Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2024/0153

 

Н.Б, Ч.М, Б.Н, Д.У, Д.О, Б.Ц, Д.Б

нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А

Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/243 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг болох захирамжийн хавсралтын 11 дэх хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 17 дугаар

Хэргийн индекс: 128/2023/0689/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нараас Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/243 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг болох захирамжийн хавсралтын 11 дэх хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 57 дугаар зүйлийн 57.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б нарын нэр бүхий 7 иргэнээс Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох “Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/243 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг болох захирамжийн хавсралтын 11 дэх хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            Анхан шатны шүүхээс Н.Б нарын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, бусад баримтуудтай нэг бүрчлэн харьцуулан үзэж нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй байх талаас нь үнэлээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үүргийг анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан зэрэг нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Улмаар маргаан бүхий А/243 дугаар захирамжийн 2 дахь заалтаар газар чөлөөлөх ажлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Газар зохин байгуулалтын албанд даалгаж шийдвэрлэсэн ба Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гарааш тус бүр дээр мэдэгдэх хуудсыг наасан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу хийж гүйцэтгэсэн гэж үзэхээр байна” гэх дүгнэлт хийсэн нь шүүгч тухайн хэргийн талаар нэг мөр ойлголтгүй, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудтай бүрэн дүүрэн танилцаагүй, талуудын шүүхэд гаргасан тайлбарыг нотлох баримттай харьцуулаагүй, хэргийн үйл баримт, хууль хэрэглээний талаар илтэд алдаатай дүгнэлт хийсэн байгааг дурдаж байна.

Нэхэмжлэгч нар нь Баянгол дүүрэг 33 дугаар хороо 67 дугаар байрны оршин суугчид бөгөөд “Х б” СӨХ-ны эзэмшил газар болох 3533 м.кв газраас 126 м.кв талбай бүхий газарт 2009 оноос шүүхэд нэхэмжлэл гаргах цаг хугацаа хүртэл өөрсдийн хөрөнгөөр барьж бий болгосон авто гараашнуудыг эзэмшиж, ашиглаж байгаа билээ. Учир нь нэхэмжлэгч нар нь 67 дугаар байрандаа анх баригдсан цаг хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл оршин суудаг уг сууц өмчлөгчдийн холбоонд бүртгэлтэй гишүүд юм. “Х б” СӨХ-ны эзэмшил газар болох 3533 м.кв газрыг 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдөр нийслэлийн Засаг даргын 477 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” захирамж гарч улмаар нийслэлийн Газрын албаны дарга, газар зохион байгуулагч, “Х б” СӨХ-ны дарга нар Сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглуулах гэрээг байгуулсан юм. Өөрөөр хэлбэл, 2011 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс хойш “Х б” СӨХ нь уг газрыг хуульд заасны дагуу эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд сууц өмчлөгчид болох тэдэнд уг газрыг бодитойгоор эзэмшүүлж ашиглуулахаар болсны үндсэн дээр нэр бүхий 7 иргэн хөрөнгө гаргаж авто машины граш барьсан.

Үүний дагуу тэд 2011 оноос хойш сууц өмчлөгчдийн холбоондоо холбогдох газар ашигласны хураамжаа сар бүр тогтмол төлсөөр ирсэн. Гэтэл анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчиж дээр дурдагдаж буй нэхэмжлэгч нар “Х б” СӨХ-д газар ашигласны төлбөр төлж байсан эсэх талаарх нотлох баримтыг цуглуулж дүгнэлт хийх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Мөн хэрэгт авагдсан баримтыг талуудын гаргасан тайлбартай харьцуулж тал бүрээс бүрэн дүүрэн бодитой шийдвэр гараагүйд гомдолтой байна.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 7 иргэний 5 иргэн нь 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан бөгөөд ингэхдээ улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг төлсөн. Үлдсэн хоёр нэхэмжлэгч болон Б.Ц, Д.Б нар нь 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан бөгөөд ингэхдээ мөн л адил 70.200 төгрөгийг төлсөн.

Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 8176 дугаар “Захиргааны хэргийг нэгтгэх тухай” захирамжаар уг хоёр хэргийг нэгтгэн шийдвэрлэсэн. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д “...тогтоосон хэмжээнээс илүү хураасан” төлсөн бол буцаан олгохоор хууль тогтоогчид хуульчилсан байх боловч уг заалтыг анхаарч үзэхгүй байгаад гомдолтой байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүх рүү дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:      

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч Н.Б, Ч.М, Б.Н, Д.У, Д.О, Б.Ц, Д.Б нараас Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/243 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх шүүхэд гаргажээ.

2.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/243 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг болох захирамжийн хавсралтын 11 дэх хэсгийг хүчингүй болгуулах” гэж өөрчлөн маргасан байна.

2.3. Уг Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/243 дугаар захирамжаар “...Дүүргийн нутаг дэвсгэрт Улс нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын ажил, авто зам, явган зам, гудамж талбайн тохижилтын ажлыг эрчимжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах зорилгоор дүүргийн 2, 3, 5, 7, 10, 20, 33, 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан тоосгон гараашнуудыг чөлөөлж зөрчлийг арилгах, газар чөлөөлөх байршлуудыг баталсан” байна.

2.4. Анхан шатны шүүх “Нэхэмжлэгч нар нь тухайн гараашнуудыг “Х б” СӨХ-ны эзэмшлийн газар болох 3533 м.кв газраас 126 м.кв газарт өөрсдийн хөрөнгөөр гарааш барьсан, сууц өмчлөгчдийн холбоонд газар ашигласан хураамжийг сар бүр төлбөрийг төлж байсан гэх боловч тэдгээрт газар эзэмшүүлж, ашиглуулах талаар эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэр гараагүй байна, ...Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/243 дугаар захирамжийн хавсралтын 11 дүгээрт 33 дугаар хороо, 67 дугаар байр, 88/1 дүгээр байрны дунд байрлах 7 ширхэг гараашийг нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүйгээр гарааш барьсан гэх үндэслэлээр чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн” гэж үндэслэлтэй зөв дүгнэлт хийж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.5. Учир нь Газрын тухай хуулийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нараас газар эзэмших эрхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авахаар холбогдох байгууллагад хүсэлт гаргаж байгаагүй, нэхэмжлэгч нарт уг газрыг эзэмшүүлэх, ашиглуулахаар эрх бүхий этгээдээс аливаа шийдвэр гаргаагүй, гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй байгаа энэ тохиолдолд маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2.6. Түүнчлэн нэхэмжлэгч нараас “Х б” СӨХ-ны эзэмшил газар болох 3533 м.кв газраас 126 м.кв талбай бүхий газарт 2009 оноос шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл өөрсдийн хөрөнгөөр барьж бий болгосон авто гараашнуудыг эзэмшиж ашиглаж байгаа гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нийслэлийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 477 дугаар захирамжаар “Х б” СӨХ-д орон сууцны орчны газрын зориулалтаар 3533 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглуулах эрх олгосон байх бөгөөд газар ашиглах эрхийн хугацаа дуусгавар болсон, газар ашиглах хугацааг сунгасан эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй, нийслэлийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/206 дугаар захирамжаар “Х б” СӨХ-д газар ашиглах эрх олгосон нийслэлийн Засаг даргын захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсон болох нь нэгэнт тогтоогдож буй энэ тохиолдолд нэхэмжлэгч нарыг маргаан бүхий газрыг эзэмших, ашиглах эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлгүй.

2.7. Нөгөөтээгүүр, анх шүүхэд нэхэмжлэгч Н.Б, Ч.М, Б.Н, Д.У, Д.О нарын нэр бүхий 5 иргэн нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэл гарахдаа улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн байна. Харин нэхэмжлэгч Б.Ц, Д.Б нарын хувьд 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг төлсөн байх бөгөөд анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

2.8. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэж заасны дагуу анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг тус бүр урьдчилсан төлсөн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх 2 захиргааны хэргийг нэгтгэж ийнхүү шийдвэрлэсэн байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч нарыг улсын тэмдэгтийн хураамжийг илүү төлсөн гэж үзэж буцаах үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 17 дугаар дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                            Ц.САЙХАНТУЯА

 

 

                      ШҮҮГЧ                                                            О.ОЮУНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН