Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/41

 

 

 

 

2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр                      Дугаар 2022/ШЦТ/41                                         Даланзадгад сум

                                                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгч: Б.Б,

Өмгөөлөгч: Э.Дөлгөөн,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Б-ийн Б-д холбогдох 2128003250039 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 19 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг, Оюут хорооллын нутаг дэвсгэрт 17-84 ӨМӨ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1 дэх хэсгийг зөрчин Г.Бийн жолоодож явсан улсын дугааргүй Даюун маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас Г.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Б нь яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.

 

Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 11 сарын 25-ны өдрийн 15 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сум 5-р баг Ногоочид хороололд Быд очиж Даюун-150 мотоциклоо засварлаж байхдаа найз Мтэй хамт 0.5 литрийн 1 шил Хараа архи уучихаад мотоциклоо засварлаж дуусаад 18 цаг болох гэж байхад Мтэй хамт харих гээд явж байхад Бы охин Хүрмэн сум руу явдаг засмал замын урд алхаж байхаар нь уулзсан чинь Гурван сайхан хороолол руу явж байна дөхүүлээд өгчих гэсэн. Тэгээд М бид хоёр Сарангоог голоороо суулгаад Гурвансайхан гэр хорооллын чиглэлд Оюут хорооллын баруун захаар хойд зүг чиглэлд шороон замаар явж байхад өөдөөс /хойд зүгээс урагш чиглэлд/ Портер маркийн тээврийн хэрэгсэл ирж байгаа харагдахаар нь би баруун гараа бариад шороон замын ертөнцийн зүгээр зүүн захаар хойшоо чиглэлтэй явж байхад тухайн тээврийн хэрэгсэл хажуу талаас мөргөчихсөн. Тэгээд цааш юу болсоныг санахгүй байна. Миний зорчиж явсан шороон зам их өргөн зам байсан. Хангалттай зөрөх боломжтой өргөн зам байсан. Машин, мотоцикль битгий хэл хоёр машин ч хангалттай багтахаар зам байсан. Бүтэн 2-3 авто машин зөрөөд явчих зам байсан хэдий ч би өөрийн зорчих хэсгийг бүрэн чөлөөлж өгсөн гэж бодож байгаа. Дахиад баруун гар тал руугаа шахах боломжгүй болоод л мөргөлдсөн. Дахиад баруун гар тал руугаа шахах гэхээр замын ховил байсан. Зам тавьж өгнө гэхэд зорчих хэсгийг бараг бүрэн чөлөөлсөн шүү дээ. Тэгээд байхад ирээд мөргөчихсөн. Намайг согтуурал шалгадаг багажаар шалгахад 1,13 хувийн согтолттой байсан. Согтууруулах ундаа хэрэглэчихээд тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон нь миний буруу боловч би бусад тээврийн хэрэгсэлд саад болохгүйгээр замын хөдөлгөөнд оролцсон. Миний зүүн хөлийн дунд чөмөгний яс, шилбэний яс, баруун дээд эгэмний яс хугарсан гэмтэлтэй байсан. Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн дүгнэлттэй танилцахад гэмтлийн зэргийг хүндэвтэр гэж дүгнэлт гаргасан байсан. Эмчилгээнд зарцуулсан зардлыг тооцож Б.Бээс гаргуулах, мотоциклийн эвдрэл, гэмтлийн хохирол зэргийг нэхэмжилмээр байна. /хх-ийн 20-21 дэх тал/

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Миний хохирол нийт 2,100,000 төгрөг болсон. Тэгэхээр тухайн зардлыг л нэхэмжилнэ. Надад өөр нэхэмжлээд байх зүйл байхгүй. Нэгэнт дахин шинжилгээгээр миний буруутай үйлдэл нөлөөлсөн гэж гарсан байх тул би Б.Бээс авах хохирлоосоо хасаж тооцож зөрүү хохирлыг авч болох юм. Тэгж л төлөхгүй бол өөрөөр надад төлөх боломж байхгүй. /хх-ийн 24 дэх тал/

 

Иргэний хариуцагч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:Миний хохирол нийт 2.100.000 төгрөг болсон. Үүнээс би Б-д учруулсан хохирлыг хасаад 1.500.000 төгрөг авчихад миний хохирол бүрэн барагдах юм. Батцэнгэлийн өмгөөлөгчтэй уулзаад хоорондоо Б.Б надад 1.500.000 төгрөгийг бэлнээр өгч хохирлыг барагдуулсан. /хх-ийн 27 дахь тал/

 

Гэрч Т.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 11 сарын 25-ны өдөр дүү Быд байж байхад 15-16 цагийн хооронд Б мотоциклоо засна гээд дүүгээрээ хүргүүлж ирсэн. Тэгээд Бийн мотоциклийг хамт засаж байхдаа Б дэлгүүр яваад нэг шил 0.5 литрийн хэмжээтэй Ерөөл архи авч ирээд надтай хамт ууж дуусгачихаад би Бийнд очиж хонохоор мотоциклтой нь сундлаад /цаг хэд болж байсныг сайн мэдэхгүй байна, нар жаргаад харуй бүрий л болж байсан/ хамт явж байхад Бы охин Сарангоо засмал зам дагуу Хүрмэн сум руу гардаг засмал замын урд талд алхаад явж байхаар нь уулзсан чинь эгчийнхээ гэрт очихоор явж байна дөхүүлээд өгчих гэхээр нь дундуураа суулгаад шороон замаар Гурвансайхан гэр хорооллын чиглэлд явж байгаад Солонго дэлгүүрийн хойд талаар Хилийн цэргийн 0131-р анги чиглэлд явдаг засмал зам руу орох гэж байхад портер маркийн /дугаарыг нь анзаараагүй/ машин засмал замаас шороон зам руу ороод урдаас ирэхэд нь Б мотоциклоо баруун гар тал руугаа дарсаар байхад нь ирээд мөргөчихсөн. Мөргөлдсөний дараа Сарангоо бид хоёр босоод Б-ийг босгох гэхэд портерын жолооч бууж ирээд Б-ийг босгох гэхэд Бийн хөл хугарчихсан байна гээд цагдаагийн газарт мэдэгдэж, түргэн тусламж дуудсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирж хэмжилт хийж байхад түргэн тусламж ирж Б-ийг авч явсан. Машины жолооч баруун гар тал руугаа дарах зай хангалттай байсан. Баруун гар тал руугаа дарсан бол осол гарахгүй байх бүрэн боломжтой байсан, Б хэдий согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ч гэсэн замын хөдөлгөөний дүрмийн дагуу баруун гар талаа барьж урдаасаа ирж байсан авто
машинд өөрийн зорчих хэсгийн замыг бүрэн чөлөөлсөн байсан. Автомашины
жолооч бид нарыг харсан шинжгүй урдаас чигээрээ ирээд мөргөсөн болохоор
машины жолооч анхаарлаа өөр зүйлд хандуулсан байсан байх гэж бодож байна. /утсаа оролдох гэх мэт/ Тэгээгүй бол тал дээр шахуу газар баруун гар талруугаа шахаад байхад ирж мөргөнө гэж байхгүй байх. /хх-ийн 33-34 дэх тал/

 

Гэрч Ж.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 11 сарын 25-ны орой харанхуй болж байх үед Дундсайханд аавындаа оччихоод гэртээ харих гээд алхаж байхад хашаанаас мотоцикль гарч ирж байгаа харагдсан. Тэгээд би урдаас нь амдаад алхаж байтал миний хажууд ирж зогсохоор нь хаашаа явж байгаа юм гэхэд Б ах М ахыг сундалчихсан гэртээ харих гэж байна гэхээр нь намайг эгчийнд хүргээд өгчих гэхэд намайг дундуураа суулгаад авч явсан. Тэгээд гэр хороолол дундуур явж байгаад Солонго дэлгүүрээс Хилийн цэргийн 13 -р цэргийн анги чиглэлд явдаг засмал замын урд гол хэсэгт Аянчин дэлгүүрийн зүүн талын засмал замаар урагш чиглэлд чигээрээ яваад шороон зам руу буудаг замын уулзвараас баруун урд хэсэгт явж байхад тухайн засмал замаас Портер машин бууж ирээд Бийн жолоодож явсан мотоциклийг мөргөөд Б, М бид гурав газарт унаад М бид хоёр босоод ирсэн чинь Б босохгүй хэвтээд байхад нь Портер машины жолооч бууж ирээд Б-ийг өндийлгөж суулгаад хөл хугарчихсан байна гэж байсан. Тэгээд бид нартай тохиролцъё гэж байхад нь Портер машины жолоочийн эхнэр ирээд бид нарын буруу, согтуу жолоодож явсан байна цагдаа дууд гээд цагдаагийн газар дуудлага өгсөн. /хх-ийн 36-37 дахь тал/

 

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 643 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Г.Бийн биед тархины доргилт, баруун эгэм, зүүн дунд чөмөг, шилбэний шаант болон тахилзуур ясны далд хугарал, баруун эгэм, зүүн гуя, тавхайн цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 43-44 дэх тал/

 

Автотээврийн Үндэсний төвийн Өмнөговь аймаг дахь салбарын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: Хариулт 1. Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд хоёр дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ, дугуйн хээний гүний хэмжээ зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ хэвийн байна. Нэг тэнхлэг дээрх дугуйнуудын марк, хэмжээс, хээ ижил зэрэг нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Харин хойд хоёр дугуйнуудын тоормос зогсоогүй, зүүн гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй байна. Зогсоолын тоормос байхгүй. Эдгээр эвдрэл гэмтлүүд нь ямар хүчин зүйлийн нөлөөллөөр үүссэнийг тодорхойлох боломжгүй байна. Автотээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Урд нүүр хонхойж будаг халцарсан, баруун гар талын хаалганы шил буухгүй, дуут дохио ажиллахгүй зэрэг гэмтэлтэй байна. Иж бүрдэл бүрэн бус. Хариулт 2. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, урд хоёр дугуйнуудын тоормосны ажиллагаа, явах эд анги зэрэг нь хэвийн байна. Харин хойд хоёр дугуйнуудын тоормос зогсохгүй байна. Хариулт 3. Уг автотээврийн хэрэгслийн дугуйнд ямар нэгэн эвдрэл гэмтэл ажиглагдаагүй болно. Хариулт 4. Дээрх эвдрэл гэмтлүүд нь ослоос өмнө үүссэн гэмтлүүд байна. Тухайн зам тээврийн осолд хэрхэн нөлөөлснийг тодорхойлох боломжгүй байна. /хх-ийн 73-74 дэх тал/

 

Автотээврийн Үндэсний төвийн Өмнөговь аймаг дахь салбарын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: Хариулт 1. Улсын дугааргүй Даюун маркийн мотоцикль нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Жолоодлогын залуур гацаж эвдэрсэн. Хариулт 2. Улсын дугааргүй Даюун маркийн мотоцикл нь тоормосны систем, явах эд анги зэрэг нь бүрэн ажиллагаатай байна. Жолоодлогын залуур гацаж эвдэрсэн. Хариулт 3. Улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийн дугуйнд ямар нэгэн учирсан эвдрэл гэмтэл байхгүй байна. Хариулт 4. Уг мотоцикл нь жолоодлогын залуур гацаж эвдэрсэн эвдрэл нь ослоос үүссэн байх магадлалтай байна. Тухайн зам тээврийн осолд хэрхэн нөлөөлснийг тодорхойлох боломжгүй байна. /хх-ийн 80-81 дэх тал/

 

Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1448 дугаартай “Ашид билгүүн” шинжээчийн дүгнэлтэд: Автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээ 155.000 төгрөг /хх-ийн 88 дахь тал/

 

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Хариулт-1. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дахь хэсэг Жолоочийн үүрэг: 3.1-т “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл...”, 2 дахь хэсэг Механикжсан тээврийн хэрэгслийн ангилал: 2.1-т Механикжсан тээврийн хэрэгслийг доор дурьдсанаар ангилна: А-мотоцикл; В-жолоочоос гадна наймаас илүүгүй хүний суудалтай, бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй) гэж заасан байна. Улсын дугааргүй Даюун маркийн мотоциклын жолооч Г.Б нь В ангиллын 1389179 дугаартай жолооны үнэмлэхтэй замын хөдөлгөөнд оролцож явсан нь Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөн, ангилал тохирохгүй байна. Портер маркийн 17-84 өмө улсын дугаартай автомашины жолооч Б.Б нь 750368 дугаартай АВС ангиллын жолооны үнэмлэхтэй замын хөдөлгөөнд оролцож байсан тул Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчөөгүй, ангилал тохирч байна.

Хариулт-2. Улсын дугааргүй Даюун маркийн мотоциклын жолооч Г.Б нь мотоцикл жолоодох А ангиллын үнэмлэхгүй улсын дугааргүй мотоциклыг 1.13 хувийн согтолттой жолоодож хоёр зорчигч тээвэрлэн хамгаалах малгайгүйгээр замын хөдөлгөөнд оролцож өөдөөс ирсэн тээврийн хэрэгсэл буюу аюул саадын өмнө мотоциклоо зогсоож чадаагүй байна. Иймд Г.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1, 3.4в, 3.7а, 12.3, 23.9а, 27.26 дахь заалтуудыг тус тус зөрчсөн.

Хариулт-3. 17-84 өмө улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь хатуу хучилттай автозамаас шороон замтай нийлээд хөдөлгөөнөө үргэлжлүүлэхдээ 8.9 метрийн өргөнтэй шороон замд эсрэг урсгалдаа зорчих хэсгийг чөлөөлөөгүй явсан нь оролцогч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилт хийсэн схем зураг, фото зургаар тогтоогдож байна. Иймд Б.Бийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1 дэх заалтыг зөрсөн гэж үзэхээр байна,,

Хариулт-4. 17-84 өмө улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1 дэх заалт, улсын дугааргүй Даюун маркийн мотоциклын жолооч Г.Б нь мөн дүрмийн 12.3 дахь хэсгийг тус тус зөрсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон.

Хариулт-5. Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар “Монгол Улсад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна” гэж заасан. Тухайн осол болсон зам нь шороон гадаргуутай, өргөн нь 8.9 метр байгаа нь хангалттай өргөн, дээрх хуулийн дагуу жолооч нар баруун гар талын дүрмээ баримтлан явах боломжтой байсан гэж үзэж байгаа тул осол болоход зам, замын байгууламж нөлөөлөөгүй.

Хариулт-6. Хэргийн материалд авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зураг, ослын газарт хэмжилт хийсэн схем зургаас харахад улсын дугааргүй Даюун маркийн мотоциклоос тормозны мөр үүсээгүй байх тул хурдыг тодорхойлох боломжгүй, харин 17-84 өмө улсын дугаартай портер маркийн автомашины баруун дугуйнаас 2.7 м, зүүн дугуйнаас 2.2 метр тормозны мөр үүссэн байх тул 2.7 метр тормозны мөрийг дараах томьёонд оруулахад               

Томьёог тайлбарлав.

  1. St- тухайн тээврийн хэрэгслийн тоормосны мөр /2.7 метр/
  2. 254- тогтмол тоо
  3. Q- барьцалтын коэффициент тогтмол тоо 0.6 /шороон зам дээр/
  4. КИ- хурдны удаашралтын коэффициент тогтмол тоо 1.4
  5. Портер маркийн 17-84 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ойролцоогоор 17 км/цагийн хурдтай явж байсан нь тогтоогдов.
  6. Хариулт-7. Эрх бүхий албан тушаалтны 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн магадлагаа үндэслэлтэй байна. /хх-ийн 98-99 дэх тал/

 

      Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 1986 оны 08 сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд Б.Чулуунцэцэгийн 4 дэх хүү болон мэндэлсэн. Дээрээ гурван ахтай, 2 дүүтэй. Ухаан орох цагаасаа мал дээр мал маллаж байгаад 1994-1998 оны хооронд Цогтцэций сумын Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаад гарсан. Сургуулиас гарч мал маллаж байгаад 2003 оны үед Өмнөговь аймгийн Даланзадгад суманд суурьшиж хувиараа хөдөлмөр эрхэлдэг болсон. /Барилгын туслах, сан техникийн туслах зэрэг хийдэг байсан/ Тэгээд 2011 оны үеэр эхнэр
Д.Номинзултай танилцаж хамтран амьдарч 2 хүү, нэг охинтой. 2012 оноос хойш
хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа. Би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгтээ бүх зүйлийг үнэн зөвөөр ярьчихсан болохоор надад өмнөх мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. /хх-ийн 111 дэх тал/

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 39 дэх тал/

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-13 дахь тал/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-17 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дэх тал/

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 35 дахь тал/

Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 58 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 19 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг, Оюут хорооллын нутаг дэвсгэрт 17-84 ӨМӨ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1 дэх хэсгийг зөрчин Г.Бийн жолоодож явсан улсын дугааргүй Даюун маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасан нөхцөл байдал тогтоогдож байна.

Улмаар хохирогч Г.Бийн биед тархины доргилт, баруун эгэм, зүүн дунд чөмөг, шилбэний шаант болон тахилзуур ясны далд хугарал, баруун эгэм, зүүн гуя, тавхайн цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.  

 

 Тодруулбал: Хохирогч Г.Бийн: ...Портер маркийн тээврийн хэрэгсэл ирж байгаа харагдахаар нь би баруун гараа бариад шороон замын ертөнцийн зүгээр зүүн захаар хойшоо чиглэлтэй явж байхад тухайн тээврийн хэрэгсэл хажуу талаас мөргөчихсөн. /хх-ийн 20-21 дэх тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Т.М-ийн: ...Солонго дэлгүүрийн хойд талаар Хилийн цэргийн 0131-р анги чиглэлд явдаг засмал зам руу орох гэж байхад портер маркийн /дугаарыг нь анзаараагүй/ машин засмал замаас шороон зам руу ороод урдаас ирэхэд нь Б мотоциклоо баруун гар тал руугаа дарсаар байхад нь ирээд мөргөчихсөн. /хх-ийн 33-34 дэх тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Ж.С-ийн: ...Солонго дэлгүүрээс Хилийн цэргийн 131-р цэргийн анги чиглэлд явдаг засмал замын урд гол хэсэгт Аянчин дэлгүүрийн зүүн талын засмал замаар урагш чиглэлд чигээрээ яваад шороон зам руу буудаг замын уулзвараас баруун урд хэсэгт явж байхад тухайн засмал замаас Портер машин бууж ирээд Бийн жолоодож явсан мотоциклийг мөргөөд Б, М бид гурав газарт унаад М бид хоёр босоод ирсэн чинь Б босохгүй хэвтээд байхад нь Портер машины жолооч бууж ирээд Б-ийг өндийлгөж суулгаад хөл хугарчихсан байна гэж байсан. /хх-ийн 36-37 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Бийн эрүүл мэндэд тархины доргилт, баруун эгэм, зүүн дунд чөмөг, шилбэний шаант болон тахилзуур ясны далд хугарал, баруун эгэм, зүүн гуя, тавхайн цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 643 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-44 дэх тал/-ээр тогтоогдож байна.

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ... Хариулт-3. 17-84 өмө улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь хатуу хучилттай автозамаас шороон замтай нийлээд хөдөлгөөнөө үргэлжлүүлэхдээ 8.9 метрийн өргөнтэй шороон замд эсрэг урсгалдаа зорчих хэсгийг чөлөөлөөгүй явсан нь оролцогч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилт хийсэн схем зураг, фото зургаар тогтоогдож байна. Иймд Б.Бийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1 дэх заалтыг зөрсөн гэж үзэхээр байна.

Хариулт-4. 17-84 өмө улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1 дэх заалт, улсын дугааргүй Даюун маркийн мотоциклын жолооч Г.Б нь мөн дүрмийн 12.3 дахь хэсгийг тус тус зөрсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон /хх-ийн 98-99 дэх тал/ гэж үзсэн бөгөөд хэргийн оролцогчид энэхүү дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн байна.

 

Шүүгдэгч Б.Б нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.      

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 19 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг, Оюут хорооллын нутаг дэвсгэрт 17-84 ӨМӨ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1 дэх хэсгийг зөрчин Г.Бийн жолоодож явсан улсын дугааргүй Даюун маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас Г.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна. 

Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад ...Миний хохирол нийт 2.100.000 төгрөг болсон. Үүнээс би Б-д учруулсан хохирлыг хасаад 1.500.000 төгрөг авчихад миний хохирол бүрэн барагдах юм. Батцэнгэлийн өмгөөлөгчтэй уулзаад хоорондоо Б.Б надад 1.500.000 төгрөгийг бэлнээр өгч хохирлыг барагдуулсан. /хх-ийн 27 дахь тал/ гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Бийн хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий

 ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жил тэнсэн хянан харгалзсан/хавтаст хэргийн 131 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 139 дэх тал/ зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.” гэж заасан байх ба шүүгдэгч Б.Бийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дээрх гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч Б.Бийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч Б.Б нь шүүх хуралдаанд өөрийн сонгон авсан өмгөөлөгчийн хамт оролцов.

 

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч нь ...шүүх прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана гэж заасан байдаг учраас энэ заалтын дагуу прокуророос оногдуулж байгаа 450.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа гэх тайлбарыг гаргав.

 

Шүүх улсын яллагчийн санал болгосон ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  хохирогч Г.Бт 1.500.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

      1. Шүүгдэгч Б овгийн Б-ийн Батцэнгэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  хохирогч Г.Бт 1.500.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА