Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/209

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц,                     

     Улсын яллагч Н.Энхтулга,

     Хохирогч Т.С,

     Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

     Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бын Цт холбогдох эрүүгийн 2238000000479 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      

     Холбогдсон хэргийн талаар:

     Шүүгдэгч Б.Ц нь 2021 оны 10 дугаар сарын сүүлээр Хөвсгөл аймгийн Бүрэнтопгох сумын Туяа 5 дугаар багийн нутагт Т.Сгийн эзэмшлийн хонгор халзан зүсмийн 1 тооны даагыг бусдад худалдан борлуулж завшсаны улмаас хохирогч Т.Сд 600,000 төгрөгийн хохирол учруулж хөрөнгө завших, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж өгсөн,  хохирогчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн  2238000000479 дугаартай хэрэгт мөрдөн шалгах  ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.  

              Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

              Шүүгдэгч Б.Ц нь 2021 оны 10 дугаар сарын сүүлээр Хөвсгөл аймгийн Бүрэнтопгох сумын Туяа 5 дугаар багийн нутагт Т.Сгийн эзэмшлийн хонгор халзан зүсмийн 1 тооны даагыг дур мэдэн бусдад худалдан борлуулж завшсаны улмаас хохирогч Т.Сд 600,000 төгрөгийн хохирол учруулж хөрөнгө завшсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.  

              Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Цын өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй.. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг,

              Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Сгийн өгсөн: “Миний хувьд маш их гомдолтой байна. Энэ хүн бол 2002 оноос хойш манай үнэтэй, өнгөтэй, адуу мал, эд хөрөнгөөс хулгайлж, дээрэмдэж өнөөдрийг хүртэл завшиж ирсэн. Худлаа ярьж ах дүү нар болон хүмүүсийн дунд хэрүүл үүсгэдэг зантай. Үүгээр зогсохгүй ах, дүү нараа зоддог. Ширүүн ааштай, хэрүүлч, архи, тамхинд донтдог. Эцэг, эхээ хүндэлдэггүй, эцгээ зоддог. Зарим тохиолдолд гэгээн, цагаан өдөр манай малыг дээрэмдэж байсан. Манай малыг авсан гэж хэлж очоод нөхөр бид хоёр зодуулж байсан. Хэдий ах дүү хэдий ч бид нарын хөдөлмөрлөж, өсгөсөн малаас байнга хулгайлдаг. Халзан даагыг 2021 онд Унагатай гүүг, унагатай гүүгээр манайх сольж авсан. Тэгээд дур мэдэн хонгор халзан даагыг хулгайлж, зарсан. Хар гүүг адилхан хар зүсмийн гүүгээр бас сольсон байсан. Хар гүү манай адуунд байгаа авахгүй юу гэж хэлсэн. Энэ хүн маш их худлаа ярьдаг. Адуу малыг ингэж сольж, хулгайлж байгаад маш их гомдолтой байна. Амьдралын учир утгыг алдагдуулж, ах дүү нарын дунд хэрүүл үүсгэж байна. Миний данс руу хэлэлгүйгээр 600,000 төгрөг хийсэн байсан. Би хонгор халзан даагаа 600,000 төгрөгөөр үнэлэхгүй. Өсөх боломжтой охин даага минь. .. Энэ хүн өөрөөсөө мөнгө гаргаж төлөөгүй, хадам ааваар төлүүлсэн байсан учраас би хадам аавын дансанд мөнгийг буцааж шилжүүлээд мэдэгдсэн...” гэх мэдүүлэг,

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Т.Сгийн өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын сүүлээр адуугаа бүртгэж үзэхэд унагатай гүү хонгор халзан даага зэрэг 3 тооны адуу бэлчээрээс алга болсон. Тухайн үед би 3 адуугаа олох гэж ойр орчим байж болох газруудаар хайсан боловч олоогүй. Тэгтэл 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Туяа багийн иргэн С гэдэг эмэгтэйгээс алга болсон 3 тооны адуугаа асуухад 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр Ц гэдэг хүн надад хар зүсмийн унагатай хар гүү, хонгор халзан даага зэргийг надад зарсан гэж хэлсэн байсан. Тэгээд тэр өдөртөө манай нөхөр Ц С гэдэг хүний хэлсэн 3 адуу очиж үзэхэд манай алдсан 3 тооны адуу мөн байсан ба Цаас худалдаж авсан С гэдэг хүн өөрийнхөө сартай нэмэх тэмдэгтэй дөл тамгаар тамгалаж дэлийг нь зассан байсан. Тэгээд би энэ талаар Цагдаагийн байгуулагад хандаж гомдол мэдээлэл гаргаж байна. ..хонгор халзан даагаа 700000 төгрөгөөр ...үнэлж байна.. Маш их гомдолтой байна. Манай амьдарлын утга учрыг алдагдууллаа. Бас Ц нь хавь ойрын хүнийг хулгайд сургадаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 19 тал/,

              Гэрч Х.Сийн өгсөн: “...Ц надад 2021 оны 10 дугаар сарын сүүлээр хар унагатай хар зүсмийн гүү, сартай хонгор халзан даага зэрэг 3 тооны адуу зарсан нь үнэн. Сартай хонгор халзан даагаа 600,000 төгрөг харин унагатай гүүгээ 1.000.000 төгрөгт бодож зарсан. 1.000.000 төгрөгтөө би Цт 2 машин өвс өгсөн байгаа. Сартай хонгор даага нь ямар нэгэн тамгагүй. Харин хар унагатай хар зүсмийн гүү нь зөв гуяндаа “6” тоо тамагтай гүү байгаа... Дээрх 3 тооны адуу одоо манай адуунд байгаа би Цаас авсан 3 тооны адууг бүгдийг нь буруу талын гуян дээр “Саран дээр од дөл" тамгаар тамгалж дэлийг нь зассан байгаа. Ц анх надтай наймаа хийхдээ өөрийнхөө адуунаас зарж байгаа талаар надад хэлсэн...2022 оны 06 дугаар сарын 03-ны орчим байхаа надтай наймаа хийсэн Цын төрсөн ах Ц нь надаас хар унагатай хар зүсмийн гүү хонгор даага харсан уу? гэж асуухаар нь манай адуунд байгаа танай төрсөн дүү Ц гэдэг хүн надад 2021 оны намар 10 сарын сүүлээр зарсан. Гэхдээ Ц гэдэг хүн өөрийнхөө адууны их тамга зэргээр нь таниад буруу талын гуян дээр нь шинэ дарсан тамга манай тамга байсан болохоор нь надаас ирж асуусан байх гэж бодож байна. Би энэ үед танай дүүгийн зарсан унагатай гүү даага бүгд танай адуу юм уу? гэхэд хар унагатай гүү нь бишээ харин хонгор даага нь манай даага байгаа юм гэж надад хэлсэн. Тэгэхэд Ц гэдэг хүн за би юу ч болсон дүү Цтай очиж уулзахаас гээд явсан үүнээс хойш дахиж манайд ирээгүй харин эхнэр Т.С нь дараа нь манайд ирж уулзсан байгаа. Ц гэдэг хүн надад зарсан унагатай гүүг ах Ц нь бол манай адуу биш харин хонгор даага нь манайх гээд байсан, тэгтэл эхнэр Т.С нь болохоор унагатай гүү нь ч гэсэн манай гүү мөн бүгдээрэй манай адуу гээд байсан хэн нь үнэн хэн нь худлаа яриад байгааг би мэдэхгүй.Тэгээд би сүүлд Ц гэдэг хүнтэй тааралдаад таны надад зарсан адуунууд хүнийх юм уу гэхэд унагатай гүү нь бишээ харин даага нь манай ах Цийнх бид хоёр хоорондоо наймаа хийсэн юм гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,

              Гэрч Б.Цийн өгсөн: “...Ц манай багийн иргэн Хын С гэдэг хүнд 2021 оны 10 дугаар сарын сүүлээр хар унагатай хар зүсмийн гүү, сартай хонгор халзан даага зэрэг 3 тооны адуу зарсан байсан. Сартай хонгор халзан даагаа 600,000 төгрөг, харин унагтай гүүгээ 1.000.000 төгрөгт бодож зарсан. Сартай хонгор даага нь ямар нэгэн тамгагүй харин хар унагтай хар зүсмийн гүү нь зөв гуяндаа “6” тоо тамагтай гүү байсан. Цын зарсан энэ хар зүсмийн гүү нь манай адуу бишээ хонгор халзан дааганы эх нь манай адуунд байгаа манай эхнэр Т.С адилхан хар унагатай гүү болохоор манай хүн андуураад байгаа.. харин хонгор халзан даага бол манай адуу мөн. Би дүү Цтай 2020 онд өөрийнхөө хар унагатай хар зүсмийн гүүгээр Цаас хар зүсмийн хонгор унагагай гүүг сольж авсан юм...Манай адууг дүү Ц хардаг өөрийнх нь адуутай хамт явдаг манайх азарга байхгүй тул дүүгийнхээ адуунд нийлүүлсэн манай дүү Цын адуу цоохор азаргатай 20 гаруй тооны адуу байгаа манайх 2021 оны жилийн эцсээр 17 тооны адуу тоолуулсан байгаа...Энэ даага миний эзэмшилд байдаг миний адуу 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор миний нэр дээр тоолуулсан байгаа...Манай дүү Ц надтай унагатай гүүгээр сольсон даагаа надад хэлэлгүй өөр хүнд зарсан байгаад би гомдолтой байна. Уг хэрэгт эхнэр Т.Сг хохирогчоор оролцуулахад зөвшөөрч байгаа хонгор халзан даагаа 1.000.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,

              Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн №2245617200340 дугаартай: “...Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 5 дугаар багийн иргэн Т.Сгийн 1 тооны хонгор зүсмийн дааганы үнэлгээг 600.000 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлж байна...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 33-34 тал/,

              Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/,

              Шүүгдэгч Б.Цын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2021 оны өвөл 10 дугаар сард санагдаж байна би өөрийн эзэмшилийн хүрэн зүсмийн охин даагаар ах Цийн эзэмшилийн хонгор зүсмийн даагаар сольж наймаа хийж байсан юм. Тэгээд энэ үйл явдлын дараа би өөрийн эзэмшлийн хар зүсмийн унагатай гүүг нутгийн хүн болох Ст зарсан. Би тухайн үед малдаа өгөх өвсгүй болохоор нь С гэдэг хүнд унагатай гүүгээ зарж байсан. Тухайн үед намайг хар зүсмийн гүүгээ зарж байхад нөгөө сольж авсан хонгор зүсмийн халзан даага хар гүүтэй ижилсээд дагаад цуг хүрээд ирэхээр нь би бас Саранццэцэгт зарж байсан. Ингэж наймаа хийсний дараа Ц ахын эхнэр С нь намайг хонгор зүсмийн даага зарсан үрсэн гээд унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Т.Сгийн мэдүүлэг, гэрч Х.С, Б.Ц, Б.Ц нарын мэдүүлэг, Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн №2245617200340 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.Цын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Б.Ц нь 2021 оны 10 дугаар сарын сүүлээр Хөвсгөл аймгийн Бүрэнтопгох сумын Туяа 5 дугаар багийн нутагт Т.Сгийн эзэмшлийн хонгор халзан зүсмийн 1 тооны даагыг бусдад худалдан борлуулж завшсаны улмаас хохирогч Т.Сд 600,000 төгрөгийн хохирол учруулж хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдон тогтоогдож байна.

Бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд гэж ...иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд үүрэг хүлээсэн этгээд нь итгэмжлэн өгсөн эд зүйлс, өмч хөрөнгийг хууль бусаар буюу бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоогдсон хугацаанд  буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, эсхүл уг эд хөрөнгийг ажил үүргийнхээ дагуу зарж борлуулсныг мөнгийг өөртөө завшсан, хууль бус захиран зарцуулалт хийсэн, өөрийн өмчлөлийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшихыг ойлгоно.

Шүүгдэгч  Б.Ц нь хохирогч Т.Сгийн адууг өөрийнхөө адуутай хамт  нийлүүлэн  харж  байсан нь гэрч  Б.Цийн өгсөн “...Манай адууг дүү Ц хардаг өөрийнх нь адуутай хамт явдаг манайх азарга байхгүй тул дүүгийнхээ адуунд нийлүүлсэн манай дүү Цын адуу цоохор азаргатай 20 гаруй тооны адуу байгаа манайх 2021 оны жилийн эцсээр 17 тооны адуу тоолуулсан байгаа...Энэ даага миний эзэмшилд байдаг миний адуу 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор миний нэр дээр тоолуулсан байгаа...Манай дүү Ц надтай унагатай гүүгээр сольсон даагаа надад хэлэлгүй өөр хүнд зарсан байгаад би гомдолтой байна. Уг хэрэгт эхнэр Т.Сг хохирогчоор оролцуулахад зөвшөөрч байгаа хонгор халзан даагаа 1.000.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлгээр тогтоогдсон, шүүгдэгч Б.Цыг бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд мөн гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үндсэн шинжийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн эрх, эд хөрөнгийг завших” шинжээр тодорхойлсон ба тус гэмт хэргийн объект нь бусдын өмчлөх эрх, эд хөрөнгө ба, обьектив тал нь эд хөрөнгө завшсан идэвхтэй үйлдэл юм.

Дээрхээс хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Ц нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэж Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын эд хөрөнгөд халдаж, идэвхтэй үйлдлээр, шунахай сэдэлттэй, амар хялбараар мөнгө олох зорилготой бусдын эд хөрөнгийг завшжээ.       

Шүүгдэгчийн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу хүлээлцэж тохиролцсон малыг өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоож захиран зарцуулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Ц нь Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу малыг  завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Мөн “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд  хохирогч Т.С өгсөн  мэдүүлэгтээ “Энэ хүн өөрөөсөө мөнгө гаргаж төлөөгүй, хадам ааваар төлүүлсэн байсан учраас би хадам аавын дансанд мөнгийг буцааж шилжүүлээд мэдэгдсэн.. Би баримт авах гэсэн боловч баримт гарч ирээгүй. ..би хуулга авч амжаагүй.. Сэтгэл санааны хохирол болон маш их ажлаа алдлаа. Эрж хайх, наашаа цаашаа явах гээд маш их цаг зарцууллаа.  Эрж хайсан зардлаа тооцоогүй, зардлын баримтаа устгасан байна.. дааганы үнэлгээг би 3 дахин нугалж төлүүлж авна” гэж мэтгэлцэж  байх боловч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” заасан хэмжээ хязгаарын хүрээнд  хэргийг хянан шийдвэрлэж хохирогч Т.Сг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон дааганы үнэ 600.000 төгрөгийг авсан байна гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл хохирогч Т.Сгийн данс луу шүүгдэгч  Б.Ц  хохирлын 600.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд хохирогч Т.Сгийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “мөнгө буцааж шилжүүлсэн” гэх тайлбар нь хэрэгт авагдсан болон бусад нотлох баримтаар тогтоогдохгүй  байна гэж үзлээ.  

Хохирогч Т.Сгийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “даагаа эрж хайсан  замын  зардлаа гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь даага эрж хайсан замын  зардлын нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.  

Шүүгдэгч Б.Цын гэм буруутай үйлдлийн улмаас Т.Сд 600.000 төгрөгийн хохирол учирсан боловч мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Ц нь 600.000 төгрөгийг 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хохирогчид төлсөн болох нь Хаан банкны орлогын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Цыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Цыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг  завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Цын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Ц нь урьд 4 удаа эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах баримт хэрэгт авагдсан байх тул /хх-ийн 53-63 тал / Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Цт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 48-63 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн Засаг даргын тодорхойлолт,  эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг баримтуудаар шүүгдэгч Б.Ц нь ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа  багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байсан, өрхийн амжиргааны түвшин бага орлоготой зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч Б.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 115 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Цын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Б.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, оршин суугаа газар, ажил эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгчийн оршин суугаа газар болох Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.      

Шүүгдэгч Б.Цт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын тамгын газарт эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Ц нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт хураан авсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйл, 36.4 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

              1. Шүүгдэгч А овогт Бын Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бын Цыг 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цт  оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын тамгын газарт эдлүүлэхээр тогтоосугай.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Ц нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

              5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч  Б.Ц нь  хохирогч Т.Сд хохирол 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг төлсөн болохыг дурьдаж, хохирогч Т.С нь гэмт хэргийн улмаас учирсан замын зардлын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

              6. Шүүгдэгч Б.Ц  энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

              7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.ДӨЛГӨӨН