Шүүх | Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Донийн Отгонбаатар |
Хэргийн индекс | 163/2022/0176/Э |
Дугаар | 2022/ШЦТ/183 |
Огноо | 2022-08-09 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нн бичгийн дарга Т.Батсайхан,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал,
шүүгдэгч С.Б******* нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Б*******т холбогдох эрүүгийн 2215001850174 дугаартай, 163/2022/0176/Э индекстэй хэргийг 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, И******* овогт С*******ын Б*******, Б******* аймаг, Н******* суманд 1992 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, ******* аймаг, ******* сум, 3 дугаар баг, ******* гэх газарт оршин суух бүртгэлтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдардаг, урьд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ЦШТ/173 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, 30 настай, эрэгтэй, РД: *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б******* нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний орой Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн Галсан хайлантай гэх газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Цтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь гар болон хөлөөрөө цохиж, өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2215001850174 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч С.Б******* нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний орой Булган аймаг, ******* сум, 3 дугаар багийн Галсан хайлантай гэх газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Цтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь гар болон хөлөөрөө цохиж, өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Цийн өгсөн: 2021 оны 12 дугаар сарын 24-ний орой манай хажууд өвөлждөг Ундрах гэдэг залуу гэртээ дуудахаар нь эхнэр Ц, баз хүргэн Бямбаагийн хамт Ундрахын гэрт очсон. Ундрахынд 1 бүтэн шил архи, 1 тал шил архи хувааж уусан. Бид гурав гэртээ харихаар явж байтал миний машин цасанд суусан. Машин цасанд сууснаас болж Бямбаа бид хоёр хоорондоо цаснаас машинаа гаргана, үгүй, энд нь үлдээгээд гэртээ харина гэж маргалдаж эхэлсэн. Бямбаа намайг гараараа цохиж унагаагаад хөлөөрөө толгой нүүр хэсэгт өшиглөж зодсон. Би ухаан алдаж маргааш өглөө нь Хялганат тосгоны эрүүл мэндийн төвд сэрсэн юм. Тухайн үед миний зүүн талын эрүү хугарч, үүдэн 5 шүд, эрүүний 1 араа, нийт 6 шүд унаж, доод уруул язарч 4 оёдол тавиулсан. Тухайн үед миний бие өөрөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Эмнэлэгт хэвтээд гараад ирсэн чинь намайг зодсон Бямбаа нь эмчилгээндээ хэрэглээрэй гэж хэлээд 1 сая төгрөг өгсөн. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12, 15 дахь тал/,
3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Бийн өгсөн: 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэртээ байж байтал манай дүү Б******* баз ах Ц гэх хүнтэй зодолдсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Цийн гэрт оройн 22 цагийн үед яваад очиход Ц зодуулчихсан байсан. Юу болсон бэ? гэж асуухад танай дүү Б******* намайг зодчихлоо гэхээр нь түүнийг Хялганат тосгоны эмнэлэгт авчирч хэвтүүлсэн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Дн өгсөн: 2021 оны 12 дугаар сарын 24-ний орой 23 цагийн үед гэртээ амраад байж байтал миний төрсөн дүү Ц нь манай гэрт ирээд Цийг Б******* зодоод салахгүй байна гэж хэлсэн. Тэгээд намайг гэрээс хувцас өмсөөд гараад ирэх хооронд Ц алга болчихсон байсан. Ингээд би машинаа асаагаад 500 метр орчим зайтай Цийн гэрт яваад очтол гэрт нь хүн байхгүй байсан. Гараад харсан чинь урд зүгт 100 метр орчим зайтай жалганд тэр хэд зогсож байхаар нь яваад очтол Б******* цээж нүцгэн машины цаад талд суучихсан, наад талд нь Ц газар сөхрөөд суучихсан амнаас нь цус гарчихсан хажууд нь том охин нь толгойг нь түшчихсэн аав үхлээ гэж надад хэлсэн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,
5. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Ций өгсөн: Миний төрсөн дүү Оюунаагийн найз залуу Бямбаа, манай нөхөр Ц бид гурав Ундрах гэх айлд очиж 2 шил архи хувааж уусан. Тэгээд гэртээ харих гээд явж байгаад гэрийнхээ доохон талд жалганы цасанд машин суучихсан. Энэ үед манай нөхөр Ц нь Бямбаа бид хоёрт хандан та хоёр машин түрээд өг гэхэд Бямбаа нь үгүй гэж хэлээд манай нөхөртэй маргалдсан. Ингээд машинаасаа буугаад манай нөхрийг Бямбаа нь гараараа нүүр хэсэгт нь цохиж унагаагаад хөлөөрөө толгой хэсэгт өшиглөөд байсан. Яг хэдэн удаа өшиглөсөн гэдгийг нь сайн санахгүй байна. Нэлээн хэдэн удаа өшиглөж авсан. Би салгах гэж оролдсон боловч салгаж чадаагүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,
6. Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Ц.Гийн өгсөн: 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 20 цагийн үед ээж Ц, аав Ц, Бямбаа ах гурвыг Ундрах гэдэг айлынх дуудаад явсан. Тэр орой 24 цагийн үед намайг гэртээ байхад ээжийн хашхирах дуу гараад байсан. Удалгүй над руу утсаар холбогдоод миний охин хурдан хүрээд ир, энд аавыг чинь хүн зодоод байна гэсэн. Тэгээд би гүйгээд очиход аав газар хэвтчихсэн Бямбаа ахад хандаж уучлаарай, миний буруу гэхэд Бямбаа ах аавыг унагаачихсан гэдэс, нүүр, толгой хэсэгт өшиглөөд байсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-31 дэх тал/,
7. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 512 дугаартай шинжээчийн: Б.Цийн биед доод эрүүний ясны зүүн талд өнцөг дайрсан далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,
8. Гэмтэл согог үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хавтаст хэргийн 42-51 дэх тал/,
9. Мөрдөн шалгах ажиллагаанд С.Б*******ын яллагдагчаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: 2021 оны 12 дугаар сарын сүүлээр шинэ жилийн өмнөхөн уг асуудал болсон. Тухайн үед би өөрийн баз болох Ц, эхнэр Ц нарын хамтаар саахалт айлынд очсон. Тэр айлд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд харих гээд гурвуулаа явж байх үед машин цасанд суусан. Тэгээд Цийг машинаа орхичих алхаад харьяа гэтэл үгэнд орохгүй байсан. Улмаар хоорондоо маргалдаад би Цийн нүүр хэсэгт гараараа цохиод унахаар нь гараараа цохичихсон. Би нийт 1 сая төгрөг бэлнээр өгсөн. Мөн нэг даага өгсөн. Би гэм буруугаа хүлээж байна. Хэргийг маань хурдан шийдвэрлэж өгнө үү. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Ц, гэрч С.Б, Г.Дарь, Ч.Ц нарын өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч С.Б*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч С.Б******* нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний орой Булган аймаг, ******* сум, 3 дугаар багийн Галсан хайлантай гэх газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Цтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн хэсэгт нь гар болон хөлөөрөө цохиж, өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь доод эрүүний ясны зүүн талд өнцөг дайрсан далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Б*******ын хохирогчийг гар болон хөлөөрөө өшиглөсөн, цохисон гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хүндэвтэр гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой, энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Шүүгдэгч С.Б******* нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний бусдын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл тул прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч С.Б*******ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Б.Ц нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд гэм хорын хохирлын баримт ирүүлээгүй боловч шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, нэг даага, 1.000.000 төгрөгийг сайн дураар хохирогчид төлж барагдуулсан байна.
Шүүхээс хохирогч Б.Цэд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “за ойлголоо, надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хохиролд 1.000.000 төгрөгийг авсан, шүүх хуралдаанд оролцохгүй” гэдгээ илэрхийлсэн байна.
Иймд шүүгдэгч С.Б*******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдав.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.Б*******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч С.Б*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.Б*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирол төлсөн”-г хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 63-66, 74-76 дахь талуудад авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар, цагдаагийн газрын цахим бүргэлт хайлтын системын зөрчлийн талаарх лавлагаа, мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б******* нь ам бүл 3, ээж, дүүгийн хамт мал маллан амьдардаг, 30 настай, эрэгтэй, урьд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ЦШТ/173 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын нөхцөл байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч С.Б******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогчтой эвлэрсэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 4/88 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч С.Б*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх төлбөргүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч С.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар болон түүний хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч С.Б******* нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И******* овогт С*******ын Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б*******ыг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч С.Б******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч С.Б******* нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАР