| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2018/02175/И |
| Дугаар | 102/ШШ2018/02039 |
| Огноо | 2018-06-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2018/02039
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 2-р хороо, Рокмон бюлдинг, А зааланд байрлах, РД-2693925, Сар шинэ интернэшнл ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 23-р хороо, Зүүн нарангийн 10-р гудамжны 242 тоотод оршин суух, эрэгтэй, РД-УХ88062998, Боржигон овогт Батбаатарын Батсайханд холбогдох
2 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч эрсдэлийн албаны ажилтан Ч.Ганболд, хариуцагч Б.Батсайхан, нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 2 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багасган, 1 800 000 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Б.Батсайхан нь манай байгууллагатай 2011-12-30 өдөр цалин барьцаалсан зээлийн ЗГ1201143880 тоот гэрээг байгуулж, 1 500 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,3 хувийн хүүтэйгээр зээлсэн. Үндсэн зээлээс 2018-05-18 өдрийг хүртэл 490 000 төгрөг, үндсэн хүү 309 375 төгрөг төлж, үлдсэн төлбөрийг төлөөгүй.
Иймд Б.Батсайханаас үндсэн зээлд 1 010 000 төгрөг, зээлийн хүүд 2 513 478 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 514 888 төгрөг, нийт 6 038 366 төгрөгийг төлүүлэхээс 4 038 366 төгрөгийг хасч, 2 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Одоо үүнийг багасгаж, 1 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
Хариуцагч тайлбартаа: Зээл аваад би уул нь тэр үедээ мөнгө төлж байсан. Хамгийн багадаа 120 000 төгрөгөөр төлж байсан. Би хөдөө ажилладаг.Манай эхнэр мөнгийг миний цалингаас төлдөг байсан. Одоо нэхэмжлэгчийн яриад байгаа шиг 120 000-аас багаар төлөлт хийгээгүй. Зээл хариуцсан ажилтан нь гээд манай зээлийн графикийг барьчихсан, оройн цагаар баарны цэнгээний газарт авчирч мөнгөө төлж гэж шаарддаг, эхнэр олон удаа ганцаараа очиж, 2016 онд 05-08 сарын хооронд 250 000 төгрөгөөр 2 удаа, 350 000 төгрөгөөр 1 удаа, 300 000 төгрөгөөр 1 удаа төлсөн. Нэг удаа төлөхөд нь би өөрөө байж таарч, хамт очиж мөнгө өгч байсан. Бэлэн мөнгө авсан гээд нэг баримт өгдөг. Тэр нь эхнэрт байсан. Түүнээс хойш эхнэр бид 2 салсан. Эхнэр Замын-Үүдэд байгаа. Зээл 6 сая төгрөг гарчихсан гэхээр нь 1 800 000 төгрөг нь арай дээр юмуу гэж бодоод төлөхөөр зөвшөөрөөд байгаа юм гэв.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан цалин барьцаалсан зээлийн гэрээ, зээлийн баталгаа, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг 2018-05-22 өдөр шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас 1 800 000 төгрөгийг хариуцагч тодорхой хугацаанд төлөхөөр эвлэрсэн тухай гэрээг шүүхэд ирүүлсэн боловч уг гэрээ нь хуульд нийцээгүй байх тул шүүх эвлэрлийг батлах боломжгүй.
Нэхэмжлэгч хариуцагч нар цалин барьцаалсан зээлийн гэрээг 2011-12-30 өдөр байгуулан, нэхэмжлэгч хариуцагчид 1 500 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сард 3,3 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохирсон байна.
Зээлдэгч зээлийн гэрээний үүрэгт 2011-12-30 өдрөөс 2014-01-16 өдрийг хүртэл хугацаанд 6 удаагийн төлөлтөөр зээлд 490 000 төгрөг, 2012-08-15 өдрийг хүртэл хугацаанд 9 удаагийн төлөлтөөр зээлийн хүүд 309375 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчээс ирүүлсэн зээлдэгчийн дэлгэрэнгүй хүснэгтээр тогтоогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагын ажилтанд 2016 оны 05-08 сарын хооронд 1 150 000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч тайлбараа нотлоогүй.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг 2014-01-16 өдрөөс хойш шаардсан болохоо нотлоогүй бөгөөд 2016 онд хариуцагчийн зээлийг хариуцан ажилласан ажилтнаа тодорхойлох боломжгүй тухай тайлбарыг шүүхэд гаргалаа.
Зээлийн гэрээний хугацаа 2012-12-30 өдөр дууссан байх бөгөөд зээлдэгч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, үүргээ зөрчсөн байхад нэхэмжлэгчээс ирүүлсэн баримтаар гэрээний хугацааг хэтрүүлэн хариуцагч хамгийн сүүлд төлөлт хийсэн гэж тэмдэглэгдсэн 2014-01-16 өдрөөс хойш зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардах Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хэлэлцэх 3 жилийн хугацаа 2017-01-16 өдөр дууссан байна.
Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй байна.
Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хариуцагчид шилжүүлж өгсөн 1 500 000 төгрөгөөс хариуцагч 1 010 000 төгрөгийг буцааж төлөөгүй хариуцагч энэ мөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн байгааг нэхэмжлэгч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу буцаан шаардах эрхтэй байна.Иймд нэхэмжлэлээс энэ хэсгийг хангав.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 46 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 28 790 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.