Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2024/0112

 

 

 

 

 

 

 

 

 

                              “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                         захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “З ХХК

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Гуравдагч этгээд “Э” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/7* дүгээр тушаалын “З” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/12* дүгээр тушаалын “З” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А/33* дугаар тушаалын “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2023/0928 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2021/0491/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “З” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулж “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/7* дүгээр тушаалын “З” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/12* дүгээр тушаалын “З” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А/33* дугаар тушаалын “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2023/0928 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “З” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/7* дүгээр тушаалын “З” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М давж заалдах гомдолдоо:

“...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/7* дүгээр тушаал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэл болгосон.

3.1 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2023/0928 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсгийн 10.5-д заасныг эс зөвшөөрсөн үндэслэлийн тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх”, 43 дугаар зүйлийн 43.5-д “Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно” гэж тус тус заасан.

Захиргааны байгууллагаас сонсох ажиллагааны мэдэгдлийг өөрийн албан ёсны цахим хуудас болон нэхэмжлэгчийн хаягт хүргүүлсэн байна. Гэтэл нэхэмжлэгчээс тогтоосон хугацаанд хариу тайлбарыг ирүүлээгүй байна. Мөн нэхэмжлэгч “З” ХХК нь хаягаа өөрчилсөн эсэх талаарх баримтаа Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй ба тус хуулийн зохицуулалт нь хариуцагч байгууллагад сонгох боломжийг олгосон зохицуулалт юм. Гэтэл шүүхээс тус хуулийн зохицуулалтыг үндэслэлгүй Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт зааснаар тайлбарласан нь үндэслэлгүй юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал нь тодорхой эрх бүхий байгууллагын саналыг үндэслэдэг. Тус саналууд нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн албан бичгүүдийн санал бус зөвлөмж гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

3.2 Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт зааснаар “З” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон үндэслэлийн тухайд:

Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 35 дугаар зүйлийн 35.3.3-т “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэж тус тус заасан.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “З” ХХК нь газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй ба энэ нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн баримтаар тогтоогддог. Мөн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь нийт 654,714,633 төгрөгийн үлдэгдэлтэй гэдэг. Гэтэл шүүхээс нөхөн төлөх боломжтой байсан эсэхийг тодруулаагүй гэж үзэх нь үндэслэлгүй.

Мөн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хариуцагчаас шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг холбогдох баримтын хамт ирүүлсэн боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мэтгэлцэх боломжоор хангаагүй хэргийг шийдвэрлэсэн нь процессын зөрчил гэж үзэхээр байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг нь 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр үзлэг хийж, шинжээчийн дүгнэлтээс нэмэлт тайлбар авахдаа хэргийн оролцогчдод мэдэгдэлгүй, шууд тайлбар мэдүүлэг авсан нь хууль бус юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна” гэж заасныг зөрчсөн.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2023/0928 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “З” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/7* дүгээр тушаалын “З” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч “З” ХХК-д Байгаль орчны яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаас Баянзүрх дүүрэгт орших Богдхан уулын дархан цаазат газарт “Т” нэртэй газарт 20 га талбайг 5 жилийн хугацаатайгаар, 2008 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 60* дүгээр “Монгол улсын Байгаль орчны яам Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах” тухай гэрчилгээ олгожээ.

3. Нэхэмжлэгч “З” ХХК нь газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал хууль бус хэмээн маргажээ.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгт анхан шатны шүүх зөв дүгнэлт өгч, Захиргааны ерөнхий хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

5. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/7* дүгээр “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” захирамжаар “...Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй...” гэх үндэслэлээр нэхэмжлэгч “З” ХХК-ийн Баянзүрх дүүрэгт орших Богдхан уулын дархан цаазат газар Төр хурахын аманд байрлах 11.1 га газрыг, 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/12* дүгээр “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” тушаалаар “З” ХХК-ийн Баянзүрх дүүрэгт орших Богдхан уулын дархан цаазат газар Төр хурахын аманд байрлах 8.99 га газрын газар ашиглах эрхийг тус тус цуцалж, хүчингүй болгожээ.

6. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно” гэж заасан.

7. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/7* дүгээр тушаалын тухайд: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 09/8207 дугаар “Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр газар ашиглах эрхийг цуцлах, гэрчилгээг хүчингүй болгох тухай мэдэгдлийг “З” ХХК-д хүргүүлсэн гэх боловч нэхэмжлэгч хуулийн этгээд хүлээн аваагүй болох нь “Монгол шуудан” ХК-ийн албан бичгээр тогтоогдсон, хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан сонсох ажиллагаа явуулаагүй нь нотлогдсон байна.

8. Улмаар нэхэмжлэгч тухайн 5 га болон 6 га газарт үл хөдлөх эд хөрөнгөтэй болох нь хэрэг авагдсан өмчлөх эрхийн гэрчилгээнүүд, шүүхээс хийсэн газрын үзлэг, фото зураг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байхад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх боломжгүй, энэ тухай анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

9.  Маргаан бүхий актын “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” үндэслэлийн тухайд: Баянзүрх дүүргийн газарт зохион байгуулалтын албанаас ирүүлсэн албан бичгээр “З” ХХК нь “...2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 554.400.000 төгрөгийг газрын төлбөрт төлсөн, 654.714.633 төгрөгийн үлдэгдэлтэй, ... 49980 м.кв газарт нэхэмжлэх үүссэн, 59965 м.кв газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэгдээгүй” гэх лавлагаа, жилд төлөх газрын төлбөр 52.800.000 төгрөг байхаар гэрээнд тусгагдсан боловч, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор төлбөл зохих газрын төлбөр 2011 онд 79.200.000, 2019 онд 294.297.300 төгрөг болж нэмэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч 2018 оныг дуустал газрын төлбөрөө төлж байсан үйл баримтууд тогтоогджээ.

10. Нэхэмжлэгч “З” ХХК нь хэдийгээр газрын төлбөр илэрхий нэмэгдсэнтэй холбоотой тухайн цаг хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаагүй боловч “...газрын төлбөр нэмэгдүүлж тогтоосон дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хуулийн этгээдүүд эс зөвшөөрч маргаж байсан, 2019 оноос төлбөр төлөөгүй” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй, нэхэмжлэгч хуулийн этгээд Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай байгуулсан Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээний Тавын 2-т “Гэрээний биелэлтийг талууд дараа оны 01 дүгээр сарын 15-ны дотор дүгнэж, шаардлагатай бол гэрээнд нэмэлт оруулна” гэж зааснаар ийнхүү гэрээг жил бүр дүгнэж байгаагүй, тухайн газар дээрээ үл хөдлөх эд хөрөнгөтэй газар ашиглагчид газрын төлбөр төлөх болон газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох талаар мэдэгдээгүй хариуцагч 2021 оны А/7* дүгээр тушаалыг гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ. 

11. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/12* дүгээр тушаалаар 9 га /8.99/ газрын ашиглах эрхийг дуусгавар болгосон нь үндэслэлтэй байх бөгөөд тухайн газар дээрээ нэхэмжлэгч үйл ажиллагаа явуулаагүй, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, төлбөр төлөөгүй болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн энэ тушаалд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх бөгөөд энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй болохыг дурдаж байна.  

Иймд анхан шатны шүүх маргааны талаар зөв дүгнэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2023/0928 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                   ШҮҮГЧ                                               О.ОЮУНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                               Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА