Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/40

 

 

 

 

 

 

2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр                      Дугаар 2022/ШЦТ/40                                     Даланзадгад сум

                                                                                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

Өсвөр насны шүүгдэгч: С.А,

Шүүгдэгч: З.Ж, Ч.Т,

Өмгөөлөгч: Н.Гарьдхүү,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн С-ын А, С овгийн Ч-ийн Т, Я овгийн З-ийн Ж нарт холбогдох 2228000000014 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Өсвөр насны шүүгдэгч С.А нь шүүгдэгч Ч.Ттай бүлэглэн Өмнөговь аймгийн Булган сумын Баянхошуу 4-р багийн 2-15 тоот хашаанд байсан М.Ж-ийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн zongshen маркийн мотоциклийг нууцаар хууль бусаар хулгайлж 3.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Ч.Т нь өсвөр насны шүүгдэгч С.Атай бүлэглэн Өмнөговь аймгийн Булган сумын Баянхошуу 4-р багийн 2-15 тоот хашаанд байсан М.Ж-ийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн zongshen маркийн мотоциклийг нууцаар хууль бусаар хулгайлж 3.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч З.Ж нь өсвөр насны шүүгдэгч С.А, шүүгдэгч Ч.Т нарын 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Булган сумын Баянхошуу 4-р багийн 2-15 тоот хашаанд байсан иргэн М.Ж-ийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн zongshen маркийн хулгайлсан мотоциклийг гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өсвөр насны шүүгдэгч С.А, шүүгдэгч Ч.Т, З.Ж нарыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч С.А шүүх хуралдаанд: 12 дугаар сарын 31-ний өдөр Булган сум руу Т-д очиж шинэ оноо гаргах гэж Ж бид хоёр явсан.Тэр шөнө очоод шинэ оноо гаргаад маргааш нь гэртээ өнжөөд орой нь Булган руу бензин авах гээд явсан. Ж тамхи орох гэж дэлгүүр орсон. Тэр үед гадаа нь Т бид 2 ногоон мотоциклыг хашаа руугаа эзэн нь унаад орж байхыг харж байсан. Тэгээд буцаад Т-д очиж хоол хийж идчихээд орой Ж унтсан дараа Т бид 2 мотоциклыг очиж үзье гээд очиход айлынх нь хүмүүс унтсан бололтой мотоциклын түлхүүр нь зоолттой байсан. Би түрж гаргаж ирсэн. Тэгээд асааж унаж үзээд шинэ болохоор нь гоё ч юм шиг санагдаад чигээр нь унаад явсан. Тэгээд мотоциклыг унаад Т-д ирээд Жыг босгож аваад, Ж миний мотоциклыг унаад, би хулгайлсан мотоциклоо унаад аймагт орж ирсэн. Жын хашаанд хулгайн мотоциклоо тавьчихаад эргэж гараад постны хойд тал дээр баригдаад эзэнд нь буцаагаад өгсөн.

 

Шүүгдэгч Ч.Т шүүх хуралдаанд: 12 дугаар сарын 31-ндий өдөр шинэ он гаргахаар С.А, З.Ж 2 манайд ирсэн. Маргааш орой нь бензингүй болсон гээд  бид 2 Булган сум руу явсан. З.Ж дэлгүүр рүү тамхи авах гээд ороход нь С.А бид 2 гадаа зогсож байсан. Тэр мотоциклыг эзэн нь унаад хашаа руугаа орж байхыг харсан. Тэгээд гэртээ ирчихээд хоол хийж идээд тоглож байгаад унтсан. Ж унтаад өгсөн. Бид 2 шөнийн 2 цагийн үед явж С.А хашаа руу нь орж түрээд гаргаж ирсэн. Унаж үзэх гээд гаргаад ирсэн. Тэгээд гэртээ ирээд С.А, З.Ж 2 аваад явсан. Шөнө 4 цагийн үед унаад явсан.

 

Шүүгдэгч З.Ж шүүх хуралдаанд: Төмөртулгынх руу шинэ оноо гаргах гээд явсан. Очоод шинэ оноо гаргачихаад нэг өдөр өнжөөд бид 3 Булган сумын төв ороод бензин, тамхи аваад Төмөртулгын гэрт буцаж ирсэн. Тэгээд тоглож байгаад хоол хийж идчихээд би унтаад өгсөн. Т, С.А хоёр явсныг нь би мэдээгүй. Тэгээд энэ 2 үүрээр хүрч ирээд аймаг руу явъя гэж хэлсэн. Тэгээд үүрээр ирэхэд нь хулгайн мотоцикль гэдгийг нь мэдсэн.  Тэгээд аймаг дээр манай гэрт хулгайн мотоциклоо тавьчихаад Аын мотоциклыг унаад явсан. Тэгээд Зөөлөн рүү нутаг руугаа явсан. С.А бид 2 тухайн мотоциклыг унаж явж яваад 01 дүгээр сарын 20-ны өдөр пост дээр баригдсан.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн төв Малчин дэлгүүрээс 3.300.000 төгрөгөөр худалдан аваад аймгийн төв дээр байж байгаад 2021 оны 12 сарын 29-ний орой Булган сумын төвд эхнэр хүүхэд дээрээ ирээд он гаргаад өчигдөр буюу 2022 оны 01 сарын 01-ний өдрийн орой манай найзууд караокед байна хүрээд ирээч гээд байхаар нь караоке руу явахдаа өөрийн худалдаж авсан мотоциклио унаад очсон. Тэгээд караокед дуулж байгаад орой 23 цагийн үед Алтанхудага гээд найзындаа очоод тэднийд байж байгаад гэррүүгээ 01 цагийн үед харьсан. Тэгээд өнөөдөр өглөө босоод гэрээс гарсан чинь миний мотоцикль алга болсон байсан. ...Мотоциклийн толгойд түлхүүр нь зоолттой байсан. Учир нь би найзуудтайгаа уулзаад 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 цаг өнгөрч байхад гэртээ орж ирсэн юм. Тэгэхдээ түлхүүрээ сугалж авахаа мартаад гэртээ орж амарсан юм. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлоо бүрэн барагдуулж авсан. /Хх-ийн 36 дахь тал/

Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 12 сарын 26-ны өдөр манай дэлгүүрээр өдөр нэг настай хүн ирээд zongshen үйлдвэрийн speed 200 маркийн мотоцикль асуусан. Тэгээд оройхон нэг хүн ирж авна гээд явсан. ...Оройхон 19 цагийн үед нэг залуу гадаа ирээд над руу залгасан. Өдөр захиж үлдээсэн мотоциклоо худалдаж авсан. Ногоон өнгийн шинэ мотоцикль байсан. /Хх-ийн 52 дахь тал/

Гэрч Т.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Манай эгч Борхүү Өмнөговь аймгийн Булган сумаас Анхаа хэрэгт холбогдсон байна яриарай гэж хэлсэн. ...Өөрт нь өнгөрдөг зун 7 сард шинэ мотоцикль 2.200.000 төгрөгөөр авч өгсөн. Тэр нь зүгээр л явж байсан. /Хх-ийн 54 дэх тал/

Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Хэд хоногийн өмнө Ж над руу залгаад цагдаа очиж танаас юм асууна шүү гэж хэлсэн. Чи яасан юм бэ гэхэд надад хамаагүй ээ. Анхаа нэг мотоцикль аваад таныг эзгүй хойгуур аваачаад тавьчихсан байсан юм. Түүнийгээ буцаагаад аваад явсан юм гэж яриад байсан. /Хх-ийн 57 дахь тал/

Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 504 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Мотоцикль 3.300.000 төгрөг /хх-ийн 67 дахь тал/

Шүүгдэгч З.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 12 сарын 31-ний өдөр Атай шинэ оноо Т-д очиж гаргахаар Өмнөговь аймгийн төвөөс Булган сумруу явсан. Тэгээд шинэ оноо Т-д гаргачихаад маргааш нь малаа маллаж байгаад орой нь бензин авахаар Булган сумын төврүү орж ирсэн. Би дэлгүүр дээр бууж тамхи авсан. Тэгээд буцаж хөдөөнөө очиж байж байгаад би түрүүлээд унтаад өгсөн. Тэгтэл үүрээр А намайг сэрээгээд аймаг явъя гээд босгоод дагуулаад гарсан. Анхаа шинэ мотоциклоо унаад би Анхаагийн улбар шар өнгийн хуучин мотоциклийг унаад явсан. Замдаа зогсоод юун мотоцикль юм бэ гэж асуусан чинь манай таньдаг ахын мотоцикль байгаа юм. Аймаг орчихоод буцахдаа аваачиж өгнө гэж надад хэлсэн. Тэгээд аймгийн төвд орж ирээд манай хашаанд нөгөө ногоон өнгийн мотоциклоо үлдээгээд Анхаагийн гэрт нь очиж байж байгаад орой нь манай хашаанаас ногоон өнгийн мотоциклоо очиж аваад Сэврэй сумын Зөөлөн гэдэг газар руу явж байгаад постны хойд засмал дээр цагдаад баригдаад хулгайн мотоцикль гэдгийг би мэдсэн юм. /Хх-ийн 81 дэх тал/

Өсвөр насны шүүгдэгч С.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Өмнөговь аймгийн төвөөс би найз Жын хамт Булган сумруу 2021 оны 12 сарын 31-ний өдөр шинэ он гаргахаар явсан. Тэгээд шинэ оноо Төмөртулгын гэрт гаргачихаад маргааш өдөр нь хонь мал эргүүлж байгаад орой нь Булган сум орж бензин аваад дэлгүүрийн гадаа зогсоод Ж орж тамхи авсан. Тэр хооронд ногоон өнгийн корос мотоцикль хашааруугаа орж байхыг харсан. Тэгээд Тулгаа бид хоёр гоё мотоцикль байна гэж ярьж байх хооронд Ж дэлгүүрээс гарч ирсэн. Бид гурав буцаад Тулгаагийн гэр рүү явсан. Орой болтол тоглож байгаад Жыг унтаад өгөхөөр нь би Тулгаатай нөгөө мотоциклоо очиж үзэхүү гэж хэлээд дагуулаад явсан. Тэгээд тухайн айлд очоод хашаа нь онгорхой байхаар нь би хашаа руу нь ороход мотоциклийн түлхүүр нь толгойн хэсэгт зоолттой байхаар нь би түрээд хашааны гадаа гарсан. Тэгээд унаж үзье гээд унаж үзсэн. Цааш нь авч яваад Т-д очоод Тулгаа унтлаа гээд унтаад өгсөн. Би Жыг босгож аваад аймаг руу чи миний мотоциклийг уначих гээд өөрийнхөө мотоциклийг унуулаад би нөгөө шинэ мотоциклийг унаж аймаг орж ирээд Ж хашаанд мотоциклоо тавьсан. Тэгээд орой нь аймгаас гарах гэж яваад цагдаад баригдсан. /Хх-ийн 92, 188 дахь тал/

Шүүгдэгч Ч.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: А, Ж хоёр 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манайд ирсэн. Тэгээд бид нар шинэ оноо гаргаад маргааш өдөр нь гэртээ мал дээр байж байгаад 2022 оны 01 сарын 01-ний өдөр 19 цаг өнгөрч байхад сумын төв орсон. Тэгээд Петровис ШТС-аас 4 литр бензин аваад дараа нь сумын төвд байх хүнсний дэлгүүр рүү Ж түрээлээд орохоор нь А бид хоёр саяны хашаанд байсан мотоцикль гоё юм байна гэж ярьсан. Жыг гарч ирэхээр нь бид гурав шууд гэртээ харьж хоол хийж идчихээд жаахан хөзөр тоглож байгаад Ж унтаад өгөхөөр нь А бид хоёр орой сумын төв ороод тэр айлын мотоциклийг үзэхээр очсон. Айлын гэрэл нь унтраастай байсан болохоор намайг хашааны гадаа хүлээж байх хооронд А нөгөө мотоциклийг түрээд гараад ирсэн. Тэгээд түлхүүр нь мотоцикль дээр нь зоолттой байсан болохоор нь аваад явчихсан юм. Дэлгүүрийн гадаа А бид хоёр гоё мотоцикль байна гэж ярьж байсан. Гэртээ харьсан хойно А оройны харсан мотоциклыг очиж үзье гэхээр нь бид хоёр очоод А тэр айлын хашаанд ороод түрээд гараад ирхээр нь цуг түрэлцээд гудамжны үзүүр дээр очоод асаагаад цаашаа явсан. Тухайн айлын хашааны хаалга онгорхой байсан. Бас мотоциклийн түлхүүр мотоциклийн хянах дээрээ зоолттой байсан болохоор асаагаад аваад явсан. /Хх-ийн 95-96, 191 дэх тал/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 15 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 99-101 дэх тал/

Нас тоолсон тэмдэглэл хх-ийн 96-98 дахь тал

Иргэний үнэмлэхийн лавлагаа хх-ийн 110, 115, 116 дахь тал

Суурь боловсролын гэрчилгээний хуулбар хх-ийн 117 дахь тал

Төрсний гэрчилгээний хуулбар хх-ийн 118-119 дэх тал

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд хх-ийн 16-28 дахь тал

Тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл хх-ийн 29 дэх тал зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Ч.Т, өсвөр насны шүүгдэгч С.А нар нь бүлэглэн Өмнөговь аймгийн Булган сумын Баянхошуу 4-р багийн 2-15 тоот хашаанд байсан М.Ж-ийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн zongshen маркийн мотоциклийг нууцаар хууль бусаар авч хулгайлсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Улмаар шүүгдэгч З.Ж нь өсвөр насны шүүгдэгч С.А, шүүгдэгч Ч.Т нарын 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Булган сумын Баянхошуу 4-р багийн 2-15 тоот хашаанд байсан иргэн М.Ж-ийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн zongshen маркийн хулгайлсан мотоциклийг гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж ашигласан үйл баримт тогтоогдож байна.

Тодруулбал: Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Ж-ийн: ...Тэгээд өнөөдөр өглөө босоод гэрээс гарсан чинь миний мотоцикль алга болсон байсан. Мотоциклийн толгойд түлхүүр нь зоолттой байсан. /Хх-ийн 36 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Т.С-ын: ...Манай эгч Борхүү Өмнөговь аймгийн Булган сумаас Анхаа хэрэгт холбогдсон байна яриарай гэж хэлсэн. ...Өөрт нь өнгөрдөг зун 7 сард шинэ мотоцикль 2.200.000 төгрөгөөр авч өгсөн. Тэр нь зүгээр л явж байсан. /Хх-ийн 54 дэх тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.Т-ын: Хэд хоногийн өмнө Ж над руу залгаад цагдаа очиж танаас юм асууна шүү гэж хэлсэн. Чи яасан юм бэ гэхэд надад хамаагүй ээ. Анхаа нэг мотоцикль аваад таныг эзгүй хойгуур аваачаад тавьчихсан байсан юм. Түүнийгээ буцаагаад аваад явсан юм гэж яриад байсан. /Хх-ийн 57 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт хуульчилжээ.

 

Өсвөр насны шүүгдэгч С.А, шүүгдэгч Ч.Т нар нь хохирогч М.Ж-ийн эзэмшлийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэж тус тус хуульчилжээ.

 

Өсвөр насны шүүгдэгч С.А, шүүгдэгч Ч.Т нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд шүүгдэгч З.Ж нь тухайн мотоциклийг ашигласан байдал тогтоогдохгүй байна гэх тайлбар гаргасан боловч хавтаст хэрэгт авагдсан З.Жын: ...А намайг сэрээгээд аймаг явъя гээд босгоод дагуулаад гарсан. ...Аймаг явж байх замдаа зогсож тамхи татсан. Тэр үед би Ааас энэ юун мотоцикль юм бэ гэсэн хулгайн мотоцикль гэж хэлсэн /хх-ийн 78, 188 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Өсвөр насны шүүгдэгч С.Аын: ......Жын хашаанд хулгай хийж авсан мотоциклоо тавиад миний мотоциклоор манай гэр рүү явсан. Жтай ярилцаж байгаад бид хоёр Сэврэй сум руу явахаар болсон. Тэгээд Жын хашаанд очиж хулгай хийж авсан мотоциклоо аваад клонкоос бензин аваад Сэврэй сум руу 2 мотоциклоор гарсан /хх-ийн 191 дэх тал/ гэх мэдүүлэг,

 

Ч.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгт: ...Өмнөговь аймгийн төв рүү хулгайлсан мотоциклийг Ж унаад хөдөлсөн. Араас нь А өөрийнхөө мотоциклийг унаад явцгаасан. /хх-ийн 43 дахь тал/ шээх мэдүүлгүүдээр шүүгдэгч С.Ж нь тухайн мотоциклийг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсэн, мэдсээр байж ашигласан нөхцөл байдал тогтоогдож байна гэж шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж хуульчилсан ба шүүгдэгч Ч.Төмөртулгын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэг нь хэргийн бодит байдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа өгсөн мэдүүлэг байх ба уг мэдүүлэг нь бусад шүүгдэгчийн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

 

Өсвөр насны шүүгдэгч С.А, шүүгдэгч Ч.Т, З.Ж нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Жт 3.300.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 504 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Мотоцикль 3.300.000 төгрөг /хх-ийн 67 дахь тал/ гэснээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Т нь өсвөр насны шүүгдэгч С.Атай бүлэглэн Өмнөговь аймгийн Булган сумын Баянхошуу 4-р багийн 2-15 тоот хашаанд байсан М.Ж-ийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн zongshen маркийн мотоциклийг нууцаар хууль бусаар хулгайлж 3.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

Шүүгдэгч З.Ж нь өсвөр насны шүүгдэгч С.А, шүүгдэгч Ч.Т нарын 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Булган сумын Баянхошуу 4-р багийн 2-15 тоот хашаанд байсан иргэн М.Ж-ийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн zongshen маркийн хулгайлсан мотоциклийг гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тус тус тогтоогдож байна.

Хохирогч М.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлоо бүрэн барагдуулж авсан. /Хх-ийн 36 дахь тал/ гэснээр өсвөр насны шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул өсвөр насны шүүгдэгч С.А, шүүгдэгч Ч.Т, З.Ж нарыг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Өсвөр насны шүүгдэгч С.А, шүүгдэгч Ч.Т, З.Ж нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Өсвөр насны шүүгдэгч С.Аын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: Бүртгэгдээгүй /хх-ийн 99 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 115 дахь тал/, 0297257 дугаартай төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 116 дахь тал/, БГ20202326794 дугаартай суурь боловсролын гэрчилгээний хуулбарт ...2020 онд суурь боловсрол эзэмшсэнийг гэрчлэн суурь боловсролын гэрчилгээ олгов /хх-ийн 117 дахь тал/ зэрэг баримтуудаар,

Шүүгдэгч Ч.Т-ын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: Бүртгэгдээгүй /хх-ийн 101 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 120 дахь тал/, 0011231 дугаартай төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 119 дэх тал/ зэрэг баримтуудаар,

Шүүгдэгч З.Жын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: Бүртгэгдээгүй /хх-ийн 100 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 124 дэх тал/, БГ20192332542 дугаартай суурь боловсролын гэрчилгээний хуулбарт ... БГ20192332542 дугаар бүхий суурь боловсролын гэрчилгээтэй төгссөн болно /хх-ийн 125 дахь тал/ зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.

Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилжээ.

Улсын яллагчийн яллах дүгнэлтэд С.А, Ч.Т, З.Ж нар нь өсвөр насны яллагдагч гэж бичигдсэн ба шүүгдэгч Ч.Т нь 2004 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, шүүгдэгч З.Ж нь 2004 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, шүүх хуралдаан болох үед 18 насанд хүрсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нас тоолсон тэмдэглэл, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх боловч шүүх дээрх хуульд заасныг баримтлан шүүгдэгч Ч.Т, З.Ж нарт Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлд заасан журмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Улсын яллагчийн зүгээс өсвөр насны шүүгдэгч С.А, шүүгдэгч Ч.Т, З.Ж нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэх санал гаргасан ба шүүгдэгч нарын өмгөөлөгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэх саналыг дэмжиж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь 2.2-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэж өгнө үү гэх тайлбарыг тус тус гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан тул өсвөр насны шүүгдэгч С.А, шүүгдэгч Ч.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр, шүүгдэгч З.Жт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг гэм бурууг нь ухамсарлуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэнэ.” гэж заасны дагуу өсвөр насны шүүгдэгч С.А, шүүгдэгч Ч.Т, З.Ж нарт зан үйлээ засах үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.”, мөн хуулийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг тодорхой хамт олон, төрийн бус байгууллага, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сурган хүмүүжүүлэгч, ойрын төрөл, садангийн хүн, тодорхой иргэний хүсэлтээр нь, эсхүл зөвшөөрснөөр нь даалгаж болно.” гэж тус тус заасны дагуу өсвөр насны шүүгдэгч С.А, шүүгдэгч Ч.Т, З.Ж нарт авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг Өмнөговь аймаг дахь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгаж шийдвэрлэв.

Өсвөр насны шүүгдэгч С.А, шүүгдэгч Ч.Т, З.Ж нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч М.Жт мотоциклийг биет байдлаар буцаан өгсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч С.А, шүүгдэгч Ч.Т, З.Ж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

       Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Б овгийн С-ын Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С овгийн Ч-ийн Төмөртулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Я овгийн З-ийн Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.А, шүүгдэгч Ч.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр, шүүгдэгч З.Жт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр тус тус тогтсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч С.А, шүүгдэгч Ч.Т, З.Ж нарт зан үйлээ засах үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.А, шүүгдэгч Ч.Т, З.Ж нарт авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг Өмнөговь аймаг дахь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.

 

5. Өсвөр насны шүүгдэгч С.А, шүүгдэгч Ч.Т, З.Ж нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч М.Жт 3.300.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч С.А, шүүгдэгч Ч.Т, З.Ж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА