| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2022/0199/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/199 |
| Огноо | 2022-07-01 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Энхтулга |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/199
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Түвшинжаргал,
Улсын яллагч Н.Энхтулга,
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бн Гэд холбогдох эрүүгийн 2238000000376 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
:
Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 05 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвд байрлах Петровис шатахуун түгээх газрын үүднээс иргэн Г.Дын эзэмшлийн “Даюун” маркийн улсын дугааргүй цэнхэр өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 850.000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2238000000376 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Хэргийн үйл баримтын талаар: Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 05 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвд байрлах Петровис шатахуун түгээх газрын үүднээс иргэн Г.Дын эзэмшлийн “Даюун” загварын улсын дугааргүй цэнхэр өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 850.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гийн өгсөн: “ 2022 оны 5 дугаар сарын 22-ны шилжих шөнө шатахуун түгээх станцын тэндээс мотоцикль хулгайлсан. 850.000 төгрөгийн хохирол учирсан. 1.500.000 төгрөгийг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна..” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Дын өгсөн: “Би 2022 оны 05 сарын 22-23-ныг шилжих шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төв Петровис Шатахуун түгээх станцын үүднээс өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн Даюун маркийн мотоциклио хулгайд алдсан юм. Тэгээд мотоциклио хайж явсан боловч олдохгүй байсан тул цагдаагийн байгууллагад хандсан юм...Миний даюун маркийн мотоцикль нь улсын дугааргүй юм. Би тэр мотоциклийг Мөрөнгийн төвөөс зах дээрээс авсан тул надад зарсан хүн гаалийн бичиг өгөөгүй юм. Би арлын дугаарыг нь мэдэхгүй байна...Цэнхэр өнгийн Даюун маркийн мотоцикль. Уг мотоциклийн суудлын бүрээс нь урагдсан. Сайн анзаарч харвал баруун гарын амаржин нь тахийсан. Их гэрэл нь шатахаар нь би машины ламп орлуулж хийсэн юм... ” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 17 тал/,
Гэрч Ө.Пгийн өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 22-ны орой манай хүргэн Г сумын төвд хүүхдээ хичээлд нь хүргэж өгөхөөр явсан юм. Тэгээд шөнө гэртээ ирээд амарсан байсан. .. Манай хүргэн Г нь Д гэдэг залуугийн мотоциклийг хулгайлаад эд ангиудыг нь тонож аваад хашаанд нуусан байсан. Мөн бусад эд зүйлийг нь машины дугуйн дотор хийж нуусан байсан. Г өөрөө эдгээр зүйлүүдийг нь гаргаж Дд хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,
Шүүгдэгч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн өгсөн: “...Сургуулийн хүүхдээ сумын төв рүү оруулж өгөхөөр өөрийн эзэмшлийн мотоциклийг унаад сумын төв рүү орсон юм. Тэгээд орой болоод буцаад гарах гэхэд шатахуун түгээх газрууд хаалттай байсан. Тэгээд Петровис шатахуун түгээх газрын үүдэнд цэнхэр өнгийн Даюун маркийн мотоцикль байхаар нь өөрийнхөө мотоциклийг холдуулаад буцаж явганаар ирээд тэр цэнхэр өнгийн Даюун маркийн мотоциклийг хулгайлаад эзэнгүй айлын хашаанд аваачиж 2 дугуй, амаржин, хянах, хойд хөтлөгч, зэргийг нь тайлж аваад өөрийнхөө мотоцикль дээр ганзагалаад шөнө гэртээ харьсан. .. Би өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээгээд хулгайлж авсан байсан мотоциклийн эд ангиудыг хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 тал/,
Ихэрмөрөн ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №2245617200332 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 27-28 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Г.Дын мэдүүлэг, гэрч Ө.Пгийн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Ихэрмөрөн ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №2245617200332 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мөрдөн шалган ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч Б.Г нь 2022 оны 05 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвд байрлах Петровис шатахуун түгээх газрын үүднээс иргэн Г.Дын эзэмшлийн “Даюун” загварын улсын дугааргүй цэнхэр өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Г.Дд 850.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтуудыг шүүгдэгч Б.Гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэв.
Шүүгдэгч Б.Гийн үйлдэл идэвхтэй, мотоциклийг бусдын өмчлөл эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар өөрийн эзэмшилд авч байгаа үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй өмчлөх эрхийн эсрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Г нь 2022 оны 05 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвд байрлах Петровис шатахуун түгээх газрын үүднээс хохирогч Г.Дын эзэмшлийн “Даюун” загварын улсын дугааргүй цэнхэр өнгийн мотоциклийг хулгайлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Дд 850.000 төгрөгийн хохирол учирсан нь хохирлын үнэлгээ тогтоосон Ихэрмөрөн ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №2245617200332 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон байх бөгөөд хохирогч Г.Д нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 17 тал/ гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Г нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Гийн хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 108 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Гэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Гэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн Засаг даргын тодорхойлолт, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, /хх- 43-49 тал/ зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, учруулсан хохирлыг арилгасан нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, оршин суугаа газар, ажил эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгчийн оршин суугаа газар болох Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гэд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын тамгын газарт эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Бн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гэд 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гэд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын тамгын газарт эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Б.Г энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН