| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2022/0581/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/568 |
| Огноо | 2022-08-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/568
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч С.Ууганбаяр, шүүгдэгч Б.С-, нарийн бичгийн дарга Ж.Гандулам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ш- овогт Б-ын С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2210000000877 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 03-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Баярлалаа Жаргал” ХХК-д ерөнхий тогооч ажилтай, ам бүл 2, найз эмэгтэйн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 000 байрны 00 тоотод түр оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ш- овогт Б-ын С-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.С- нь 2022 оны 06 дугаар сарын 25-ны шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Гэрэлт-Өргөө хотхоны 000байрны 00 тоот гэртээ иргэн Э.Р-ийг гэрт нь шээсэн гэх шалтгаанаар гараараа цохиж баруун дээд 1 дүгээр шүдний хугарал, уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, шарх, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.С-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, тогоочийн ажлаа хийж байгаа, хохиролд 2,950,000 төгрөг төлсөн..” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Э.Р- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 06 дугаар сарын 25-ны шөнө ...03 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Алтай хотхоны урд байрлах өндөр байранд байх С-ын гэрт ...Түвшөө, Баяраа, Гарьд, Ганцэцэг, Сайханбилэг, Шагай, Нямка бид нар хамт очоод миний төрсөн өдрийг тэмдэглэж ууцгаасан. Тэгээд би унтаж байсан чинь С- ах намайг сэрээгээд гэрт шээсэн байна гээд миний нүүр, ам хэсэг рүү зүүн гараараа хоёр удаа цохиод дагз руу хоолой руу гараад тулгаад байж байсан Түвшинжаргал, Баяржаргал хоёр ирж салгах гэж оролдох зуур С- ах дүү чи ингэж болохгүй шүү гээд дагз руу цохиод тэрийгээ арч гээд уурласан...” /хавтас хэргийн 18 дахь тал/ гэсэн,
Гэрч Б.Төвшинжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Өглөө унтаж байсан чинь хүмүүс зодолдоод маргалдаад байгаа юм шиг дуу сонсогдоод харахад С- нь нэлээн ууртай ...Р- газраас өндийж байсан ба хамрынх нь тэр хавьд цус болчихсон байх шиг харагдсан. ...С-ыг Р- рүү дайрахыг болиулаад ...ахын дүү яасан юм гээд угаалгын өрөө рүү дагуулж очоод харсан чинь үүдэн шүд нь унах гэж байгаа юм шиг харагдаж байсан...” /хавтас хэргийн 25-26 дахь тал/ гэсэн,
Гэрч Г.Баяржаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...С- Р-ийн нүүр рүү алгадаад цохиж байсан. ...Р-ийн үүдэн шүд нь унаад би авч өгсөн...” /хавтас хэргийн 28 дахь тал/ гэсэн,
Гэрч Т.Ганцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 06 дугаар сарын 25-ны өглөө 09 цагийн үед С- нь Р- рүү чи манай гэрт шээдэг хэн бэ гээд орилоод цохиод авсан...” /хавтас хэргийн 30 дахь тал/ гэсэн,
Шинжээч Т.Чимэд-Очир мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хүний шүд хугарал, шүд хөдлөх аль аль нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 39 дэх тал/ гэсэн,
Шүүгдэгч Б.С- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 06 дугаар сарын 25-ны шөнө ажлынхаа найзуудтай ...Р-ийн төрсөн өдрийг тэмдэглэхээр ...манай гэр буюу Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Гэрэлт-Өргөө хотхоны 000байрны 6 давхар 00 тоотод Эдэн нэртэй архи, 3,5 литрийн пиво 2 ширхгийг захиалж ууж дуусгаад унтацгаасан. ...Тэгээд ус гоожоод байгаа юм шиг чимээ гарахаар нь би сэрээд гайхаад харсан чинь Р- цаашаа хараад шээгээд зогсож байсан. ...Миний уур хүрээд Р-ийг яагаад гэрт шээж байгаа юм гэж хэлээд согтуудаа толгойг нь алгадаад хэд цохих шиг болсон...” /хавтас хэргийн 29 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №9111 дугаартай дүгнэлтэд: “...1. Э.Р-ийн биед баруун дээд 1-р шүдний хугарал, уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 5 хувь алдагдуулна...” /хавтас 34-35 дахь тал/ гэсэн дүгнэлт,
- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 7 дахь тал/,
- Хохирогчийн хүсэлт /хавтас хэргийн 69 дэх тал/,
- Шүүгдэгч Б.С-ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 56 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 55 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хавтас хэргийн 57 дахь тал/, зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Б.С- 2022 оны 06 дугаар сарын 25-ны шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Гэрэлт-Өргөө хотхоны 000байрны 00 тоот гэртээ хохирогч Э.Р-ийг гэрт нь шээсэн гэх шалтгаанаар гараараа цохиж баруун дээд 1 дүгээр шүдний хугарал, уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, шарх, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Э.Р-ийн “...2022 оны 06 дугаар сарын 25-ны шөнө ...03 цаг 30 минутын үед Алтай хотхоны урд байрлах өндөр байранд байх С-ын гэрт Түвшөө, Баяраа, Гарьд, Ганцэцэг, Сайханбилэг, Шагай, Нямка нарын хамт очоод миний төрсөн өдрийг тэмдэглэж ууцгаасан. Тэгээд би унтаж байсан чинь С- ах намайг сэрээгээд гэрт шээсэн байна гээд миний нүүр ам хэсэг рүү зүүн гараараа хоёр удаа цохиод дагз руу хоолой руу гараад тулгаад байж байсан Түвшинжаргал, Баяржаргал хоёр ирж салгах гэж оролдох зуур С- ах дүү чи ингэж болохгүй шүү гээд дагз руу цохиод тэрийгээ арч гээд уурласан...” /хавтас хэргийн 18 дахь тал/ гэсэн, гэрч Б.Төвшинжаргалын “...Өглөө унтаж байсан чинь хүмүүс зодолдоод маргалдаад байгаа юм шиг дуу сонсогдоод харахад С- нь нэлээн ууртай ...Р- газраас өндийж байсан ба хамрынх нь тэр хавьд цус болчихсон байх шиг харагдсан. ...С-ыг Р- рүү дайрахыг болиулаад ...ахын дүү яасан юм гээд угаалгын өрөө рүү дагуулж очоод харсан чинь үүдэн шүд нь унах гэж байгаа юм шиг харагдаж байсан....” /хавтас хэргийн 25-26 дахь тал/ гэсэн, гэрч Г.Баяржаргалын “...С- Р-ийн нүүр рүү алгадаад цохиж байсан. ...Р-ийн үүдэн шүд нь унаад би авч өгсөн...” /хавтас хэргийн 28 дахь тал/ гэсэн, гэрч Т.Ганцэцэгийн “...2022 оны 06 дугаар сарын 25-ны өглөө 09 цагийн үед С- нь Р- рүү чи манай гэрт шээдэг хэн бэ гээд орилоод цохиод авсан...” /хавтас хэргийн 30 дахь тал/ гэсэн, шинжээч Т.Чимэд-Очирын “...Хүний шүд хугарал, шүд хөдлөх аль аль нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 39 дэх тал/ гэсэн, шүүгдэгч Б.С-ын “...2022 оны 06 дугаар сарын 25-ны шөнө ажлынхаа найзуудтай ...Р-ийн төрсөн өдрийг тэмдэглэхээр ...манай гэр буюу Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Гэрэлт-Өргөө хотхоны 000байрны 6 давхар 00 тоотод ороод Эдэн нэртэй архи, 3,5 литрийн пиво 2 ширхгийг захиалж ууж дуусгаад унтацгаасан. ...Тэгээд ус гоожоод байгаа юм шиг чимээ гарахаар нь би сэрээд гайхаад харсан чинь Р- цаашаа хараад шээгээд зогсож байсан. ...Миний уур хүрээд Р-ийг яагаад гэрт шээж байгаа юм гэж хэлээд согтуудаа толгойг нь алгадаад хэд цохих шиг болсон...” /хавтас хэргийн 29 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №9111 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Э.Р-ийн биед баруун дээд 1-р шүдний хугарал, уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 5 хувь алдагдуулна...” /хавтас 34-35 дахь тал/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч Э.Р-ийн эрүүл мэндэд учирсан “...баруун дээд 1-р шүдний хугарал, уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.С-ын түүнийг цохисон идэвхитэй үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.С-ын хохирогч Э.Р-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.С-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
2. Шүүгдэгч Б.С- нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавь мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Шүүгдэгч Б.С- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Р-ийн эрүүл мэндэд баруун дээд 1-р шүдний хугарал, уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, шарх, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардалд баримтаар 2,225,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад уг хохирлыг төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар гаргуулах хохиролгүй байна.
Эрүүгийн 2210000000877 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.С- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш- овогт Б-ын С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын С-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавь мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.С-ад оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавь мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 210000000877 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.С- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Э.Р- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.С-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР