Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
Хэргийн индекс | 179/2022/0202/Э |
Дугаар | 2022/ШЦТ/205 |
Огноо | 2022-07-05 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Г.Чанцалдулам |
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/205
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Түвшинжаргал,
Улсын яллагч Г.Чанцалдулам,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Х,
Шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ны Эд холбогдох эрүүгийн 2238000000299 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Э нь 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймаг Мөрөн сум 8 дугаар багийн 5-07 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн төрсөн хүү 8 настай Х.Аийг "гэрээ цэвэрлээгүй" гэх шалтгаанаар зодож биед зүүн дээд, доод зовхи, зүүн хөмсөг, зүүн бугалга хоёр гарын сарвуу, баруун дал, баруун бугалга, зүүн гуя, зүүн өвдгөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн орчим төрсөн охин 9 настай Х.Аыг "зөвшөөрөлгүй мөнгө авсан" гэх шалтгаанаар, мөн 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр "гэрээ цэвэрлээгүй" гэх шалтгаанаар зодож биед зүүн хацар, зүүн бугалга, шуу сарвуу, баруун бугалга, баруун шуу, хоёр гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан, хүү 8 настай Х.А, охин 9 настай Х.Аын нарыг биеэ хамгаалж чадахгүй, бага насны гэдгийг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000299 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Н.Э нь 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймаг Мөрөн сум 8 дугаар багийн 5-07 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хүү Х.Аийг "гэрээ цэвэрлээгүй" гэх шалтгаанаар, мөн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн орчим "зөвшөөрөлгүй мөнгө авсан" гэх шалтгаанаар зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхи, зүүн хөмсөг, зүүн бугалга хоёр гарын сарвуу, баруун дал, баруун бугалга, зүүн гуя, зүүн өвдгөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох охин Х.Аыг "зөвшөөрөлгүй мөнгө авсан" гэх шалтгаанаар зодож, гэр бүлийн үйлдэж, түүний эрүүл мэндэд нь зүүн хацар, зүүн бугалга, шуу сарвуу, баруун бугалга, баруун шуу, хоёр гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Эгийн өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй, өөрийнхөө гэм бурууг маш их ухаарч байна” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Хын өгсөн: “Хоёр хүүхдээ өөрийн нэр дээр аваад өөрийнхөө асрамжид өсгөмөөр байна. Одоо энэ хүнд гомдол үүсгээд яахав дээ” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогч Х.Аийн өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гэртээ эгч А, дүү Ухаанбилэг нарын хамт байсан. Оройны 10 цагийн үед байхаа миний ээж Э ажлаа тараад гэртээ ирсэн. Би ээжийг гэртээ ирэх үед гал тогооныхоо өрөөг цэвэрлэж байсан. Ээж гаднаас орж ирэнгүүтээ гэрээ цэвэрлэсэн эсэхийг шалгаснаа гэрээ цэвэрлээгүй байна гэж хэлээд миний гар болон хөл рүү гараараа 4 удаа, хөлөөрөө 4 удаа өшиглөж цохисон. Мөн А эгчийг цохиж зодсон. Тэгснээ ээж гал тогооны шүүгээнээс гурилын элдүүр авснаа Аыг эгчийг цаашаагаа хар гэж залидсанаа гурилын элдүүрээр нүүр, гар, хөл, гуя руу нь цохиж зодсон. Мөн гурилын элдүүрээр миний гар хөл, нүд рүү цохиж зодсон. Ээж аниа бид хоёрыг ээлжлээд л цохиж зодсон. Ээж аниаг зодохдоо надаас арай гайгүй хайрлаж зоддог. Ээж аниа бид хоёрыг гурилын элдүүрээр нэлээн цохиж зодсон, яг хэдэн удаа цохисныг нь тоолоогүй. Ээж бид хоёрыг зодоод байж байхад гаднаас өвөө, эмээ орж ирсэн. Өвөө, эмээг гаднаас орж ирэх үед ээж бид хоёрыг зодохоо больсон. Удалгүй эмээ, өвөө хоёр гэр рүүгээ харьлаа гээд явсан. Эмээ, өвөөг явснаас хойш аниа бид хоёрыг чимээгүй сууж байхад ээж аниа бид хоёрт хандаж: “юундаа мэлийгээд суугаад байгаа юм, хурдан гэр оронгоо цэвэрлэчхээд унт, шөнөжингөө цэвэрлээд байх юм бол нөгөө нүдийг чинь хөхрүүлнэ шүү” гэж хэлсэн. Тэгээд аниа бид хоёр гэр оронгоо цэвэрлэчхээд унтаж амарсан. Уг өдрийн маргааш би хичээлдээ явсан. Тухайн үед хичээлдээ сууж байхад ангийн багш маань надтай ирж уулзаад нүдээ яачихсан юм бэ гэж асуухаар нь “аниа зодчихсон юм” гээд багшдаа худлаа хэлсэн. .. Уг өдрийн маргааш хичээл дээрээ очиход намайг ээждээ зодуулсанг багш нар маань мэдсэн байсан. Би тухайн үед багш нартайгаа уулзах үедээ ээждээ зодуулсан гэдгээ үнэнгээ хэлсэн. Тэгээд намайг сургуулиас цагдаагийн газрын хамгаалах байранд авчирч өгсөн...Ээж А эгч бид хоёрыг гэрээ цэвэрлээгүй гэсэн шалтгааны улмаас гар, хөлөөрөө болон гурилын элдүүрээр цохиж зодсон. Ээж А эгч бид хоёрыг 10-аас олон удаа зодож байсан. Яг хэзээ, хэзээ зодуулж байснаа нарийн сайн санахгүй байна. Ээж А эгч бид хоёрыг гар хөлөөрөө болон гурилын элдүүр, хусуур, ташуур, утасны залгуур, төмөр шугам зэрэг зүйлүүдээр зоддог байсан. Мөн над руу 1 сандал шидэж байсан, шидсэн сандал нь миний хөлийг онож байсан. Ээж юмаар зодохдоо дандаа гар хөл рүү цохиж зоддог...Ээж хичээлд маань нэг их анхаараад байдаггүй, заримдаа л анхаардаг. Би гэрийнхээ даалгаврыг нэг л удаа ээжээрээ заалгуулан хийж байсан. Ээж маань ихэвчлэн ажилтай байдаг, ажилдаа явахдаа гэрээ цэвэрлээрэй, хичээлээ хийгээрэй гэж хэлээд л явчихдаг...Би ээжийг гурилын модоор зодох үед тоолоогүй учраас хэдэн удаа цохисон гэдгийг мэдэхгүй байна. Барагцаагаар 10-аас дээш удаа цохисон. Миний нүд рүү гурилын модоор цохисон. Цохиулснаас болоод нүд маань хөхөрчихсөн юм. А эгчийг нэлээн олон удаа цохисон. Цохихдоо хурдан хурдан л цохисон... Би ангийнхаа Батболдтой найзалдаг. Би Батболд найздаа ээждээ зодуулсан талаар хэлж байгаагүй. Ээждээ зодуулсан гэдгээ ангийнхаа нэг ч хүүхдэд хэлээгүй...Миний бие зүгээр байгаа, одоо өвдөж зовиурлах зүйл алга байна...Би аавтайгаа хамт баймаар байна. Аавтай байх гоё, аав намайг нэг ч удаа цохиж зодож байгаагүй...Аниа бид хоёр ээжид хайртай. Ээж аниа бид хоёрыг гэр ороноо цэвэрлээгүй учраас л зодсон байх....Гэрээ цэвэрлээгүй нь аниа бид хоёрын буруу. Тийм учраас ээжид гомдохгүй байна... Тиймээ, А аниа бид хоёр ээжийн түрийвчнээс зөвшөөрөлгүй 35.000 төгрөг авсан. Ээжийн түрийвчнээс авсан мөнгөөрөө үзэг, зайрмаг авч идсэн...А эгч бид хоёр өдөр болгон 5.000 төгрөгөөр зайрмаг авч иддэг байсан. Ээж бид хоёрыг зөвшөөрөлгүйгээр мөнгө авсан гэдгийг мэдсэн. Ээж мэдсэнийхээ дараа А эгч бид хоёрыг залгуураар зодсон. Энэ асуудал нь сүүлд зодуулахаас 7-10 хоногийн өмнө болсон шиг санагдаж байна...Байгаагүй, тухайн үед А эгч, дүү Ухаанбилэг бид гурав л байсан...Ээж аниа бид хоёрыг залгуураар зодохдоо гар болон хөл рүү цохиж зосон. Зодохдоо хэдэн удаа цохисоныг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27, 29 тал/,
Насанд хүрээгүй хохирогч Х.Аын өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр буюу бүтэн сайн өдөр гэртээ 2 дүү болох А, Ухаанбилэг нарыг харсан. Оройны 9-10 цагийн үед байхаа миний ээж Э ажлаа тараад гэртээ ирсэн. Би ээжийг гэртээ ирэх үед угаасан орныхоо дэвсгэр даавууг индүүдээд байж байсан юм. Ээж гаднаас орж ирэхдээ ууртай орж ирсэн. Орж ирэнгүүтээ гал тогооны ширээний нүднээс гурилын элдүүр авснаа дүү А бид хоёрыг зодсон. Ингэж зодох үедээ ямар нэгэн зүйл хэлээгүй. Ээж гурилын элдүүрээр дүү Аийн маань бие рүү нь цохиж зодсон. Ингэж дүүг маань цохиж зодож байхдаа гурилынхаа элдүүрээр дүүгийн маань нүд рүү цохичихсон. Дүүгийн маань нүд гурилын элдүүрээр цохиулсны дараа хөхөрчихсөн. Ээж маань миний 2 гар, 2 хөл рүү гурилын элдүүрээр цохиж зодсон. Ээж А бид хоёр зодсоныхоо дараа гэрээ цэвэрлэ гэж хэлсэн. .. Уг өдрийн маргааш би хичээлдээ явсан. Хичээл дээр очиход ангийн хүүхдүүд шуугиад чих өвдсөн. Тухайн үед хичээлдээ сууж байхад ангийн багш маань надтай ирж уулзсан. Ангийн багштайгаа уулзахдаа ээждээ зодуулсан гэдгээ хэлсэн. Ангийн багш намайг зодуулсан гэдгийг мэдээд сургуулийн нийгмийн ажилтан багштай уулзуулсан. Нийгмийн ажилтан надтай уулзчихаад цагдаагийн газарт авчирсан. Би цагдаагийн газарт ирээд хамгаалах байранд орсон...Ээж гаднаас орж ирэхдээ л ууртай орж ирсэн. Тухайн үед А бид хоёр гэр орноо цэвэрлэсэн байсан. Ээж маань ууртай орж ирэнгүүтээ, уурласан уураа дүү бид хоёрт гаргасан байх. Ээж дүү бид хоёрыг 10-аас дээш удаа зодож байсан /гарынхаа 10 хурууг гаргаж үзүүлэв/. А бид хоёрыг дүүгээ сайн хараагүй, гэр ороноо цэвэрлээгүй, фолконоор хог хаясан гэсэн шалтгааны улмаас зоддог байсан...Ээж А бид хоёрыг гурилын элдүүр, ташуур болон гар, хөлөөрөө цохиж зоддог байсан...Ээж маань намайг гэрээ цэвэрлэчхээд хичээлээ хийгээрэй гэж хэлдэг. Намайг гэрийн даалгавраа хийсэн үгүйг шалгадаггүй...Би ээжийг гурилын модоор зодох үед тоолоогүй учраас хэдэн удаа цохисон гэдгийг мэдэхгүй байна. Ямар ч байсан гарын арван хуруунаас их цохисон. Цохихдоо зөөлөн цохисон. Гэхдээ гурилын элдүүрээр цохиулснаас болж миний бие хөхөрч хавдсан, цохиулсны дараа бие маань өвдөж байсан. А дүүг маань хэдэн удаа цохисныг тоолоогүй. Гарын арван хуруунаас их л цохисон. Би ангидаа найзгүй...Миний бие зүгээр байгаа... Би аавтайгаа хамт баймаар байна. Аав дүү бид хоёрыг огт зоддоггүй. Мөн өвөө, эмээтэйгээ баймаар байгаа боловч өвөө дүү бид хоёрыг хааяа хааяа чимхээд байдаг....Ээж бид хоёрыг аавтай байнга яриулаад байдаггүй. Аавтай утсаар ярих үед ээж хажууд байдаг байсан учраас хэлж чаддаггүй байсан юм...Надад ямар нэгэн санал хүсэлт алга байна...Би гомдолгүй. Ээждээ гомдохгүй байна. Харин ч эсрэгээрээ хайртай....Тухайн үед миний баруун нүд рүү ээж маань гурилын модоор цохичихсон юм. Ингэж цохиулах үед нүд маань дүүгийнхээс арай гайгүй хөхөрсөн байсан. Мөн зүүн хацрыг маань гурилын элдүүрээр цохисон. Цохиулснаас болж нүүр маань хөхөрсөн... Ээж намайг зодсон. Би яг өдрийг нь санахгүй байна. А дүү маань тухайн үед ээжийн түрийвчийг шүүгээнээс гаргаж ирсэн. А дүү маань ээжийн түрийвчийг гаргаж ирээд онгойлгосон. Түрийвч онгойлгоод дотроос 35.000 төгрөг авсан. А бид хоёр ээжийн түрийвчнээс авсан мөнгөөрөө үзэг, зайрмаг, чихэр зэрэг зүйлүүд авсан. Ээж А бид хоёрыг түрийвчнээс нь хэлэлгүй мөнгө авсан гэдгийг мэдээд залгуураар дүү бид хоёрыг зодсон. /Үүнийг ярьж байхдаа толгойгоо доошоогоо болгочихоод уйлаад байлаа/, Том хүн байгаагүй, би хоёр дүүгийнхээ хамт байсан. /Нүүрээ гараараа дараад уйлаад байв/” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34, 36 тал/,
Гэрч М.Эийн өгсөн: “...Би Авъяас сургуульд бага ангийн багшаар ажилладаг бөгөөд 4а ангийг хариуцан ажилладаг. Өнөөдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр би 15 цаг 25 минутаас ангийнхаа хүүхдүүд математикийн хичээл орсон. Намайг хичээл орж байхад манай ангийн охин Х.А хичээлээ хийхгүй, өвдөж зовиурласан байдалтайгаар хичээлээ дэрлээд хэвтээд байсан. Тэгэхээр нь явж очоод юу болсон талаар асуухад “зүгээр ээ багшаа” гэж хэлсэн. Тухайн үед Аын гарыг харахад зүүн талын гар нь овоогоод хавдсан байдалтай харагдахаар нь Аыг ангиас дагуулж гараад нийгмийн ажилтан Отай уулзуулсан. Би тухайн үед ангийнхаа хүүхдүүдэд хичээл орж байсан учраас анги руугаа буцаад явсан. Нийгмийн ажилтан О сургуулийн эмчийг дуудаж Аыг биеийг үзүүлсэн гэсэн. Мөн О сургуулийн хүүхэд хамгааллын багийг цуглуулж Аын байр байдалд үнэлгээ хийгээд цагдаагийн түр хамгаалах байранд авчирч ар гэрийнхнээс тусгаарлуулахаар холбогдох ажилтанд хүлээлгэж өгсөн...Х.А нь энэ жилийн 3 дугаар улиралд Титэм сургуулиас манай ангид шилжин ирсэн сурагч байгаа юм. Манай ангид шилжиж ирээд 3 сар орчим болж байна. Х.Аын зан чанарын хувьд гэвэл дотогшоо, хүнтэй нээлттэй биш, дуу цөөтэй, .. хамт олонтойгоо нийтэч биш харилцаатай хүүхэд байсан. Сурлагын хувьд тааруу сурлагатай байсан...Би Х.Аын ээж Этай 3-4 уулзаж байсан. Ад гэр бүлийн зүгээс анхаарал халамж муу тавьдаг. А надад хэлэхдээ ээж болон 2 дүүгийнхээ хамт амьдардаг, аав байхгүй гэж хэлж байсан...Одоогоос 1 сарын өмнө байхаа Аын нүд нь хөхөрчихсөн хичээлдээ ирж байсан. Би тухайн үед Ааас шалтгааныг нь асуухад “дүүтэйгээ тоглож байгаад хана мөргөсөн” гэж хэлж байсан...Тийм зүйл ерөөсөө хэлж байгаагүй...Аын ээжийг Э гэдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 тал/,
Гэрч О.Хы өгсөн: “...Х.А, Х.А нар нь миний төрсөн хүүхдүүд байгаа юм. Х.А, Х.А нартай гэр бүлийн гишүүдийн харилцаатай. Би Э гэдэг хүнтэй 2012 оны 07 дугаар сард гэрлэлтээ батлуулж гэр бүл болж байсан. Х.А нь миний том охин бөгөөд 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, одоо 10 настай. Х.А нь миний бага хүү бөгөөд 2014 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, одоо 8 настай. 2015 онд билүү, 2016 онд билүү Э надтай гэр бүл болон амьдарч байгаад өөр хүнтэй амьдрахаар болоод салаад явсан. Э надаас 2020 оны 07 дугаар сард гэрлэлтээ албан ёсоор цуцлуулж салсан. Э бид хоёрыг салахад хоёр хүүхдийг маань ээжид өгөхөөр шүүх шийдвэрлэсэн. Би 2020 оны 08 дугаар сараас эхлэн хүүхдүүдийнхзэ тэтгэмжийг өгч байгаа. Хүүхдүүд маань одоо ээж Эгийнхаа хамтаар Хөвсгөл аймгийн Мөрөн суманд амьдардаг. Би хүүхдүүдтэйгээ сарын сүүлээр утсаар холбогддог, бусад үед ээж нь над руу яриулдаггүй...Э надтай амьдарч байхдаа гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн. Би Эг гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэдгийг мэдээд загнаж байсан, тэрнээс биш түүнийг цохиж зодсон асуудал байхгүй. Э надаас салаад явахынхаа өмнө 21 хоног утсаар ч ярилгүй таг алга болсон бөгөөд ингэж алга болоод гэртээ ирэхдээ намайг байхгүй үеэр ирээд ээжид маань саллаа гэж хэлээд гэрийн маань хамаг тавилгыг аваад явж байсан. Э бид хоёр эхэндээ эвтэй харилцаатай байсан. Харин сүүлдээ таарамжгүй харилцаатай болсон...2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр над руу 88042328 гэсэн дугаараас залгаад: “би Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас ярьж байна, таны хүүхэд Х.А, Х.А нарыг ээж нь зодсон, хүүхдүүдийг чинь хамгаалалтад авсан байгаа, эрүүгийн хэрэг үүсэх хэмжээнд хүрчхээд байна, та яаралтай ирэх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Би тухайн үед Өмнөговь аймгийн Цагаан хад гэх газарт томилолтоор ажиллаж байсан бөгөөд ажлаасаа чөлөө аваад шууд наашаа ирсэн. Энд ирээд хүүхдүүдтэйгээ уулзахад “хүү Аийн маань нүд гэмтчихсэн” байдалтай байсан. Би тухайн үед хүүхдүүдээсээ санаа зовоод хэн зодсон талаар асуугаагүй, аавтайгаа хамт явах юм уу гэж асуухад “хоёулаа надтай хамт явна” гэж хэлж байсан. Одоо би хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг бодоод хүүхдүүдээ өөр дээрээ авмаар байна...Э надтай хамт гэр бүл болон амьдарч байхдаа хүүхдүүдээ хүмүүжүүлж байна гээд жижигхэн ташуураар зоддог байсан. Би тухайн үед Эд хүүхдүүддээ гар хүрч болохгүй талаар хэлдэг байсан боловч миний үгийг огт тоодоггүй байсан. Э ташуураар хүүхдүүдийг маань зодоод байхаар нь ташуурыг нь хугалж хог руу хаяж байсан. Тэгэхэд Э ташуур олдохгүй байна гээд хүүхдүүдийг буруу зүйл хийхэд нь утасны цэнэглэгчээр ороолгож зоддог болсон...Эгийн зан чанарын хувьд гэвэл ширүүн ууртай, юмыг бодлогогүй хийдэг, хүнээс үг сонсох чадвар муу, хүнтэй харилцаа муутай хүн байдаг. Ахмад хүний үгийг сонсдоггүй, нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргадаг. Бүх юмыг өөрийнхөө зөв гэж ойлгодог...Би архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй, харин тамхи бол татдаг... Би тогтсон ажилтай учраас хүүхдүүдээ өөрийнхөө халамжинд аваад харж хандаж чадна...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/,
Гэрч Д.Бын өгсөн: “...Эхнэр бид хоёр хот хүрээ орохдоо Хы гэрээр байнгын очдог. Х нь ээж Буяннэмэхийнхээ хамт Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг. О.Хы зан чанарын хувьд гэвэл томоотой, хүнтэй харилцаа сайтай, ажил албадаа сайн, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тусч, шударга, хөдөлмөрч хүн байдаг. Миний дүү О.Х нь Э гэдэг хүнтэй гэр бүл болж байсан. Дундаасаа 2 хүүхэдтэй, том хүүхдийг нь А гэдэг, бага хүүхдийг нь А гэдэг. Х дүүгийн маань эхнэр нь өөр хүнтэй гэр бүл болоод дүүгээс маань салаад явсан. Хүүхдүүд нь ээжтэйгээ хамт байдаг. Х дүү маань Шунхлай шатахуун түгээх станцад операторын ажлыг хийдэг, дүү маань өөрийн гэсэн гэр оронтой, тогтвортой цалин хөлс авдаг. Х дүүд маань таны хүүхдүүд болох А, А нарыг асран хамгаалагч буюу ээж нь зодоод энэ асуудлыг цагдаагийн газраас шалгаж байгаа гэдгийг утсаар хэлсэн гэсэн. Дүү маань ажлаасаа чөлөө аваад Хөвсгөл аймаг руу явах замаараа намайг машин бариад хамт явалцаад өгөөч гээд дагуулж ирсэн юм... Би энэ хоёрын гэр бүлийн харилцаа ямархуу байсныг сайн мэдэхгүй. Х надад хэлэхдээ эхнэрийгээ гэр бүлээс гадуурх харилцаа үүсгээд салаад явсан гэж хэлж байсан... Х архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй... Х дүү маань энд ирээд өөрийн хүүхдүүд болох А, А нартай уулзсан. Би уулзах үед нь хажууд нь байсан. Хүүхдүүд нь Х маш их санасан байдалтай байсан бөгөөд аавтайгаа хамт амьдармаар байна гэж ярьж байсан. А, А хоёр аавдаа ярихдаа “ээж бид нарыг гэр ороноо цэвэрлээгүй, хүүхэд харсангүй, хоол хийсэнгүй” гэсэн шалтгааны улмаас гурилын гулууз, утасны цэнэглэгч, халуун тогооны залгуур зэргээр зодсон талаар ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 тал/,
Гэрч Т.Үгийн өгсөн: “...Х.А, Х.А нар нь миний төрсөн охин Н.Эгийн төрсөн хүүхдүүд байгаа юм. Би Х.А, Х.А хоёрын эмээ нь юм...2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн орой 22 цагийн үед нөхөр Быхаа хамтаар охин Н.Эгийнхаа гэрт очсон. Тэдний гэрт очиход зээ А маань духан дээрээ алчуураар жин тавьчихсан сууж байсан. Зээ А маань хичээлийнхээ хувцсыг индүүдээд сууж байсан. Би тухайн үед охин Эгаасаа юу болсон талаар асуухад ажлаас тараад ирэхэд энэ хоёр гэр орноо цэвэрлээгүй байж байна. Тэгэхээр нь энэ хоёрыг зодлоо л гэж хэлж байсан. Тэгэхээр нь би охиндоо хандаж одоо хүүхдүүдийг зодож хүмүүжүүлэхээ больсон. Хүүхдүүдээ хэл амаараа хэлж бай гэж загнаж байгаад явсан. Зээ А, А хоёр надад ээждээ зодуулсан талаар юу ч хэлээгүй... Урьд нь зодлоо л гэж юм дуулддаггүй байсан. Би охин Этайгаа байнга хамт амьдардаггүй учраас нарийн сайн мэдэхгүй байна...Миний охин Э нь 1992 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Н гэх айлын том хүүхэд болон төрсөн. Доороо 1 эмэгтэй дүүтэй. Охин бага насаа эцэг эхийнхээ гар дээр өнгөрүүлж байсан Э охиныг маань 1 дүгээр ангид байхад нь аав өвчний улмаас нас барсан. Охин Э маань Мөрөн сумын Ирээдүй сургуульд суралцаж 9 дүгээр ангийг төгссөн, бүрэн бус дунд боловсролтой. Сургуулиасаа гараад Улаанбаатар хотын Хангай дээд сургуулийн хэвлэлийн коллежид суралцаж хэвлэлийн их бэлтгэгч мэргэжлээр төгсөж байсан. Сургуулиасаа төгсөөд Улаанбаатар хотод ажиллаж байгаад Х гэдэг хүнтэй гэр бүл болсон. Х Э хоёрын дундаас гарсан хүүхдүүд нь А, А хоёр юм. Охин маань нөхөр Хтайгаа таарч тохирохгүй болоод салсан. Охин Хаас салснаас хойш нутагтаа ирэн ажиллаж амьдарч байгаа. Охин маань Хаас салснаас хойш 1 хүүхэд төрүүлсэн, энэ хүүхдийнх нь аавыг нь танихгүй, харж ч байгаагүй. Охин Н.Эгийн маань зан чанарын хувьд гэвэл тайван дөлгөөн, хүнтэй харилцаа сайтай, элдэв муухай ааш авиргүй хүн байдаг, Охинд маань элдэв муухай хорт зуршил байхгүй... Би охиноосоо ямар учраас хүүхдүүдээ зодсон талаар асуухад орой ажлаа тараад гэртээ ирэхэд А, А хоёр гэрээ цэвэрлээгүй, усандаа ороогүй байхаар нь уур хүрээд зодсон л гэж хэлсэн. Яг юугаар зодсоноо надад хэлээгүй...Энэ миний буруу. Миний хувьд хуулийн мэдлэг дутуу учраас цагдаагийн байгууллагад мэдэгдэх ёстой гэдгийг мэдээгүй юм. Тухайн үед охиныгоо загнаж, дахиж ингэж болохгүй гэж ойлгуулах гэж л оролдсон” гэх мэдүүлэг /хх-ийн 45 тал/,
Гэрч Ц.Оын өгсөн: “ ... Би Авьяас сургуульд нийгмийн ажилтаны ажлыг хийдэг. Уг ажлыг 3 дахь жилдээ хийж байна. 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр манай сургуулийн 4а ангийн багш М.Э ангийнхаа А гэх охиныг дагуулсаар манай өрөөнд орж ирсэн. М.Э багш тухайн үед манай ангийн охины гар хөл нь хөхөрчихсөн байна, хичээл номоо хийж чадахгүй байна гэсэн мэдээллийг өгсөн. Ингээд Х.А охинтой уулзаж, эрсдлийн үнэлгээг хийж сургуулийнхаа хүүхэд хамгааллын багтаа мэдэгдсэн. Х.А сурагчтай уулзахад: “ээждээ удаа дараа зодуулсан” гэж хэлсэн тул хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өөрийн биеэр цагдаагийн газарт очиж уулзан гомдол гаргасан. Мөн Х.Аын төрсөн дүү Х.Атэй уулзахад нэг нь нүд нь хөхөрсөн байхаар нь цагдаагийн газарт авчран, нэг цэгийн үйлчилгээнд түр хүлээлгэн өгсөн...А, Х.А нар нь өнгөрсөн намраас манай сургуульд шилжин суралцаж байгаа. Манай сургуульд шилжиж ирээд удаагүй байсан учраас зан чанарын талаар сайн мэдэхгүй байна...Х.А, Х.А нартай ярилцахад “ээж бид хоёрыг гэр орноо цэвэрлэсэнгүй, хоол ундаа хийсэнгүй” гэсэн шалтгааны улмаас гартаа тааралдсан зүйлээрээ зоддог гэж хэлж байсан...Х.А, Х.А нарын гэр бүлийн хүмүүстэй уулзаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 тал/,
Г.Бын өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр миний хариуцсан ангийн сурагч болох А хичээлдээ ирэхдээ зүүн нүд нь хөхөрсөн байдалтайгаар ирсэн. Би тухайн үед Аээс юу болсон талаар асуухад “эгчдээ зодуулсан” гэж хэлж байсан. Би тухайн өдрийн үдээс хойш Аыг хичээлдээ ирэхээр нь “чи яагаад дүүгээ зодсон юм бэ” гэж асуухад А надад хариу өгөөгүй. Тухайн үед Аын бие нь бас хөхөрсөн харагдсан. Тэгэхэд ангийн багш Э нь түүнийг сургуулийн нийгмийн ажилтантай оруулж уулзуулсан. Сургуулийн нийгмийн ажилтан Атай уулзаад яагаад бэртэж гэмтсэн талаар нь асуухад А: “ээждээ зодуулсан” гэж хэлж байсан. Би тухайн үед Ааас Аийн нүдийг хэн ийм болгосон юм гэж асуухад “ээж гурилын элдүүрээр цохичихсон юм” гэж хэлж байсан. Тухайн өдрийн маргааш Аийг хичээлдээ ирэхээр нь сургуулийнхаа нийгмийн ажилтантай уулзуулсан. Тэгэхэд А ээждээ зодуулсан гэдгээ үнэнээ хэлсэн. Тэгээд Аийг нэг цэгийн үйлчилгээний байранд хүргэж өгсөн... Х.А нь 2021 оны 09 дүгээр сард Улаанбаатар хотоос манай сургуульд шилжин суралцах болсон. Х.Аийн зан чанарын хувьд гэвэл анги хамт олонтойгоо эвсэг, зөөлөн, даруу төлөв зантай хүүхэд байдаг. А нь манай сургуульд шилжин суралцах үедээ сурлагын хоцрогдолтой ирсэн, тийм учраас сурлагадаа нэг их сайн биш байсан...А нь ээж, эгч, дүүгийнхээ хамт амьдардаг. Ат ээж нь нэг их анхаарал халамж тавьдаггүй байсан. Би энэ жил эцэг, эхийн хурал 2 удаа зохион байгуулсан боловч Аийн ээж нь нэг ч ирээгүй. Аийн ээж нь ирж уулзахгүй болохоор түүнийг дуудаж байгаад 2 удаа уулзсан. Уулзаад хүүхдийн чинь хичээл хоцрогдолтой байна гэж хэлэхэд “би хүүхдийнхээ суралцах орчинг хангалттай бүрдүүлж өгсөн, би өглөө ажилдаа гараад л орой ирдэг, анхаарал халамж тавих боломжгүй байна, ажил хийхгүй бол байрны түрээс нэхэгдээд хэцүү байна” гэж ярьж байсан...2021 оны 12 дугаар сард байхаа А хичээлдээ ирэхдээ дух орчим нь хавдсан байдалтайгаар ирж байсан. Тухайн үед яагаад бэртсэн талаар Аээс асуухад: эгчтэйгээ тоглож байгаад жорлонгийн хаалга мөргөсөн гэж ярьж байсан. Энэ хэрэг болсны дараа Аээс асуухад: тухайн үед ээжид зодуулсан гэдгээ хэлсэн. Үүнээс өөрөөр бусдад зодуулсан байдалтайгаар хичээлдээ ирж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 тал/,
Насанд хүрээгүй хохирогч нарын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 292 дугаартай: “Х.Аийн биед зүүн дээд, доод зовхи, зүүн хөмсөг, зүүн бугалга, хоёр гарын сарвуу, баруун дал, баруун бугалга, зүүн гуя, зүүн өвдөгөнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Зүүн зовхи, хөмсөг, зүүн бугалганы цус хуралт нь тус тусдаа бусад цус хуралт нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Уг гэмтлүүд нь 1-4 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /хх-ийн 55 тал/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 291 дугаартай: “...Х.Аын биед эрүү, зүүн шилбэ, зүүн хацар, зүүн бугалга, шуу, сарвуу баруун бугалга, баруун шуу, хоёр гуяанд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Уг гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Х.Аын биед үүссэн эрүү, зүүн шилбэний цус хуралт нь 1-4 хоногийн өмнө, бусад цус хуралт гэмтлүүд нь 7-10 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /хх-ийн 60 тал/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/,
Холбон зуучлах үйлчилгээний илгээх хуудас маягт 1 /хх-ийн 5 тал/,
Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 6-9, 113-118, 133-134 тал/,
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 11-13 тал/,
Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17 -20 тал/,
Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 21 тал/,
Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 119-122 тал/,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 123-127 тал/,
Ярилцлагын тэмдэглэл /хх-ийн 132, 135 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Н.Эгийн гэм буруугаа хүлээж өгсөн: “...Надад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой нэг бүрчлэн уншиж танилцууллаа. Прокуророос сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн орой 22 цагийн үед би ажлаа тараад гэртээ харьсан. Намайг гэртээ харихад гэр маань өглөө гарахад ямар байсан яг тэр чигтээ хэвээрээ байхаар нь өөрийн хүүхдүүд болох А, А нарт уурласан. Би тэр хоёрт уурлаад гал тогооныхоо шүүгээнээс гурилын элдүүр авч хүү болон охиныгоо зодсон. Би өөрийн охин А, хүү А нарыгаа зодсон нь үнэн. Миний хувьд гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж, өөрийгөө зүхэж байна. Дахин хэзээ ч ийм асуудал гаргахгүй. Надад хүүхдүүдээсээ хол байх маш их хэцүү байна, би хүүхдүүдээсээ уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гурилын элдүүр, хар өнгийн залгуур нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан насанд хүрээгүй хохирогч Х.А, Х.А, гэрч М.Э, О.Х, Д.Б, Т.Ү, Ц.О, Б.Б нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 291 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 292 дугаартай дүгнэлт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Н.Эгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Н.Э нь 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймаг Мөрөн сум 8 дугаар багийн 5-07 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хүү Х.Аийг "гэрээ цэвэрлээгүй" гэх шалтгаанаар, мөн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн орчим "зөвшөөрөлгүй мөнгө авсан" гэх шалтгаанаар зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхи, зүүн хөмсөг, зүүн бугалга хоёр гарын сарвуу, баруун дал, баруун бугалга, зүүн гуя, зүүн өвдгөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох охин Х.Аыг "зөвшөөрөлгүй мөнгө авсан" гэх шалтгаанаар зодож, гэр бүлийн үйлдэж, түүний эрүүл мэндэд нь зүүн хацар, зүүн бугалга, шуу сарвуу, баруун бугалга, баруун шуу, хоёр гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч Х.А, Х.А нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Н.Эгийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг байна.
Шүүгдэгч Н.Эгийн үйлдэл идэвхтэй, насанд хүрээгүй хохирогч Х.А, Х.А нарын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Н.Э гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хүүхэд Х.А, Х.А нарын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.7, 2.8 дахь заалтад заасан хоёр, түүнээс олон хүнийг, хүүхдүүдийн биеэ хамгаалах чадахгүй, бага насны болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр, түүнээс олон хүнийг, хүүхдүүдийн биеэ хамгаалах чадахгүй, бага насны болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар: Шүүгдэгч Н.Эгийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Х нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй байх тул шүүгдэгч Н.Эг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Н.Эг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Эгийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 79-84 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Н.Э нь ам бүл 4, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 05-07 тоотод байр түрээслэн оршин суудаг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Туяа үсчин салонд ажилладаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Н.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 109 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Н.Эгийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Н.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлөх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гурилын элдүүр 1 ширхэг, хар өнгийн залгуур 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ны Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.7, 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжтэй буюу хоёр, түүнээс олон хүнийг, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Ны Эг 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Н.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оногдуулсан 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ээд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гурилын элдүүр 1 ширхэг, хар өнгийн залгуур 1 ширхэг зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН