Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/282

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0268/Э

                                                                                             

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч Н.Т- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б- овогт Н-ын Т-ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218000000294 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд гөрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “Ш” ХК-д хүнд машин механизмын оператор ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ... тоотод сршин суух, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Б- овогт Н-ын Т- /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Т- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.Т- нь согтуурсан үедээ 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ... тоотод эхнэр Б.О-ийг үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, улмаар газарт унаган чирэх, нүүрэн тус газарт нь гараараа цохих зэргээр зодож, нүүрэнд зөөлөн эдийн няцрал. цус хуралт, хамрын нуруунд шарх, цээжинд цус хуралт, 2 тохойнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Н.Т-ын өгсөн: “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид ахин ийм үйлдэл гаргахгүй гэдгээ амлаж байна” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2022 оны 06 дугаар сарын 17-ны орой 18 цагийн орчимд миний фейсбүүк хаяг руу манай нөхөр Т- нь өөрийн фейсбүүк хаягаас намайг доромжилсон утгатай чат бичээд байхаар нь би тухайн үед тоогоогүй юм. Ингээд манай ажил орой 20 цаг 00 минутад тараад гэр лүүгээ явах гэж байтал манай нөхөр Т- хоёр хүүхдийг маань дагуулаад ирчихсэн байсан. Ингээд Т- бид хадам аав Н-ын гэрт нь 2 хүүхдийг аваачиж өгөөд буцах замдаа 21 цагийн орчимд өөрийн найз Мөнхтуулын гэрт нь очсон, тухайн үед Мөнхтуул нь өөрийн нөхөр Баяраагийн хамт байсан. Ингээд бид 4 ойр зуурын юм ярингаа 750 граммын Болор гэх нэртэй 1 шил архи хувааж уусан. Ингээд уг архи 2022 оны 06 дугаар сарын 17-ны орой 23 цагийн орчимд дууссан бөгөөд Т- бид хоёр гэр рүүгээ харьсан. Гэрт ирээд байж байтал Т- нь ямар ч шалтгаангүй над руу уурлаад намайг “янхан, гичий, ална” гээд байхаар нь миний дургүй хүрээд гэрээс гарах гэж байтал араас ирээд намайг газар унагаагаад гэрийн хивсэн дээр чирээд миний нүүр рүү баруун гараараа 1 удаа цохисон юм. Тухайн үед миний хамраас нэлээн цус гарсан болохоор манай нөхөр өөрийн ээж болох Энхсайханыг дуудсан юм. Ингээд хадам ээж Энхсайхан нь шөнө 00 цагийн орчимд манай гэрт ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 06-р хуудас/,

 

Гэрч Д.Энхсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 17-ны орой 20 цагийн орчимд гэртээ байхад хүү Т- нь өөрийн эхнэр О- болон 2 хүүхдийн хамт манай гэрт ирээд 2 хүүхдээ манай гэрт үлдээгээд явсан юм. Ингээд 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 18-ны өдөр шилжих шөнө 00 цагийн орчимд гэртээ унтаж байхад манай хүү Т- нь залгаад би О-ийг зодчихлоо, та хүрээд ир гэж хэлэхээр нь би шууд хүү Т-ын гэрт нь ороход манай бэр О-ийн хамраас нь цус гарчихсан байсан бөгөөд О- нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-р хуудас/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 640 дугаартай “Б.О-ийн биед хоёр нүдний зовхи, баруун нүдний алиманд цус хуралт, хамарт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 13-14-р хуудас/,

 

Шүүхийн  Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 591 дугаартай “Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.Одмаагийн 2022.06.21-ний өдрийн 640 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын эрүүл мэндийн төвийн эмчийн 2022.06.18-ны өдрийн тодорхойлолтоос харахад Б.О-ийн биед нүүрэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруунд шарх, цээжинд цус хуралт, 2 тохойнд зулгаралт гэмтэл учирсан байх боломжтой байна. Б.О-ийн биед учирсан нүүрэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруунд шарх, гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, цээжний цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шинжээчийн 640 дугаартай дүгнэлтэд цээжинд цус хуралт, 2 тохойны зулгаралт гэмтэл тусгагдаагүй байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21-24-р хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, яллагдагч Н.Т-, хохирогч Б.О- нараас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 72-73 / гаргасан байна.

 

Н.Т-, хохирогч Б.О- нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3-р зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон гэрлэсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 88/ болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Н.Т- нь согтуурсан үедээ, үл ялиг зүйлээр шалтаглан эхнэр Б.О-ийг биед хоёр нүдний зовхи, баруун нүдний алиманд цус хуралт, хамарт шарх гэмтэл учруулан зодсон үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна.

 

Иймд Н.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжтэй үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг сарын орлогын хэмжээг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Б.О- шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “миний бие шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Б- овогт Н-ын Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Т-ад 450 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-ад оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Т-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Г.ГЭРЭЛТ-ОД