Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2403

 

МАГАДЛАЛ

 

2017.11.22                                                     Дугаар 2403                             Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

К Б ХХК нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02497 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч К Б ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч А ХХК -д холбогдох,

Талуудын хооронд байгуулагдсан 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсанд тооцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл 379 166.72 ам.доллар, зээлийн хүүгийн үлдэгдэл     80 206.37 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 6 130.98 ам.доллар, нийт 465 504.07 ам.долларыг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

К Б ХХК, А ХХК -ийн хооронд байгуулагдсан 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот зээлийн гэрээний 6.2.4 дэх заалт, мөн К Б ХХК, “Мфикскапитал” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, төлбөртөө хураан авсан барьцаа хөрөнгийн үнэ 1 242 629 880 төгрөгөөс зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь гүйцэтгэхийг даалгах, 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг банк шаардах эрхгүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Э, Х.И, Г.Ч,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.У, :

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: А ХХК  нь 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус банктай 08/135 тоот зээлийн гэрээ болон зээлийн барьцааны гэрээ, мөн 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 08/135 тоот барьцааны гэрээ, 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 08/135 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ тус тус байгуулж, 475 000 ам.долларын төслийн зээлийг жилийн 7.71 хувь /6 сар тутам хувьсах/-ийн хүүтэй, 120 сарын хугацаатай авсан. Зээлийг халаалтын зуух шинэчлэх хөрөнгө оруулалтад зориулан олгосон бөгөөд зээлийн барьцаанд дараах хөрөнгүүдийг тавьсан. Үүнд, а/. “Мфикс капитал” ХХК-ийн өмч, Ү-2206014160 тоот улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, 48б байрны 2 тоотод орших, 378 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө; б/. “МФикс капитал” ХХК-ийн өмч, Ү-2206044286 тоот улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, 48б байрны 3 тоотод орших, 378 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө; в/. “МФикс капитал” ХХК-ийн өмч, Ү-2206014285 тоот улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, 48б байрны 4 тоотод орших, 384.23 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө; г/. “МФикс капитал” ХХК-ийн өмч,                   Ү-2206014159 тоот улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, 48б байрны 1 тоотод орших, 378 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө; д/. А ХХК -ийн өмч, зээлээр санхүүжүүлэн авах карборобот халаалтын зуух 7 ширхэг, насосны иж бүрдэл 3 ширхэг, цэвэр усны насос 3 ширхэг, яндан 7 ширхэг, усны сав 6 ширхэг, тэлэлтийн сав /180 литр/, тэлэлтийн сав 3 ширхэг /500 литр/, генератор 3 ширхэг, зуухны холболтын материал, цахилгааны холболтын материал, бусад дагалдах хэрэгсэл, борлуулалтын орлогын хамт.

Эдгээр эд хөрөнгийг зохих журмын дагуу гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн болно. Гэтэл зээлдэгч А ХХК  нь Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөлгүй зөрчил үүсгэсээр байна. Тус банк нь зээлдэгч А ХХК -ийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, зээл, зээлийн хүүг тогтоосон хугацаандаа төлөхийг удаа дараа шаардаж, албан шаардлагыг бичгээр хүргүүлж байсан ч зохих үр дүнд хүрэхгүй байна. Иймд, зээлдэгч А ХХК -тай байгуулсан 08/135 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2 болон 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу хугацаанаас нь өмнө цуцалсанд тооцож, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 болон 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 379 166.72 ам.доллар, зээлийн хүүгийн үлдэгдэл     80 206.37 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 6 130.98 ам.доллар, нийт 465 504.07 ам.долларыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: А ХХК  нь 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Капитрон банктай 08/135 тоот зээлийн гэрээг байгуулсан ба уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот зээлийн барьцааны гэрээгээр нийт 641,200,000 төгрөгийн үнэ бүхий манай компанийн эд хөрөнгийг, мөн 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 08/135 тоот зээлийн барьцааны гэрээгээр нийт 680 000 000 төгрөгийн үнэ бүхий “Мфикс капитал” ХХК-ийн 5 ширхэг орон сууцыг тус тус барьцаалж, уг гэрээнүүдийг эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн байдаг. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болох ёстой боловч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ямар үндэслэлээр гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Капитрон банкнаас А ХХК -д 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 922 тоот албан мэдэгдлийг хүргүүлсэн ба уг албан мэдэгдэлд дурдсанаар 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 198 333 ам.доллар, хүү 54 588 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2 792 ам.доллар, нийт 255 713 ам.долларын өртэй байх ба уг зээлийг төлөхийг анхааруулсан байсан. Гэтэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үндсэн зээл 379 166.72 ам.доллар, үндсэн хүү 55 278.44 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 2 864.48 ам.доллар, нийт 437 309.64 ам.долларыг зээлийн гэрээний дагуу төлөх үүрэг үүссэн гэж нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн К Б ХХК нь зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 08/135 тоот Зээлийн барьцааны гэрээний дагуу барьцаалсан “Мфикс капитал” ХХК-ийн өмчлөлийн 5 ширхэг орон сууцны нэг болох, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, 48б байрны 1 тоот байрыг манай компанид мэдэгдэлгүйгээр 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 13/85 тоот Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээг “Мфикс капитал” ХХК-тай байгуулан, уг байрыг 1 242 629 880 төгрөгөөр өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан байх ба ингэхдээ А ХХК -ийн зээлийг бүхэлд нь хаалгүй үндсэн зээлийн төлбөрт 40 832.32 ам.доллар, хүүгийн төлбөрт 13 6555.80 ам.доллар, нийт 54 488.12 ам.доллар буюу 76 394 523 төгрөгийг зээл, зээлийн хүүгээс хассан байдаг ба үлдэх нэг тэрбум гаруй төгрөгөөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалуулагч биш этгээд болох 5 байгууллагын зээлийг хаасан байдаг. Энэ нь хүчин төгөлдөр бус хэлцэл ба үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаалуулсан барьцаа хөрөнгийг бидэнд мэдэгдэлгүйгээр Капитрон банк өөрийн өмчлөлд авсан хэрнээ манай компанийн зээлийг бүрэн хаагаагүй байгаа нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа үйлдэл юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Хариуцагч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: А ХХК  нь 2008 оны 10 сарын 21-ний өдөр Капитрон банктай 08/135 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 475 000 ам.долларыг 120 сарын хугацаатайгаар зээлэн авсан болно. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот зээлийн барьцааны гэрээгээр нийт 641 200 000 төгрөгийн үнэ бүхий А ХХК -ийн хөдлөх эд хөрөнгийг, мөн 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 08/135 тоот зээлийн барьцааны гэрээгээр “Мфикс капитал” ХХК-ийн өмчлөлийн 5 ширхэг орон сууцыг тус тус барьцаалж, уг гэрээнүүдийг эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн байдаг. Дээр дурдсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.4-т Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, ноцтой зөрчил гаргасан тохиолдолд барьцаа хөрөнгийг энэхүү гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу банкны өмчлөлд шилжүүлэх гэж заажээ. Уг заалтад үндэслэн Капитрон банк нь зээлдэгч А ХХК -д мэдэгдэлгүйгээр барьцаа хөрөнгийн өмчлөгч “Мфикскапитал” ХХК-тай Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ-г 2013 оны 3 сарын 19-ний өдөр байгуулан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, 48в-1 тоот байрыг 1 242 629 880 төгрөгөөр Капитрон банк өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан байдаг. Ингэхдээ уг барилгыг А ХХК -ийн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардлыг хангуулах зорилгоор барьцаалсан хэрнээ эдгээр үүргийг бүхэлд нь дуусгавар болголгүй үндсэн зээлийн төлбөрт 40 832.32 ам.доллар, хүүгийн төлбөрт 13 655.80 ам.доллар, нийт 54 488.12 ам.доллар буюу            76 394 523 төгрөгийг зээл, зээлийн хүүгээс хассан байдаг. Харин үлдэх нэг тэрбум гаруй төгрөгөөр тухайн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхгүй этгээд болох 5 байгууллагын зээлийг хаасан байдаг. Үүнд, а/. Параскай ХХК-ийн 65 112.93 ам.доллар буюу 91 290 932.38 төгрөгийн зээл, хүүгийн төлбөр. б/. “Чинтулга-Эрдэнэ”    ХХК-ийн 92 949 127.53 төгрөгийн зээл, хүүгийн төлбөр. в/. “Вайтстар” ХХК-ийн                689 754 763.23 төгрөгийн зээл, хүүгийн төлбөр. г/. Монлотус ХХК-ийн 292 240 533.10 төгрөгийн зээл, хүүгийн төлбөр. Дээр дурдсан үйл баримтаас дүгнэхэд А ХХК , Капитрон банкны хооронд байгуулагдсан 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.4-т Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, ноцтой зөрчил гаргасан тохиолдолд барьцаа хөрөнгийг энэхүү гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Банкны өмчлөлд шилжүүлэх гэсэн заалт нь Иргэний хуулийн 171.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтын хууль зөрчсөн...” гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т уг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэж заасны дагуу зээлдэгч А ХХК -ийн зээлийг хэсэгчлэн төлүүлэх зорилгоор Капитрон банк, “Мфикс капитал” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ нь мөн хүчин төгөлдөр бус байна. “Мфикс капитал” ХХК болон Капитрон банкны хооронд байгуулагдсан 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн барьцааны гэрээний зорилго нь зээлдэгч А ХХК -ийн зээлийн гэрээний дагуу үүсэх үүргийн гүйцэтгэлийг хангахад чиглэж байгаа нь ойлгомжтой. Гэтэл үүрэг гүйцэтгэгч А ХХК -ийн үүргийг хэсэгчлэн буюу 76 394 523 төгрөгийн зээлийг барагдуулахын тулд 1 тэрбум гаруй төгрөгийн үнэтэй эд хөрөнгийг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авах замаар уг үл хөдлөх эд хөрөнгийн хувьд барьцааны эрх, үүргийг дуусгавар болгож байгаа нь үндэслэлгүй байна. Капитрон банкны өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан үл хөдлөх эд хөрөнгийн хувьд А ХХК  нь дангаараа барьцаалуулагчийн буюу уг эд хөрөнгөөр дангаараа үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй байсан. Гэтэл барьцаалуулагч бус этгээдүүдийн өр төлбөрийг хаасан. Зүй нь барьцаа хөрөнгөөр зээлийг бүхэлд нь хаах ёстой байсан. Барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээг цуцлалгүйгээр тодорхой хугацааны төлбөрийг хаах талаар талууд харилцан тохиролцоогүй байна. 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл учир Иргэний хуулийн 56.5-д зааснаар ...хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үр дагавар үүсэхээр байна. Иймд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд А ХХК -ийн барьцааны эрх хэвээр үлдэх тул уг үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг нэн тэргүүнд хангуулах эрхтэй ба хэрвээ банк уг үл хөдлөх эд хөрөнгийг иргэний гүйлгээнд нэгэнт оруулж, өмчлөх эрхийг бусдад шилжүүлсэн байгаа бол үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 1 242 629 880 төгрөгийг Мфикс капитал ХХК-д буцаан өгөх үүрэгтэй. Энэ тохиолдолд ч барьцааны эрх хэвээр үлдэх тул Иргэний хуулийн 238 дугаар зүйлд заасны дагуу үүргийг харилцан тооцуулах боломжтой байна. Мөн нөгөө талаар Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах зорилгоор хэд хэдэн зүйлийг барьцаалсан тохиолдолд гэрээнд өөрөө заагаагүй бол барьцаалагч нь шаардлага хангах барьцааны зүйлийг сонгох эрхтэй боловч энэ нь тухайн шаардлагыг хангахад шаардагдах тоо, хэмжээнээс хэтэрч болохгүй гэж заасан тул Капитрон банк хууль бусаар өмчлөлдөө авсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь үүрэг гүйцэтгэгч бус этгээд болох барьцаалуулагчийн хүсэл зоригт нийцэхээр байна. А ХХК  нь “Мфикс капитал” ХХК болон Капитрон банкны хооронд байгуулагдсан 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулагдсаныг мэдсэнээс хойш буюу 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээл болон түүний хүүг огт төлөөгүй болно.

Учир нь банк А ХХК -ийн 475,000 ам.долларын зээл, түүнд ногдох хүүг нэн тэргүүнд барьцаа хөрөнгөөр бүрэн хаах ёстой байсан, барьцааны гэрээг дуусгавар болгосон бол үндсэн үүргийг мөн дуусгавар болгох ёстой байтал барьцаалуулагч биш 5 байгууллагын зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаа хөрөнгийг тооцон авсан ба уг үйлдэлдээ банк буруутай гэж үзсэн учир зээл, түүний хүүг төлөөгүй болно. Энэ талаараа Капитрон банкны хүмүүстэй уулзаж байсан. Банкнаас зээлдэгч зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэж үзэн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн үндсэн үүргээс илүү үнэтэй барьцаа хөрөнгийг төлбөртөө тооцон авсан хэрнээ үүргийг бүхэлд нь дуусгавар болгоогүй нь Иргэний хуулийн 223.1-д хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээн аваагүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэнд тооцох тул Иргэний хуулийн 224.1, 224.2.3-т зааснаар хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж үзсэн болно. Гэвч зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан гэрээ хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдвол уг гэрээ хүчин төгөлдөр байх тохиолдолд хүртэж болох боломжийг шаардах эрхтэй эсэх нь эргэлзээтэй боловч бид уг үндэслэлээр биш уг хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсаны улмаас өдийг хүртэл зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүйн хариуцлага буюу үр дагаврыгхүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан буруутай этгээд болох Капитрон банк өөрөө хариуцах ёстой гэж шаардах эрхээ тодорхойлж байна.

Иймд 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот зээлийн гэрээний 6.2.4 дэх заалт болон 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8-д заасныг болон зээлийн барьцааны гэрээний 7.4, 7.5 дахь заалтыг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, уг гэрээний үр дагаврыг арилгуулах буюу хүчин төгөлдөр бус гэрээний дагуу төлбөртөө хураан авсан барьцаа хөрөнгийн үнэ 1 242 629 880 төгрөгөөс зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь гүйцэтгэхийг даалгаж, Банк нь 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй болохыг тогтоож, нэхэмжлэлийг Компанийн тухай хуулийн 83, 84 дүгээр зүйл, Иргэний хуулийн 62-64-р зүйлд заасан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбарт: Хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд барьцаалагч нь өөрийн шаардлагадаа тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шууд авахыг зөвшөөрсөн агуулгатай зүйл, заалт алга байна гэж тайлбарласан байна. Гэтэл Банкны тухай хуулийн 10.2-т Банк хугацаандаа төлөгдөөгүй зээл, хүүгийн төлбөрт зээлдэгчийн өмчлөлд байгаа эд хөрөнгө, хувьцаа, түүний ногдол ашгийг гэрээ болон шүүхийн шийдвэрийн үндсэн дээр авч болох бөгөөд... гэж заасан байдгаар банк гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, зөрчил гаргасан зээлдэгчийн барьцаа хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авахыг зөвшөөрсөн байдаг юм. Ийнхүү шилжүүлэн авснаар банк хөрөнгийг өмчлөх бусад хөрөнгө-д бүртгэж авдаг бөгөөд энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн А35/20 дугаар хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Банкны нягтлан бодох бүртгэлийн заавар-ын 4.5б буюу Тодорхойлолт хэсэгт Өмчлөх бусад хөрөнгө гэж зээл, хүүгийн төлбөрийн тооцоогоор бусдаас авсан санхүүгийн ба санхүүгийн бус хөрөнгийг ойлгоно. Үүнд үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө багтахаас гадна үнэт цаас гэх мэт санхүүгийн хөрөнгө мөн багтана. Өмчлөх бусад хөрөнгөнд худалдан борлуулах зориулалттай, банкны үйл ажиллагаанд ашиглагдахгүй хөрөнгө багтана гэж зааснаар зөвшөөрөгдсөн байдаг тул барьцаа хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан банкны үйлдэл хуульд нийцсэн юм. Хариуцагчийн гаргасан 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох шаардлага үндэслэлгүй, хууль бус тухай. 2013 оны 3 сарын 19-ний өдрийн 13/85 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн гэрээ гэж үзэх боломжгүй тул уг гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ, хэлцэл юм. Мөн 2013 оны 3 сарын 19-ний өдрийн 13/85 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээг байгуулахад 08/135 тоот зээлийн гэрээний 6.2.4 дэх заалтыг үндэслээгүй болох нь гэрээнээс тодорхой харагдаж байгаа юм. Тухайлбал, зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээний эхэн хэсэгт ... Иргэний хуулийн 236 дугаар зүйл, Банкны тухай хуулийн 10.2 дахь заалт, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, 24.1 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон... гэж гэрээ байгуулах үндэслэлийг тодорхой тусгасан юм.

Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, 48в-1 тоот байр нь Мфикскапитал ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө байсан бөгөөд банкны зүгээс хууль ёсны өмчлөгчтэй нь хуульд заасан журмын дагуу Зээлийн барьцааны гэрээ-г байгуулсан болно. Харин Мфикскапитал, Анусервис ХХК, Монлотус ХХК, Параскай ХХК, Чинтулга эрдэнэ ХХК, Вайтстар ХХК-иудын хүсэлт, мэдэгдлүүдийг тус тус үндэслэж 2013 оны 3 сарын 19-ний өдөр 13/85 тоот Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ-г байгуулсан юм. Мөн 2013 оны 3 сарын 19-ний өдрийн 13/045 тоот албан бичгээр Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, 48в-1 тоот байрыг банкны өмчлөлд шилжүүлж Анусервис ХХК, Монлотус ХХК, Параскай ХХК, Чинтулга эрдэнэ ХХК, Вайтстар ХХК-иудын зээлийн гэрээний зарим төлбөрүүдийг хасах хүсэлтийг гаргасан. Нөгөөтэйгүүр 2010 оны 9 сарын 02-ны өдрийн 08/135 тоот зээлийн барьцааны гэрээ нь Капитрон банк болон Мфикс капитал ХХК-иудын хооронд байгуулагдсан бөгөөд энэхүү гэрээнд өөрчлөлт оруулах, барьцаа хөрөнгийг чөлөөлөх, өмчлөлдөө тооцон авах, гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр ямар гэрээний үүргийг гүйцэтгэх зэрэг нь зөвхөн барьцаа хөрөнгийн өмчлөгч болон барьцаалагч талуудын хоорондын тохиролцоогоор хийгдэх асуудал юм. Харин барьцааны гэрээний оролцогч бус, хөрөнгийн өмчлөгч бус этгээд болох Анусервис ХХК-ийн зүгээс барьцаа хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн эрх эдлэхгүй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар К Б ХХК, А ХХК -ийн хооронд байгуулагдсан 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот зээлийн гэрээг 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр цуцлагдсанд тооцож, хариуцагч А ХХК -иас зээлийн гэрээний үүрэгт нийт 437 309.64 ам.долларыг гаргуулан нэхэмжлэгч К Б ХХК-д олгож, үлдэх 28 194.43 ам.долларт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар К Б ХХК, А ХХК -ийн хооронд байгуулагдсан 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот зээлийн гэрээний 6.2.4 дэх заалт, мөн Капитрон банк, “Мфикскапитал” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, төлбөртөө хураан авсан барьцаа хөрөнгийн үнэ 1 242 629 880 төгрөгөөс зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь гүйцэтгэхийг даалгах, 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг Банк шаардах эрхгүй болохыг тогтоолгох тухай А ХХК -ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс үндсэн нэхэмжлэл, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 5 474 167 төгрөг болон 210 600 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК -иас улсын тэмдэгтийн хураамжид 5 448 621 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К Б ХХК-д олгож, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 311 031 төгрөгийг нэхэмжлэгч К Б ХХК-иас гаргуулан улсын төсөвт оруулж, хариуцагч А ХХК -иас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 6 371 099 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч А ХХК  нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрүүлж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч тал нь хэргийг шийдвэрлэхэд болон сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхэд чухал ач холбогдол Монгол банкны Зээлийн мэдээлэлийн сангаас маргаан бүхий зээлийн мэдээлэл хаагдан үндэслэлгүйгээр буцаан нээгдсэн талаарх баримт мөн Калитрон банкнаас зээлийн хувийн хэргийн материалыг бүхэлд нь гаргуулах, банкны Зээлийн харилцаа зохицуулах журмыг нэхэмжлэгчээс гаргуулах зэрэг нотлох баримтуудыг гаргуулсаны эцэст хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн аваагүй нь хэргийн бодит нөхцөл байдлыг далдлах үндэслэл болсон юм.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл банкны улсын бүртгэлийн гэрчилгээнд Гүйцэтгэх захирал ГШөнхсайхан бүртгэлтэй байтал түүний хуульд заасан журмаар олгосон итгэмжлэлгүйгээр Л.Ариунаа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Компанийн тухай хуулийн 83, 84-р зүйл, Иргэний хуулийн 62-64-р зүйлд заасаныг зөрчсөн, шүүхэд банкыг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэл байгааг шүүх анхаарч үзэлгүй үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болно. Шүүхийн хэлэлцүүлэгийн үед нотлох баримт шинжлэн судлах үед энэхүү зөрчлийг няцаах баримт байгаагүй бөгөөд нэхэмжлэгч Капитрон банкны гэрчилгээнд Л.Ариунааг Гүйцэтгэх захирлаар томилсон улсын бүртгэлийн тэмдэглэгээ байгаагүй нь нотлогдсон болно. Банк нь Банк, “Мфикс капитал” ХХК-ийн хоорондын байгуулсан 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 08/135 тоот" Ззэлийн барьцааны гэрээ"-гээр 5ш үл хөдлөх эд хөрөнгийг “Ану-Сервис” ХХК, банк хоорондын 2008 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 08/135 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалж, уг гэрээ нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдтал хугацаанд хүчин төгөлдөр байх, хэрэв гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах бол бичгээр үйлдэж талуудын бүрэн эрхт төлөөлөгчид гарын үсэг зурсанаар хүчин төгөлдөр байхаар заасан байдаг. Мөн барьцааны гэрээ нь зээл, түүний хүү, нэмэгдүүлсзн хүүгийн төлбөрийг бүрэн төлж дууссанаар дуусгавар болохоор гэрээнд заасан байдаг. Гэтэл банк, “Мфикс капитал” ХХК нь энэхүү барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй, зээлийн төлбөр бүрэн төлж барагдуулаагүй, барьцааны гэрээ дуусгавар болоогүй, барьцааны гэрээ хүчин төгөлдөр байхад 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр "Зээлийн төлберт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ"-г Иргэний хуулийн 56-р зүйл 56.1.1 "Хууль зөрчсөн", 56.1.8-д заасан "Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн", мөн хуулийн 165-172-т заасныг зөрчиж байгуулсан, мөн гзрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Өөрөөр хэлбэл банк, “Мфикс капитал” ХХК хоорондын байгуулсан 2013 оны 03 дугаар сарын      19-ний өдөр "Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ"-г үл хөдлөх хөрөнгийн бүртгэл хийгээгүй нь энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 56-р зүйл 56.1,8-д заасан "Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн" гэрээ байгааг шүүх анхаарч үзэлгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж шийдэрлэсэн нь үндэслэлгүй болно. Түүнчлэн шүүх Иргэний хуулийн 153-172-р зүйлд заасныг буруу тайлбарлан хэрэглэж, өмчлөгч өөрчлөгдсенч барьцааны үүргээс чөлөөлөгдөхгүй байх хуулийн шаардлагыг буруу тайлбарлан хэргийг шийвэрлэсэнд гомдолтой байна.

Капитрон банк, Мфикс капитал ХХК-ийн 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн "Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ"-г Иргэний хуулийн 56-р зүйл 56.1.1, 56.1.8-д заасан хэлцлийн хэлбэрийн хуульд заасан шаардлага болон Зээлийн барьцааны гэрээний 7.4, 7.5 заалтыг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох,

Сөрөг нэхэмжлэлийн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага тодруулсан тодруулгын 2 дахь шаардлагад Банк нь 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй болохыг тогтоолгох гэж өөрчлөх зэрэг хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад шүүх огт ач холбогдол өгсөнгүй сөрөг нэхэмжлзлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Капитрон банкны нэхэмжлэлтэй А ХХК -д холбогдох иргэний хэргийн хариуцагч нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр сөрөг нэхэмжлзл гаргаж, 2017 оны 08 дугаар сарын     08-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан байдаг бөгөөд хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрчлөгдөж, хэргийн материалтай танилцсантай холбоотойгоор сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг доорхи байдлаар нэмэгдуүлж, өөрчлөлт оруулсан юм.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл банкны улсын бүртгэлийн гэрчилгээнд Гүйцэтгэх захирал П.Мөнхсайхан бүртгэлтэй байтал түүний хуульд заасан журмаар олгосон итгэмжлэлгүйгэзр Л.Ариунаа шүүхзд нэхэмжлэл гаргасан нь Компанийн тухай хуулийн 83, 84-р зүйл, Иргэний хуулийн 62-64-р зүйлд заасаныг зөрчсөн, шүүхэд банкыг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэл болно гэсэн үндэслэл бүхий сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, өөрчилсөн юм. Гэтэл шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн гэж үззж нэхэмжлэгч талд гардуулсан аталаа энэхүү хариуцагчийн сөрөг нэхэмжлэл өөрчилсөнийг гуравдагч этгээдэд гардуулан өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэн ИХШХШТХ-ийг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн билээ. Түүнчлэн хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хуулийг буруу тайлбарлан бүхэлд нь үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Банк, Мфикс капитал ХХК-ийн хоорондын байгуулсан 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 08/135 тоот" Зээлийн барьцааны гэрээ"-гээр 5ш үл хөдлөх эд хөрөнгийг Ану-Сервис ХХК, банк хоорондын 2008 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 08/135 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалж, уг гэрээ нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдтал хугацаанд хүчин төгөлдөр байх, хэрэв гзрээнд нэмэлт өөрчлөлт оруулах бол бичгзэр үйлдэж талуудын бүрэн эрхт төлөөлөгчид гарын үсэг зурсанаар хүчин төгөлдөр байхаар гэрээнд заасан байдаг.

Мөн барьцааны гэрээ нь зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бүрзн төлж дууссанаар дуусгавар болохоор гэрээнд заасан байдаг. Гэтэл банк, “Мфикс капитал” ХХК нь энэхүү барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй, зээлийн төлбөр бүрэн төлж барагдуулаагүй, барьцааны гэрээ дуусгавар болоогүй, барьцааны гэрээ хүчин төгөлдөр байхад 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр "Зээлийн төлберт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ"-г хийсэн байдаг бөгөөд энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 56-р зүйл 56.1.8-д заасан "Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн", мөн хуулийн 165-172-т заасныг зөрчиж байгуулсан, мөн гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Түүнчлэн энэ гэрээ нь өмчлөгч өөрчлөгдсөнч барьцааны үүрэг хэвээр хадгалагдах хуулийн шаардлагад үл нийцэж буйг шүүх анхаарч үзсэнгүй. Хэрэв барьцаа хөрөнгө нь банкны нэр дээр шилжсэн, банк өмчлөгч болсон бол барьцааны үүргээр хангагдах зээлийн төлбөрийн үүрэг мөн барьцаа хөрөнгийн хамт шилжих бөгөөд энэхүү үндэслэлээр банк 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойш өнөөг хүртэлх хугацаанд банк нь үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас нэхэмжлэх эрх дуусгавар болох юм. Энэ нь банк нь “Ану-Сервис” ХХК-иас өнгөрсөн 8 жилийн хугацаанд нэгч удаа зээл, түүний хүү төлөх талаар мэдэгдэл ирүүлэзгүйн дээр Монгол банкны зээлийн мэдээлэлийн санд маргаан бүхий 2008 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 08/135 тоот зээлийг хаагдсанаар мэдээлэл өгсөн байдагаас харагддаг. Ер нь Капитрон банк нь хувьцаа эзэмшигч, Гүйцэтгэх захирал нь өөрчлөгдсөн учир танайхаас 2008 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 08/135 тоот зээлийн гэрээний дагуу нэхэмжлэл гаргасан, барьцаа хөрөнгөөр танай зээлийг хаасаныг сэргээсэн гэж тайлбар хийдэг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийг хангахгүй орхиж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэн өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч К Б ХХК нь хариуцагч А ХХК -д холбогдуулан 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсанд тооцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл         379 166.72 ам.доллар, зээлийн хүүгийн үлдэгдэл 80 206.37 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 6 130.98 ам.доллар, нийт 465 504.07 ам.долларыг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, К Б ХХК нь 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот зээлийн гэрээний 6.2.4 дэх заалт, мөн К Б ХХК, “Мфикскапитал” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, төлбөртөө хураан авсан барьцаа хөрөнгийн үнэ 1 242 629 880 төгрөгөөс зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь гүйцэтгэхийг даалгах, 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг банк шаардах эрхгүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлдэггүй, зээл, хүүг хугацаанд нь төлөхийг удаа дараа албан бичгээр шаардаж байсан боловч үр дүнд хүрээгүй...” гэсэн бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...нэхэмжлэгчээс ирүүлсэн албан бичигт дурдсан зээл, хүүгийн төлбөрийн дүн нь нэхэмжлэлээр шаардсан үнийн дүнгээс зөрүүтэй, барьцааны зүйлийн үнэ болох 1 242 629 880 төгрөгтэй дүйцэх үл хөдлөх хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан боловч зээлийг бүхэлд нь хаагаагүй...” гэж тайлбарласан байна.

Зохигчдын хооронд 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч нь 475 000 ам.долларыг жилийн 7,71 хувийн хүүтэй, /6 сар тутам хувьсах/, 120 сарын хугацаатай зээлсэн, мөн өдөр байгуулагдсан барьцааны гэрээгээр хариуцагчийн өмчлөлийн хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан, 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдөр талууд гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн байна.

2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр байгуулагдсан Зээлийн барьцааны гэрээгээр “Мфикс капитал” ХХК-ийн өмчлөлийн, 60-90 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны 5 барилгыг дээрх зээлийн гэрээнд барьцаалсан байна.

Зээл болон барьцааны гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан гэрээ байгуулагдсан байна.

Нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хугацаанд нь биелүүлэхийг хариуцагчаас шаардаж байсан талаарх бичгийн баримтууд хэрэгт авагдсан нэмэлт хугацаа тогтоогдсон боловч тодорхой үр дүн гараагүй, үүргийн зөрчилтэй холбогдуулан Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан журмаар гэрээг    хугацаанаас нь өмнө цуцлах нь үндэслэлтэй гэж үзнэ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн зарим хэсгийн хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Хариуцагчийн “...сөрөг нэхэмжлэлийг хангах...” гэсэн давж заалдах гомдлын үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт “Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох тохиолдолд шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ.” гэж заажээ.

Нэхэмжлэгч нь барьцааны зүйлийн үнээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гараагүй байна.

Түүнчлэн зээлийн барьцааны зүйлийн зарим нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжсэн нь барьцааны гэрээнд заасан бусад үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардахад, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхэд саад болохгүй юм.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02497 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 6 371 099 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД                                            Д.БАЙГАЛМАА

 

                                                                  М.НАРАНЦЭЦЭГ