Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Маанийн Мөнхтөр |
Хэргийн индекс | 102/2017/02195/И |
Дугаар | 102/ШШ2018/01951 |
Огноо | 2018-06-13 |
Маргааны төрөл | Өвлөх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2018/01951
2018 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2018/01951 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дүгээр хороо, ... хорооллын ... дугаар байрны ... тоотод оршин суух, ... овогт Д.П /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ... хотхон, ... дугаар байрны ... тоотод оршин суух, ... овогт П.Т /РД: .../,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ...дүгээр хороо, ... хотхон, ... дугаар байрны ... тоотод оршин суух, ... овогт Б.М /РД: .../ нарт холбогдох,
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны 430 дугаар байрны 35 тоот орон сууцыг өөрийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, хариуцагч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагч П.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Пийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний төрсөн хүү болох П.Д нь Б.Мтай 2013 онд гэр бүлээ батлуулсан бөгөөд анхнаасаа хэрүүл уруултай, салж нийлсэн амьдралтай байсан. 2014 онд хүү, бэр 2 маань бас л сална сарнина гээд тусдаа амьдрах үедээ эд хөрөнгөө хуваасан. Ингэхдээ миний захиалан бариулсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны D430 дугаар байрны 35 тоотод байрлах 50,97 м/кв талбай бүхий орон сууцыг Б.М авч, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 20-22 тоот 85,65 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хамтран өмчлөх эрхээсээ татгалзахаар тохиролцсон. Ингээд Олимп хотхоны 2 өрөө орон сууцны төлбөрийн үлдэгдэл 10,000,000 төгрөгийг гүйцээн төлж захиалгын гэрээг шилжүүлэн өгөөд Алтай хотхоны 3 өрөө орон сууцыг би өөрийн нэр дээр болгож авсан. Гэтэл Б.М нь элдэв арга саам хэрэглэж шүүхэд нэхэмжлэл гаргаж хамтран өмчлөх эрхээсээ татгалзсан 3 өрөө орон сууцаа П.Д, Б.М нарын хамтран өмчлөх дундын хөрөнгөөр тооцууллаа. Өөрөөр хэлбэл Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2016/01553 дугаар шийдвэрээр Д.П миний 3 өрөө орон сууцыг өмчлөх эрхийг хүчингүй болгосон.
Б.М нь П.Дыг миний нөхөр гэх боловч П.Д нь Америкийн нэгдсэн улсад байгаа. Би улс армид нийтдээ 34 жил ажилласан бөгөөд 1992 оноос 2000 он хүртэл ганзагын наймаа хийж бизнес эрхэлж байсан. П.Д, Б.М нарыг хүүхэдтэй болсон хойно нь би хүүтэйгээ хамт яваад 13 дугаар хорооллын 12 дугаар байр, 9 давхарт 3 өрөө байрыг 70,500,000 төгрөгөөр авсан, байрны урьдчилгаа 30,000,000 төгрөгийг бэлэн төлөөд үлдсэн төлбөрийг хүүтэйгээ хамтран зээлдэгч болоод орон сууцны зээлд хамрагдаж төлж байсан. Тухайн байрыг өөрийн ангийн хүнээс гуйж засвар хийлгэсний дараа нь Мандах тухайн байранд орж амьдарснаа мэдэж байгаа. 2012 онд амьдарч чадахгүй гэж салаад явахдаа гэрийнхээ хөргөгч зэрэг эд хөрөнгийг үнэлж 3,000,000-4,000,000 төгрөг болгож зарчихаад өөрөө салаад хүүхдийнхээ овгийг хүртэл солиод явсан. Тэр 13 дугаар хорооллын 3 өрөө байрыг 130,000,000 төгрөгөөр зарсан бөгөөд байрыг авсан хүнийг хүртэл өмнө нь шүүхэд гэрчээр асуулгаж байсан. Тэгээд Алтай хотхоны байрыг худалдаж аваад амьдарч байхдаа нэг бол сална, нийлнэ гэж амьдрах болсон. Сүүлд нь салах болоод Олимп хотхоны 2 өрөө байрыг, приус 20 маркийн машинтайгаа өгвөл би салж явах болно гэж Б.М тайлбарлаж байсан. Манай хүү салах гээд бүх асуудлаа зохицуулъя гэхэд нь би арай яарч байгаа талаар хэлж байсан боловч тухайн хэлцлийн дагуу бүх асуудлыг шийдвэрлэсэн. Гэтэл сүүлд нь Б.М жирэмсэн болсноо мэдээд салахаа болисон.
Тэгээд Б.М Олимп хотхоны байрандаа амьдарч, та Алтай хотхоны байранд амьдар гэж миний хүү хэлж байсан. Анх Тайгам алтай ХХК-аас Алтай хотхоны байр болон 2 авто зогсоол авч байсан. Одоо хүртэл Алтай хотхоны байрандаа өөрөө амьдраад, авто зогсоолоо өөрөө ашиглаж байгаа. Түүнчлэн Олимп хотхоны байрыг өөрийн нэр дээр болгож аваад 2014 оны 11 дүгээр сараас эхлээд сарын 480,000 төгрөгөөр Осмо ХХК-аар зуучлуулаад өнөөдрийг хүртэл бусдад түрээслүүлж байгаа хүн. Би тэр байрнаас 1 төгрөг ч ашиглаагүй. Б.М бол өөрийнхөө аавыг аав гэхгүй хүмүүжилгүй хүн байгаа юм. Би 2 ачийгаа эргэхээр очиход намайг байраа шалгаж явна уу гэж хэрүүл хийхэд түүний аав, ээж нь хүртэл Б.Мыг цаашаа байж бай гэж хэлж байж хэдэн үг сольж байсан. Өгсөн авснаа буцаагаад шийдвэрлэчих байх гэхэд ийм шунал гаргаж байгаад харамсаж байна. Намайг модоо барьсан гуйлгачин байсан мэт ярьж байгаа бол үгүй юмаа, намайг бол арми болон улс даяараа мэднэ.
Иймд П.Д, Б.М нарын хамтран өмчлөх дундын хөрөнгө гэх Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны D /430/ байрны 35 тоот, 50.97 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Д.П надад буцаан шилжүүлэхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Мын шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би 2010 онд П.Дтай гэр бүл болж, 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Б.М, П.Д нар нь хууль ёсны эхнэр, нөхөр бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдөр байгуулсан хэлцэл нь гэрлэлт цуцлуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваахтай холбоотой байсан боловч эвлэрч гэрлэлт цуцлагдаагүй болно. Гэтэл бидний хамтран өмчлөх дундын өмч болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны 430 дугаар байрны 35 тоот 50.97 м/кв талбай бүхий орон сууцыг Д.П нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй юм. Энэхүү орон сууцыг 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр нөхөр П.Дын нэрээр захиалгаар бариулах гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрийг би 25,000,000 төгрөгийн зээл авч төлсөн болох нь 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн зээл болон барьцааны гэрээгээр, дансны гүйлгээ, нөхөр П.Дд мөнгө шилжүүлсэн баримт болон 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр уг орон сууцны урьдчилгаа төлбөрийн 90 хувь болох 86,658,700 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр үлдэгдэл 10 хувь буюу 1,184,300 төгрөгийг тус тус шилжүүлсэн баримт зэргээр нотлогдоно. Харин 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 20 дугаар байрны доорх 55, 56 тоот авто зогсоол, 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр мөн хотхоны 20-22 тоот 3 өрөө орон сууцыг нөхөр П.Д нь өөрийн төрсөн эцэгтээ хууль зөрчин хүчин төгөлдөр бус бэлэглэлийн гэрээгээр /2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 001/хт2017/00730 дугаар тогтоол/ шилжүүлэхдээ мөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны 430 дугаар байрны 35 тоот Орон сууц захиалгаар барих гэрээ-г шилжүүлсэн байсан.
Нөхөр бид хоёр бол нэхэмжлэгч Д.Паас авсан зүйл байхгүй, өөрсдөө орон сууц, 2 авто зогсоол авах боломжтой, хангалттай хэмжээний цалин хөлстэй ажиллаж байсан хүмүүс. Нэхэмжлэгч Д.Пийн цалингийн хуулга нь шүүхэд татагдаж ирсэн хэрэгт авагдсан байгаа. Д.П нь өөрөө сард 500,000 төгрөгийн цалин авдаг бөгөөд уг цалингаар байр авах боломжгүй юм. Д.П гуай манай нөхрийн толгойг эргүүлж бидний нэр дээр байсан эд хөрөнгийг өөртөө шилжүүлж авсан байсан. Д.П нь Алтай хотхоны байрыг нэр дээрээ шилжүүлээд авчихсан, мөн Олимп хотхоны байрыг манай нөхөр төлбөрийх нь 90 хувийг төлөөд байхад шилжүүлээд авчихсан байсан. Би Тайгам алтай ХХК-иас уг шилжүүлэг хийсэн талаар баримтыг шүүлгэж авсан. Уг шилжүүлгийг хийхдээ манай нөхөр болон Д.П нар нь хоёр иргэний үнэмлэхээ хуулбарлаад гараар П.Д нь гадагшаа явах гэж байгаа учраас Олимп хотхоны байрыг Д.Пид шилжүүлж байна гэх хүсэлтийг бичиж өгсөн байсан. Д.П нь тухайн орон сууцны захиалгын гэрээг 5 сарын хугацаанд шударга бусаар эзэмшсэн. Миний нөхөр болон бидний 2 хүүхэд буюу манай гэр бүл нь тухайн байрны шударга эзэмшигч юм. Нэр шилжүүлснийг нь тэр үед захиалганд ороогүй байсан учраас би мэдээгүй байж байгаад сүүлд нь олж мэдээд буцаж надад шилжүүлэгдсэн. П.Д нь уг байрны бүх төлбөрийг Тайгам алтай ХХК-нд төлсөн бөгөөд Д.П нь Тайгам алтай ХХК-нд нэг ч төгрөгийг байрны төлбөр гэж төлөөгүй, тийм баримт байхгүй. Захиалгын гэрээг хууль бусаар 5 сарын хугацаанд өөртөө байлгаж байснаас үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Энэ бол гэр бүлийн дундын өмч бөгөөд боломжтой, цалинтай бололцоотой хүмүүс өөрсдөө худалдаж авсан гэдэг нь бүх баримтаар нотлогдож байна. Уг байрны бүх хэрэглээний зардлыг манай нөхөр П.Д шилжүүлдэг бөгөөд Д.П нь сохор улаан зоосны орлого байхгүй, боломжгүй хүн байж яаж орон сууцны төлбөр төлөх юм. Баянгол дүүргийн Алтай хотхоны байрыг хууль бусаар шилжүүлж аваад би энэ асуудлаар 2 жил 6 сар шүүхээр явж байж шийдвэрлүүлж авсан. Тухайн маргааны явцад уг Олимп хотхоны байрны асуудал байнга яригдаж байсан. Уг байрыг өөрсдийн мөнгөөр авсан, гэр бүлийн дундын өмчлөл гэдэг нь анхан шатны шүүхийн шийдвэрт дурдагдсан. Баянзүрх дүүргийн Олимп хотхоны байрны төлбөрийн 90 хувийн төлөлтийг бид төлөөд дараа нь 10 хувийн төлөлтийг хийсэн. Тэр төлбөрийн баримт дээрх төлбөрийн утга гэх хэсэгт Олимп хотхоны байрны төлбөр гэж бичээгүй, энэ нь тухайн байрны төлбөр гэдгийг нотлохгүй зүгээр байрны захиалгын төлбөр гэж бичсэн байгаа. Тийм учраас өөр байр байгаа юм биш байгаа гэж би хардаж байгаа. Эцэг хүү хоёрын дунд өөр бас байрны асуудал байж магадгүй. Бид өмнө нь Д.П гуайгаас мөнгө зээлсэн бөгөөд тэр зээлсэн мөнгөө төлсөн тухай баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Хэн хэн нь авсан өгсөн бүхнээ тооцоод үзвэл манай гэр бүл хэд хэдэн сая төгрөг авах бөгөөд одоо амьдарч байгаа байр нь хүртэл энэ авлагад багтана шүү гэдгийг хэлье. Мөнгө зээлж байсан нь үнэн бөгөөд түүнийг буцааж төлсөн нь П.Дын дансны хуулгаар харагдах болно. Зүгээр мөнгө шилжүүлсэн, юунд шилжүүлсэн нь мэдэгдэхгүй баримтыг үндэслээд минийх гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Энэ хүн битгий хэл энэ хүний хамтран амьдрагч эмэгтэй рүү хүртэл эмнэлгийн багаж тоног төхөөрөмжний үнэ гээд 8,000,000 төгрөг шилжүүлсэн байсан. Тэр эмнэлэгт нь хувь нэмэр оруулсан гэдгийг би мэдээгүй явж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч П.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа. Хариуцагч Б.Мын тайлбартай холбогдуулан тайлбар хийе. Анх П.Д, Б.М нарыг гэрлэхэд Д.П нь ямар ч мөнгөгүй, П.Д гэдэг хүнийг гуйлгачин байсан, Б.Мын гэрт гуйж амьдарч байсан гэж тайлбарлаж байна. Гэтэл тайлбарын сүүл рүү нь нөгөө гуйлгачин байсан Д.Паас мөнгө зээлж байсан гэж тайлбарлаад байна. Д.П нь мөнгөтэй байсан байна. Хэрэв үнэн бол тэр мөнгөө буцааж төлөх ёстой. Түүнчлэн Д.Паас өчнөөн өр төлбөр, авлагатай гэж тайлбарлаж байгаа бол түүнийгээ тооцоолоод шүүхэд хандаж нэхэмжлэх ёстой бөгөөд энэ эрх нь нээлттэй байна. Д.Пийн амьдарч байгаа байрыг П.Д, Б.М нар худалдаж авч өгсөн юм гэж тайлбарлаж байна. Гэтэл хавтаст хэрэгт байгаа баримтуудаас хаана байдаг ямар орон сууцыг хэдэн төгрөгөөр Д.Пид авч өгсөн тухайгаа Б.М тайлбарлах байх гэж бодож байна. Эс тэгвэл хүн гүтгэсэн л тайлбар болно. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаагаар анх 3 өрөө байрнаас нэрээ хасаад, одоо Д.Пийн нэхэмжилж байгаа 2 өрөө байрны захиалгын гэрээг шилжүүлж, төлбөрийг 100 хувь хийлгэж, шилжүүлж авсан. Үүнийгээ ч өмнөх хэрэгт болзол тавьж хийсэн хэлцэл гэж шүүхэд хандаж байсан. Давж заалдах шатны шүүхээс энэ хэргийг шийдвэрлэхэд процессийн ноцтой алдаа гарсан гэж үзэж байсан. Гэр бүлийн маргаан шийдвэрлүүлэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөрөнгөө хуваагаад, гэрлэлтээ цуцлуулъя гэж байхад Б.М нь жирэмсэн гэдгээ мэдээд түүнээс үүдэн гэрлэлт цуцлагдаагүй юм. Б.М нь өөрт байсан зүйлээ хүнд өгсөн бөгөөд түүнийгээ буцаагаад авсан. Тийм учраас өгсөн зүйлээ буцаагаад авсан юм чинь хүнээс авсан зүйлээ буцааж өгөх нь зүйтэй. Тухайн 2 өрөө байр нь Б.Мын өмч байсан бол анхнаасаа тухайн гэрээг өөрөө байгуулаагүй нь ямар учиртай юм. Тухайн байр өөрийнх нь байр мөн байсан бол нотариатаар гэрээ хийгээд тухайн байрыг авах боломжтой л байсан. Д.Пийг хуурамч баримт үйлдсэн гэж тайлбарлаж байсан боловч бүх баримт нь шүүхэд ирсэн байгаа. Байрны үлдэгдэл 10 хувийн төлөлт буюу 10 гаруй сая төгрөг дутуу байсан бөгөөд Б.М нь уг төлбөрийг бүрэн хийж гүйцээхгүй бол гэрээ хийхгүй гэсэн учир Д.П нь П.Дын данс руу 10 хувийн төлбөрийг хийгээд, П.Д нь цаашаа компанийн данс руу шилжүүлээд, байрны төлбөр 100 хувь төлөгдөж, захиалгын гэрээ нь Б.Мын нэр дээр шилжиж, барилга баригдсаны дараа тухайн байрны улсын бүртгэлийн гэрчилгээ нь Б.Мын нэр дээр гарсан байгаа. Баянгол дүүргийн Алтай хотхоны 3 өрөө орон сууц болон 2 авто зогсоол нь Б.Мын нэр дээр байна. Тийм учраас хамтран хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Шүүх зохигчийн хүсэлтийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.П нь хариуцагч П.Д, Б.М нарт холбогдуулан Баянзүрх дүүрэг 26 хороо, Олимп хотхоны 430-35 тоот орон сууцыг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.П нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцлээр тохирсон тохиролцоо бодит байдал дээр хэрэгжээгүй учраас хэлцэл хүчин төгөлдөр бус болсон тул энэ хэлцлийн дагуу хариуцагч П.Д, Б.М нарын өмчлөлд орон сууц захиалан бариулах гэрээний дагуу шилжүүлсэн Баянзүрх дүүрэг 26 хороо, Олимп хотхоны 430-35 тоот орон сууцыг буцаан өөрийн өмчлөлд шилжүүлэхийг шаардах эрхтэй гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч энэхүү захиалан бариулсан орон сууцны үнийг П.Д төлсөн, бид албан ёсны гэр бүл тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 46 дугаар зүйлийн 46.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлтэй гэж үзлээ.
Энэ хэргийн хариуцагч Б.М нь П.Дд холбогдуулан гэрлэлт цуцлуулахаар урьд шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2014 оны 12 сарын 3-ны өдөр Орон сууцны хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэл байгуулагдаж, уг хэлцлээр гэрлэлтээ цуцлуулж, Баянгол дүүрэг 1 хороо, Алтай хотхоны 20 дугаар байрны 22 тооот 85.65 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 хүний өмч болгохоор тохирч, уг байрны өмчлөгчөөс хасагдагч нь Баянзүрх дүүрэг 26 хороо, Олимп хотхоны 430-35 тоот орон сууцыг өөрийн өмчлөлд орон сууц захиалан бариулах гэрээний дагуу 100 хувь шилжүүлэн авахаар тохиролцсон байсан ба Дүүргийн Ииргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар 10-ны өдрийн 6049 дугаар захирамжаар гэрлэгчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Дээр дурдсан хэлцлийн дагуу хариуцагч П.Д нь 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр өөрийн эцэг нэхэмжлэгч Д.Пид хариуцагч П.Д, Б.М нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Баянгол дүүрэг 1 хороо, Алтай хотхоны 20 дугаар байр 22 тооот 85.65 м/кв талбайтай 3 өрөө орон сууцыг бэлэглэсэн бөгөөд нэхэмжлэгч Д.П нь энэ байрны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.
2014 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай дээрхи хэлцэлийг гэр бүл цуцалсан шүүхийн шийдвэрийн хамт хүчин төгөлдөр болох учиртай тул П.Дын дангаар өмчлөх эд хөрөнгө болсон гэж үзэх үндэслэлгүй. Харицагч П.Д нь хамтран өмчлөх дундын үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа хариуцагч Б.Мын зөвшөөрлийг аваагүйн улмаас хийсэн хэлцэл гэж үзэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн Баянгол дүүрэг 1 хороо, Алтай хотхоны 20 дугаар байрны 22 тооот 85.65 м/кв талбайтай 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Д.Пид бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэн гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх хөрөнгөөр тогтоосон хуулийн хүчин төгөлөр шүүхийн шийдвэр, магадлал хэрэгт авагдсан байна.
Мөн зохигчид 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн хэлцлээр тохирсон үйл баримт буюу хариуцагч П.Пүрэвжаргал, Б.М нар нь гэрлэлтээ цуцлуулаагүй, Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, Алтай хотхоны 20 дугаар байрны 22 тоот 85.65 м/кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөс хариуцагч Б.М хасагдаагүй, орон сууцыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан, 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн хэлцлээр тохиролцсны дагуу хариуцагч Б.М Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, Олимп хотхоны 430-35 тоот орон сууцыг захиалан барих гэрээний дагуу өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан зэрэг үйл баримтын талаар зохигчдын хэн аль нь маргаагүй болно.
Хариуцагч Б.Мын Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, Олимп хотхоны 430-35 тоот орон сууцны үнийг П.Даас төлсөн гэх тайлбар нь тухайн орон сууцыг нэхэмжлэгч Д.П захиалж орон сууцны үнийг төлсөн болох нь 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн Тайгам Алтай ХХК-д Д.Пийг төлөөлж П.Дын гаргасан хүсэлт, мөнгө төлсөн баримтуудаар үгүйсгэгдэж байна.
2014 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн хэлцлээр тохирсон үйл баримт болоогүй, Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, Алтай хотхон 20 дугаар байрны 22 тоот 85.65 м/кв талбайтай 3 өрөө орон сууцыг хариуцагч нарын хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал гарсан нь нотлох баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч Д.Пийн Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, Олимп хотхоны 430-35 тоот орон сууцыг хариуцагч Б.Мад шилжүүлэх үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж үзэх үндэслэлтэй.
Иймд Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 46 дугаар зүйлийн 46.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, Олимп хотхоны 430-35 тоот орон сууцыг нэхэмжлэгч Д.Пид буцаан шилжүүлэхийг хариуцагч нарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэхь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг 26 хороо, Олимп хотхоны 430-7-35 тоот орон сууцыг нэхэмжлэгч Д.Пийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч П.Д, Б.М нарт даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 642,165 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Д, Б.М нараас улсын тэмдэгтийн хураамжид 642,165 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Пд буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР