Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 82

 

 

 

 

 

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ц.Дэнсмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Батжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Хандмаа,

Шүүгдэгч: Т.Гантөмөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шар толгой овогт Төмөр-Очирын Гантөмөрт холбогдох 201615000232 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, халх, эрэгтэй, 40 настай, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эцгийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 53-05 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2006 онд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 capын хугацаагаар баривчлах ялаар, 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1/106 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 01 capын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Шар толгой овогт Төмөр-Очирын Гантөмөр /РД: ЙД76062711/

Шүүгдэгч Т.Гантөмөр нь 2016 оны 06 дугаар сараас 07 дугаар сарын 10-ны хооронд өөрийн эзэмшлийн 15-58 ӨВЗ улсын дугаартай “Хенсим” маркийн мотоцикль ашиглаж Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 53-05 тоотод оршин суух иргэн Т.Хүрэлмаагийн гэрийн хаалганы цүүг сугалж хууль бусаар нэвтрэн иргэн Т.Гэрэлмаагийн эзэмшлийн 249 ширхэг хар модон банз хулгайлан авч 679 200 төгрөг, мөн тус хашаанд оршин суух төрсөн эцэг Я.Төмөр-Очирын гэрээс Т.Хүрэлмаагийн эзэмшлийн угаалгын машин, хөлдөөгч зэргийг хулгайлан авч 270 000 төгрөгийн буюу нийт 949 200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч Т.Гантөмөр нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэсэн тул улсын яллагчийн саналаар Т.Гантөмөрийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгийг уншиж сонсгов.

            Шүүгдэгч Т.Гантөмөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэхдээ:... 2016 оны 06 дугаар сард Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 53-05 тоотод байх хашаанаасаа хажуу айл болох хүргэн З.Бат-Оргилын гэрт хураасан байсан дүү Т.Гэрэлмаагийн 2015 оны хавар хашаа барина гэж авсан банзнуудыг өөрийн 15-58 ӨВЗ улсын дугаартай 150000 төгрөгөөр авч байсан мотоциклиороо ганцаараа нилээн хэдэн өдөр зөөж дуусгасан. Би хүмүүсээс банз авах уу? гэж асуухаар авна гэвэл дүүгийн гэрээс тооноор нь зөөж зардаг байсан. Энэ хавар манай дүү Т.Хүрэлмаа хот явахдаа угаалгын машин, хөлдөөгч хоёроо үлдээгээд явсныг нь би 6 дугаар сард яг хэдний өдрийг нь санахгүй байна, Отгон гэх хүүхнийд хөлдөөгчийг нь аваачна гэж аавдаа худлаа хэлж авч гараад хувь хүнд нийлүүлээд 100.000 төгрөгөөр зарсан. Дүү нартаа энэ талаар хэлээгүй. /хх-ийн 54, 56 хуудас/

            Хохирогч Т.Гэрэлмаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би 2015 оны 04 дүгээр сард хүнээс 250 ширхэг 2м урттай нимгэн банз аваад Арвайхээр сумын 9 дүгээр баг 53-05 тоотод оршин суух төрсөн эгч Т.Хүрэлмаагийн гэрт банзнуудаа хураачихаад Улаанбаатар хот руу ажил хийхээр явсан. Манай эгч миний араас 2016 оны 04 дүгээр сард Улаанбаатар хотод ажил хийх гэж ирсэн. Тэгээд 2016 оны 07 дугаар сарын 10-ны 23 цагийн орчимд гэртээ ирсэн. Тухайн үед ах Гантөмөр хашааны хаалга онгойлгож өгсөн. Тэгээд бид нар аав Төмөр-Очирын гэрт ороод цай уугаад сууж байтал ах Гантөмөр намайг дуудаад гаргасан. Тэгээд надад ах нь банзнуудыг чинь зарчихсан шүү. Маргааш 200.000 төгрөг олоод үлдсэнийг нь дараа нь олоод өгнө гэж хэлсэн. Тэр үед эгч Хүрэлмаа сонсчихоод ахыг загнасан чинь ах гараад явчихсан. Тэрнээс хойш гэртээ өдөр нь ирэхгүй, шөнөдөө ирж хоноод байгаа. Надад банз зарсан хүнийг хаана байдгийг нь болон нэрийг нь мэдэхгүй байна. Уг банзнуудаас 1 ширхэг банзыг нь хэрэглэчихсэн нийт 249 ширхэг банз нь Хүрэлмаагийн гэрт хураалттай байсан. Тэр хашаанд манай ах Гантөмөр, аав Төмөр-Очир нар нэг гэрт хамт амьдардаг. Эгчийн гэр тусдаа нэг талд нь байдаг. Эгч бид хоёрыг хотод ажиллаж байх үед аав ах хоёр хашаандаа хамт байдаг байсан. Ах аавыг архи уусан үед нь л уг банзнуудыг авсан байх. Ахын найзууд нь бас банз хураалттай байгааг мэдэх байх. Т.Гантөмөр нь миний төрсөн ах болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 24-25 хуудас/

Хохирогч Т.Хүрэлмаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2016 оны 07 дугаар сарын 10-ны 23 цаг өнгөрч байх үед Арвайхээр сумын 9 дүгээр баг 53-05 тоотод байх гэртээ Улаанбаатар хотоос ирэхэд ах Гантөмөр хашааны хаалга онгойлгож өгсөн. Тэгээд аавынд цай ууцгааж байхад ах Гантөмөр дүү Гэрэлмааг дуудаад ах нь банзыг чинь зарчихсан шүү гэж хэлж байсан. Тэгээд Гэрэлмааг орж ирэхээр нь би зөрж гараад Гантөмөр ахыг загнахад гараад явчихсан. Тэрнээс хойш гэртээ шөнөдөө л ирж хоночихоод босоогүй байхад гараад явчихдаг болсон. Улаанбаатар хот явахдаа аав Төмөр-Очирынд гэрт нь гэрийнхээ цагаан өнгийн угаалгын машин, цагаан өнгийн хөлдөөгч зэргийг оруулаад үлдээчихээд явсан байсан. Гэрт ирэхэд Гэрэлмаагийн банзнаас гадна аавынд байсан хөлдөөгч, угаалгын машин зэрэг алга болсон байсан. Өмнө нь хотод байхдаа ах Гантөмөр рүү ярихад угаалгын машиныг мэдэхгүй, хөлдөөгч чинь авгайгийнд авааччихсан байгаа гээд байсан. Тэр авгай нь гэх Отгоо руу ярихад мэдэхгүй, тийм зүйл авчраагүй, би тэр хүнтэй харьцахаа болиод удаж байна гэж ярьж байсан. Одоо тэр хүн Өмнөговь аймагт байгаа. Уг хашаанд аавынх манайх гээд 2 гэр л байдаг. Манай гэрт банз байгааг бүгд л мэднэ. Ах Гантөмөр аавтай хамт амьдардаг. Тэднийд угаалгын машин үлдээснийг аав ах бүгд мэднэ. Манай эзэмшлийн эд зүйл байгаа юм. Эзгүй болохоор аавынхыг хэрэглэ гэж үлдээсэн байсан. Аав гэрт нь оруулсныг мэдэж байгаа. Аав намайг эзгүй хойгуур л Гантөмөр авчихсан байх гэж хэлж байсан. Т.Гантөмөр манай ах болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. /хх-ийн 28-29 хуудас/

Гэрч Я.Төмөр-Очир мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Манай охин Гэрэлмаа хотод ажил хийдэг. Манай хүүхдүүд 2016 оны 07 дугаар сарын 10-ны орой хотоос ирцгээгээд гэртээ ороход манай охин Гэрэлмаагийн хүргэн Бат-Оргилын гэрт хураасан байсан банзнууд алдагдсан байсан. Уг хашаанд манай хүргэн, манайх 2 гэр л байдаг. Хүргэнийх хот руу 04 сард явахдаа банзаа гэртээ хураагаад явцгаасан. Гэр нь цоожтой үлдсэн. Түлхүүр надад үлдээгээгүй. Тэр гэрт ороогүй банз хураасныг надтай амьдардаг хүү Гантөмөр мэднэ. Гантөмөр уг нь архи уугаад байдаггүй. Сүүлийн хэдэн cap архи уугаад байдаг болчихсон. Гэр орноосоо сүүлийн үед юм зарж архи уугаад байдаг болчихсон. Тэрнээс болж охин Гэрэлмаагийн банз алдагдсан байх. Хавар 4 сарын дундуур манай хүүхдүүд Улаанбаатар хот явахдаа цагаан өнгийн жижиг хөлдөөгч, цагаан өнгийн угаалгын машин зэргийг манайд үлдээгээд явсан. Тэгээд би өдөр нь гэртээ байхгүй шахуу гадуур ажилтай явж байгаад л оройдоо ирдэг байсан. Намайг эзгүй хойгуур хөргөгч, угаалгын машин нь нэг мэдэхэд л алга болсон байсан. Яг хэзээ алдагдсаныг нь мэдэхгүй. Нэг мэдэхэд л алга болсон байсан. Гантөмөрөөс асуухаар мэдэхгүй л гээд байгаа. /хх-ийн 30-31 хуудас/

Гэрч З.Бат-Оргил мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2016 оны 07 дугаар сарын 10-ны 23 цаг өнгөрч байх үед Арвайхээр сумын 9 дүгээр баг 53-05 тоотод байх гэртээ Улаанбаатар хотоос ирсэн. Тэгээд хадам аав Төмөр-Очирын гэрт орж цай уучихаад гэрээ онгойлгох гэтэл цүү нь сугараад гараад ирсэн. Тэгээд дотогшоо ортол хадам дүү Гэрэлмаагийн хураасан байсан банзнууд нь алга болчихсон, гэрт архины шил, тамхины иш зэрэг зүйлс байсан. Уг хашаанд аавынх манайх 2 гэр л байдаг. Манай гэрт банз байгааг бүгд мэднэ. Хадам ax Гантөмөр аавтайгаа хамт амьдардаг. Би уг банзнуудыг гэртээ өөрөө тоолж хураасан. /хх-ийн 34 хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ¹07/34, 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ¹08/19, 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ¹08/22 дугаартай үнэлгээний тайлангууд, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэлүүд, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1/106 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 1-4, 5-9, 11-12, 18-21, 38-39, 44-45, 64-67 хуудас/

Шүүгдэгч Т.Гантөмөрийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 78 дугаар тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57, 60 хуудас/

Шүүгдэгч Т.Гантөмөрийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Т.Гантөмөр нь 2016 оны 06 дугаар сараас 07 дугаар сарын 10-ны өдрийн хооронд өөрийн эзэмшлийн 15-58 ӨВЗ улсын дугаартай “Хенсим” маркийн мотоцикль хэрэглэн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 53-05 тоотод оршин суух хохирогч Т.Хүрэлмаагийн гэрээс хохирогч Т.Гэрэлмаагийн эзэмшлийн хар модон банз 249 ширхэгийг хулгайлж 679.200 төгрөгийн, мөн тус хашаанд оршин суух өөрийн төрсөн эцэг Я.Төмөр-Очирын гэрээс хохирогч Т.Хүрэлмаагийн эзэмшлийн угаалгын машин 1 ширхэг, хөлдөөгч 1 ширхэгийг хулгайлж 270.000 төгрөгийн буюу нийт 949.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.Гэрэлмаагийн би 2015 оны 04 дүгээр сард хүнээс 2м урттай нимгэн банз 250 ширхэгийг авч Арвайхээр сумын 9 дүгээр баг 53-05 тоотод оршин суух төрсөн эгч Т.Хүрэлмаагийн гэрт хураачихаад Улаанбаатар хот руу ажил хийхээр яваад 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 23 цагийн орчимд гэртээ ирэхэд банзнууд алга болсон байсан. Хохирогч Т.Хүрэлмаагийн 2016 оны 07 дугаар сарын 10-ны 23 цаг өнгөрч байх үед Улаанбаатар хотоос ирэхэд Гэрэлмаагийн банзнаас гадна аавынд байсан хөлдөөгч, угаалгын машин зэрэг алга болсон байсан. Гэрч Я.Төмөр-Очирын манай хүүхдүүд 2016 оны 07 дугаар сарын 10-ны орой хотоос ирцгээгээд гэртээ ороход манай охин Гэрэлмаагийн хүргэн Бат-Оргилын гэрт хураасан байсан банзнууд алдагдсан байсан. Хавар 4 сарын дундуур манай хүүхдүүд Улаанбаатар хот явахдаа цагаан өнгийн жижиг хөлдөөгч, цагаан өнгийн угаалгын машин зэргийг манайд үлдээгээд явсан. Намайг эзгүй хойгуур хөргөгч, угаалгын машин нэг мэдэхэд алга болсон байсан. Гэрч З.Бат-Оргилийн 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 23 цаг өнгөрч байх үед Улаанбаатар хотоос ирээд гэрээ онгойлгох гэтэл цүү нь сугараад гараад ирсэн. Тэгээд дотогшоо ортол хадам дүү Гэрэлмаагийн хураасан байсан банзнууд алга болчихсон байсан гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ¹07/34, 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ¹08/19, 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ¹08/22 дугаартай үнэлгээний тайлангууд, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэлүүд, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1/106 дугаар шийтгэх тогтоолын хуулбар, шүүгдэгч Т.Гантөмөрийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Т.Гантөмөрийн үйлдсэн хэрэг нь тогтоогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Т.Гантөмөр нь ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1/106 дугаар шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар хамаарагдаж хэрэгсэхгүй болсон байна. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д зааснаар энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүйг хуульчилсан байх тул шүүгдэгч Т.Гантөмөрийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байгааг дурьдав.

Шүүгдэгч Т.Гантөмөрт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг давтан үйлдлээр, тээврийн хэрэгсэл хэрэглэн, бусдын орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Т.Гантөмөр нь хувьд ногдох эд хөрөнгөгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр ял оногдуулах нь зүйтэй.     

            Шүүгдэгч Т.Гантөмөр нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг тус тус харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Т.Гантөмөрийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 15-58 ӨВЗ улсын дугаартай, хар өнгийн “Хенсим” маркийн хуучин мотоцикль нь түүний эзэмшлийнх болох нь хэрэгт авагдсан хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, үнэлгээний тайлан болон бусад баримтуудаар тогтоогдож байх тул уг мотоциклийг хурааж улсын орлого болгож,

Хэрэгт шүүгдэгч Т.Гантөмөрийн эзэмшлийн 1000 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэгийг битүүмжилсэн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч Т.Гантөмөрт буцаан олгож,

Шүүгдэгч Т.Гантөмөр нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол төлөгдөөгүй боловч хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Шар толгой овогт Төмөр-Очирын Гантөмөрийг давтан үйлдлээр, тээврийн хэрэгсэл хэрэглэн, бусдын орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Т.Гантөмөрт эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Т.Гантөмөрт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Т.Гантөмөрийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн түүний эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 15-58 ӨВЗ улсын дугаартай, хар өнгийн “Хенсим” маркийн хуучин мотоциклийг хурааж улсын орлого болгосугай.

5.Шүүгдэгч Т.Гантөмөр нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Т.Гантөмөрийн эзэмшлийн 1000 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэгийг битүүмжилсэн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч Т.Гантөмөрт буцаан олгосугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Т.Гантөмөрт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар шүүгдэгч Т.Гантөмөрийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 303.2, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Гантөмөрт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Х.ОТГОНЖАРГАЛ