Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ламжавын Соёлмаа |
Хэргийн индекс | 148/2018/00054/И |
Дугаар | 332 |
Огноо | 2018-07-04 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 332
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын 2 дугаар баг Моностой төхөм гудамж 13-10 тоотод оршин суух, 32 настай, эмэгтэй, одоо Жавхлант сумын Засаг даргын тамгын газарт хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн ажилтай Халиугчин овогт Түвшинбаярын Ганжолоо /МД-86051865/ /Жавлант сумын ЗДТГ-ын/ нэхэмжлэлтэй:
“Зээлдэгч нь нас барсан учир үүрэг дуусгавар болгох тухай“ иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганжолоо, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганжолоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Талийгаач Б.Батзаяа нь 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Жавхлант сумын “Сум хөгжүүлэх сан”-аас кафе, биллярд, үсчин, гоо сайханы үйлчилгээ явуулах зориулалттайгаар 1.500.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Б.Батзаяа нь 2012 оны 08 дугаар сард өвчний улмаас нас барсан. Б.Батзаяа нь зээл авснаас хойш нэг ч удаа эргэн төлөлт хийгээгүй. Жил болгон хүү алданги нь бодогдсоор байгаад нийт 1.736.250 төгрөг болсон. Хамтран хариуцагч эхнэр н.Оюунтуяад зээлийг төлөх талаар хэлэхэд “Би зээл авсныг нь мэдээгүй, биллярд ажиллуулж байсан харин үсчин гоо сайхан, кафе ажиллуулж байсан талаар мэдэхгүй” гэдэг. Миний өмнө ажиллаж байсан мэргэжилтэн хэлэхдээ “уг нь энэ зээлийг ээж нь хөөцөлдөж байсан, ээжтэйгээ хамтарсан байж магадгүй” гэдэг боловч ээжээс нь асуухаар “Нас барсан хүний ясыг өндөлзүүллээ, би мэдэхгүй, эхнэрээс нь ав” гээд байдаг. Гэтэл эхнэр нь голдуу Эрдэнэтэд амьдардаг, “зээлийн гэрээнд бичигдсэн гарын үсэг минийх биш, би Жавхлантаас нөхрөө нас барахад очоод хэдэн хүүхдээ аваад л ирсэн. Бидний амьдарч байсан орон гэрийг аав, ээж нь аваад үлдсэн” гэдэг. Энэ талаар нутгийн хүмүүс ярьж байдаг. Ингээд Б.Батзаяагийн сум хөгжүүлэх сангаас авсан 1.500.000 төгрөгийг төлөх хүн нь тодорхойгүй, зээлдэгч нь нас барсан учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх.
Шүүх хуралдаанд уншин сонсгосон гэрч Б.Оюунтуяагийн шүүхэд өгсөн мэдүүлгээс:
Б.Батзаяа нь манай нөхөр юм. Одоогоос 6 жилийн өмнө нас барсан. Биллярд ажиллуулдаг байсан нь үнэн. Харин үсчин, гоо сайхан гэж байгаагүй. Банкнаас 5.000.000 төгрөг авсныг мэднэ. Сум хөгжүүлэх сангаас зээл авсныг мэдэхгүй. Б.Батзаяа өөрөө аваагүй байх. Сум хөгжүүлэх сангаас хүн яриад “Хадам ээж чинь зээл хөөцөлдөөд авах гээд яваад байсныг мэдэж байхад өөрөө хүлээн зөвшөөрөхгүй байна. Чиний гарын үсэг мөн үү” гээд чатаар бичиг баримт явуулсан. Миний гарын үсэг биш байсан. Хамтран зээлдэгчээр би ороогүй. Энэ зээлийг авсныг ч мэдэхгүй. Энэ зээлийг авахад барьцаанд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө тавьсныг мэдэхгүй. Нөхөр бид хоёрын бүх хөрөнгийг хадмууд авсан. Би 3 хүүхэдтэйгээ Орхон аймагт ирсэн. Хадмууд эд хөрөнгийг авахдаа “Ямар өр байна, бүх өрүүдийг дарна” гэж хэлсэн. 2016 онд Сэлэнгэ аймагт шүүх хурлаар хашаа, байшингийн талаар шүүхдээд 2.400.000 төгрөгийг хадмуудаас гаргуулж авсан. Энэ зээлийн талаар би тодорхой зүйлийг мэдэхгүй байна. Миний гарын үсгийг хуурамч байна гэж хэлсэн. Хадмууд тухайн өрийг дарахгүй гээд л яваад байгаа байхаа гэжээ.
Шүүх хуралдаанд уншин сонсгосон Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 13/199 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн материалыг буцаасан, хүргүүлсэн тухай” албан тоотоос:
2018 оны 03 дугаар сарын 475 дугаартай шүүгчийн захирамж, Сэлэнгэ аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 134 тоот албан бичгийг үндэслэн Жавхлант сумын Засаг даргын нэхэмжлэлтэй Б.Батзаяад холбогдох иргэний хэрэгт 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаартай “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ”-нд зурагдсан гарын үсгийн шинжилгээний загварууд хадгалагдаж буй гэх Төрийн банкны Сэлэнгэ аймаг дахь салбарын архивт байх гарын үсгүүдэд үзлэг хийхэд Б.Оюунтуяагийн гэх гарын үсгүүд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.1-д заасан “Шинжилгээ хийхэд шаардагдах тоо хэмжээ, чанарын үзүүлэлтийг хангасан байх” гэсэн шаардлагыг хангахгүй байх тул шинжилгээнд ирүүлсэн зүйлсийг буцаан хүргүүлэв гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч” Т.Ганжолоо нь “...Б.Батзаяагийн сум хөгжүүлэх сангаас авсан 1.500.000 төгрөгийг төлөх хүн нь тодорхойгүй, зээлдэгч нь нас барсан учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зохигчдын хооронд 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Жавхлант сумын “Сум хөгжүүлэх сан”-аас “Зээлийн гэрээ” хийн 1.500.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, сарын 0.25 хувийн хүүтэйгээр “Кафе, биллярд, үсчин, гоо сайхны үйлчилгээ явуулах” зориулалттайгаар авсан байгаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан харилцаа үүссэн байна.
Гэтэл зээлдэгч Б.Батзаяа нь өвчний улмаас нас барж зээл төлөх боломжгүй болсон болох нь Жавлант сумын Моностой 2 дугаар багийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 87 дугаартай тодорхойлолт, Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 46/006400 дугаартай “Нас барсны бүртгэлийн лавлагаа”, гэрч Б.Оюунтуяагийн шүүхэд өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Зээлдэгч Б.Батзаяагийн эхнэр Б.Оюунтуяа нь дээрх зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан байх бөгөөд шүүх хуралд өгсөн мэдүүлэгтээ “...Сум хөгжүүлэх сангаас зээл авсныг мэдэхгүй. Б.Батзаяа өөрөө аваагүй байх. Сум хөгжүүлэх сангаас хүн яриад “Хадам ээж чинь зээл хөөцөлдөөд авах гээд яваад байсныг мэдэж байхад өөрөө хүлээн зөвшөөрөхгүй байна. Чиний гарын үсэг мөн үү” гээд чатаар бичиг баримт явуулсан. Миний гарын үсэг биш байсан. Хамтран зээлдэгчээр би ороогүй. Энэ зээлийг авсныг ч мэдэхгүй. Энэ зээлийг авахад барьцаанд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө тавьсныг мэдэхгүй. Нөхөр бид хоёрын бүх хөрөнгийг хадмууд авсан. Би 3 хүүхэдтэйгээ Орхон аймагт ирсэн...” гэсэн байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Б.Оюунтуяагийн хамтран зээлдэгчээр оролцон гэрээнд зурагдсан гарын үсэг мөн эсэх асуудлаар шинжээчийн дүгнэлт гаргуулахаар Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албанд хандсан боловч тус албанаас “Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зйүлийн 10.4.1-д заасан “Шинжилгээ хийхэд шаардагдах тоо хэмжээ, чанарын үзүүлэлтийг хангасан байх” гэсэн шаардлагыг хангахгүй байх тул шинжилгээнд ирүүлсэн зүйлсийг буцаан хүргүүлэв” гэснийг дурдах нь зүйтэй.
Иймд зохигчдын хооронд байгуулсан “Сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээ” нь 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон байх ба уг гэрээний үүргийн гүйцэтгэл нь зээлдэгч Б.Батзаяатай /талийгаач/ хамааралтай байх тул 1.736.250 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Жавхлант сумын Засаг даргын тамгын газрыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.3-т зааснаар Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргын нэхэмжлэлтэй Б.Батзаяад /талийгаач/ холбогдох Сум хөгжүүлэх сангийн зээл 1.736.250 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргын тамгын газрыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА