Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/172

 

2022           07            08                                   2022/ШЦТ/172

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Б.Б******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б*******д холбогдох эрүүгийн 2226002350166 дугаартай, 163/2022/0169/Э индекстэй хэргийг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын Б*******, Ө******* аймаг, ******* суманд 1995 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, Ө******* аймаг, ******* сум, 5 дугаар баг, 191 дүгээр байрны 1-3 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 27 настай, эрэгтэй, РД: *******.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б******* нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Рашаант сумын нутагт иргэн Э.У*******тай хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2226002350166 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Б******* нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Рашаант сумын нутагт иргэн Э.У*******тай хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.У*******ын өгсөн: Би 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Заамар сум руу ажилдаа М*******, Б*******, Одсүрэн, Пүүжээ, Жоо нарын хамт машинтай явж байсан. Тэгээд надаас бусад нь замдаа архи уугаад явсан. Булган аймгийн Рашаант сумын Сансар гэх газраас хойш зам салаад явж байсан. Тухайн үед би М*******ыг яагаад машинд бөөлжөөд, хүмүүсээс хэрүүл өдөөд байгаа юм гэж хэлсэн чинь М******* миний хамар, уруул хэсэгт гараараа 4-5 удаа цохисон. Тэгэхээр нь би машинаа зогсоогоод буусан чинь Б******* гэх залуу машинаасаа гарч ирээд надтай хэрүүл хийж, миний зүүн талын нүд рүү нэг удаа гараараа цохиод, хамар хэсэгт толгойгоороо 1 удаа мөргөсөн. Тэгээд би Төв аймгийн Заамар сум руу явахгүй гээд тэр хэдийг өөр унаанд суулгачхаад өөрөө Ө******* аймагт ирсэн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.М*******ын өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 12 цагийн үед Ө******* аймгаас Төв аймгийн Заамар сум орох ажлаар Э.У*******ын машинтай Одсүрэн, П, Ц******* нарын хамт явсан юм. Тэгээд замдаа 2.5 литрийн пиво хувааж уусан. Замаасаа Булган аймгийн Рашаант сумын Сансар гэх газраас Бат-Эрдэнийг авсан. Тэгээд явж байтал У*******, Б******* хоёр хоорондоо маргалдаад машинаас буусан. Тэгээд У******* Бат-Эрдэнийн зүүн талын шанаа хэсэгт нь 1 удаа цохисон. Харин Б******* буцаагаад У*******ыг толгойгоороо нэг удаа мөргөсөн. Тэгэхэд У*******ын хамраас цус гараад цусаа цэвэрлэчхээд цаашаа Дашинчилэн сум руу хөдлөөд 200 метр явж байтал У******* надаас хэрүүл өдөөд та яасан Б*******тэй нийлээд намайг зодох гээд байгаа юм уу? гэсэн. Би У*******ын уруул хэсэгт нь гараараа 1 удаа цохисон. Тэгтэл намайг зөрүүлээд 1 удаа цохисон. Би зөрүүлээд зүүн талын шанаа хэсэгт нь 1 удаа цохисон. Тэгсэн чинь У******* би та хэдтэй явахаа болилоо. Би Ө******* аймаг руу явлаа гээд бид хэдийг зам дээр буулгаж хаячихаад яваад өгсөн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Ц*******ын өгсөн: ...У******* пиво уучхаад халамцуу машинаа бариад яваад байсан тул Б*******, М******* нар согтсон байж машинаа барьж яах юм бэ? пиво уугаагүй Поор бариулчих гэхэд У*******, Б******* нар хоорондоо маргалдсан. Тэгээд У******* машинаа зогсоогоод Бат-Эрдэнийг буугаад ир зодолдъё гээд байсан. Тэгсэн Б******* бууж очоод У*******тай маргалдаад хамар хэсэгт нь мөргөөд цус гаргасан байсан. Би тэр үед хажууд нь байгаагүй. Тэгээд суугаад явж байхад У******* хажуудаа суусан М*******тай хэрүүл хийгээд зүгээр явахгүй байсан. Тэгээд У*******, М******* нар маргалдаад М******* У*******ын цээж хэсэгт нь 1 удаа цохиж авсан. Өөрөөр маргалдаж зодолдсон зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

5. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Пийн өгсөн: ...У******* пиво уучхаад халамцуу машинаа бариад яваад байсан тул Б*******, М******* нар согтсон байж машинаа барьж яах юм бэ? пиво уугаагүй Поор бариулчих гэхэд У******* би машинаа хүнээр бариулахгүй гэж уурласан. Мөн У******* буцаж яваад дахиж пиво авч ууя гэхэд нь үгүй чигээрээ явъя гээд явуулж байсан. Тэгэхэд У******* уурлаад байсан ба эхлээд У*******, Б******* нар хоорондоо маргалдсан. У******* машинаа зогсоогоод Бат-Эрдэнийг буугаад ир зодолдъё гээд байсан. Тэгсэн Б******* бууж очоод У*******тай маргалдаад хамар хэсэгт нь нэг удаа мөргөхөд цус гарсан байсан. Би тэр үед нь машин дотор сууж байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

6. Ө******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 307 дугаартай шинжээчийн: Э.У*******ын биед хамар ясны хугарал, дээд уруулд шарх, дээд эрүүний 21 дүгээр шүдний сул мултрал, хамарт сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

7. Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бат-Эрдэнийн яллагдагчаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 16 цагийн үед хамт ажилладаг М******* миний утас руу залгаад Одсүрэн, П, М*******ын төрсөн ах Жоо, У******* бид нар явж байна. Бид хэд одоо гарлаа ажил руу хамт явъя гэсэн. Тэгэхээр нь хадмынхаасаа гараад эхнэрээрээ 20 км орчим зайд байх Элсэн тасархайд хүргүүлсэн. Тэгээд 18 цагийн үед Одсүрэн, П, Жоо нар У*******ын жолоодож явсан Приүс 20 машинтай, ээлжийн дарга ажлын газрын 5 хүн бас нэг машинтай хамт ирсэн. ...У******* дэлгүүрээс Нийслэл нэртэй 2.5 литрийн 2 ширхэг пиво авсан. ...У******* надаас хэрүүл өдөөд хэл амаар доромжилж эхэлсэн. ...Сансарын хойд малын овооноос хөдлөөд 500 м орчим явж байсан байх машинаа зогсоогоод дээгүүр өмсөж байсан хувцсаа тайлчхаад машинаасаа буугаад одоо чамайг алчихъя гараад ир гэхэд миний хоёр талд П, Жоо нар сууж байсан бөгөөд би буугаад У******* очиход миний хацар хэсэгт 1 удаа шанаадахаар нь зөрүүлээд нүүр хэсэгт 1 удаа цохисон. Тэгээд би хамар хэсэгт нь толгойгоороо мөргөсөн. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. М******* бид хоёр тус бүр 1 сая төгрөгийг бэлнээр аваачиж өгсөн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

  Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

  Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Э.У*******, гэрч Ц.М*******, Ц.Ц*******, С.П нарын өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч Б.Б******* нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Рашаант сумын нутагт иргэн Э.У*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд халдан зодож биед нь хамар ясны хугарал, дээд уруулд шарх, дээд эрүүний 21 дүгээр шүдний сул мултрал, хамарт сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

  Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн хохирогчийг цохисон, хамар хэсэгт нь мөргөсөн гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой, энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

  Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

  Шүүгдэгч Б.Б******* нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний бусдын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл тул прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Э.У******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд гэм хорын хохирлын баримт ирүүлээгүй боловч шүүгдэгч Б.Б******* нь хохирогчид 1.000.000 төгрөгийг төлж, хохирлыг барагдуулсан байна. Хохирогч Э.У******* нь хавтаст хэргийн 91 дэх талд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлж хүсэлт гаргасан байна.

Шүүхээс хохирогч Э.У*******ад шүүх хуралдааны товыг мэдэхэд “за ойлголоо, надад одоо гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлоо барагдуулж авсан тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэдгээ илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Б*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 54, 56-58, 61-71 дэх талуудад авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, багийн засаг даргын тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, Хаан банкны харилцах дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Б******* нь ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Ө******* аймаг, ******* сум, 5 дугаар баг, 191 дүгээр байрны 1-3 тоотод амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Б******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирол төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 4/81 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх төлбөргүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар болон түүний хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б******* нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Б.Б******* нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ОТГОНБААТАР