Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/181

 

2022          08           08                                   2022/ШЦТ/181

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч М.Сайнзаяа,

хохирогч Х.Н*******,

хохирогчийн өмгөөлөгч П.Г*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч О.С*******,

шүүгдэгч В.Б******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Б*******д холбогдох эрүүгийн 2215000000161 дугаартай, 163/2022/0174/Э индекстэй хэргийг 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б******* овогт В*******ийн Б*******, Булган аймаг, Орхон суманд 1967 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, 25-07 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, 55 настай, эрэгтэй, РД: *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч В.Б******* нь 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Булган аймаг, Орхон сум, 1 дүгээр багийн Ар булаг гэх газарт иргэн Х.Н*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний бие эрх чөлөөнд халдаж нүүрэн хэсэгт нь цохиж биед нь хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2215000000161 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч В.Б******* нь Булган аймаг, Орхон сум, 1 дүгээр багийн Ар булаг гэх газарт иргэн Х.Н*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний бие эрх чөлөөнд халдаж нүүрэн хэсэгт нь цохиж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Баасанбямбын өгсөн: Хохирогч худлаа мэдүүлэг өгсөн байна. Хохирогчийн эгч Пүрэвжаргал манайд ирж надад асгам тавьсан. Миний цамцны энгэрээс заамдаж надад агсам тавьсан. Надад агсам тавьсан учраас би хохирогчийг 2-3 удаа алгадсан. Хохирогч худлаа мэдүүлэг өгсөн байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Н*******гийн өгсөн: 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр би эгчийн хамт В.Баасанбямбын гэрт нөхрөө асууж очсон. Би нялх жоохон хүүхэдтэй байсан. Хүүхдээ хөхүүлж дуусаад машинаас гарч ирээд Б*******ас манай нөхөр байна уу? гэж асуухад танай нөхрийг би харах ёстой юм уу? гэж хэлээд 5-6 удаа миний толгой хэсэгт цохисон. Эмчилгээ хийлгэсэн, наашаа, цаашаа явсан замын зардал болон гар хавдсаны улмаас бөгжөө огтлуулсан тул бөгжний үнийг тус тус нэхэмжилмээр байна. Надад одоо гомдол санал байхгүй. Би 1.000.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байгаа боловч М.Б******* нь эмчилгээний төлбөрт 200.000 төгрөгийг төлсөн. Одоо замын зардал болон бөгжний үнэ нийт 800.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би хөдөөний хүн, холбогдох баримт бүрдүүлдэг талаар сайн мэдэхгүй байсан учраас баримт бүрдүүлж чадаагүй. Булган аймаг, Орхон сумаас Эрдэнэт аймаг руу таксигаар явдаг байсан. Надад баримт байхгүй. гэх мэдүүлэг,

3. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Н*******гийн өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр би гэртээ эгч Пүрэвжаргалын хамт байсан. Манай нөхөр Ш.Нямдорж малдаа гараад ирэхгүй байхаар нь Ө*******ын гэрт очсон байж магадгүй гэж бодоод эгч Пүрэвжаргалын хамт Ө*******ын гэрт очсон. Ө******* малдаа явсан байсан. Гэрт нь тэдний малчин Б******* эхнэртэйгээ, өөр нэг эрэгтэй хүн байсан. Би Б*******ас гэрийн гадна талд байхаар нь манай нөхөр энд ирсэн үү? гэж асуусан. Тэгэхэд Б******* танай нөхөр яахаараа манайд ирдэг юм бэ? гэсэн. Би танай гадаа ирсэн байж магадгүй гэж хэлэхэд урдаас уурлаад би харж байх ёстой юм уу? гэж хэлсэн. Тэгээд миний толгой хэсэгт гараараа 5-6 удаа цохиход тэднийд байсан эрэгтэй хүн Б*******а чи болиоч дээ гэж хэлсэн. Мөн намайг унасан хойно миний зүүн гар дээр гутлаараа дэвссэн. Тэгэхээр нь би намайг аллаа шүү дээ гэж хэлээд хашхирахад цаашаа яваад өгсөн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,

4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ө*******ын өгсөн: ...Хонин дээрээ очоод уулын энгэр дээрээс гэрийн зүг дурандахад Пүрэвжаргал, Н******* хоёр манайд байсан Б*******, У******* нартай маргалдаад ноцолдоод байх шиг байсан. Тэгээд намайг очиход тэр хоёр яваад өгсөн байсан. Би юу болов гэж асуухад Пүрэвжаргал, Н******* хоёр ирээд хэл амаар доромжлоод Баасанбямбыг барьж аваад дайраад байхаар нь Б*******, Н*******г алгадсан гэж хэлж байсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

5. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.У*******ийн өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Ө*******ын гэрт нөхөр Баасанбямбын малчин Тулга нарын хамт байсан. Ө******* хониндоо явсан хойгуур тэдний салсан эхнэр болох Пүрэвжаргал дүү Н*******тай согтуу машинтай ирсэн. Пүрэвжаргал нь намайг үхрийн зэлэн дээр байхад чи Ө*******тай явалддаг, унтаж хэвтсэн, янхан минь гэж элдвээр хэлж доромжилсон. ...Тэр үед Н******* гаднаас орж ирээд эгчийгээ өмөөрөөд намайг өшиглөөд Б******* намайг зодчихлоо гэж хэлсэн. Пүрэвжаргал тэгвэл цагдаа дуудна гэж хэлээд тэр хоёр гараад явсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

6. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 467 дугаартай: Х.Н*******гийн биед тархи доргилт, зүүн гарын 4 дүгээр хурууны 2 дугаар шивнүүрийн цууралт, зүүн хацар, баруун бугалгад зөөлөн эдэд 2 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Тархи доргилт, хурууны шивнүүрийн цууралт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

7. Мөрдөн шалгах ажиллагаанд В.Баасанбямбын яллагдагчаар өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 01-ний өглөө 05 цагаас 06 цагийн хооронд худаг дээр ирээд адуугаа усалчхаад гэртээ харьж явтал Пүрэвжаргал, Н******* хоёр машинтайгаа ирсэн. Надаас Ө******* байна уу? гэхээр нь байхгүй хонинд явчихсан гэж хэлсэн. Тэгтэл за, за та машинд суучих гэж хэлхээр нь би машинд суусан чинь танай эхнэр чинь хаана байгаа юм гэж асуухаар нь би гэрт байгаа гэж хэлсэн. Тэгээд бид гурав манай гэрт ирсэн чинь манай эхнэр У******* гэрт байхгүй үхрийн зэлэн дээр үнээ сааж байсан. Би машинаас нь буугаад эхнэр дээрээ очиж явахад Пүрэвжаргал машинаасаа буугаад миний араас эхнэр дээр ирээд Пүрэвжаргал манай эхнэртэй маргалдаад хэрүүл хийгээд байсан. Тэгээд би тугал барих гээд тугалтай хөөцөлдөөд байж байсан чинь Н******* над дээр ирээд агсам тавиад хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь би Н*******г чи надад агсам тавиад яах гээд байгаа юм гэхэд яадгийн гээд миний цамцны захаас заамдаад миний дух хэсэгт маажсан. Би уурлаад тавь гэсэн чинь тавихгүй болохоор нь заамдсан гар хэсэгт нь нэг удаа гараараа цохисон. Мөн зүүн хацар хэсэгт нэг удаа гараараа алгадсан чинь тавихгүй болохоор нь дахин 2 удаа алгадсан юм. Тэгтэл Н******* эгч рүүгээ Б******* гуай намайг зодож байна гээд яваад өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Х.Н*******, гэрч Б.Ө*******, Б.У******* нарын өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, болсон үйл баримтын талаар мэдүүлсэн шүүгдэгч В.Баасанбямбын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч В.Б******* нь 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн Ар булаг гэх газарт иргэн Х.Н*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний бие эрх чөлөөнд халдаж гар болон нүүрэн хэсэгт нь цохиж биед нь тархи доргилт, зүүн гарын 4 дүгээр хурууны 2 дугаар шивнүүрийн цууралт, зүүн хацар, баруун бугалгад зөөлөн эдэд 2 тооны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч В.Баасанбямбын хохирогчийг гараараа цохисон гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой, энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Шүүгдэгч В.Б******* нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний бусдын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл тул прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч В.Баасанбямбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч В.Баасанбямбын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Х.Н******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ 1.000.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байгаа боловч В.Б******* нь эмчилгээний төлбөрт 200.000 төгрөгийг төлсөн. Одоо замын зардал болон бөгжний үнэ нийт 800.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Н******* нь замын зардал болон бөгжний үнэ зэргийг нэхэмжилсэн боловч холбогдох баримтыг гаргаж ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч В.Баасанбямбыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч В.Баасанбямбыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч В.Баасанбямбын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч В.Б*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”,  “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 43-47, 50-51, 53 дахь талд авагдсан цагдаагийн газрын цахим системийн зөрчлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч В.Б******* нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, 11 дүгээр баг, Цагаанчулуутын 25-07 тоотод оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг зэрэг түүний хувийн нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч В.Баасанбямбын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрлийг сонгож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч В.Б******* нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б******* овогт В*******ийн Баасанбямбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Баасанбямбыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч В.Б******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, замын зардал болон бөгжний үнэ зэргийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ОТГОНБААТАР