Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 532

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Эд холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Ариунаа,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 584 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Ариунаагийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 60 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэлд үндэслэн Б.Эд холбогдох 1906 00966 0682 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

У овгийн Бийн Э, 1995 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

Б.Э нь 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” интернет тоглоомын газар иргэн А.Сугарын эзэмшлийн “ЛЖ Ж-6” загварын гар утсыг куртикны халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 893.800 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч У овогт Бийн Эг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Эг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тодорхой ажил үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.Эд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор А.Ариунаа бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсэн атлаа ямар төрлийн ажил, үүрэг гүйцэтгэх нь ойлгомжгүй, ямар хугацаагаар тогтоосон нь тодорхойгүй байна.

Мөн шийтгэх тогтоолын 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй” гэсэн боловч шүүгдэгчид тэнссэн хугацаанд тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Үүрэг хүлээлгэх эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэсэн заалт бүхий шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хүлээх хариуцлагын талаар хуульд заасан үндэслэл бүхий зүйл заалтыг дурдаагүй нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6, 7, 8 дахь хэсгүүдэд үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хүн энэхүү албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдэх эсхүл тус албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанаас өмнө түүнийг ялаас чөлөөлөх, энэхүү хугацаа дууссаны дараа ял оногдуулах эсэх зэрэг асуудлыг нэг бүрчлэн зохицуулсан байх бөгөөд эдгээр хуулийн зохицуулалтуудын хэрэгжилт нь тухайн албадлагын арга хэмжээг тогтоосон хугацаанаас шууд хамааралтай байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасны дагуу тус албадлагын арга хэмжээ шүүгдэгчид хэдий хугацаанд авагдсан гэж үзэх нь тодорхойгүй бөгөөд эргэлзээтэй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн” гэж буруу бичсэнийг дурдах нь зүйтэй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдож байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 584 дугаартай шийтгэх тогтоолын 3, 5 дахь заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж шүүгдэгчид үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацааг тодорхой, ойлгомжтой, эргэлзээгүй болгож өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай нотолсон ба мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчдын эрхийг хасаж хязгаарласан болон Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” интернет тоглоомын газар иргэн А.Сугарын эзэмшлийн “ЛЖ Ж-6” загварын гар утсыг хүрэмний халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 893.800 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Д.Сугарын: “...Б.Э гараад явсан ба 3-4 минутын дараа куртикны халаасанд байсан гар утсаа үзэхэд байгаагүй... Буцаж ороод тоглоомын газрын хяналтын камерыг шүүж үзэхэд Б.Э миний хажууд сууж байгаад гараа доороос дээш явуулаад малгай өмссөн. Ингэхдээ малгайныхаа дотор талд утсыг маань хийж байгаа бололтой байсан. Малгайгаа өмссөний дараа малгайны оройд гар утасны хэлбэр гарсан байсан. Орой Б.Э өөрөө миний утсыг авчирч өгсөн.” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 9-12 дугаар хуудас/,

гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтас хэргийн 5 дугаар хуудас/,

2019 оны 1 дүгээр сарын 30-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн №Б32-19-248 дугаартай: “LG G6 загварын гар утасны зах зээлийн үнэлгээ 893.800 төгрөг” гэх үнэлгээний тайлан /хавтас хэргийн 19-20 дугаар хуудас/,

шүүгдэгч Б.Эгийн “...би найзынхаа сандал дээрээ тохсон байсан куртикны халааснаас гар утсыг нь аваад явсан... “аваагүй” гэж хэлсэн боловч цагдаад баригдаад айгаад тэр өдрөө гар утсыг нь буцааж өгсөн...” гэх яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтас хэргийн 36-37 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Эг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгожээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Эгийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд тодорхой үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Харин ийнхүү шийдвэрлэхдээ, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн тохирох зүйл, хэсэг, заалтыг баримтлаагүйн гадна, мөн хуулийн холбогдох заалтыг тусгаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагад нийцэхгүй байна гэж үзлээ.

Үүнд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай /буруу бичсэн/ ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тодорхой ажил үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй” гэж заасан нь шүүгдэгч Б.Э нь тодорхой эрхэлсэн ажилгүй учир түүний хувийн байдалтай нийцээгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх зүйтэй гэж үзэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг шүүгдэгч Б.Эд сануулсан өөрчлөлтийг тусгахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 584 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар нэг жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг Бийн Эд хүлээлгэсүгэй.” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Эд мэдэгдсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 584 дугаартай шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор А.Ариунаагийн бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 60 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авсугай.
  2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

   

 

 

 

ДАРГАЛАГЧ,                                                  Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ