эмчилгээг байнга хийлгэх зайлшгүй шаардлагатай. Тухайн эмийг цаг тухайд хэрэглэхгүй бол биеийн байдал доройтох учир асран хамгаалагч нь дэргэд нь байж хяналт тавьж байх шаардлагатай байдаг. Эхнэр маань 2017 оноос Хөдөлмөрийн чадамжаа 60 хувь алдсан нь тогтоогдож тэтгэмжийн мөнгөөрөө эм тариагаа залгуулж байсан. Одоо миний гэр бүлийн хүн өндөр настны тэтгэврээ тогтоолгон сар бүр 350.000 төгрөг тэтгэврийн сангаас авдаг. Энэхүү тэтгэврийн орлого нь эхнэрийн маань зайлшгүй шаардлагатай эм, эмчилгээний зардалд хүрэлцдэггүй. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд хээлтүүлэгч мал маллагааны хөлс болох цөөн тооны бог мал маань өвлийн зудад үрэгдэж хэцүү нөхцөл байдалд амьдарч байна. Надад эх орон ард түмнээсээ сэтгэл буруулж, санаатайгаар учруулсан хохирол үгүй, дээрх Зөрчлийн тухай хуулийн дагуу надад оноосон торгууль бүхий 20.000.000 төгрөгийг төлөх санхүүгийн чадамжгүйг минь харгалзан үзэж торгуулиас чөлөөлж өгнө үү.

Сонгуулийн сурталчилгааны хандивын дансыг хуулийн дагуу нээсэн. Хандивын дансанд миний нийгмийн амьжиргааны байдлаас болон намайг дэмжигч гишүүдийн тооноос хамаарч 55,000 төгрөг орсон байсан. Би сонгуулийн зардалдаа мөнгө зарцуулах эдийн засгийн боломжгүй байсан. “Шинэ эвсэл”-ийн зүгээс намайг дэмжиж сонгуулийн сурталчилгааны тараах материал, мөрийн хөтөлбөрийг хэвлэж өгсөн. Сум бүрийн сонгогчдын өрх бүрд хувааж өгөх боломж байхгүй учраас зөвхөн “Шинэ эвсэл”-ийн нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны сэтгүүлийг зарим сумдад 80 ширхэг, зарим сумдад 100 ширхэг, Сайншанд болон Замын-Үүд сумдад 150 ширхгийг зөвхөн сонгуулийн сурталчилгааны ширээн дээр байршуулж дэмжигч сонгогчдод хүргэж байсан. Би өөрийн биеэр явах бололцоо муутай учраас Ц.Г-тай Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан, Замын-Үүд, Эрдэнэ, Иххэт зэрэг сумдаар орсон. Би Хөвсгөл,  Хатанбулаг, Сайхандулаан, Мандах сумдаар явах эдийн засгийн боломжгүй байсан. Сонгуулийн тухай хуульд аудитаар баталгаажуулж төрийн санхүүд мэдэгдэх тухай заасан байдаг. Гэтэл надад зарцуулсан хөрөнгө байхгүй, аудитын дүгнэлт хийлгэх бодит зардал гаргаагүй учраас аудитын дүгнэлтийг гаргаж өгөөгүй гэж үздэг.

Сонгуулиар зарцуулсан хөрөнгө болох 55.000 төгрөг нь цалингийн доод хэмжээнд хүрэхгүй учраас хэрэг үүснэ гэж тухайн үед бодоогүй. Нэр дэвшигч бүр өөрийн боломж бололцоо янз бүр байдаг. Миний хувьд ингэж хуулийн арга хэмжээнд орох мөнгө зарцуулаагүй. Тийм учраас эрх бүхий албан тушаалтны надад оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. Би бодит нөхцөлд тулгуурласан үнэнч шударга шийдвэрийг хүсэж шүүхэд хандсан.

Хуулийн дагуу аудитын дүгнэлт гаргуулах чадвартай байсан бол ингэж алдаа гаргахгүй байсан. Хариуцлагын хувьд санаатайгаар биш давагдашгүй хүчин зүйл учирсан. Би сумын хуралд нэр дэвшсэн хүнээс энэ талаар асуухад аудитын дүгнэлт нь 400,000 төгрөгийн зардлын данс нь 100,000 төгрөгөөр хийлгэсэн гэж хэлсэн. Аудитын дүгнэлт гаргах мөнгөн дүнгээс хамаарч хамгийн доод тал нь 50,000 төгрөг байдаг гэсэн. Монгол Улсын Их хурлын тухай хууль нь олон түмэнд янз янз байдлаар хүрдэг байх. Шударга ёсыг дээдэлсэн шүүхийн шийдвэр гаргах байх гэж бодож байна. Иймээс Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын Нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч Ц.С-гийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1448551 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч Ц.С нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагч С.Н 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 7/6746 дугаартай албан бичгийг Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, Нягтлан бодох бүртгэлийн Улсын ахлах байцаагч Ц.С-д хаяглаж ирүүлсэн. Монгол улсын Ерөнхий аудитораас Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын  тайланд аудит хийхэд сонгуулийн зардлын дансны явцын тайлан болон зардлын дансны эцсийн тайлан ирүүлээгүй, хандивын орлогыг буцаан шилжүүлээгүй, нам, эвсэл, нэр дэвшигчдийн нэрсийг ирүүлсэн. Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд “Шинэ эвсэл” намаас нэр дэвшсэн Э-тай холбоотой “Хандивын дансны зардлын тайлан мэдээг Үндэсний аудитын газарт ирүүлээгүй” тул арга хэмжээ авч ажиллах тухай албан бичигтэй танилцаад дараах арга хэмжээг авч ажилласан.

Уг албан бичигтэй холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэр дэвшигч Д.Э-ыг дуудан Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын 210 тоот өрөөнд 11 цаг 40 минутад уулзан мэдүүлэг авахад “хандивын данс нээх ёстой, дансныхаа зарцуулалтыг тайланг өгөх ёстой гэж ойлгосон. Гэхдээ дансанд 24000 төгрөг орж ирсэн. Манай охин шинэ намын менежерээс зардлын тайлан өгөх ёстой юу гэж асуухад сонгууль дууссаны дараа зардлын тайлан өгөх ёстой гэж хэлсэн. Тайлан хийх заавар зөвлөгөө өгөх болов уу гэж хүлээгээд байсан өгөөгүй. Би Г-тай нийлж 3 сумаар сурталчилгаанд явсан. Надаас зардал мөнгө гаргаагүй. Би 24000 төгрөгөөр зөвхөн машин дээр наах сурталчилгааны стикер хэвлүүлсэн. Өөрсдөөсөө зарцуулсан юм бол байхгүй гэсэн тайлбар өгсөн. Тайлангаа хүргүүлээгүй нь тогтоогдож байгаа тул торгуулийн арга хэмжээ авахаар танилцуулахад зөвшөөрөөгүй. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй болж зөрчлийн хэрэг нээн ажиллах тухай танилцуулж 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 2019000251 дугаартай зөрчлийн хэргийн нээн ажилласан.

2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Д.Э-тай холбогдон Коронавируст халдварт /Covid-19/ өвчин гарсантай холбогдуулан өөрийн биеэр ирж мэдүүлэг өгөх боломжгүй бол мэдүүлгийг бичгээр гарган цахим хаягаар [email protected] ирүүлэх талаар мэдэгдсэний дагуу тухайн өдөр тайлбар мэдүүлгийг цахим хаягаар ирүүлсэн.

Зөрчлийн хэрэгт Монгол Улсын Сангийн яамны 10 сарын 22-ны өдрийн 7/6746 тоот, Сонгуулийн Ерөнхий хорооны 12 сарын 01-ны 2/383 тоот, Үндэсний аудитын газрын 12 сарын 28-ны 01/3445, 01/3444 тоот албан бичиг, Дорноговь Хаан банкны салбараас ирүүлсэн дансны хуулга зэрэг нотлох баримт бичиг бүрдүүлэн ажиллаж Д.Э нь Үндэсний Аудитын газарт хандивын дансны явцын болон эцсийн тайлан мэдээгээ хүргүүлээгүй нь нотлогдож холбогдогчид Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг үндэслэн 17.1 дүгээр зүйлийн 27 дахь хэсэгт заасны дагуу хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар шийдвэрлэж торгууль шийтгэлийн хуудас бичиж 2020 оны 12 дугаар сарын 31-нд 96562611 дугаарт залган мэдэгдсэн болно. Торгууль шийтгэлийн хуудсыг холбогдогчийн хүсэлтээр охин Э.Я-д 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээлгэн өгсөн.

Манай аймаг буюу Улсын Их Хурлын 8-р тойрогт “Шинэ эвсэл”-ээс Ц.Г, Д.Э гэсэн 2 хүн нэр дэвшсэн. Эцсийн болон явцын тайлангаа Д.Э нь хүргүүлээгүй, эцсийн тайлангаа Ц.Г хүргүүлээгүй гэсэн албан бичиг ирсэн. Энэ албан бичгийг Үндэсний Аудитын газраас Сангийн яам руу өгөөд Сангийн яамнаас Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст ирүүлсэн. Д.Э-ын сонгуулийн зардлын тайлангаа төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлээгүй зөрчлийг шалган шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэхэд хандивын данс нээх ёстой, манай охин надаас зардал мөнгө гаргаагүй өөрсдөөсөө зарцуулсан юм байхгүй, ямар ч боломж байхгүй гэдэг мэдүүлгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн учраас зөрчлийн хэргийн нээж ажилласан.

Хуулийн заалтын дагуу торгуулийн хэмжээ өндөр байна. Монгол Улсын Их хурлын сонгуульд нэр дэвшиж байгаа хүний хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс торгуулийн хэмжээг өндөр болгож нэмэгдүүлсэн гэж ойлгож байна.

Нэр дэвшигч нь хандивын данс нээлгэх эрх нь нээлттэй. Нэр дэвшигч бүр харилцан адилгүй хандив цуглуулсан. Шударга ёсны хувьд хэлэхэд хэцүү байна. Яагаад гэхээр өндөр хандив цуглуулсан хүнд торгууль төлөхөд асуудалгүй байх. Өнөөдрийн нөхцөл байдалд 55.000 төгрөгийн хандив цуглуулчхаад 20.000.000 төгрөгийн торгуульд орсон нь шударга бус явдал. Хууль ялгамжтай байдлаар энэ асуудлыг тогтоогоогүй байна.

Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагчаас ирүүлсэн албан бичиг, Монгол Улсын Ерөнхий Аудиторын баталсан журмын дагуу сонгуулийн зардлын тайлангаа гаргаж ирүүлэх үүрэгтэй. Нотлох баримтуудыг холбогдох газруудаас гаргуулж аван, зөрчлийн хэргийг нээж, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокурорын хяналтад явуулсан. Зөрчлийн хуульд заасан торгуулийн арга хэмжээгээр торгууль оногдуулсан. Шүүх шийдвэрийг шударга гаргаж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх гомдол гаргагчийн гомдлын шаардлагын үндэслэл болон хариуцагч эрх бүхий албан тушаалтны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан үзэж, дараах байдлаар үнэлж гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гомдол гаргагч нь эрх бүхий албан тушаалтнаас түүнд 20,000,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1448551 дугаар “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах гомдлын үндэслэлээ “...55,000 төгрөгийн хандивын зарцуулалтын тайланд аудитаар дүгнэлт гаргуулж хүргүүлээгүй зөрчилд 20,000,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан нь бодит нөхцөл байдал, шударга ёсонд нийцээгүй, миний бие торгуулийг төлөх санхүүгийн чадамжгүй” гэх агуулгаар тайлбарлаж байх ба,

харин хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас 1448551 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ынхаа үндэслэлийг “... хуулийг хэрэгжүүлж прокурорын хяналт дор зөрчлийн хэргийг шалгаж шийдвэр гаргасан” гэх агуулгаар зөвтгөн тайлбарлаж байна.

  1. Зөрчлийн хэргийн үйл баримтын талаар:

Гомдол гаргагч Д.Э нь Монгол Улсын Их хурлын 2020 оны ээлжит сонгуульд Дорноговь аймгийн 8 дугаар тойрогт “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам”, “Бүгд найрамдах нам”, “Үнэн ба Зөв нам”, “Монголын үндэсний ардчилсан нам” зэрэг намуудын нэгдэл болох “Шинэ эвсэл”-ээс нэр дэвшин өрсөлджээ.

Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна”, 51.3-д “Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ” гэж тус тус заасан ба, Д.Э нь Монгол Улсын Их хурлын сонгуульд нэр дэвшин өрсөлдөх явцдаа “ХААН” банканд “5368120132” тоот хандивын данс нээлгэсэн нь зөрчлийн хэргийн материалд авагдсан “ХААН” банкны Дорноговь аймаг дахь салбарын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 01/5360/689 дугаартай албан бичгээр,[1]

мөн Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Сонгуулийн хандив нь мөнгөн, мөнгөн бус хэлбэртэй байна” 53.2-т “Хандивлагч энэ хуульд заасан шаардлага хангасан, Монгол Улсын иргэн байна” гэж зааснаар, гомдол гаргагч Д.Э-ын хандивын дансанд иргэдээс 10,000 төгрөг, 5,000 төгрөг тус бүр 1 удаа, 2 удаа 20,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдэж, нийт 55,000 төгрөгийн хандив цугларснаас 30,000, 24,450 төгрөгийн тус бүр нэг удаагийн зарлага гарган, уг дансаа 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хаасан болох нь Д.Э-ын “ХААН” банк дахь “5368120132” тоот депозит дансны (2020 оны 05 дугаар сарын 28-наас 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх) дэлгэрэнгүй хуулгаар[2] тус тус тогтоогдож байх ба, гомдол гаргагчаас хандивт цугларсан 55,000 төгрөгийг автомашин дээр наах сонгуулийн сурталчилгааны зурагт хуудас хэвлүүлэхэд зарцуулсан гэж тайлбарлаж байна.

2. Хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь түүнд Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд нягтлан бодох бүртгэлийн Улсын ерөнхий байцаагчаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд ирүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Арга хэмжээ авч ажиллах талаар” 7/6746 дугаартай албан бичгийг үндэслэл болгон, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.22, 6.7 дугаар зүйлийн 1-д заасны дагуу Д.Э-ын сонгуулийн хуулийг зөрчсөн үйлдэлд холбогдуулан зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.

Улмаар гомдол гаргагчийн Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “...нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж заасныг зөрчсөн үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27 дахь хэсэгт “Нэр дэвшигч, ...хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр, ...торгоно” гэж заасныг баримтлан 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1448551 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг гарган Д.Э-ыг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т ... , нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.5-д “зардлын тайлан гаргах, хүлээн авах, нийтэд мэдээлэх, танилцуулахтай холбоотой журам, маягт батлах” гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/45 дугаар тушаалаар баталсан “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ын /цаашид “журам” гэх/ 19 дүгээр зүйлийн 19.1-д “Хуулийн 57.3-т заасны дагуу ..., нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан сонгуулийн зардлын эцсийн тайланг энэ журмын 17 дугаар зүйлд заасан тайланг өссөн дүнгээр эцэслэн гаргаж, аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан Үндэсний аудитын газарт ирүүлнэ” гэж,

 

мөн “журам”-ын 16 дугаар зүйлийн 16.2-т “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын явцын болон эцсийн тайлан гаргана”, 17 дугаар зүйлийн 17.1-д “.. нэр дэвшигч сонгуулийн зардлын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах Маягт (1-9)-ын дагуу гаргаж, Үндэсний аудитын газарт ирүүлнэ” гэж тус тус заасан байх ба, гомдол гаргагч Д.Э-ын тухайд дээр дурдсан хууль, “журам”-д заасан хугацаанд сонгуулийн зардлын явцын тайланг болон сонгуулийн зардлын эцсийн тайланг хувийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулан тус тус Үндэсний аудитын газарт ирүүлэхээр заасныг зөрчсөн болох нь Д.Э-аас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргасан мэдүүлэг болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бусад нотлох баримтуудаар, мөн гомдол гаргагчаас шүүхэд зөрчлөө хүлээн мэдүүлсэн тайлбараар тус тус тогтоогдсон ба, энэ асуудлаар болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаар хэргийн оролцогчдоос маргаагүйг дурдах нь зүйтэй.

3. Захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэж, улмаар “шийтгэл оногдуулсан шийдвэр” буюу захиргааны актыг батлан гаргах ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй байх ба, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж хуульчлан тунхаглажээ.

 Хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1448551 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг буюу захиргааны актыг батлан гаргахдаа Монгол Улсын Үндсэн хуульд заасан “шударга ёсыг хангах” талаарх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, ... байх” гэж заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг тус тус хэрэгжүүлээгүй байна.

Төрийн үйл ажиллагаа шударга байх ёстой бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шударга ёсны зарчим”-ыг “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж,  54 дүгээр зүйлийн 54.1-д “Мөнгөн хандив нь иргэний хувьд таван сая төгрөг хүртэл, ... байна” гэж тус тус заасан байгаагаас үзвэл гомдол гаргагчид иргэдээс өгсөн хандив нь хуульд заасан дээд хэмжээнд хүрэхгүй байхын зэрэгцээ “55,000” төгрөгийн зардлын тайланг хүргүүлээгүй гэх үл ялиг буюу ялихгүй[3] бөгөөд хэлбэрийн төдий зөрчилд 20,000,000 (хорин сая) төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан нь зөрчлийн шинж, хэр хэмжээнд тохироогүй буюу шударга ёсны зарчимд нийцээгүй байна гэж үзлээ.

Нөгөөтэйгүүр Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн зорилтыг 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “...Монгол Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах үндсэн зарчим, журмыг тодорхойлж, түүнтэй холбогдсон харилцааг зохицуулах, Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад оршино” гэж тодорхойлсон байх ба,

мөн хуулийн Наймдугаар бүлэгт бүхэлдээ “сонгуулийн зардал, зардлын дээд хэмжээ, сонгуулийн зардлын зарцуулалт, түүнд тавигдах хяналт, тайлан гаргахтай” холбоотой харилцааг зохицуулж, сонгуулийн зардлын гүйцэтгэлд хяналт тавих талаарх төрийн аудитын байгууллагын эрх хэмжээг “хандивлагч иргэнээс нэр дэвшигчид өгсөн хандив нь хуульд заасан шаардлагыг хангаж байгааг өөрөө нотолсон эсэх, хуулийн этгээдээс нэр дэвшигчид хандив болгон өгсөн орлогоо татварын тайландаа тусгасан эсэхэд хяналт тавих, сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчийн зардлын тайланг нийтэд мэдээлэх” зэргээр өргөн хүрээнд тодорхойлсон, уг хуулийн зорилго нь нам, эвсэл, нэр дэвшигчийн зүгээс сонгуулийн хандивыг хуулиар зөвшөөрсөн хүрээнд бүрдүүлсэн эсэхэд төрийн эрх бүхий байгууллагаас хяналт тавих, сонгуулийн зардлын тайланг ил тод мэдээлэх замаар иргэд сонгогчдын мэдэх эрхийг хангах, шударга сонгууль явуулахад чиглэсэн байна.

 Гомдол гаргагч Д.Э-ын хувьд “55,000” төгрөгийн зардлын тайлангаа эрх бүхий байгууллагад хүргүүлээгүйн улмаас түүний сонгуулийн зардлын зарцуулалтын тайланг мэдэх иргэд, сонгогчдын эрх зөрчигдсөн гэж үзэхэд эргэлзээтэй, нөгөөтэйгүүр “55,000” төгрөгийн хандивыг хэрхэн зарцуулсан талаарх тайлангаа эрх бүхий байгууллагад хүргүүлээгүй зөрчилд Д.Э-д 20,000,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулснаар дээр дурдсан хуулийн зорилт, зорилго биелэгдсэн гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлэн гаргасан захиргааны акт нь “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх”-ыг шаардах бөгөөд хариуцагч албан тушаалтны гаргасан 1448551 дугаартай “Шийтгэлийн хуудас” нь хуулийн энэхүү шаардлагыг хангаагүй гэж үзэх ба, учир нь захиргааны үйл ажиллагааг зорилгод нийцсэн байдлаар хэрэгжүүлэх гэдгийг захиргааны байгууллага, албан тушаалтнаас иргэнд дарамт учруулахаас татгалзах, бодит нөхцөлд тохирсон буюу хэмжээнээс хэтрээгүй байх гэдгийг гомдол гаргагчийн тухайд түүнд оногдуулсан торгуулийн шийтгэлийн хэмжээ нь үйлдсэн зөрчилд тохирсон буюу шаардлагатай хэмжээнээс хэтрэхгүй байхаар ойлгож хэрэгжүүлэхээр байна.

4. Гомдол гаргагчийн хувийн байдал болон өрхийн орлого, санхүүгийн нөхцөл байдлын талаар хавтаст хэрэг цугларсан нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

- Д.Э нь 1965 оны 03 дугаар сарын 22-нд төрсөн, 51 настай, өрхөд ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг болох нь гомдол гаргагчаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллого”-ын “Өрхийн мэдээлэл” гэх 1 дэх хэсэгт тэмдэглэгдснээр;[4]

- 2019 онд 111, 2020 онд 57 хээлтүүлэгч мал маллаж, 2019 оны жилийн эцэст (62 тооны төл мал, 2 настай бог мал 25 толгой) нийт 87 тоо толгой бог мал,  2020 оны эцэст (65 тооны төл мал, 2 настай бог 40 толгой) нийт 105 тоо толгой бог мал тоолуулсан болох нь Дорноговь аймгийн Өргөн сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 31 тоот албан бичиг,[5] “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019, 2020 оны тооллого”-ын маягтаар;[6]

- өрхийн орлого, санхүүгийн нөхцөл байдлын талаар Д.Э нь 2019 оноос малчдын хээлтүүлэгч малыг хариуцан маллаж байгаа нь Дорноговь аймгийн Өргөн сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 25 тоот албан бичиг[7] болон түүний шүүх хуралдаанд гаргасан “малчдын хээлтүүлэгч малыг гэрээгээр малласны хөлсийг төл малаар авдаг” гэх тайлбараар;

- Д.Э-ын өрхийн амьжиргааны түвшин нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/14 дүгээр тушаалаар батлагдсан амьжиргааны түвшний 409,679 төгрөгийн босго шугамаас “доогуурт” багтаж байгаа нь  Дорноговь аймгийн Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн тодорхойлолтоор,[8]

- Д.Э нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авдаггүй болох нь Дорноговь аймгийн Өргөн сумын Нийгмийн даатгалын байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн тодорхойлолтоор[9] тус тус тогтоогдож байх ба, өрхөд Д.Э-ын эхнэр Д.Э-ийн нийгмийн даатгалын сангаас авдаг өндөр насны тэтгэврийн 350,000 төгрөгөөс өөр мөнгөн орлогогүй нь мөн Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 8 дугаар албан бичгээр[10] нотлогдож байна.

Түүнчлэн түүний эхнэр Д.Э нь 1965 онд төрсөн, 51 настай, тэрээр “тархины хавдар” өвчний улмаас түүний хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоосон нь Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн эмчийн дүгнэлт,[11] Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн эмчийн дүгнэлт,[12] Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн  дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах  комиссын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 0095959 дүгээр шийдвэрээр[13] тус тус тогтоогдож байх ба, гомдол гаргагчийн “эхнэр маань тархины хавдар өвчний улмаас цусны даралт бууруулах, бамбайн даавар нөхөх зэрэг эмчилгээг байнга хийлгэдэг, өөрийнх нь 350,000 төгрөгийн тэтгэврийн орлого нь зайлшгүй шаардлагатай эм, эмчилгээний зардалд хүрэлцдэггүй” гэх тайлбар болон түүний өрхийн орлого, санхүүгийн боломжийн талаар дээр тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримтыг шүүхээс шийдвэр гаргахдаа харгалзан үзэх нь зүйд нийцнэ.

5. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гэж, мөн зүйлийн 9-д “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй...” гэж заасан ба, иргэн Д.Э-аас Монгол Улсын иргэний хувьд баталгаатай эдлэх “...сонгох, сонгогдох” үндсэн эрхээ хэрэгжүүлснийхээ төлөө, төлж дийлэхээргүй их өрөнд унах нь шударга ёсонд нийцэхгүй байгааг;

 түүнчлэн хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас маргаан бүхий 1448551 дугаар “Шийтгэлийн хуудас” нь “шударга ёсны зарчим”-д нийцээгүйг хүлээн зөвшөөрч “...өнөөдрийн нөхцөлд байдалд 55,000 төгрөгийн хандив цуглуулчхаад 20,000,000 төгрөгийн торгуульд орсон нь шударга бус явдал” гэх тайлбарыг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад гаргасныг тус тус тэмдэглэх нь зүйтэй байна.

Гомдол гаргагчийн үйлдсэн гэх зөрчилд оногдуулах шийтгэл нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27-д “20,000,000 төгрөг” байхаар ямар нэг сонгох санкцгүйгээр хуульчлагдсан бөгөөд, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил бүрд шийтгэл оногдуулна” гэж заасан байх хэдий ч, 55,000 төгрөгийн  зөрчил нь ялимгүй, нөгөөтэйгүүр гомдол гаргагчийн хувийн байдал, орлого, санхүүгийн байдлын талаар дээр тогтоогдсон үйл баримтаар 20,000,000 төгрөгийн торгуулийн шийтгэл биелэгдэх боломжгүй үр дагаварт хүрэх нь нэгэнт тогтоогдож байх тул, Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан “шударга ёс”-ыг хангах төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болон Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэх “шударга ёсны зарчим”-д тус тус нийцүүлэн, гомдол гаргагч Д.Э-ын гомдлын шаардлагыг хангаж, хариуцагч эрх бүхий албан тушаалтан болох нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч Ц.С-гийн гаргасан 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1448551 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шүүхээс хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй зарим баримтыг үнэлээгүйг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Д.Э-ын гомдлын шаардлагыг хангаж, хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч Ц.С-гийн гаргасан 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1448551 дугаар “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан гомдол гаргагч Д.Э-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ОТГОНТУЯА

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 79-р хуудас

[2] Хавтаст хэргийн 80-р хуудас

[3] Монгол хэлний их тайлбар тольд үл ялиг гэдгийг “бага зэрэг, өчүүхэн”, ялихгүй гэдгийг “өчүүхэн төдий, ялимгүй бага” гэж тайлбарлажээ.

[4] Хавтаст хэргийн 114-р хуудас, мөн хуудасны арын нүүр

[5] Хавтаст хэргийн 135–р хуудас

[6] Хавтаст хэргийн 111, 115 –р хуудас

[7] Хавтаст хэргийн 105–р хуудас

[8] Хавтаст хэргийн 134–р хуудас

[9] Хавтаст хэргийн 106–р хуудас

[10] Хавтаст хэргийн 136–р хуудас

[11] Хавтаст хэргийн 131–р хуудас

[12] Хавтаст хэргийн 132–р хуудас

[13] Хавтаст хэргийн 133–р хуудас