Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
Хэргийн индекс | 179/2022/0203/Э |
Дугаар | 2022/ШЦТ/207 |
Огноо | 2022-07-08 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Үүрийнтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Түвшинжаргал,
Улсын яллагч Б.Үүрийнтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр,
Шүүгдэгч М.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Мын Нид холбогдох эрүүгийн 2238000000295 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Гыг зодож эрүүл мэндэд нь дээд уруул дотор салстад шарх, хоёр нүдний дээд, доод зовхи, хамар, баруун бугуйнд зулгаралт цус хуралт, баруун чих, баруун хөмсөг, зүүн хацар, нуруу, баруун бугуйнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000295 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч М.Н нь 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Т.Г, Ч.Г, Б.А, М.Б, н.Н, В.Ц, н.Н нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар Т.Г нь эхнэр М.Бтай хэрүүл маргаан үүсгэж, эхнэрээ зодоход М.Н нь зодооныг таслан зогсооход Т.Г нь М.Нийн нүүр луу цохиход М.Н нь Т.Гы нүүр, цээжин тус газарт нь өшиглөж түүний эрүүл мэндэд нь дээд уруул дотор салстад шарх, хоёр нүдний дээд, доод зовхи, хамар, баруун бугуйнд зулгаралт цус хуралт, баруун чих, баруун хөмсөг, зүүн хацар, нуруу, баруун бугуйнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Нийн өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Т.Гы өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Хотгор хороололд М овогтой Н гэрт үдээс хойш очиход Н урд өдөр архи уусан гэсэн согтуу байсан. Нийн төрсөн ах болох Гэрэлээ нар 1 шил архи олоод ир гээд эхнэрүүддээ хэлээд байсан. Тэгээд удалгүй том пиво, 1 шил архи ирсэн. Би өөрөө очихдоо архи уугаагүй эрүүл очсон. Тэгээд тэр архи, пивоос амсаад өгсөн. Өөрснөө хоорондоо уугаад байсан. Н эхэлж маргааныг үүсгэж намайг дээлний захаар бооход би муужирсан. Тэр үед М.Н согтуу миний нүүр рүү өшиглөөд ар нуруу руу өшиглөсөн. Тэнд бол нэлээн хэсэг хэрүүл маргаан үүссэн. М овогтой Н намайг зодсоноос үүдэж миний эрүүл мэндэд гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 тал/,
Гэрч М.Бгийн өгсөн: “...Манай нөхөр бид хоёр хөдөөнөөс ноолуураа тушаах гэж сумын төв орж ирээд Н ахындаа очсон нь Н ах цагаан сараар ирээгүй байсан гээд хоол хийж өгсөн. Бид нар идээд манай нөхөр Г дэлгүүрээс 0,75 соёрхол нэртэй архи, сэнгүр нэртэй 2,5 литрийн пиво авчраад тэр 3 хувааж уусан. Манай нөхөр архи уугаад согтоод Н ахтай маргалдсан. Манай нөхрийн төрсөн ээж Т гэдэг хүн орж ирээд намайг архи уусан гэж загнасан. Тэгэхээр нь би нөхрөө ээжийнд ороод амар гээд гадаа нөхрөө дагуулаад явж байхад манай нөхөр намайг үсдээд завьж ураад толгой тархи руу цохисон. Тэгээд би намайг аваач гээд орилоход Н гүйж гарч ирээд бид хоёрыг салгасан. Манай нөхөр үгэнд нь орохгүй Нийн нүүр ам руу цохиход Н нүүр рүү нь өшиглөөд авсан. Тэгээд Цэрэнханд цагдаа дуудсан. Цагдаа ирээд бүгдийн аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,
Гэрч Д.Тийн өгсөн: “...Би Гыг гадуур эхнэртэйгээ гараад ирэхгүй болохоор нь Шгийнд яваад очиход нэлээн олон хүмүүс архи ууж суусан. Г Н нар маргалдаад байсан. Архи уусан хүмүүс олигтой юм яриагүй байх. Тэгээд л гадаа гараад зодолдоод унасан. Алтка гэж хүү салгах гэхэд үгэнд нь орохгүй согтуу хүмүүс хэцүү юм байсан. Н Гыг өшиглөөд тэгээд эмнэлэг орж оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,
Гэрч Б.Ан өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хадам аавынд очих гээд явж байхад Баярсайхан гуайн дэлгүүрийн үүдэнд Гтай таараад би Гыг машинтай явж байхаар нь аавын гэрээс хөлдөөгчийг манай гэрт майнт өөд хүргээд өгөөч гэсэн аваачиж өгөөд бид нар М.Нийнд ирээд 2,5 литртэй пиво, Гы авсан 0,75 соёрхол зэргийг бид нар хувааж уусан. Гд би 0,5 соёрхол, эхнэр нь 2,5 литрийн пиво авч өгсөн. Бид нар хувааж уугаад сууж байснаа Ш буюу Нтой хэрэлдээд маргаж байснаа хоёулаа зодолдоод босоод ирэхээр нь би салгасан. Гы ээж ирсэн. Тэгээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,
Гэрч Ч.Ггийн өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Хадам аавынд очих гээд нөхөртэйгээ хамт мотоциклиор явж байгаад Баярсайхан гуайн дэлгүүрийн үүдэнд Гтай таарсан. Манай нөхөр Гыг машинтайгаа явж байхаар нь аавын гэрээс хөлдөөгч гэрт дөхүүлээд өгөөч гэж хэлэхэд Г нь манайд хөлдөөгч аваачиж өгсөн. Г эхнэртэйгээ Нийнд очихоор явахад нөхөр бид 2 араас нь мотоциклиор араас нь дагаад Нийн гэрт нь хамт ирсэн. Бид нар 2,5 литртэй пиво хувааж уугаад Гы авсан 0,75 литртэй Соёрхол нэртэй архийг манай нөхөр Г, Н, Ш нар хувааж уусан. Бид нар хамт гэр нь байсан. Манай нөхөр Гд 0,5 литртэй соёрхол нэртэй архи, эхнэр нь 2,5 литрийн пиво авч өгсөн. Нийн хүүхэд нь ээж зайрмаг гээд байхаар нь ээжтэй нь хамт дэлгүүр орж зайрмаг хүүхдүүдэд аваад ирэхэд зодолдсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,
Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 281 дугаартай: “...1. Т.Гы биед дээд уруул, дотор салстад шарх, хоёр нүдний дээд,, доод зовхи, хамар, баруун бугалганд цус хуралт, баруун чих, баруун хөмсөг, зүүн хацар, нуруу, баруун бугуйнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Уг уруулын шарх, хоёр нүдний цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн, бусад цус хуралт, зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
3. Уг гэмтлүүд нь цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх 2022 оны 05 дугаар сарын 04-нд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /хх-ийн 36 тал/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 334 дугаартай: “М.Нийн биед дух, зүүн хацар, баруун эгэм, зүүн чихэнд сорви бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтлүүд нь хуучин гэмтэл ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. М.Нийн биед үүссэн гэмтлүүд нь хэрэг гарсан гэх 2022 оны 05 дугаар сарын 05-нд үүссэн байх боломжтой, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 44 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч М.Нийн гэм буруугаа хүлээж өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 04-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд манай ах Н цагаан сараар золгож ирээгүй болохоор манай эхнэр хоол цай хийж өгөөд байж байтал гаднаас Г эхнэр хүүхэдтэйгээ хамт манайд орж ирсэн.Тэгээд би 2,5 литрийн Сэнгүр нэртэй пивийг Г .Н ,бид 3 хувааж уусан.Тэгээд Г гарч яваад дэлгүүрээс 0,75 соёрхол,2,5 литрийн пивийг авчирсан.Найз нь гээд нэг залуу дэлгүүр яваад ирэх дээ Алтка гэж дуудаг нэг залуу эхнэртэйгээ хамт манайд орж ирсэн. Бид нар архи хувааж уугаад сууж байсан нь Тэр найз нь бас гарч яваад 0,5 соёрхол ,2,5 литрийн пиво дэлгүүрээс авчирч өгсөн. Тэгээд би гэртээ орон дээрээ гараад унтаад өгсөн. Тэгтэл гадаа эмэгтэй хүн орилохоор нь сэрээд гадаа гартал Г хашааны үүдэнд эхнэрээ үсдээд зодож байсан. Би гүйж гараад салгах гэсэн нь Г намайг хавирч унагаагад миний нүүр ам маажаад байхаар би Гыг тонгойход нүүр рүү нь нэг удаа, цээжинд нь нэг удаа өшиглөсөн. Алтка гээд Гы найз ирж бид хоёрыг салгасан. Г нэлээн согтуу байсан. Гудамжинд орилоод хүний үгэнд орохгүй байсан. Гыг Хашааны гадаа гаргаад хашааны хаалга түгжээд гэртээ орох гээд явсан. Хашааны төмөр хаалга руу чулуу шидээд хашааны банз хугалаад орилоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Т.Г мэдүүлэг, гэрч М.Б, Д.Т, Б.А, Ч.Г нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 281 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч М.Нийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч М.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Т.Гы биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч М.Нийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч М.Нийн үйлдэл идэвхтэй, хохирогч Т.Гы бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч М.Нийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар: Шүүгдэгч М.Нийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Т.Г нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй хэдий ч хохирогч Т.Г нь 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэх зүйл байхгүй, санал гомдолгүй гэх тайлбар /хх-ийн 67/ хавтаст хэрэгт хавсаргаж ирүүлсэн байна. Хохирогч шүүхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч М.Нийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.Нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.Нид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Нийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч М.Нид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 53, 56, дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цагаан бургас багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч М.Н нь ам бүл 2, эхнэрийн хамт Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч М.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 76 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч М.Нийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч М.Нид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавь нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч М.Н нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт хураан авсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Мын Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мын Нийг 450 /дөрвөн зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нид оногдуулсан 450 /дөрвөн зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Нид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч М.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН