Шүүх | Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Донийн Отгонбаатар |
Хэргийн индекс | 163/2022/0183/Э |
Дугаар | 2022/ШЦТ/185 |
Огноо | 2022-08-16 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Ган-Очир,
шүүгдэгч, хохирогч Б.Э*******, Б.Б******* нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б*******, Б.Э******* нарт холбогдох эрүүгийн 2215000000176 дугаартай, 163/2022/0183/Э индекстэй хэргийг 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт Б*******ы Б*******, Булган аймаг, ******* суманд 1988 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, Булган аймаг, Булган сум, 1 дүгээр баг, Шинэ хорооны 16 дугаар гудамжны 1106 тоотод оршин суух бүртгэлтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, 34 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: *******.
Монгол Улсын иргэн, ******* овогт Б******* Э*******, Булган аймаг, ******* суманд 1975 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, Булган аймаг, Хишиг- Өндөр сум, 4 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 50 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, эрэгтэй, 46 настай, РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б*******, Б.Э******* нар нь 2022 оны 06 дугаар сарын 25-ны орой архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймаг, ******* сум, 4 дүгээр багийн нутагт хоорондоо хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2215000000176 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.Б*******, Б.Э******* нар нь 2022 оны 06 дугаар сарын 25-ны орой архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймаг, ******* сум, 4 дүгээр багийн нутагт хоорондоо хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э*******ы өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг,
3. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Б*******ын өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 25-ны орой 22 цагийн орчим Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн Яншилтын үзүүр гэх газарт хонио гэрийн зүг ойртуулаад төрсөн ах Б*******ы гэрт орсон. Ахын гэрт ороход нутгийн танил ах Э******* нэлээн согтуу байсан. ...Би Э*******ыг мотоциклд суулгаж өгөх гээд явж байтал Э******* Б******* надад нэг шил архи өгнө гэж хэлтэл манай бэр эгч Б нэг шил архи авч өгсөн. Тэгтэл Э******* чи надад жижиг шилтэй архи өглөө, би ийм архи уудаггүй юм гэж хэлэхээр нь би хүний өгсөн юмыг голоод гэж хэлсэн. Тэгтэл Э******* манай бэр эгчийн өгсөн архийг газарт шидсэн. Тэгэхээр нь би Э*******ы дээлийн ар хэсгээс нь бариад мотоциклд суулгах гэтэл миний араас дээлийн захаас хойш нь татаад хоолой боохоор нь эргээд хартал Баяраа байсан. Би Баярааг чи яах гээд байгаа юм бэ? боль гэж хэлтэл Э******* миний хэвлий хэсэгт 2-3 удаа, гуя хэсэгт нэлээн олон удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би зөрүүлээд Э*******ы нүүр хэсэгт гараараа 1-2 удаа цохисон. Тэгтэл манай бэр эгч Б ирж бид хоёрыг салгасан. Э******* гэрийн үүдэнд байсан нохойн хоолны саваар миний толгой хэсэгт цохисон. Тухайн нохойн хоолны сав нь доод талдаа ирмэгтэй байсан. Уг ирмэг хэсгээр намайг цохисны улмаас миний толгой хагарсан. ...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
4. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Э*******ы өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 25-ны орой Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутагт тус багийн өдөрлөг зохион байгуулагдсан. Тухайн өдөрлөгийг үзэж дуусаад гэрийн зүг явж байтал Батсайхан дуудахаар нь явж очоод мэнд усаа мэдсэн. Тэгээд явах гэж байтал тус багийн малчин Б******* нь намайг муу хулгайчуудаа хонины хажуугаар аятайхан яваарай хонь хулгай хийв гэж хэлсэн. Тэгтэл надтай хамт явсан Баяраа нь бид нар юу гэж хулгай хийх юм гэж хэлсэн. Тэгтэл Баярааг Б******* татаж унагаагаад нэлээн олон удаа цохисон. Мөн над руу уурлаад намайг заамдаж сэгсэрч байгаад газар унагаагаад миний дээр сууж байгаад толгой хэсэгт нэлээн олон удаа цохиод байж байтал Б.Сарнай ирж бид хоёрыг салгасан юм. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
5. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Б*******ы өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 25-ны орой 21-22 цагийн орчим Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн Яшилтын үзүүр гэх газарт гэртээ хүмүүстэй ганц хоёр шил архи уугаад байж байсан. Манай багийн Э*******, Баяраа нар архи уучихсан согтуу орж ирсэн. ...манай эхнэр гаднаас орж ирээд Б*******ыг Баяраа, Э******* хоёр зодож байна гэж хэлээд ороод ирсэн. Би гарч салгах гэсэн чинь гэрт байсан хүмүүс намайг гаргаагүй юм. Тэгээд байж байгаад том охин Бийн хамт гарсан ба Б*******, Э******* хоёр хоорондоо барьцалдаад авчихсан зодолдож байхаар нь салгах гэтэл манай охин намайг явуулахгүй хориод байж байтал Б*******, Э******* хоёрыг нэг хүн салгасан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
6. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Бийн өгсөн: ...Б*******, Э******* нар нь орилолдоод байхаар нь гараад иртэл Б*******ыг Баяраа араас нь боогоод Э******* нь урдаас бариад дундаа хийгээд Э******* нь Б*******ыг цохиж байсан. Би очоод Баярааг нь салгаж машины руу аваачиж орхиод тэр хоёрыг салгах гэсэн боловч Э*******, Б******* хоёр хоорондоо ноцолдож, зодолдоод салж өгөхгүй болохоор нь гэртээ ороод хэсэг байж байгаад гараад ирсэн. Тэгэхэд Э*******, Б******* хоёр хоорондоо зодолдоод салаагүй байсан ба Э******* нь манай нохойны никель өнгөтэй тавгийг барьчихсан Б*******ыг цохиод байж байхаар нь очиж салгасан. Уг тавгийг авах гэтэл намайг заамдаж миний хүзүүний гинжийг таслахаар нь та миний хүзүүний гинжийг яагаад тасалж байгаа юм бэ? гэж хэлтэл наадах зүүлтийг чинь төлөөд өгчихнө гэж хэлээд орилж хашхираад салж өгөхгүй байсан. Тэгээд нөгөөдөх хоёрыг үлдээгээд гэртээ орсон. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,
7. Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч М.Бийн өгсөн: ...Тэгээд гэртээ ороод байж байтал аав Б******* согтуу гэрээс гарсан. Дагаад гараад иртэл Э*******, Б******* хоёр хоорондоо барьцалдаж авсан байсан. Тэгэхэд ээж Б очиж салгаад Б******* ахыг салгаж цааш нь авч явсан. Харин аавыг гэртээ оруулах гээд түлхээд байж байтал араас нохойны идүүр барьж ирээд миний зүүн талын шанаа толгойны ар хэсэгт тус бүр нэг, нэг удаа цохисон юм. Тэгээд Э*******ыг ээж салгаж авч яваад зодоон дууссан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,
8. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Эын өгсөн: ...Э*******тай барьцалдаж байгаад хоорондоо зодолдоод байсан. Хэн нь хэнийгээ хэдэн удаа цохисныг хараагүй. Б*******, Э******* хоёр хоорондоо зодолдоод салахгүй байж байсан чинь тэнд байсан хүмүүс салгасан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
9. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 105 дугаартай: Б.Б*******ын биед хуйханд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх сорви нь ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болохыг нарийн тогтоох боломжгүй. Уг сорви нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд буюу 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр үүссэн байхыг үгүйсгэхгүй. Хуйханд үүссэн сорви нь учрах үедээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахаар байсан тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 58-59 дэх тал/,
10. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 92 дугаартай: Б.Э*******ы биед хамрын ясны хугарал, хамрын таславч мурийлт, зүүн нүдний алимны салст, баруун хацар, зүүн нүдний зовхи, хамар хэсгийг хамарсан цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байхаар байна. Дээрх гэмтлүүд нь шинэг гэмтлүүд ба бүгд нэг цаг хугацаанд, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Хамрын ясны хугарал, хамрын таславч мурийлт, зүүн нүдний алимны салст, баруун хацар, зүүн нүдний доод зовхи, хамар хэсгийг хамарсан цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Баруун нүдний доод зовхинд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 48-50 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт зэргээр хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан шүүгдэгч, хохирогч Б.Б*******, Б.Э*******, гэрч П.Б*******, М.Б, Б.Б, С.Э нарын өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүд, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.Э*******, Б.Б******* нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч Б.Б******* нь 2022 оны 06 дугаар сарын 25-ний өдөр Булган аймаг, ******* сум, 4 дүгээр багийн нутагт Б.Э*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний бие эрх чөлөөнд халдаж толгой, нүүр хэсэгт цохих зэргээр биед нь хамрын ясны хугарал, хамрын таславч мурийлт, зүүн нүдний алимны салст, баруун хацар, зүүн нүдний зовхи, хамар хэсгийг хамарсан цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол,
шүүгдэгч Б.Э******* нь 2022 оны 06 дугаар сарын 25-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймаг, ******* сум, 4 дүгээр багийн нутагт Б.Б*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний бие эрх чөлөөнд халдаж хэвлий, гуя хэсэгт нь цохих, өшиглөх, нохойны идүүрээр толгой хэсэгт нь цохих зэргээр биед нь хуйханд сорви бүхий хөнгөн хохирлыг тус тус санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б*******, Б.Э******* нарын бие биеэ цохиж, өшиглөсөн гэм буруутай үйлдэл, өөрсдийнх нь биед учирсан хөнгөн гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой, энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Шүүгдэгч Б.Б*******, Б.Э******* нар нь гэм буруугийн талаар маргаагүй, тэдний бие биенийхээ эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл тул прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б*******, Б.Э******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Э*******, Б.Б******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч нар нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэл гаргаагүй. Хоорондоо ямар нэг гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Иймд Б.Б*******, Б.Э******* нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй гэж үзэв.
Хоёр: Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Б*******, Б.Э******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Б.Б*******, Б.Э******* нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Б*******, Б.Э******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 64-69, 71-76, 81-82 дахь талд авагдсан цагдаагийн газрын цахим системийн зөрчлийн талаарх лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, багийн Засаг даргын тодорхойлолт, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг тэдний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Э******* нь Булган аймаг, ******* суманд 1975 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймаг, Хишиг- Өндөр сум, 4 дүгээр багт мал маллан амьдардаг, урьд Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 50 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, шүүгдэгч Б.Б******* нь Булган аймаг, ******* суманд 1988 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, ам бүл 1, Булган аймаг, Булган сум, 1 дүгээр баг, Шинэ хорооны 16 дугаар гудамжны 1106 тоотод оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг тэдний хувийн нөхцөл байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Б*******, Б.Э******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 4/87 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Б*******, Б.Э******* нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хоорондоо эвлэрсэн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх төлбөргүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.Б*******, Б.Э******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь тэдний үйлдсэн хэргийн гэм буруу, хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар болон хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр никель, нохойны идүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б*******, Б.Э******* нар нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Б*******ы Б*******, ******* овогт Б******* Э******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******, Б.Э******* нарыг тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б*******, Б.Э******* нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б*******, Б.Э******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр никель, нохойны идүүр бүхий сав нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Шүүгдэгч Б.Б*******, Б.Э******* нар бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч нар гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАР