Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2018/01957

 

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2018/01957

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ...дүгээр хороо, ... дүгээр хороолол, ... гудамж, ... тоотод оршин суух, ... овогт Ц.Г /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн ...дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дүгээр байрны ... тоотод оршин суух, М. овогт Ц. /РД: .../-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 14,384,176 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Зээлдэгч Ц.Б нь 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Ц.Гтай зээлийн гэрээ байгуулж 3,500,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор зээлж авсан. Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс буюу 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс хойш үндсэн зээл, зээлийн хүүнд 1 ч төгрөг төлөөгүй байна. Иймд Ц.Бээс үндсэн зээл 3,500,000 төгрөг, гэрээ байгуулсан өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацааны хүү 9,134,176 төгрөг, алданги 1,750,000 төгрөг, нийт 14,384,176 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Ц.Б нь нэхэмжлэгч Ц.Ггаас 2016 оны 2 дугаар сарын 5-нд 3,500,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж авсан нь үнэн, үндсэн зээлийг мөн 2 сарын хүү, алдангийг хуульд заасан хэмжээгээр төлөхийг зөвшөөрч байгаа. Харин нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь 10 хувийн хүүг зээлийн гэрээ байгуулагдсан өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаагаар нэхэмжилсэн нь Иргэний хуулийг ноцтой зөрчиж байна. Нэхэмжлэгч Ц.Г нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй тул зээлийн хүүг гэрээнд заасан хугацаагаар буюу 2 сарын хүүг төлнө гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч Ц.Бээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,500,000 төгрөг, хүү 9,134,176 төгрөг, алданги 1,750,000 төгрөг, нийт 14,384,176 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч үндсэн зээлийг хүлээн зөвшөөрч байгаа боловч хүүг гэрээнд заасан хугацаагаар төлнө гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч Ц.Бтэй 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 3,500,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн ба алданги буюу гэрээний хариуцлагыг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байхаар харилцан тохиролцсон ба талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

 

Зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, талуудын байгуулсан гэрээний 2.3 дахь хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгч Ц.Г гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөөс буюу 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс хойш алданги нэхэмжлэх эрхтэй, хариуцагч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасны дагуу гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул алданги төлөх үүрэгтэй байна.

 

Гэрээний хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр дуусгавар болсон бөгөөд тухайн өдрөөс хойш нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл буюу 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл нийт 753 хоногийн алдангийг тооцоход 13,177,500 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч дээрх хугацааны алдангид 1,750,000 төгрөгийг Иргэний хуульд нийцүүлж нэхэмжилж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу 1,750,000 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх бөгөөд хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоосон анзыг алданги гэнэ. Мөн анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.

 

Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлж, хугацаа хэтрүүлсэн тал дээр маргаагүй ба зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 2.3 дугаарт зааснаар хариуцагч тал хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхийг зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй байна.

 

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн хүүг нэхэмжилсэн хэсэг нь үндэслэл муутай буюу зохигчид зээлийн гэрээг 2 сарын хугацаатай байгуулсан атлаа үндсэн хүүг зээлийн гэрээ байгуулагдсан өдрөөс буюу 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх буюу 2018 оны 4 дүгээр сарыг хүртэлх хугацааны үндсэн хүүнд 9,134,176 төгрөг нэхэмжилсэн нь хуульд нийцэхгүй байна. Нэхэмжлэгч Ц.Г нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээд биш тул зээлийн гэрээнд заасан хугацааны буюу 2 сарын хүүнд 700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Хариуцагч тал зээлийн гэрээнд зааснаар 2 сарын үндсэн хүүг төлөх ёстой гэж маргасан нь үндэслэлтэй.

Иймд хариуцагч Ц.Бээс үндсэн зээл 3,500,000 төгрөг, үндсэн хүүнд 700,000 төгрөг, алдангид 1,750,000 төгрөг, нийт 5,950,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Гд олгож, нэхэмжлэгчийн шаардлагаас үлдэх 8,434,176 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ц.Бээс 5,950,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Гд олгож, нэхэмжлэгчийн шаардлагаас үлдэх 8,434,176 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 229,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Бээс 110,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.МӨНХТӨР