Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2303

 

МАГАДЛАЛ

 

2017.11.03                                                     Дугаар 2303                                Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

С.Х ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 103/ШШ2017/00356 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Хийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.У” ОНӨААТҮГ-т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ажлаас халсан үйлдэл эс үйлдэхүйг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас “Б.У” ОНӨААТҮГ-ын нярав, мөнгөн кассчины ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж, ажлыг хэвээр үргэлжлүүлэхийг даалгуулж өгнө үү, мөн хариуцагч байгууллагын өмгөөлөгчийн яриад байгаа байгууллагын нууцыг задруулсан гэдэгтэй санал нийлэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл байгууллагын нууцын тухай баримт нь хавтаст хэрэгт авагдаагүй. Хариуцагч байгууллагын яриад байгаа хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод дурдсан заалтууд нь ажлаас халсан тушаалтай ямар ч хамааралгүй, хэрэгт ач холбогдолгүй нэхэмжлэгч зөрчил гаргаагүй, ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Захирлуудын зөвлөлийн хурлын тэмдэглэл нь хэзээ бичигдсэн нь тодорхойгүй хуралд 5 хүн оролцсон гээд байгаа боловч СД бичлэгийг сонсохоор хүний нөөц н.Н нь хуралд дуустал орж ирээгүй хуралд оролцоогүй бөгөөд хурлын тэмдэглэл зөрүүтэй худлаа бичигдсэн нь тогтоогдож байна. Хариуцагч талын гаргаж өгсөн фото зураг нь 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр авсан зураг байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-тыг барьсан. Уг заалтыг Улсын дээд шүүхийн тайлбарын 15 дугаар зүйлийн 5 хэсэгт тайлбарласан байгаа. Иймд ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн дотоод журам болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг зөрчиж байгууллагын нууцыг задруулсан нь ажил олгогчийн итгэлийг алдсан, идэвхитэй үйлдэл, эс үйлдэхүй юм. Нэхэмжлэгчийн зүгээс энэ үйл баримтыг хийснээ зөвшөөрсөн энэхүү үйл баримт нь 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэлд бичигдсэн нь хавтаст хэргийн 42-49 хуудсанд авагдсан бөгөөд СД бичлэгт болсон үйл явц бүхэлдээ хураагдсан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хэд хэдэн баримтуудыг гадагш гаргасан гэдгээ нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлдээ дурдсан байна. Иймд хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасны дагуу ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй юм. Мөн манай байгууллага нэхэмжлэгчийг олон жил ажилласан учраас өөр ажлын байр санал болгоход нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрөөгүй Байгууллагын нууцын тухай хуулийн 3.1.2 зааснаар байгууллага өөрөө нууцаа тогтоох эрх нь байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нягтлан бодох бүртгэлийн хуулийг уншиж судлаагүй байна гэж бодож байна. Энэ хуулинд маш тодорхой заасан байгаа. Нэхэмжлэгч С.Х нь ажил олгогчийн итгэлийг алдаж байгууллагын баримтуудыг гадагш дамжуулсанаа өөрөө хүлээн зөвшөөрсөн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлдээ дурьдсан мөн захирлуудын зөвлөлийн хурлын тэмдэглэл, СД бичлэгийн баримтуудаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь баримтуудыг н.Онон гэдэг хүнд дамжуулж өгсөн нь тодорхой байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ажлаас халсан тушаалын 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг муушгин гуйвуулж байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Улсын дээд шүүхийн 15.1.5 өөрт ашигтай байдлаар тайлбарлаад байна. Хурлын тэмдэглэл 42-49 дугаар талд мөн СД бичлэг, тэмдэглэл хоёр таарч байгаа. Тухайн хуралд Н оролцоогүй ч гэсэн хүний нөөцийн хурлаар хэлэлцсэн асуудлыг бүхэлд нь үгүйсгэж болохгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар “Б.У” ОНӨААТҮГ-т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай С.Хийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч талын татгалзал шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон “Б.У” ОНӨААТҮГ-ийн 15 дугаартай хурлын тэмдэглэл нь үнэн зөв эсэх нь эргэлзээ бүхий, худал буруу бичигдсэн баримт байдаг. Тухайлбал, 47 дугаар хуудсанд хуралд огт оролцоогүй хүний нөөцийн менежер Ч.Ныг орж ирсэн мэтээр бичиж, 48 дугаар хуудсанд Ч.Ныг үг хэлсэн мэтээр зохиож бичсэн байдаг. Ч.Н нь уг хуралд огт оролцоогүй гэдгийг хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч энэ тэмдэглэлийнхээ үнэн зөв болохыг нотлох зорилгоор СД бичлэг шүүхэд нотлох баримтаар өгсөн ч 15 дугаартай хурлын тэмдэглэлд дурдагдсан этгээдүүдийн оролцсон яриа, хурлын бичлэг мөн эсэх, нэхэмжлэгч С.Хийн дуу хоолой мөн эсэх нь уг СД-гээр нотлогддоггүй. Өөрөөр хэлбэл дурдсан баримт нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэдгийг нотолж чадахгүй байна. 15 дугаартай хурлын тэмдэглэлд санхүүгийн баримтыг бусдад дамжуулах ажилд С.Хээс гадна Б, Т нар оролцсон болох талаар дурдсан атлаа Б, Т гэх хүмүүст хариуцлага хүлээлгэсэн асуудал байдаггүй. Хариуцагч байгууллатын Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.2-т ... Сахилгын зөрчил гаргасан тухай бүр хүний нөөцийн менежер болох шууд удирдан ажиллаж байгаа албан тушаалтан нар зөрчлийн тэмдэглэл акт хөтлөн баримтжуулж, уг ажилтнаар гарын үсэг зуруулна. Зөрчлийн тэмдэглэл нь ажилтанд сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болно гэж заасан байдаг. "Б.У" ОНӨААТҮГ-иас С.Хт холбогдох зөрчлийн тэмдэглэл үйлдэж, түүнийг гарын үсгийг зуруулсан баримт шүүхэд өгөөгүй. Харин үнэн зөв гэхэд эргэлзээ бүхий 15 дугаартай хурлын тэмдэглэл гэх нэхэмжлэгч С.Хт танилцуулж байгаагүй баримтыг шүүхэд өгсөн. 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр санхүүгийн баримтыг Ц.О-д дамжуулсан гэдэг. Үүнээс өөр зөрчил гаргасан, илрүүлсэн гэх цаг хугацааг тодорхойлсон баримт байдаггүй. Хариуцагч тал нэхэмжлэгч нь байгууллагын нууцыг задруулсан нь ажил олгогчийн итгэлийг алдсан идэвхитэй үйлдэл юм гэж тайлбарладаг. Задруулсан гэж тайлбарлаад байгаа санхүүгийн баримтуудаа байгууллагын нууцад хамааруулж хуулийн дагуу баримтжуулсан зүйл байдаггүй. Эдгээр баримтуудыг нь үзэхэд задруулбал байгууллагын нууцын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар байгууллагын хууль ёсны ашиг сонирхолд хор учруулж болох шинж агуулагдаагүй байдаг. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч С.Х нь хариуцагч “Б.У” ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “...хариуцлага алдсан алдаа, үйлдэл гаргаагүй тул ажлаас үндэслэлгүй халагдсан...” гэж үндэслэснийг хариуцагч байгууллага зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...хөдөлмөрийн дотоод журам болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг зөрчиж байгууллагын нууцыг задруулж ажил олгогчийн итгэлийг алдсан...” гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч С.Хийг ажил олгогч нь 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр аж ахуйн нярав, мөнгөний кассчин албан тушаалаар томилж, хугацаагүй гэрээгээр авч ажлуулсан байна. 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/38 дугаартай захирлын тушаалаар ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.2 дахь заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн байна.

Тодруулбал, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.1.6-т тусгаснаар “нууцад хамаарах мэдээ мэдээллийг задруулахгүй байх” мөн хариуцлагын гэрээний 3.7-т “багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, мөнгөн болон биет зүйлсийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүй бусдад ашиглуулах, шилжүүлэхгүй байх”-аар талууд тохиролцсон байна.

Анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн татгалзлыг зөвшөөрөхгүй гэх татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байхад нэхэмжлэгч нь өөрийн татгалзлаа нотолсон үйл баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүх нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, хариуцагчийн татгалзал, түүнд холбогдох нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцүүлэн дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 103/ШШ2017/00356 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар     нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхыг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.ИЧИНХОРЛОО

 

             ШҮҮГЧИД                              Д.БАЙГАЛМАА

 

                                                                М.НАРАНЦЭЦЭГ