Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/570

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Г.Ганцэцэг, хохирогч Т.Б-, шүүгдэгч Б.Л-, нарийн бичгийн дарга Ж.Гандулам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б- овогт Б-гийн Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2210000000845 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 0084 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймаг, Цэцэрлэг суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “С” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион Оргил, Махатма Ганди гудамж 00 дүгээр байр, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 01 дүгээр хороо, “Р” хотхоны 00-00 тоотод түр оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б- овогт Б-гийн Л,  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч  Б.Л- нь 2022 оны 6 дугаар сарын 17-ны шөнө 03 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богины ам руу явах замдаа тээврийн хэрэгсэл дотор Т.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүрэнд нь гараараа цохисны эрүүл мэндэд нь биед хамар ясны зөрүүтэй хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн доод зовхи, хамрын нуруу, баруун бугалга, баруун тохойн хонхор, баруун шуу, баруун алга, зүүн шуу, зүүн гуя, зүүн шилбэ, баруун шилбэ, зүүн тавхайн чигчийн хуруу, ядам хуруу, ядам хуруунд хумсанд цус хуралт, нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг: 

Хохирогч Т.Б-: “...2022 оны 6 дугаар сарын 17-ны орой 4 найзтайгаа хамт Минт орж үйлчлүүлсэн, удаагүй манай эмэгтэй найз нар явахаар болж, би бас явахаар болоод тэндээс гарсан, гарч явж байхдаа найз Буянжаргалтай тааралдсан, намайг унаанд суулгаад өгье гэхээр нь хамт Минт-ээс гарахад гадаа Л-, Баясгалан хоёртой тааралдсан, тэгээд Буянжаргалтай Баясгалан муудалцаад байсан. Тэгээд Л-, түүний найзуудтай хамт машинд суугаад явсан, хэний машиныг мэдэхгүй, Богины ам руу явсан, замдаа би Л-тэй муудалцсан, сүртэй зүйлээс болж муудалцсан, Л- гараараа миний нүүр лүү нэг удаа цохисон, өөрөөр цохиогүй. Одоо гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирол Л-гээс 1,000,000 төгрөг авсан...” гэв.

 

          Шүүгдэгч Б.Л-: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин ийм алдаа гаргахгүй, хохиролд 1 сая төгрөг төлсөн, хохирогчтой эвлэрсэн...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Т.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр найз охин Номингийн хамт хоол идэж гадуур явж байгаад Ган-Эрдэнэ, Энхүүш гэх хоёр найзтайгаа таараад ...Минт клуб руу ороод нэг шил пиво, 100 грамм текилла уугаад ...гарах үедээ лифтний орчим хоёр найзтайгаа таарсан. Тэгээд манай хоёр найз чамайг таксинд суулгаад өгье гэж хэлээд бид гурав гараад үүдэнд зогсож байтал манай нэг найзыг Л-тэй хамт явж байсан О.Баясгалан гэх эрэгтэй ирээд зодоод мөн хамт байсан найзыг нь зодсон. Тэгээд намайг машиндаа чихэж аваад хөдлөөд явж байхдаа Богинын амны байшин баригдаж дууссан тийшээ явъя гэхээр нь “үгүй ээ, би гэртээ харих гэж байна” гэж хэлсэн чинь “чи одоо юун сүртэй юм бэ” гэж уурлаад гэнэт миний нүүрэнд 3-4 удаа цохиод авсан. Тэр үед миний хамраас цус гарсан, би машинаа зогсоо гэхэд зогсоогүй. ...Богины ам дээр очоод тэнд намайг буулгасан...” /хавтас хэргийн 8-9 дэх тал/ гэсэн,

 

Гэрч О.Баясгалан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Машинд суугаад Богины ам руу Лхагваагийн байшинд очихоор явсан, замдаа Б- Лхагваа хоёр урьдын харилцааны асуудлаас болж маргалдаж хэрэлдэж байгаад Б- Лхагвааг толгой түрүүгүй цохиж агсам тавьсан, Лхагваа мөн уур нь хүрсэн байх үсдэж нэг цохисон. ...Богинын аманд очих үед арай гайгүй болсон, тэгээд тэр хоёрыг байшин руу оруулаад бид гурав машинд үлдсэн...” /хавтас хэргийн 18-00 дэх тал/ гэсэн,

 

Гэрч Г.Алдаржав мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Лхагваа ах найз охин ирж байна гэж хэлээд бөөнөөрөө гадаа гарцгаасан, гадаа гарахад найз охин гэх эмэгтэй нь гадаа байсан байсан. Тэгээд миний машинд сууцгаагаад Богины ам руу хүргэж өгөхөөр болоод явцгаасан, замдаа найз охин нь агсам согтуу тавиад ...тэр хоёр маргалдаад байсан...” /хавтас хэргийн 22-23 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Л- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “Минт” клуб-т бүжиглэж байхад Б- миний гар утас руу залгаад гарч ирээд намайг авчих гэж хэлсэн. Гадаа гарсан чинь Б-гийн хажууд согтуу залуу зогсчихсон машин руугаа авч явах гээд байхаар нь үл ялиг маргаан хийгээд бүгд машинд суугаад Богины амруу явцгаасан. Богины ам явах замд Б- надад хандаж “Чи миний хүүхдийг өөрийнхөө хүүхэд биш гэж бусад хүмүүст ярьдаг” гэж уурлаад намайг цохиж, миний нүдний шилийг аваад шидэхээр нь уур хүрээд үснээс нь зулгаагаад нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа алгадсан...” /хавтас хэргийн 36-37 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн №8856 дугаартай дүгнэлтэд: “...1. Т.Б-гийн биед хамар ясны зөрүүтэй хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун зүүн доод зовхи, хамрын нуруун, баруун бугалга, баруун тохойн хонхор, баруун шуу, баруун алга, зүүн шуу, зүүн гуя, зүүн шилбэ, баруун шилбэ, зүүн тавхайн чигчий хуруу, ядам хуруу, ядам хурууны хумсанд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Шинэ гэмтлүүд байна.

6. Дээрх гэмтлүүд нь 2022.06.18-нд үүссэн байх боломжтой...” /хавтас хэргийн 26-27 дахь тал/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 1 дэх тал/,

- Гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 3 дахь тал/,

- Шүүгдэгч Б.Л-гийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 41 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хавтас хэргийн 43 дахь тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 46 дэх тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтас хэргийн 37-69  дэх тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Б.Л- нь 2022 оны 6 дугаар сарын 17-ны шөнө 03 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богины ам гэх газар руу явах замдаа тээврийн хэрэгсэл дотор Т.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүрэнд нь гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь биед хамар ясны зөрөөтэй хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн доод зовхи, хамрын нуруу, баруун бугалга, баруун тохойн хонхор, баруун шуу, баруун алга, зүүн шуу, зүүн гуя, зүүн шилбэ, баруун шилбэ, зүүн тавхайн чигчийн хуруу, ядам хуруу, ядам хуруунд хумсанд цус хуралт, нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох хохирогч Т.Б-гийн “...Тэгээд намайг машиндаа чихэж аваад хөдлөөд явж байхдаа Богинын амны байшин баригдаж дууссан тийшээ явъя гэхээр нь “үгүй ээ би гэртээ харих гэж байна” гэж хэлсэн чинь “чи одоо юун сүртэй юм бэ” гэж уурлаад гэнэт миний нүүрэнд 3-4 удаа цохиод авсан. Тэр үед миний хамраас цус гарсан...” /хавтас хэргийн 8-9 дэх тал/ гэсэн, гэрч О.Баясгалангийн “...Машинд суугаад Богинын ам руу Лхагваагийн байшинд очихоор явсан, замд Б-, Лхагваа хоёр урьдын харилцааны асуудлаас болж маргалдаж хэрэлдэж байгаад Б- Лхагвааг толгой түрүүгүй цохиж агсам тавьсан, Лхагваа мөн уур нь хүрсэн байх, үсдэж нэг цохисон. ...Богинын аманд очих үед арай гайгүй болсон, тэгээд тэр хоёрыг байшин руу оруулаад бид гурав машинд үлдсэн...” /хавтас хэргийн 18-00 дэх тал/ гэсэн, шүүгдэгч Б.Л-гийн “...Намайг “Минт” клуб-т бүжиглэж байхад Б- миний гар утас руу залгаад гарч ирээд намайг авчих гэж хэлсэн. Гадаа гарсан чинь Б-гийн хажууд согтуу залуу зогсчихсон машин руугаа авч явах гээд байхаар нь үл ялиг маргаан хийгээд бүгд машинд суугаад Богины амруу явцгаасан. Богины ам явах замд Б- надад хандаж “Чи миний хүүхдийг өөрийнхөө хүүхэд биш гэж бусад хүмүүст ярьдаг” гэж уурлаад намайг цохиж, миний нүдний шилийг аваад шидэхээр нь уур хүрээд үснээс нь зулгаагаад нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа алгадсан...” /хавтас хэргийн 36-37 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №8856 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Т.Б-гийн биед хамар ясны зөрүүтэй хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун зүүн доод зовхи, хамрын нуруун, баруун бугалга, баруун тохойн хонхор, баруун шуу, баруун алга, зүүн шуу, зүүн гуя, зүүн шилбэ, баруун шилбэ, зүүн тавхайн чигчий хуруу, ядам хуруу, ядам хурууны хумсанд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 26-27 дахь тал/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Т.Б-гийн эрүүл мэндэд учирсан “...хамар ясны зөрүүтэй хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун зүүн доод зовхи, хамрын нуруун, баруун бугалга, баруун тохойн хонхор, баруун шуу, баруун алга, зүүн шуу, зүүн гуя, зүүн шилбэ, баруун шилбэ, зүүн тавхайн чигчий хуруу, ядам хуруу, ядам хурууны хумсанд цус хуралт, нуруунд зулгаралт...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.Л-гийн түүнийг цохисон идэвхитэй үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Т.Б-гийн хохирогч Б.Л-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч Б.Л- нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавь мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Шүүгдэгч Б.Л- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Б-гийн эрүүл мэндэд хамар ясны зөрүүтэй хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун зүүн доод зовхи, хамрын нуруун, баруун бугалга, баруун тохойн хонхор, баруун шуу, баруун алга, зүүн шуу, зүүн гуя, зүүн шилбэ, баруун шилбэ, зүүн тавхайн чигчий хуруу, ядам хуруу, ядам хурууны хумсанд цус хуралт, нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардал нэхэмжлээгүй байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2210000000845 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Л- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б- овогт Б-гийн Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-гийн Л-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавь мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Л-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавь мянга/  төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2210000000845 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Л- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Т.Б- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР