Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 01641

 

 

 

 

 

 

 


 

   2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2018/01641

                Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, *******,*******,*******,******* давхарт байрлах, М ХХК/РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг,*******,******* хороолол,******* тоотод оршин суух, Л.Г-д холбогдох,

Даатгалын хураамж 123,840 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, хариуцагч Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Г болон М ХХКнар нь Иргэний хуулийн 431.1-т заасныг үндэслэн 2014 оны 12 сарын 15-ны өдрөөс 1 жилийн хугацаатайгаар №1400010749 тоот тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж, даатгуулагч Л.Г нь 265,000.00 төгрөгийн даатгалын хураамжийг Даатгагчид төлөхөөр тохиролцож, эрсдэлээ даатгуулсан. Гэтэл 2014 оны 12 сарын 22-ны өдрөөс 2015 оны 06 сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 141,160.00 төгрөгийн даатгалын хураамжийг төлсөн боловч үлдэгдэл 123,840.00 төгрөгийн даатгалын хураамжийг төлөхгүй байна. Манай компаний зүгээс даатгуулагч Л.Гтэй удаа дараа холбогдож даатгалын хураамжийн үлдэгдлийг төлж барагдуулахыг хүссэн. Иймд Л.Г-ээсИргэний хуулийн 431.1-т “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ”, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т “Даатгуулагч даатгалын хураамжийг хууль болон гэрээнд заасан хугацаанд даатгагчид төлөх үүргийг хүлээнэ” гэж заасны дагуу даатгалын гэрээний хураамжийн төлбөрийн үлдэгдэл 123,840 төгрөгийг М ХХК-дгаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Г шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би “Мандал даатгал” ХХК-тай даатгалын гэрээг 2014 онд гэрээ хийсэн. Даатгалын гэрээний дагуу би нэг жилийн хугацаанд сар болгон даатгалын төлбөр өгч байхаар тохиролцсон байсан. 2014 оны 05 дугаар сард би 4 замын уулзвар дээр осол гарч даатгалаа дуудаад болсон явдлыг хэлсэн, даатгал ирж зургийг нь аваад засварын газар очиж үнэлгээ хийлгэ, манайх асуудлыг шийднэ гэсэн. Маргааш нь би үнэлгээ хийлгэдэг газар очиж үнэлгээ хийлгэхэд 200,000 төгрөг орчим төлбөр гарсан. Мөнгө авахыг хүлээх хүсэлгүй байсан  тул би өөрөө засварын газар очиж засуулсан юм. М ХХК-иас мөнгө нь орж ирэх байх гэж бодож байтал оны сүүлээр над руу утсаар ярьж өгөх боломжгүй гэж хэлсэн. Надаас 123,840 төгрөгийг нэхэмжилсэн. Тухайн үед нь миний хохирлыг мөнгөний оронд даатгалаас авах мөнгөө шилжүүлчих гэж хэлсэн. Би хохирлын төлбөрөө авна гээд өргөдлөө хүртэл өгч байсан. М ХХКнь сар бүр миний данснаас мөнгөө авчихдаг байсан. Би хохирсон байхад миний нөхөн төлбөрийг М ХХКнь огт төлөөгүй. Энэ төлбөрийг төлөхөд надад татгалзах зүйл алга байна. Одоо гаргаад өгчихсөн ч болно. Гол нь миний хохирлыг төлөөгүйд гомдолтой байна. Хохирлын төлбөрт энэ төлбөрийг тооцсон гэж бодож явсан. Өөр хэлэх зүйл алга байна гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч М ХХКнь хариуцагч Л.Г-дхолбогдуулан 123,840 гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч “Мандал даатгал” ХХК, хариуцагч Л.Г нар 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-г байгуулж, даатгалын гэрээний  хураамж 265,000 төгрөгийг нэг жилийн хугацаанд хуваан төлөхөөр харилцан тохиролцсон байна.

           

Зохигч даатгалын гэрээ байгуулагдсан, даатгалын хураамжаас 123,840 төгрөг төлөгдөөгүй тухайд маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Даатгуулагч даатгалын хураамж төлөх үүргээ гүйцэтгээгүй байх тул даатгагч  гэрээний дагуу даатгалын хураамжийн үлдэгдэл 123,840 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Харин даатгалын тохиолдол бий болсон, түүний дагуу нөхөн төлбөр авах нь эрх үүссэн талаар хариуцагч холбогдох журмын дагуу шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд шүүхэд энэ талаар гаргасан нотлох баримт, сөрөг шаардлага гаргаагүйг дурдав.

 

Иймд хариуцагч Л.Г-ээс123,840 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-долгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасны дагуу хариуцагч Л.Г-ээс123,840 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-долгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л.Г-ээс4,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР