Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
Хэргийн индекс | 187/2022/0584/Э |
Дугаар | 2022/ШЦТ/569 |
Огноо | 2022-08-10 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Н.Нандин-Эрдэнэ |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/569
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Нандин-Эрдэнэ, шүүгдэгч Б.Ш-, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга Ж.Гандулам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц- овогт Б-ын Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2210000000839 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Булган аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын архитектор мэргэжилтэй, “Х” үсчний газарт үсчнээр ажилладаг, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших А дүгээр гудамжны 1 тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ц- овогт Б-ын Ш,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ш- нь 2022 оны 06 дугаар сарын 12-ны өглөө 07 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 7 дугаар сургуулийн баруун талд байрлах өөрийн үсчний салон дотор хамтран амьдрагч П.Э-ыг бусадтай хардсаны улмаас биед нь халдаж баруун гарын алганд шарх, дух, баруун хацар, эрүү хүзүүнд цус хуралт, уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, хамрын баруун угалз, дээд уруул, баруун хацар, эрүүнд зулгаралт, баруун өгзөг, баруун гуя, шилбэ, зүүн гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, зүүн гуя, өгзөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.Ш-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхэд нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, эхнэртэйгээ эвлэрсэн, одоо хамт амьдарч байгаа, дахиж ийм үйлдэл гаргахгүй, надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч П.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 06 дугаар сарын 11-ний ...07 цагт таксины жолоочоор гэртээ хүргүүлэх гээд байгаад манай үсчний газар онгорхой байсан тул санаа зовоод таксинаас бууж ажил руугаа ойртож очтол нөхөр маань ажлын хаалганы урд уурласан байдалтай зогсож байсан. Би нөхрийгөө тухайн үед зодчихно гэж бодоогүй ойртоод очтол намайг үсдэж чирээд оруулсан. Тэгээд миний толгой руу дүүртэл цохиж, миний хоолойг амьсгалахын аргагүй болтол багалзуурдсан. Тэгээд намайг хөдөлгөөн хийх гэж оролдоход намайг хоёр гуяны завсраа суулгаж байгаад толгой руу минь гараараа хүчтэй цохиж нүүр, уруул орчимд цохиж байсан. Манай үсчинд байсан дарсны шилийг аваад газарт хагалж миний баруун гарыг зүссэн. Тэр зүссэн байсан шилээрээ миний нүүрийг зүсэх гээд дайраад түүнийг түлхэж холдуулсан. ...Б.Ш- бид хоёр 2013 онд танилцаж, том охин маань тухайн үед олдож бид хоёр нэг гэрт орсон юм, одоо бид хоёр 4 хүүхэдтэй, гэр бүлээ албан ёсоор батлуулаагүй, Нисэхийн 7 дугаар сургуулийн хажууд байрлах үсчний газар хувиараа ажиллуулдаг юм...” /хавтас хэргийн 17-18 , 19 дэх тал/ гэсэн,
Шүүгдэгч Б.Ш- мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэй, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр эхнэр маань намайг автобусны буудлаас тосоод авчих гэхээр нь би Нисэхийн байрны автобусны буудал дээр явж очиход эхнэр маань согтуу машинаас бууж байсан. Тэгээд би уурандаа гудамжинд түүнийг алгадаж унагаасан, тэгчхээд би эхнэрийгээ газраас өргөөд үүрээд ажлын байр руугаа орсон. Би ажил дээр ороод хаалгыг нь хаагаад эхнэрийгээ хаашаа юу хийж явсан талаар асуусан, өөрөө ярих чадваргүй байсан учраас би түүнийг алгадсан, үснээс нь зулгаасан, эхнэр маань зөрүүлээд миний үснээс зулгаасан. Тэгэхээр нь би түүний хоолойноос нь боож байгаад хацар руу нь 4-5 удаа орчим алгадаад түүнээс холдоод бид хоёр өөд өөдөөсөө хараад сандал дээр сууж байгаад би түүнийг үнэнээ хэлж, хаагуур явснаа ярихыг гуйсан бөгөөд эхнэр маань юу ч ярихгүй надад худал хэлээд байсан. Тэгэхээр нь би түүний баруун хөмсөгний дээд талд дух руу нь 2 удаа гараараа цохисон. Газарт байсан дарсны шилийг барьж аваад эхнэрийгээ энд дарсны шил байна ш дээ, чи үүнийг уусан байна, надад битгий худлаа ярь гэж хэлээд тухайн дарсны шилийг газарт цохиж хагалсан. Тэгээд хагарсан дарсны шилний хэлтэрхийг аваад гартаа барьж зогсоод “би өөрийгөө алчихъя” гэж эхнэртээ хэлээд зогсож байтал эхнэр маань над руу дайраад гараа сарвалзуулаад байсан. Би эхнэрийгээ түлхэж өөрөөсөө холдуулах гэхэд эхнэрийгээ гарт байсан шилний хэлтэрхийгээр гарыг нь зүсчихсэн...” /хавтас хэргийн 52-53 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн №8561 дугаартай дүгнэлтэд: “...1. П.Э-ы биед баруун гарын алганд шарх, дух, баруун хацар, эрүү хүзүүнд цус хуралт, уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, хамрын баруун угалз, дээд уруул, баруун хацар, эрүүнд зулгаралт, баруун өгзөг, баруун гуя, шилбэ, зүүн гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, зүүн гуя, өгзөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх баруун гарын алганд шарх гэмтэл нь хурц ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” /хавтас хэргийн 26-27 дахь тал/ гэсэн дүгнэлт,
- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 4 дэх тал/,
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 11-13 дахь тал/,
- Аюулын зэргийн үнэлгээ /хавтас хэргийн 9 дэх тал/,
- Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хавтас хэргийн 40-44 дэх тал/,
- Шүүгдэгч Б.Ш-ын хувийн байдалтай холбоотой гэрч Б.Ариунбилэгийн мэдүүлэг /хавтас хэргийн 24 дэх тал/, иргэний үнэмлэхийн мэдээлэл /хавтас хэргийн 30 дахь тал/, оршин суугаа газрын бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 31 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 39 дэх тал/ зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Б.Ш- нь 2022 оны 06 дугаар сарын 12-ны өглөө 07 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 7 дугаар сургуулийн баруун талд байрлах өөрийн үсчний салон дотор хамтран амьдрагч П.Э-ыг бусадтай хардсаны улмаас биед нь халдаж баруун гарын алганд шарх, дух, баруун хацар, эрүү хүзүүнд цус хуралт, уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, хамрын баруун угалз, дээд уруул, баруун хацар, эрүүнд зулгаралт, баруун өгзөг, баруун гуя, шилбэ, зүүн гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, зүүн гуя, өгзөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч П.Э-ы “...2022 оны 06 дугаар сарын 11-ний ...07 цагт таксины жолоочоор гэртээ хүргүүлэх гэж байгаад явж байтал манай үсчний газар онгорхой байсан тул санаа зовоод таксинаас бууж ажил руугаа ойртож очтол нөхөр маань ажлын хаалганы урд уурласан байдалтай зогсож байсан. Би нөхрийгөө тухайн үед зодчихно гэж бодоогүй тул юу ч бодолгүй ойртоод очтол намайг үсдэж чирээд оруулсан. Тэгээд миний толгой руу дүүртэл цохиж, миний хоолойг амьсгалахын аргагүй болтол багалзуурдсан. Тэгээд намайг хөдөлгөөн хийх гэж оролдоход намайг хоёр гуяны завсраа суулгаж байгаад толгой руу минь гараараа хүчтэй цохиж нүүр, уруул орчимд цохиж байсан. Манай үсчинд байсан дарсны шилийг аваад газарт хагалж миний баруун гарыг зүссэн. Тэр зүссэн байсан шилээрээ миний нүүрийг зүсэх гээд дайраад түүнийг түлхэж холдуулсан...” /хавтас хэргийн 17-18 , 19 дэх тал/ гэсэн, шүүгдэгч Б.Ш-ын “...2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр эхнэр маань намайг автобусны буудлаас тосоод авчих гэхээр нь би Нисэхийн байрны автобусны буудал дээр явж очиход эхнэр маань согтуу машинаас бууж байсан. Тэгээд би уурандаа гудамжинд түүнийг алгадаж унагаасан. Би ажил дээр ороод хаалгыг нь хаагаад эхнэрийгээ хаашаа юу хийж явсан талаар асуусан, өөрөө ярих чадваргүй байсан учраас би түүнийг алгадсан, үснээс нь зулгаасан, эхнэр маань зөрүүлээд миний үснээс зулгаасан. Тэгэхээр нь би түүний хоолойноос нь боож байгаад хацар руу нь 4-5 удаа орчим алгадаад түүнээс холдоод бид хоёр өөд өөдөөсөө хараад сандал дээр сууж байгаад би түүнийг үнэнээ хэлж, хаагуур явснаа ярихыг гуйсан бөгөөд эхнэр маань юу ч ярихгүй надад худал хэлээд байсан. Тэгэхээр нь би түүний баруун хөмсөгний дээд талд дух руу нь 2 удаа гараараа цохисон...” /хавтас хэргийн 52-53 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: П.Э-ы биед баруун гарын алганд шарх, дух, баруун хацар, эрүү хүзүүнд цус хуралт, уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, хамрын баруун угалз, дээд уруул, баруун хацар, эрүүнд зулгаралт, баруун өгзөг, баруун гуя, шилбэ, зүүн гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, зүүн гуя, өгзөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх баруун гарын алганд шарх гэмтэл нь хурц ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 26-27 дахь тал/ гэсэн дүгнэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 11-13 дахь тал/, аюулын зэргийн үнэлгээ /хавтас хэргийн 9 дэх тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч П.Э-ы эрүүл мэндэд учирсан “...баруун гарын алганд шарх, дух, баруун хацар, эрүү хүзүүнд цус хуралт, уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, хамрын баруун угалз, дээд уруул, баруун хацар, эрүүнд зулгаралт, баруун өгзөг, баруун гуя, шилбэ, зүүн гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, зүүн гуя, өгзөгт зулгаралт...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.Ш-ыг түүнийг цохисон, түлхсэн, хоолойг боох зэргээр зодсон идэвхитэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Ш-ын хамтран амьдрагч хохирогч П.Э-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч …этгээдийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие мах бодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилжээ.
Шүүгдэгч, хохирогч нар нь 2013 оноос хойш хамт амьдарч байгаа, дундаасаа 4 хүүхэдтэй болох шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтаар тогтоогдох бөгөөд энэ талаар хэн аль нь маргахгүй байх тул шүүгдэгч Ц.Батсүхийг хамтран амьдрагч Т.Хишигжаргалын биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
2. Шүүгдэгч Б.Ш-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч П.Э-ы эрүүл мэндэд баруун гарын алганд шарх, дух, баруун хацар, эрүү хүзүүнд цус хуралт, уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, хамрын баруун угалз, дээд уруул, баруун хацар, эрүүнд зулгаралт, баруун өгзөг, баруун гуя, шилбэ, зүүн гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, зүүн гуя, өгзөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан хохирогчоос гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой төлбөр нэхэмжлээгүй тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн 2210000000839 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Ш- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц- овогт Б-ын Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын Ш-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Ш-т оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2210000000839 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Ш- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч П.Э- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ш-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ш- урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР