Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/178

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал,

шүүгдэгч О.М******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.М*******д холбогдох эрүүгийн 2115000000262 дугаартай, 163/2022/0029/Э индекстэй хэргийг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт О******* М*******, Булган аймгийн Орхон суманд 1993 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр баг Мааньт гэх газарт оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, 28 настай, эрэгтэй, урьд

-Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д тус тус зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

- Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

- Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, РД: *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.М******* нь Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр багийн нутаг Мааньтын ар булаг гэх газарт оршин суух иргэн Л.Ч*******ы эзэмшлийн 85 тооны ямаа, иргэн М.Б*******ийн 1 тооны адууг 2021 оны 10 дугаар сарын 05-06-ны шилжих шөнө хулгайлж нийт 12.400.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2115000000262 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч О.М******* нь Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр багийн нутаг Мааньтын ар булаг гэх газарт оршин суух иргэн Л.Ч*******ы эзэмшлийн 85 тооны ямаа, иргэн М.Б*******ийн 1 тооны адууг 2021 оны 10 дугаар сарын 05-06-ны шилжих шөнө хулгайлж, нийт 12.400.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.М*******ын өгсөн: 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр би Ч*******ь ахтай хамт 0.5 литрийн Хараа нэртэй 1 шил архийг хувааж уусан. Тэр үед Ч*******ь ах чи унаагүй байгаа бол миний морийг унаад яв. Гэртээ хариад тавиад явуулаарай гэсэн. Хээр хоносон ямаатай таарсан. Хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

2. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан: 2021 оны 10 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр баг Мааньтын ар булаг гэх газарт иргэн Л.Ч*******ы эзэмшлийн 85 тооны ямаа хулгайд алдсан гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

3. Эмээлд үзлэг хийсэн: Хавтсан дээрээ 4 ширхэг мөнгө мэт металл даруулгатай, 12 завхай эмээл байв. Дотор талдаа эсгийгээр хийсэн тохом гэж нэрлэдэг зүйл байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-5 дахь тал/,

4. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан: Хохирогч Л.Ч*******аас болсон явдлын талаар асуухад тухайн өдрийн өглөө манайх намаржаандаа буюу энд байсан гэж гэрийн буйр байсан газрыг зааж байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-5 дахь тал/,

5. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Ч*******ы өгсөн: 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр би Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр баг Мааньтын ар булаг гэх газарт эхнэр, хүүхдийн хамт гэртээ байж байхад оройн 20 цагийн орчим манай гэрийн гадна машин ирж зогссон. Манай эхнэр гэрээс гарч харчхаад Төөдөн гэж дууддаг залуутай хамт гэрт орж ирсэн. Төөдөн гэрт орж ирэхдээ 0.5 литрийн Хараа нэртэй архийг өврөөсөө гаргаж ирээд надтай хамт хувааж уусан. Би Төөдөнг орж ирэхээс өмнө Орхон аймагт байдаг Батбаяр гэх хүн манайд ирээд надтай архи уусан байсан. Удалгүй би тасраад унтаад өгсөн. Маргааш өглөө нь эхнэр бид хоёр сэрээд харахад гэрийн гадна уяатай байсан хонгор халзан зүсмийн морь алга болсон байсан. Бид нар тэр морийг уяа нь алдуураад ижилдээ очсон байх гэж бодоод хайгаагүй. Тэгээд гэрийн гадна талд хотлуулсан байсан хонь ямаагаа харахад манай малаас 80 орчим тооны ямаа тасарсан байх шиг байхаар нь эхнэр бид 2 саахалт айлын хүн болох Баянбилэг гэх айлд өглөөний 09 цагийн орчим очиж асуухад өглөө эрт хонгор морьтой хүн Хэцийн даваанаас Эрдэнэт чиглэл рүү ямаа туугаад явж байсан гэж хэлсэн. Тэгээд бид 2 тэндээс хөдөлж Эрдэнэт чиглэл рүү Даваатын даваа өгсөж байхад Төөдөн манай хонгор халзан морийг унаад манай ямаануудыг тууж явсан. Тэр үед бид хоёр чи яагаад манай морийг гэрийн гадна талаас унаад манай ямааг энэ хүртэл туугаад явж байгаа юм бэ? гэж асуухад Төөдөн энэ танай ямаа байсан юм уу? гэж хэлэхээр нь би энэ манай ямаа байлгүй яадаг юм. Энд ганц бог малтай нь би байдаг биз дээ гэхэд Төөдөн дуугүй зогсож байхад манай эхнэр мориноос буу бид нар ямаагаа аваад явлаа гэхэд Төөдөн буцаагаад хүргээд өгье гэж хэлээд манай гэрийн гадна талд манай ямаануудыг тууж ирсэн. Төөдөн манай гэрийн гадна талд алдсан морь болон ямаануудыг тууж ирж байхаар нь эхнэр бид 2 Б******* гэх манай саахалт айлын хүний өвсийг ачиж өгөх гээд яваад өгсөн. Тэр үед Төөдөн манай ямаануудыг авч ирээд манай хонгор халзан морийг унаад яваад өгсөн байсан. Манайх 85 тооны хар бараан зүсмийн ямаанууд алдсан. Манай алдсан ямаанууд дундаас 40 эр ямаа, 40 эм ямаа, 5 ишиг байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

6. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Б*******ийн өгсөн: 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн орчим би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн 10-1 тоотод гэртээ байж байхад манай хажуу талын хашаанд Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр баг ар булаг гэх газарт оршин суух хүргэн Ч*******ы адуунд байдаг миний эзэмшлийн хонгор халзан зүсмийн 8 үсгэн тамгатай морийг Л.П******* гэх хүн унаад явж байхаар нь би чи яах гэж миний морийг унаад явж байгаа юм бэ? гэж асуухад П******* энэ морийг Төөдөн унаж ирсэн. Би Төөдөнгийн морь гэж бодоод эндээс юм авах гээд ирсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь өөрийнхөө морийг таниад авч, өөрийнхөө хашаанд оруулж уясан. Тэгээд би гэртээ байж байхад 12 цагийн орчимд Төөдөн манай хашаанд орчихсон морин дээр эмээлээ тохоод дахиад гарах гэж байхаар нь би хараад хөөе чи миний морийг аваад ир гэж хэлэхэд Төөдөн надад ийм морь Монголоор нэг байна гэж хэлээд эмээлээ аваад яваад өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24 дэх тал/,

7. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Б*******гийн өгсөн: ...02 цагийн үед манай гэрийн гадна нэг морьтой хүн ирээд Бороо ахаа нохой хорио гэж хэлээр нь гараад харахад Төөдөн хочтой М******* нэртэй миний таньдаг дүү жоохон архи уусан байдалтай манайд орж ирсэн. Би М*******аас чи хаанаас ирж байгаа юм бэ? гэж асуухад манай урд байдаг Болдоо гэх айлаас ирлээ гэж хэлээд манайд унтсан. Маргааш өглөөний 06 цаг өнгөрч байхад М******* бид 2 босоод гэрээс гарч би өөрийнхөө үхэртээ урагшаа мотоциклтой явж М******* хонгор халзан зүстэй морьтой Эрдэнэт хот тал руу хойшоо явсан. Би тухайн үед хонгор халзан зүсмийн морины им, тамгыг хараагүй. Сүүлд сонсоход манай урд талын айлын Болдоо гэх хүн хонгор халзан морио алдсан гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,

8. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Э*******гийн өгсөн: М******* гэх нэртэй залуу манайд хар өнгийн приус загварын автомашинаас бууж манай гэрт орсон. Манай гэрт орж ирэхдээ 0.5 литрийн Хараа нэртэй архийг өврөөсөө гаргаж манай нөхөртэй хувааж уусан. Би тэр үед чи машинтай явж байгаа юм уу? гэж асуухад үгүй ээ би Хотон Зоригоо гэх хүнтэй хамт явж байна гэж хэлсэн. Тэгээд машинтай хүн нь гэрийн гадна талд хүлээж байхад М******* манай нөхөртэй 0.5 литрийн Хараа архийг хувааж уугаад машиндаа суугаад яваад өгсөн. Би М*******ыг хөдлөхөөр нь гэрээс гарч хараагүй гэртээ унтсан. Маргааш өглөө нь нөхөр бид хоёр сэрээд харахад гэрийн гадна талд уяатай байсан хонгор халзан зүсмийн морь алга болсон байсан. Бид нар тэр морийг уяа нь алдуураад ижилдээ орсон байх гэж бодоод хайгаагүй. Тэгээд гэрийн гадна талд хотлуулсан хонь, ямаагаа харахад манай малаас 80 орчим тооны ямаа тасарсан байх шиг байхаар нь нөхөр бид 2 саахалт айлын хүн болох Баянбилэг гэх айлд өглөөний 09 цагийн орчим очиж асуухад өглөө эрт хонгор морьтой хүн Хэцийн даваанаас Эрдэнэт чиглэл рүү ямаа туугаад явж байсан гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тэндээс хөдөлж Эрдэнэт чиглэл рүү Даваатын даваа өгсөж байхад Төөдөн буюу М******* манай гэрийн гадна талд уяатай байсан хонгор халзан морийг унаад манай ямаануудыг тууж явсан. Тэр үед бид хоёр чи яагаад манай морийг гэрийн гадна талаа унаад манай ямааг энэ хүртэл туугаад явж байгаа юм бэ? гэхэд М******* энэ танай ямаа байсан юм уу? гэж хэлэхээр нь би мориноос буу бид нар ямаагаа аваад явлаа гэхэд би буцаагаад хүргээд өгье гэж хэлээд манай гэрийн гадна талд манай алдсан ямаануудыг тууж ирсэн. Мөнх- Амьдрал манай гэрийн гадна талд алдсан морь болон ямаануудыг тууж ирэхээр нь нөхөр бид хоёр Б******* гэх манай саахалт айлын хүний өвсийг ачиж өгөх гээд яваад өгсөн. Тэр үед М******* манай гэрийн гадна талд ямаанууд авч ирээд манай хонгор халзан морийг унаад яваад өгсөн байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

9. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.П*******гийн өгсөн: Би 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Овоот багийн 23-4 тоотод гэртээ байж байхад Төөдөн гэж дууддаг М******* манай гэрт Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр баг Мааньт ар булаг гэх газарт оршин суух Ч*******а ахын хонгор халзан зүсмийн 8 үсгэн тамгатай морийг унаад манай гэрт ирсэн. Би Төөдөнгөөс Ч*******а ахын морийг яагаад чи уначхаад явж байгаа юм бэ? гэж асуухад би хэлээд аваад явж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр морийг нь унаад доошоо айлаас идэшний мах хийх сав авах гэж очиход Б******* гэх хүн надтай таараад миний морийг чи яагаад унаж яваа юм гэж хэлээд морио авсан. Тэгээд би Ч*******а ахаас залгаж асуухад манай морийг Төөдөн хэлэхгүй унаад явсан байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,

10. Тольдох Оюуны Өгөөж хязгаарлагдмал хувьцаат компанийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №21/374 дугаартай: 2020 оны 01 дүгээр сарын сүүл 2021 оны 10 дугаар сарын 21-ний байдлаар статистикийн архиваас зах зээлийн ханшийг дундаж ханшаар тооцож үзвэл нас гүйцсэн эр ямаа 40 тооны 6.000.000 төгрөг, нас гүйцсэн эм ямаа 40 тооны 5.200.000 төгрөг, ишиг 5 тооны 100.000 төгрөг, нас гүйцсэн морь 1 тооны 1.100.000 төгрөг, нийт 12.400.000 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 49-53 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.М******* нь Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр багийн нутаг Мааньтын ар булаг гэх газарт оршин суух иргэн Л.Ч*******ы эзэмшлийн 85 тооны ямаа, иргэн М.Б*******ийн 1 тооны адууг 2021 оны 10 дугаар сарын 05-06-ны шилжих шөнө хулгайлж, нийт 12.400.000 төгрөгийн хохирол учруулсан нь хохирогч Л.Ч*******ь, М.Б*******, гэрч Ц.Б*******, гэрч Л.П*******, гэрч Ш.Э******* нарын мэдүүлгүүдээр нотлогдсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байх бөгөөд тэдгээрийг харьцуулан судалснаар шүүгдэгч О.М******* нь бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн үйлдэл, хохирогч Л.Ч*******ь, М.Б******* нарт 12.400.000 төгрөгийн хохирол учирсан хор уршгийн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруутай болох нь нотлогдож тогтоогдлоо.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд ангилагддаг бөгөөд “мал хулгайлах” гэмт хэрэгт бусдын малыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдана.

Шүүгдэгч нь бусдын олон тооны малыг дур мэдэн тууж явсан үйлдэл идэвхтэй, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд санаатай халдаж хохирол учруулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл гэж үзэх бөгөөд гэм буруугийн санаатай, өмчлөх эрхийн эсрэг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэх шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч О.М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч О.М*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, Л.Ч*******ьд 11.300.000 төгрөгийн хохирол, хохирогч М.Б*******ид 1.100.000 төгрөгийн хохирол учирсан нь Тольдох Оюуны Өгөөж хязгаарлагдмал хувьцаат компанийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Уг хохирлыг хохирогч нар нь биет байдлаар буюу малаа буцааж авсан. Шүүхээс хохирогч Л.Ч*******ь, М.Б******* нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.М*******д 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, мөн шүүгдэгч О.М*******д Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2  жил, 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил, 21 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж, нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил, 6 сар, 21 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоох, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч О.М*******ын цагдан хоригдсон 217 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, энэ хэрэгт шүүгдэгч О.М******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг, хэрэгт хавсаргаж ирүүлсэн дуу дүрсний бичлэгээр баталгаажуулсан CD-г хэргийн хамт хадгалах санал, дүгнэлтийг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал нь шүүгдэгч О.М******* нь хохирол төлбөрийн хувьд бусдын ямаа болон морийг өөрөө сайн дураараа хүргэж өгсөн. Хохирогч нар өөрсдийн эд зүйлийг бүрэн гүйцэт хүлээн авсан ба гомдол саналгүй гэсэн тул хохирол төлбөрийг төлсөн гэж үзэх боломжтой. Гэм буруугийн талаар маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа тул хуульд заасан хамгийн доод ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч О.М*******ыг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч О.М*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хавтаст хэргийн 67-75 дахь талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, захиргааны зөрчлийн шийдвэрийн бүртгэл, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтаар шүүгдэгч О.М******* нь урьд 4 удаагийн ял шийтгэл эдэлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч О.М*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.М*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөнг” хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэмжээ хувийн байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.М*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлөгдсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэх заалтыг хэрэглэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч О.М*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч О.М******* нь Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн ба Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 108 дугаар захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 26 хоногийн хорих ялыг 1 жил 4 сар 26 хоногийн хугацаагаар Булган аймгийн Орхон сумын газар нутгаас явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэжээ.

О.М******* нь зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөн үндэслэлээр тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 133 дугаартай захирамжаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 03 сар 18 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 1 жил 03 сар 18 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, ялтан Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 437 дугаар нээлттэй хорих ангид ялаа эдэлж байсан бөгөөд энэ хэрэгт холбогдуулан тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 54 дугаартай шүүгчийн захирамжаар ялтныг хорих ангиас Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байранд шилжүүлэн яллагдагчаар цагдан хорьсон байна.

Шүүгдэгч О.М*******ыг Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ХМШЗ/133 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил, 04 сар, 26 хоногийн зорчих эрхийг хязгаарлах яын эдлээгүй үлдсэн 1 жил, 03 сар, 18 хоногийн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 1 жил, 03 сар, 18 хоногийн хорих ялаар шийтгүүлж 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон бодоход биеэр 02 сар, 24 хоног, шагналын 03 хоног, бүгд 02 сар, 27 хоног, үлдэх 01 жил, 21 хоногийн хорих ялтай байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М*******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч О.М*******ын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 217 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч О.М*******аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт хавсаргадаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаанд хадгалахаар шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт О******* М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.М*******ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.М*******д Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил, 21 /хорин нэг/ хоногийн хугацаагаар хорих ял дээр, энэ тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж, нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 21 /хорин нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М*******д оногдуулсан 2 /хоёр/ жил, 21 /хорин нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М*******ын цагдан хоригдсон 217 /хоёр зуун арван долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт шүүгдэгч О.М******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Ч*******ь, Х.Б******* нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаанд хадгалсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ОТГОНБААТАР