Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 01939

 

 

 

 

 

 



 

   2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2018/01939

           Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч М.Мөнхтөр, Г.Солонго нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, *******,******* тоотод оршин суух,******* ургийн овогтой Г.Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, *******,******* тоотод оршин суух, ******* ургийн овогтой Б.Г-т холбогдох,

 

Гэм хорын хохиролд 1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Т, хариуцагч Б.Г, иргэдийн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Тшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 10 цагийн орчимд Налайхын уулын замаар явж байтал миний урдуур Б.Гмашинтайгаа буцаж эргэхдээ миний жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөсөн. Эд хөрөнгөд учруулсан хохирол 3 сая орчим гэж тогтоосон. Машины гэмтлийг зассан ч машин болох үндэслэл багатай байсан тул худалдаж, зөрүү мөнгийг нь авахаар тохиролцсон. Машинаа 1,750,000 төгрөгөөр ченжид зарсан. Надад мөнгө нэмж өгөөд нийт 5,000,000 төгрөгийг болсон. Миний машин 6,000,000 төгрөгийн үнэтэй гэж үзэж байна. Иймд үлдэх 1,000,000 төгрөгийг Б.Ганзоригоос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Гшүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2018 оны 02 дугаар сарын 18-ны өглөө 10 цагийн үед Их тэнгэрийн амнаас цааш Налайхын чиглэлд явж байгаад буцаж эргэх үйлдэл хийхдээ 76-16 дугаартай Приус маркийн автомашиныг мөргөсөн. Замын цагдаагийн газраас намайг гэм буруутай гэх шийдвэр гарсан. 2 талын машин эвдрэлтэй байсан бөгөөд Г.Тэнэ машиныг засуулж авмааргүй байна, өөр машин авмаар байна гэж хэлсэн. Тэгээд санал нийлж мөргөлдсөн машинаа худалдаж 1,750,000 төгрөг зарсан. Тухайн үед машиныг нэр дээр шилжүүлэхэд 400,000 төгрөгийн торгуультай байсан. Торгуулийг нь хасч тооцоод үлдэгдэл төлбөрийг хасаад 5,000,000 төгрөгийг өгсөн. Одоо ямар үндэслэлээр 6,000,000 гэдэг тоо гаргаж ирээд байгааг ойлгохгүй байна. Тухайн үед бид Монголд орж ирээд 6-7 жил болж байгаа машиныг үнийн судалсан. Бид харилцан тохиролцож 5,000,000 төгрөгөөр тохирсон учраас төлсөн байгаа. Иймд 1,000,000 төгрөгийг өгөх боломжгүй гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Г.Тнь хариуцагч Б.Ганзоригоос эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 1,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, хохирлыг бүрэн барагдуулсан гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Хариуцагч Б.Гнь 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Тоёота Ист маркийн 91-60 УНЭ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т заасныг зөрчсөнөөс нэхэмжлэгч Г.Тэгээшийн жолоодож явсан Тоёота Приус маркийн 76-16 УНР улсын улсын дугаартай автомашинтай мөргөлдөж хохирол учруулжээ. 

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар Тоёота Приус маркийн 76-16 УНР улсын улсын дугаартай автомашиныг засварласны дараа ашиглах боломж бага гэж үзсэн тул бусдад худалдаж, хариуцагчаас төлбөр гаргуулахаар тохиролцож, машиныг 1,750,000 төгрөгөөр худалдаж, торгуулийн төлбөрийг хасч тооцон нийт 5,000,000 төгрөгийн хохирол барагдуулсан байна.

 

Нэхэмжлэгч Тоёота Приус маркийн 76-16 УНР улсын улсын дугаартай автомашины үнэлгээг 6,000,000 төгрөгт тооцож үлдэх 1,000,000 төгрөгийг хариуцагчаас эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар нэхэмжлэгчийн унаж явсан Тоёота Приус маркийн 76-16 УНР улсын улсын дугаартай автомашины эзэмшигч нь иргэн Г.Тулгаа болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Г.Тнь Г.Тулгаагийн эзэмшлийн Тоюута Приус маркийн 76-16 УНР улсын дугаартай автомашинд учирсан гэм хорын хохирлын төлбөрийг хариуцагч Б.Ганзоригоос гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх боловч тэрээр уг тээврийн хэрэгслийн эзэмшигч биш байх тул шаардах эрхгүй тэгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх хариуцагч Б.Г-т холбогдох гэм хорын хохиролд 1,000,000 төрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Тэгшээгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасны дагуу хариуцагч Б.Г-т холбогдох гэм хорын хохиролд 1,000,000 төрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Тэгшээгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Т-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.АЗБАЯР

 

                                             ШҮҮГЧИД                           М.МӨНХТӨР

                                                                                   

                                                                                      Г.СОЛОНГО