Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2020/0781/З |
Дугаар | 128/ШШ2021/0248 |
Огноо | 2021-03-31 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 128/ШШ2021/0248
2021 оны 03 сарын 31 өдөр 128/ШШ2021/0248
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “ШИ” ХХК
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Г.А, М.Г
Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Г.А, М.Г нарын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн *** тоот актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ж, хариуцагч Г.А, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, гэрч Б.Б, П.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
“ШИ” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Маргаан бүхий акт болох Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Г.А, М.Г нарын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн *** тоот актыг хүлээн аваад, эс зөвшөөрч хуульд заасан хугацааны дотор маргаан таслах гомдол гаргасан болно.
Хэрвээ гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзвэл маргаан таслах зөвлөл гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх шаардлагагүй болно.
Улмаар маргаан таслах зөвлөл манай гомдлыг 2020 оны 6 дугаар сарын 19- ний өдөр хянан хэлэлцэж 38 тоот тогтоол гарган шийдвэрлэсэн бөгөөд уг тогтоолыг Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн *** тоот албан бичгээр шуудангаар хүргүүлснийг манай компани 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гардан аваад эс зөвшөөрч хуульд заасны дагуу тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан болно.
Маргаан бүхий акт болох Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Г.А, М.Г нарын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн *** тоот актаар манай компанийн 2012.01.01-2012.12.31-ний өдөр хүртэлх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн талаар татварын хяналт шалгаж хийж, 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №*** тоот актаар:
1. “БГ” ХХК-иас 2012 оны 10 дугаар сарын 01 –ний өдөр *** тоот хуурамч бичилт бүхий падаанаар 45.813.063 төгрөгийн, 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр *** тоот хуурамч бичилт бүхий падаанаар 20.014.213 төгрөгийн, 2012 оны 12 дугаар сарын 23-ны өдөр *** тоот хуурамч бичилт бүхий падаанаар 15.495.275 төгрөгийн, 2012 оны 12 дугаар сарын 08-ны өдөр *** тоот хуурамч бичилт бүхий падаанаар 12.667.304 төгрөгийн буюу нийт 98.989.855 төгрөгийн барилгын материал авсныг зөрчил гэж үзээд 9.898.985 төгрөгийн нөхөн татвар, 2.969.695 төгрөгийн торгууль, 4.949.492 төгрөгийн алданги,
2. 2012 онд хуурамч бичилттэй компаниас худалдан авсан барилгын материалын зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн “Борлуулсан барааны өртөг” хэсэгт тусган, татвар ногдуулах орлогыг бууруулсан 69.789.855 төгрөгийн зөрчилд 6.978.985 төгрөгийн нөхөн татвар, 2.489.492 төгрөгийн алданги,
3. 2012 оны 29.200.000 төгрөгийн бусдад шилжүүлсэн орлогоос хүн хүний орлогын албан татвар суутгаж, төсөвт төлөөгүй зөрчилд 2.920.000 төгрөгийн нөхөн татвар, 876.000 төгрөгийн торгууль, 1.460.000 төгрөгийн алдангиудыг тус тус оногдуулж шийдвэрлэсэн улсын байцаагчийн акт нь хууль зүйн үндэслэлгүй, татвар төлөгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Дэлгэрүүлбэл, манай компани 2012 онд “БГ” ХХК-тай хэд хэдэн удаагийн бараа материалын худалдан авалт хийж, холбогдох тайланг нягтлан бодох бүртгэлийн журам, хууль тогтоомжийн дагуу гаргасан.
Гэтэл Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн байцаагч Г.А, М.Г нар нь манай компанийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн талаар хяналт, шалгалт гээд 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр №*** тоот актаар 197,979,711.00 төгрөгийн зөрчилд 35,636,348.20 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй болно.
Уг актад “БГ” ХХК-иас 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 08-ны өдрүүдэд хэд хэдэн хуурамч бичилт бүхий падаанаар барилгын бараа материал худалдан авсан гэж буруутгасныг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй юм.
Учир нь, уг компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хуурамч гэдгийг манай компани огт мэдээгүй, мэдэх ч боломжгүй. Дээрх НӨАТ-ын падаануудыг хуурамч гэж үзвэл хариуцлагыг манай компани бус харин “Б” ХХК хүлээх нь хууль, шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Түүнчлэн, улсын байцаагч Г.А, М.Г нар дээрх падаануудыг хуурамч эсэхийг хэрхэн шалгаж тогтоосон нь ойлгомжгүй, эргэлзээтэй бөгөөд уг ажиллагааг эцэслэн шийдвэрлүүлэлгүйгээр зөвхөн манай компанид нотлох баримт, хуульд үндэслэлгүйгээр хариуцлага оногдуулсан нь бодит байдалд нийцээгүй, шударга ёсонд нийцэхээргүй байна.
Иймд маргаан бүхий актыг бүхэлд нь хүчингүй болгуулах үүднээс Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан ч актыг бүхэлд нь бус, актын зарим хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн ч манай компанийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж чадаагүй гэж үзэж байна.
Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 38 дугаар тогтоолоор маргаан бүхий актад дурдсан 3 зөрчлийн 1 зөрчлийг хүчингүй болгож, бусад зөрчилд ногдох торгууль, алдангийг өршөөлийн хуульд хамруулж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй бөгөөд татварын улсын байцаагч нар зөрчлийг эргэлзээгүй шалгаж тогтоосон эсэх болон гомдолд дурдсан шалтгаан нөхцөл, үндэслэлүүдийг нягтлан шагалгүйгээр шийдвэрлэсэн хууль ёсны болж чадаагүй гэж үзэн эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Дээрх байдлаар Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Г.А,, М.Г,нарын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн *** тоот актаар манай компанийг үндэслэлгүйгээр татварын хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж 3 зөрчилд нөхөн татвар, торгууль, алданги оногдуулж байгаа нь манай компанийг хууль бусаар шийтгэж, гаргаагүй зөрчлийн төлөө хариуцлага хүлээлгэж, төлөх ёсгүй татвар, торгууль, алдангийг төлүүлж манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.
Иймд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Г.А, М.Г нарын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн *** тоот актыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч М.Г, Г.А, нар Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст бүртгэлтэй *** регистртэй “ШИ" ХХК-ийн 2012 оны -01-01-ний өдрөөс 2012- 12-31-ийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд “Татварын хяналт шалгалт хийх томилолт”, “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, Татварын ерөнхий газрын 2016 оны 10 сарын 25-ны өдрийн 07/662 албан тоот, 2016 оны 11 сарын 14-ний өдрийн томилолтын дагуу татварын хяналт шалгалтыг татварын тайлан, санхүүгийн анхан шатны баримт зэрэг баримт материалд тулгуурлан Монгол Улсын Татварын ерөнхий хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аж ахуйн нэгжийн тухай хууль, Нэмэгдсэн өртийн албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын хуулийн хэрэгжилтэд татварын хяналт шалгалт хийж дараах зөрчилд хариуцлага ногдуулсан байна. Үүнд:
Нэг. “БГ” ХХК-аас НӨАТ-ын хий бичилттэй 2012 оны 10 сарын 01- ний өдрийн *** тоот падаанаар 45,813,063.60 төгрөгийн, 2012 оны 11 сарын 19-ны өдрийн *** тоот падаанаар 25,014,213.00 төгрөгийн, 2012 оны 11 сарын 23-ны өдрийн *** тоот падаанаар 15,495,275.00 төгрөгийн, 2012 оны 12 сарын 08-ны өдрийн *** тоот падаанаар 12,667,304.00 төгрөгийн нийт 98,989,855.60 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн “нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ” хэсэгт тусган төсөвт төлөх албан татварыг бууруулан Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д: “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэх, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасныг үндэслэн 9,898,985.60 төгрөгийн нөхөн татвар, 2,969,695.70 төгрөгийн торгууль, 4,949,492.80 төгрөгийн алданги, нийт 17,818,174.10 төгрөгийн^өлбөр төлүүлэхээр шийтгэл ногдуулсан.
Хоёр. 2012 онд хуурамч бичилт бүхий “БГ” ХХК-иас авсан гэх барилгын материалын зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт төлөлтийн тайлангийн “Борлуулсан барааны өртөг” хэсэгт тусган төсөвт төлөх татварыг бууруулан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай 15 дугаар зүйлийн 15.1.2 “Албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй” гэж заасныг зөрчсөн гэж үзээд 69,789,855.6 төгрөгийн зөрчилд 6,978,985.60 төгрөгийн нөхөн татвар, 2,093,695.70 төгрөгийн торгууль, 3,489,492.80 төгрөгийн алданги, нийт 12,562,174.10 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийтгэл ногдуулсан.
Тус аж ахуйн нэгж нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу дээрх зөрчил гаргасан татварын төрлүүдээр нэмж мэдүүлсэн тайлан гаргаагүй, “Б" ХХК-тай холбоотой Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 1461 тоот, “Эрүүгийн хэргийн хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол зэргийг үндэслэн хариуцлага ногдуулсан болно. Уг шийдвэрийг тухайн компани хүлээн зөвшөөрөөгүй Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл хуралдаж 38 тоот тогтоолоор торгууль, алдангийг өршөөлийн хуульд хамруулж, 16,877,971.20 төгрөгийн нөхөн татварыг хэвээр баталсан болно.” гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
Нэхэмжлэгч “ШИ” ХХК нь “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Г.А, М.Г, нарын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн *** тоот актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Маргаан бүхий Сүхбаатар дүүргийн Татварын улсын байцаагч нарын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн *** тоот актаар “БГ” ХХК-аас 2012 онд нийт 98,989,855.60 төгрөгийн үнийн дүн бүхий 4 ширхэг хуурамч хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан авч Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалт хэсэгт тусган хяналт шалгалтаар илэрсэн 197,979,711.2 төгрөгийн зөрчилд 19,797,971.2 төгрөгийн нөхөн татвар, 5,939,391.4 төгрөгийн торгууль, 9,898,985.6 төгрөгийн алданги, нийт 35,636,348.2 төгрөгийн төлбөрийг “ШИ” ХХК-аар төлүүлэхээр акт тогтоосон байна.
Улмаар Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 38 дугаар тогтоолоор Татварын улсын байцаагч нарын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн *** тоот актыг өөрчилж, нийт 16,877,971.20 төгрөгийг “ШИ” ХХК-аар төлүүлэхээр тогтоосон байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2006 оны хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хий бичилттэй падааныг үндэслэн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх нь хууль зөрчсөн үйлдэл юм.
Нэхэмжлэгч “ШИ” ХХК нь “БГ” ХХК-аас нэмэгдсэн өртгийн албан татварын ***, ***, ***, *** тоот падаануудаар 2012 оны 10, 11, 12 дугаар сард худалдан авалт хийсэн гэж нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалтын хэсэгт тусгасан болох нь цахим тайлангийн системд шивж илгээсэн нь нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, тайлангаар нотлогдож байна.
Гэвч бодит байдал дээр “ШИ” ХХК нь “БГ” ХХК-аас бодит худалдан авалт хийгээгүй, “БГ” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд нь хий бичилттэй болох нь “Б*******” ХХК-ийн захирал Б.Б сэжигтнээр болон яллагдагчаар байцаасан тэмдэглэлүүд, сэжигтэн, яллагдагчаар татах тогтоолууд гэх мэт Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн *** дугаар бүхий эрүүгийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул дээрх нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд нь хий бичилттэй гэж үзэх үндэслэлтэй байна.
Нийслэлийн прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Эрүүгийн хэргийн хэрэгсэхгүй болгох тухай” дугаар 1164 тоот прокурорын тогтоолд: “Б.Б нь ... хуурамч борлуулалт хийсэн мэтээр НӨАТ-ын падаанд хий бичилт хийж, бичиг баримт хуурамчаар байнга үйлдсэн гэм буруутай үйлдэлтэй ... гэвч одоо яллагдагч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч нарт төлөх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байна” гэж зааснаас үзэхэд маргаан бүхий падаанууд хий бичилттэй, бодит байдал дээр худалдан авалт бодитоор хийгдээгүй болох нь нотлогдож байна.
Нягтлан бодох бүртгэлийн тухай 2001 оны хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “анхан шатны баримт” гэж ажил гүйлгээ гарсныг нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоог”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно”, 7.6-д “Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна”, 7.7-д “анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд анхан шатны баримтын буюу падааны үнэн зөвийг зөвхөн бэлтгэн нийлүүлэгч буюу худалдагч тал бус шалгаж хүлээн авсан буюу худалдан авагч тал мөн давхар хариуцахаар хуульчилсан байх тул падаан хий бичилттэй эсэхийг урьдчилан мэдэх боломжгүй, буруутай этгээдийг ололгүйгээр “ШИ” ХХК-д акт тогтоосон нь буруу, нэхэмжлэгч огт мэдээгүй, мэдэх боломжгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн зарлагын баримтууд нь тодорхой ямар барилгын материал худалдаж авсан нь тодорхойгүй, тоо хэмжээ болон нэг бүрийн үнэ тусгагдаагүй зэрэг анхан шатны баримтын шаардлагыг хангаагүй баримтууд болохыг дурдах нь зүйтэй.
Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 18 дугаар зүйлд татвар төлөгчийн үүргийг хуульчилсан ба 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй”, 18.1.2-т “татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж, тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх”, 18.1.3-д “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах үүрэгтэй”, 18.1.13-д “татварын алба, татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдсэн санхүүгийн болон бусад баримт бичгийг гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах” гэж тус тус заасан ба энэхүү хуулийн заалтууд болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “ШИ” ХХК нь татвар төлөгчийн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд татвар төлөгч нь анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах, нотлох баримтын шаардлага хангасан анхан шатны баримтуудыг гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах үүрэгтэй байх тул “ШИ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 7 дугаар зүйлийн 7.1, 7.6, 7.7, Татварын ерөнхий /2008 оны/ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-д заасныг тус тус баримтлан “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Г.А, М.Г нарын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №*** тоот актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий “ШИ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ШИ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ