Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/218

 

                              

 

 

 

 

 

 

 

 

 

   2022         07          25                                      2022/ШЦТ/218

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Түвшинжаргал,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Дгийн Бд холбогдох эрүүгийн 2238000000494 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                                                                

Монгол Улсын иргэн, Ид овогт Дгийн Б, 1990 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдардаг, Хөвсгөл мөрөн сумын 6 дугаар хорооны 5-13 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн РС90011937 дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь архи согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал 2 дугаар баг Гүвдээ гэх газар хамтран амьдрагч Н.Отой хэрүүл маргаан үүсгэж улмаар  түүний  баруун гарыг мушгих, цээжин тус газар нь дэвсэж, толгой, шанаан тус газар гараараа цохиж  эрүүл мэндэд нь баруун шанаа, баруун дээд зовхи, дух, зүүн шанаа, баруун чамархайн хуйх, баруун гарын  эрхий хуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000494 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал 2 дугаар баг Гүвдээ гэх газар архи согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Н.Отой хэрүүл маргаан үүсгэж улмаар  түүний  баруун гарыг мушгих, цээжин тус газар нь дэвсэж, толгой, шанаан тус газар гараараа цохиж бие эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь баруун шанаа, баруун дээд зовхи, дух, зүүн шанаа, баруун чамархайн хуйх, баруун гарын  эрхий хуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.  

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бийн өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.Оы өгсөн: “..Бгийн гэрт үдээс хойш 15 цагийн үед очоод цай унд уугаад байж байхад Б нь Б бас нэг танихгүй хэдэн хүнтэй нийлээд архи ууж эхэлсэн. Тэгж байснаа ойрхон явж гэр баръя гэж яваад оройны 18 цагийн үед гэрээ барьж дуусаад дахиад нэг шил архи уусан юм шиг байсан... Би Бгийн гэр лүү явж байхдаа нүүр лүү нь харахад нүүр ам нь улайсан байсан болохоор нь чи архи уугаад согтсон байна, одоо бөөсгийгөө идчихээд явъя гэж хэлсэн. Тэгээд Бгийн гэрт очиход бөөсгий нь яг болоод таарч байсан. Бөөсгийгөө идэж дууссаны дараа Б нь бөөсгийний юм гээд нэг шил архи гаргаж ирээд дахиад архи дарс уух юм болсон. Тэгж байснаа л Б нь манай өвөлжөө рүү нь явна очиж тарвага иднэ гэхээр нь орой болчихлоо чи аймаар согтолтын байдалтай байна би тэр өвөлжөөнөөс нь Мөрөн лүү машинаа унаад явж чадахгүй, чи ингэж архи уух байсан юм бол ганцаараа ирэхэд яасан юм гэж хэлсэн чинь чи муу ярваганалаа Мөрөнгийн төв рүү ямар юм руугаа яарсан юм гээд миний баруун гарыг мушгиад миний нуруун дээр аваачиж байгаад эрхий хурууг минь хөшсөн. Тэгэхээр нь би найзуудад нь энийгээ аваачаа гэсэн чинь эхнэр нөхөр хоёрыг яаж мэдэх юм бэ гэж хэлж байсан. Тэгэж байснаа шууд миний хүзүүг боогоод намайг газар унагааж байгаад миний цээжин дээр 1 удаа дэвсэж байгаад, өвдөглөөд миний савхины хоёр захыг татаж боогоод байхаар нь би газар байсан яс аваад Бийн баруун талын хөмсөг нь байсан байх нөгөө ясаараа цохисон. Тэгэхэд хөмсөгнөөс нь цус гарсан. Үүний дараа Б чи намайг ийм болгочихлоо би чамайг заавал ална гээд миний хоёр талын шанаа руу гараа атгаж байгаад зөндөө олон удаа цохисон. Тэгж байтал нэг найз нь ирээд Бийг надаас салгахаар нь би Бгийн гэрт явж очоод утсаа өгөөч ээ би цагдаа дуудъя гэсэн чинь утас байхгүй гээд байсан. Ингээд байж байтал миний ардаас Б орж ирээд намайг дахиж боож байгаад миний элэг хэсэг рүү гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон. Намайг ингэж зодож байснаа Бгийн гэрээс гараад гүйсэн. Тэгэхээр нь би нөгөө хоёр найзыг нь аваад ардаас нь явж нилээн явж байгаад Бийг машиндаа суулгаж байсан. Тэгээд Мөрөн лүү явж байхад миний бие муудаад хоёр ч удаа ухаан алдаж унасан. ..машинаас буухдаа би хутгатай шүү гэсэн..Надад одоо, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/,

Гэрч Х.Иын өгсөн: “...Арбулаг суманд байх Б гэдэг айлд бөөсгий идэх гээд очсон. Бгийн гэрт үдээс хойш 15-16 цагийн үед л очсон байх. Тэгээд гэрт нь очиход Бгийн гэрт бас хэдэн хүмүүс бөөсгий идэхээр ирсэн гэж байсан. Энэ хүмүүстэй бид хэд нийлээд 2 шил архи лав уусан байх. Тухайн үед О нь ерөөсөө архи дарс уугаагүй. Ингэж байснаа Бгийн төрлийн нэг хүн нь гэр баръя гээд байхаар нь цуг барилцаж өгсөн. Гэр барьж өгчихөөд дахиад нэг шил архи тэнд байсан хүмүүстэй нийлээд уусан. Тэгэж байснаа л Б нь Отой муудалцаад хоорондоо хэрэлдээд байсан. Тухайн үед архи уугаад нэлээн согтсон байсан болохоор нь би юунаас болж хэрэлдсэн, юу гэж хэрэлдсэн гэдгийг нь мэдэхгүй байна... Тухайн үед О, А бид гурав ардаас нь нэлээн машинтайгаа дагаж явж байгаад арайх гэж машиндаа суулгаад хөдлөөд явж байхад О нь замдаа ухаан алдсан. Тэгэхээр нь би Оыг сэрээгээд байж байхад Б нь машинаас нэг хутга шиг юм аваад уул өөд яваад өгсөнА надад хэлэхдээ Б нь Оыг зодож байхаар нь дундуур нь орж салгасан гэж надад хэлсэн. Би яг зодож байхыг нь бол хараагүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

Гэрч Ц.Бын өгсөн: “2022 оны 07 дугаар сарын 03 ний өдөр манай найз Б эхнэр О найз И нарын хамт Арбулаг сумын 2 дугаар багийн нутаг Гүвдээ гэх газарт малын засаа идэхээр манайд ирсэн нь үнэн....Б болон О нарын хооронд ямар нэгэн хэрүүл зодоон болсон эсэх талаар би мэдэхгүй манайд тийм асуудал болоогүй харин Б нь надтай хамт цаашаа өвөлжөө рүү явна гэхэд хамт ирсэн эхнэр О нь явуулахгүй гээд хоорондоо маргалдаад байсан. Энэ үед Б болон О нарыг үлдээгээд би өөр найз нарын хамт өвөлжөө рүү явсан. Үүнээс хойш юу болсон талаар би сайн мэдэхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 394 дугаартай: “...Н.Оы биед баруун шанаа, баруун дээд зовхи, дух, зүүн шанаа, баруун чамархайн хуйх, баруун гарын эрхий хуруунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Уг гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь 2022 оны 07 дугаар  сарын 03-нд хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн гэг. байх боломжтой байна..” гэх дүгнэлт /хх-ийн 25 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг  хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Д.Бийн гэм буруугаа хүлээж өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... Бын өвөлжөө рүү явж хорхог хийж идье гэсэн чинь О дургүйцээд байсан. Бас миний утас, карттай булаацалдаад байсан болохоор би Оы биед халдсан... Миний санаж байгаагаар нэг мэдсэн чинь би Оы дээр гараад суусан байсан. Бас шанаа хэсэг рүү нь нэг удаа цохиж байснаа санаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Н.Оы мэдүүлэг, гэрч Х.И, Ц.Б нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 394 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Д.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч  Д.Б нь хамтран амьдрагч Н.Отой хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний баруун шанаа, баруун дээд зовхи, дух, зүүн шанаа, баруун чамархайн хуйх, баруун гарын эрхий хуруунд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.Оы биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Д.Бийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Д.Бийн үйлдэл идэвхтэй, хохирогч Н.Оы бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Д.Бийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар: Шүүгдэгч Д.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Н.О нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, хохирогч Н.О нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх эвлэрлийн  гэрээг /хх-ийн 40-41 тал/ хавтаст хэрэгт хавсаргаж ирүүлсэн байна. Хохирогч шүүхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Бийн  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Бийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 36-42 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.Б нь ам бүл 3, ээж, дүүгийн  хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6  дугаар хорооны 5-13 тоотод оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 122 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Д.Бийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Д.Бийн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуу нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт  хураан авсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ид овогт Дгийн Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Ид овогт Дгийн Бийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН