Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2018/01885

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 3-р хороо, WW центрийн 8 давхарт байрлах, РД-5568781, Тоёо ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 5-р хороо, 10-р хороолол, 4-р байрны 28 тоотод байрлах, РД-5767806, Ворлд алтан дэлхийн гайхамшиг ХХК,

хариуцагч- Баянгол дүүрэг, 5-р хороо, 10-р хороолол, 4-р байрны 28 тоотод оршин суух, эрэгтэй, РД-УС72010118, Өнөр овогт Чингисийн Өнөртүвшин нарт холбогдох,

23 270 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дашдаваа, хариуцагч нарыг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагч нараас 23 270 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлж, нийт 26 270 000 төгрөгийг гаргуулахыг хүссэнийг шүүх хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Ворлд алтан дэлхийн гайхамшиг ХХК үйл ажиллагааг явуулах зорилгоор тус компанийн захирал Ч.Өнөртүвшин нь Чингэлтэй дүүрэг, 2-р хороо, 40, 50 мянгат, Төмөрчний гудамж, 8-р байшингийн 2 давхар, 207 тоотод байрлах, 140 м.кв талбай бүхий оффисын байрыг нэг сард 1 500 000 төгрөгийн хөлстэйгээр, 1 жилийн хугацаатайгаар түрээслэхээр тохиролцож, 2016-07-07 өдөр ажлын байр түрээслэх гэрээг байгуулсан.

Түрээслэгч нь түрээсийн төлбөр болох 1 500 000 төгрөгийг сар бүрийн 05-ны өдөр төлөх үүрэгтэй байсан ч гэрээ байгуулсан цагаас эхлэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй. Манай байгууллагын зүгээс 2017-02-08 өдөр дээрх оффисын байр байрлах барилга байгууламжийн ашиглалт хариуцсан Мөнгөн шагай групп ХХК-д хандан Ворлд алтан дэлхийн гайхамшиг ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй оффисын байрыг төлбөр тооцоогоо бүрэн төлж дуусах хүртэлх хугацаанд битүүмжлэх тухай хүсэлтийг гаргаж, энэ талаар Ворлд алтан дэлхийн гайхамшиг ХХК-ийн захирал Ч.Өнөртүвшинд мэдэгдэхэд тэрээр 2017-02-20 өдрийн дотор түрээсийн төлбөр 12 000 000 төгрөгийн тооцоог бүрэн төлж дуусгана.

Хоног хэтэрсэн тохиолдолд өдрийн 0,5 хувиар алданги тооцох тухай тайлбарыг гараар бичиж албан бичигт хариу өгсөн. Гэвч энэ амлалтаа биелүүлээгүй.

Манайх 2017-08-29 өдөр гэрээгээ цуцлах талаар хариуцагчид мэдэгдэхэд хариу өгөлгүйгээр, 2017-12-20 өдөр 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн.

Түрээсийн байрыг хэвийн ашиглаж байгаад 2017-12-20 өдөр оффисын түлхүүрийг хүлээлгэж өгөлгүйгээр, 2017-12-20 өдөр өөрийн эд хогшил, тавилгаа авч нүүсэн байсан.

Хариуцагч нь 2017-10-20 өдрийн байдлаар 15 сар 15 хоногийн түрээсийн төлбөрт 23 250 000 төгрөг, алдангид 10 020 000 төгрөг, нийт 33 270 000 төгрөгийг төлөхөөс 2017-12-20 өдөр төлсөн 10 000 000 төгрөгийг хасч, Ворлд алтан дэлхийн гайхамшиг ХХК, Ч.Өнөртүвшин нараас 23 270 000 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэв.

Хариуцагч Ворлд алтан дэлхийн гайхамшиг ХХК, Ч.Өнөртүвшин нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Тоёо ХХК-ийн захирал С.Батдэмбэрэл нь манай байгууллагатай хамтран ажилладаг байсан бөгөөд 2016-07-07 өдөр өөрийн эзэмшлийнх гэж Чингэлтэй дүүрэг, 2-р хороо, 40,50 мянгат, Төмөрчний гудамж, 8-р байшингийн 2 давхар, 207 тоотод байрлах, 140 м.кв талбай бүхий оффисын байрыг сард 1 500 000 төгрөгөөр түрээслэх саналыг өөрөө тавьсан.Анх хэлэхдээ миний хувийн өмч, гэрээ энэ тэр хэрэггүй, сар сардаа мөнгөө өгөөд яваарай гэсэн. Тухайн байр нь плита шалтай, шал нь дээр наасан дрожыг хуулаад авчихсан. Шал нь битүү шар цавуугаар бохирлогдсон, хүн амьдрах аргагүй байдалтай байсан. Энэ байдлыг түрээслүүлэгч талд хэлэхээр найзууд минь өөрөө аргалаад суугаарай гэж хэлсэн. 2017 оны 2 сард С.Батдэмбэрэл нь Тоёо ХХК-иас албан бичиг, түрээсийн гэрээ барьж ирсэн. С.Батдэмбэрэлийн өөрийнх нь өмч гэсэн болохоор итгээд гэрээнд гарын үсэг зурсан. Анх амаар тохирч түрээслэхдээ алданги тооцохоор тохироогүй, энэ талаар хэлэхэд гэрээнд нэг нийтлэг заалт байдаг юм. Алданги энэ тэр авахгүй ээ хө гэхээр нь итгэсэн үүднээс гарын үсэг зурсан.

Тэр цагаас эхлэн С.Батдэмбэрэл манай байгууллагыг янз бүрээр дарамталж, заналхийлж, манай байгууллагын өмч хөрөнгөд халдаж, манай компанийн оффис менежер Мягмархүүг хүнээр алуулна, ганц шанаадчихмаар байна, чи үхнэ дээ гэх мэтээр айлган сүрдүүлж ирсэн.

Бид энэ байдлаас болоод тухайн байрнаас гарах санал тавихад С.Батдэмбэрэл өнөөдрийг хүртэл түрээслэсэн юм чинь байж л байхгүй юу даа, харин түрээсээ өгөөрэй гэсэн.

2017 оны 12 сарын эхээр өөрийгөө Дашка гэж танилцуулсан залуу манай байранд ирээд С.Батдэмбэрэлийг асуугаад, энэ байр миний хувийн өмч, С.Батдэмбэрэл урд нь 1 жил энэ байранд суугаад нэг төгрөг ч төлөөгүй, одоо бараг 2 жил болж байна. Түрээсээ төл гэдэг шаардлага тавьсан. С.Батдэмбэрэл энд байхаа больсон, манай байгууллагад түрээслэж байгаа, бид энд ороод жил болж байна гэхэд С.Батдэмбэрэлд давхар түрээслэх эрх олгоогүй, байрыг маань чөлөөлж өг гэсэн шаардлага тавьсан тул 2017-12-20 өдөр 10 000 000 төгрөгийг С.Батдэмбэрэлийн дансанд шилжүүлж, тухайн байрнаас гарсан.

Манай компани Тоёо ХХК, Дашка нарын алинд түрээсийн төлбөрөө төлөхөө мэдэхгүй байсан тул үлдэгдэл төлбөрөө төлөөгүй.

Анх тухайн байрыг түрээслэхэд надад ямар нэгэн баримт бичиг үзүүлээгүй бөгөөд нэхэмжлэлдээ түрээсийн гэрээг 2016-07-07 өдөр байгуулсан гэсэн нь худал мэдээлэл бөгөөд 2016-05-01 өдөр эрх олгосон гэрээний хувь, тухайн байрны гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан нь худлаа гэж үзэж байна.

Учир нь манай байгууллагыг анх тухайн байранд оруулахдаа ямар нэгэн баримт бичиг үзүүлээгүй юм.

Шүүхийн байгууллагаас үнэн зөвийг нь олж тогтоож өгсөн нөхцөлд түрээсийн үлдэгдэл төлбөр 13 250 000 төгрөгийг төлөх болно. Харин алданги 10 020 000 төгрөгийг төлөхгүй гэв.

 

Нэхэмжлэл, зохигчийн итгэмжлэгдсэг төлөөлөгч нарын тайлбарууд, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, ажлын байр түрээслэх гэрээ,төлбөр төлөх тухай гар бичмэл, өмчлөгчийн гэрчилгээ, эрх олгох тухай баримт, тодорхойлолт, хүсэлт, гэрээ цуцлах тухай мэдэгдэл, зардлыг нэхэмжлэхүүд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

           ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь хариуцагч Ворлд алтан дэлхийн гайхамшиг ХХК-д Чингэлтэй дүүрэг, 2-р хороо, 40, 50 мянгат, Төмөрчний гудамж, 8-р байшингийн 2 давхар, 207 тоотод байрлах, 140 м.кв талбай бүхий ажлын байрыг нэг сард 1 500 000 төгрөгийн хөлстэйгээр, 1 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 2016-07-07 өдөр тохиролцож, 2016-07-07 өдрөөр огноолсон ажлын байр түрээслэх гэрээг зохигч бичгээр байгуулсан байна.

Нэхэмжлэгчээс хариуцагчид эзэмшүүлэхээр шилжүүлсэн ажлын байр нь иргэн Р.Дашцэрэвийн өмчлөлийн хөрөнгө байх бөгөөд тэрээр өмчлөгч Р.Дашцэрэв нь өөрийн дээрх хөрөнгийг бусдад эзэмшүүлэхээр шилжүүлэх, гэрээ хэлцлийг өөрийн нэрээр байгуулах, төлбөр тооцоог авах, бусдаас шаардах, ашиг олох, маргаан гарвал нэхэмжлэгч хариуцагчаар оролцох зэрэг эрхийг Тоёо ХХК-д 2016-05-01 өдрөөс 3 жилийн хугацаагаар шилжүүлсэн байна.

Тоёо ХХК нь өөрт олгосон эрхийн дагуу хариуцагчтай байгуулсан гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргах, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгээ төлөөлүүлэхээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Э.Дашдавааг томилсон, итгэмжлэлд үндэслэн Э.Дашдаваа нь нэхэмжлэгчийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн боловч түүнийг шүүхэд төлөөлүүлэхээр олгосон итгэмжлэлийг огноогүй олгосноос хариуцагч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлөөлөх эрхийн талаар маргасан байна.

Тоёо ХХК нь итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэлийн талаар тодруулга хийж, итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2018-03-12 өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчийн эдлэх бүх эрхийг эдлүүлэхээр итгэмжлэл олгосон болохоо хүлээн зөвшөөрсөн албан бичгийг тус шүүхэд ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт заасны дагуу төлөөлүүлэгч төлөөлөгчид итгэмжлэлээр олгосон эрхээсээ татгалзаагүй, харин төлөөлүүлэгч нь төлөөлөгчид өөрийгээ төлөөлөх эрхтэй гэсэн ойлголтыг өгсөн боловч эрх олгосон итгэмжлэлээ огноолоогүй алдааг гаргасан болохоо залруулж байгаагаа илэрхийлсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь /хх-6/ Тоёо ХХК-иас олгосон итгэмжлэлийн дагуу түүнийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан байна гэж үзлээ.

Зохигч ажлын байр эзэмшүүлэх гэрээг тухайн үедээ амаар байгуулсан, сүүлд 2016-07-07 гэсэн огноотой гэрээг нөхөн байгуулсан гэж хариуцагч маргаж байна.

Нэхэмжлэгч хариуцагч нар байгуулсан гэрээгээ ажлын байр түрээслэх гэрээ гэж нэрлэсэн байгаа боловч гэрээний гол нөхцөл болох нэг бүрийн шинжээр тодорхойлогдох ажлын байрны зориулалтаар, нэг жилийн хугацаагаар ашиглах байрыг, сард 1 500 000 төгрөгийн хөлстэйгээр ашиглуулахаар хариуцагчийн эзэмшилд түр шилжүүлэх тохирсон энэ гэрээ нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан хөлслүүлэгч хөлслөгчийн эзэмшил ашиглалтад эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг хүлээсэн эд хөрөнгө хөлслөх гэрээг байгуулсан байна.

Эд хөрөнгө хөлслөх гэрээг байгуулах хэлбэрийн талаар Иргэний хууль дахь эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтад тусгайлсан хэлбэрийн шаардлага тавигдаагүй тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу уг гэрээг аман болон бичгэн аль хэлбэрээр байгуулж болох юм.

Нэхэмжлэгч гэрээгээр тохирсон хөрөнгийг хөлслөгчийн эзэмшил ашиглалтад нэг жилийн хугацаагаар шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн байна.

Хариуцагч нь хөлслүүлсэн эд хөрөнгийн өмчлөгч нэхэмжлэгч биш тул гэрээг байгуулах эрхгүй этгээд байгуулсан учраас гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэж, энэ үндэслэлээр нэхэмжлэлээс татгалзаж байгаа боловч нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээгээр тохирсон хугацаанд ажлын байрыг түүний эзэмшилд шилжүүлэн өгсөн, хөлслөгчийн эзэмшилд байх хугацаанд гуравдагч этгээд ямар нэгэн шаардлага гаргаж, гэрээний турш гэрээнд заасан зориулалтаар түүнийг эзэмших, ашиглахад саад учруулсан байдал тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 290 дугаар зүйлийн 290.3 дахь хэсэгт заасны дагуу ажлын байрыг эрхийн доголдолгүй гэж үзнэ.

Мөн байрны плита шал шар цавуутай байсанд татгалзлаа үндэслэж байгаа байх боловч гэрээ байгуулж байх үед энэ талаар хөлслөгч мэдэж байсан, мэдэх боломжтой байсан доголдол байх тул Иргэний хуулийн 290 дугаар зүйлийн 290.8 дахь хэсэгт заасны дагуу биет байдлын доголдлын талаар гомдол гаргах эрх хөлслөгчид үүсэхгүй.

Гэрээний хугацаа 2017-07-06 өдөр дууссан байх боловч хөлслөгч үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй байх тул Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тодорхой бус хугацаагаар, тухайн нөхцлөөр сунгагдсанд тооцогдоно.

Хөлслөгч хөлс төлөх үүргээ гэрээгээр тохирсон хугацаанд биелүүлээгүй үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч нь гэрээг цуцлах мэдэгдлийг хариуцагчид 2017-08-29 өдөр өгсөн байх бөгөөд хөлслөгч 2017-10-20 өдөр 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байна.

Хөлслөгч 2017-12-20 өдрийг хүртэл ажлын байрыг эзэмшиж ашигласан болох нь зохигчийн тайлбар, мэтгэлцээн, урсгал зардлын нэхэмжлэх, баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч түүнээс 2016-07-07 өдрөөс 2017-12-20 өдөр ажлын байрыг суллах хүртэл хугацааны хөлс болох 27 000 000 төгрөгөөс төлөгдөөгүй 17 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Зохигч бичгээр байгуулсан гэрээний 3.5-д сар бүрийн 05 өдрийн дотор хөлсийг төлөх, хөлсийг хугацаа хожимдуулбал 0,5 хувиар тооцож, хэтрүүлсэн хоног тутам алданги төлөхөөр тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгтэй нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан хязгаарыг баримтлан 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу алдангид 8 500 000 төгрөгийг төлүүлэхээр хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Хариуцагч Ч.Өнөртүвшин нь Ворлд алтан дэлхийн гайхамшиг ХХК-ийн захирлын хувиар нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан байх бөгөөд хувь хүнийхээ хувьд нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан, хуульд зааснаар нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээсэн байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй байна.

Иймд түүнд холбогдох хэсэг болон нэхэмжлэлийн хангагдаагүй хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгов.

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 337 250 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 285 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсгийг удирдлага болгон,

ТОГТООХ нь: