Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/44

 

 

 

2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр                    Дугаар 2022/ШЦТ/ 44                                        Даланзадгад сум

                                                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: О.Батнасан,

Шүүгдэгч: С.Ө,

Хохирогч: С.Б

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн С-ийн Ө-д холбогдох 2228000470056 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Шүүгдэгч С.Ө нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 19 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвөөс хойш тал дээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.Бтай маргаж, өөрийн эзэмшлийн 54-56 ӨМА улсын дугаартай кроун маркийн тээврийн хэрэгслийн бүхээг дотор нүүр рүү нь гараараа цохих, толгойгоороо мөргөх, үснээс нь зулгаах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч С.Өыг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.Ө шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.

 

Хохирогч С.Б шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.

 

Хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 01 сарын 24-ний өдөр 19 цагийн үед намайг бэлтгэлээ тараад гарах гэж байхад манай нөхөр ирээд хамт явъя гэхээр нь би хамт явахгүй гэсэн чинь намайг хүчээр машиндаа суулгаад аймгаас хойшоо тал руу авч явсан. Тэгээд машиндаа бид 2 ярилцах гэсэн чинь учраа олж чадахгүй маргалдсан. Миний уур хүрээд Өыг гараараа нэг удаа зүүн хацар руу нь алгадсан. Бид 2 маргалдаж байгаад нөхөр Ө уурлаад миний сууж байсан суудлын дэрийг гараараа цохиж байгаад намайг үргэлжлүүлж 2 удаа цохьсон. Тэгээд би уйлаад явлаа гээд машинаас буусан чинь намайг тэврээд машинд суулгах гэж байгаад нуруу хөлийг машины хаалганд цохьсон. Тэгээд машинаа асаагаад явж байхад нь миний уур хүрээд машинаас бууна гээд зогс гэсэн чинь зогсохгүй байсан. Би хаалга нээгээд үсрэх гэсэн чинь машинаа зогсоохоор нь би машинаас буухдаа газар унасан. Би газраас босохгүй байсан чинь Ө ирээд миний үснээс зулгаагаад татаж босгож ирээд машинд суулгаад миний хоолойг гараараа боосон. Хэдэн минут байсныг санахгүй байна. Тэгээд боож байхдаа бас миний дух руу нэг удаа толгойгоороо мөргөсөн. Тэгээд гараа надаас аваад суудал дээрээ суухаар нь би уйлаад бид 2 хэсэг маргалдаж байгаад хамтдаа гэртээ очсон. Би гэрт ирээд одоо яв чамаас сална гэсэн чинь маргааш өглөө явна шөнө явахгүй гэж хэлээд гэртээ хоносон. Маргааш өглөө нь буюу 2022 оны 01-р сарын 25-ны өдөр миний гар утсыг аваад оролдож байгаад надад буцааж өгсөн. Дараа нь би явахгүй юм уу гэсэн чинь явахгүй байгаад байхаар нь би охиныхоо утсаар дүү рүүгээ залгаад намайг ирээд авчих би нөхрөөсөө саллаа гэж хэлсэн чинь манай нөхөр Ө миний толгой руу гараараа нэг удаа цохьсон. Удалгүй манай дүү гэрт цагдаа дагуулаад орж ирсэн. /хх-ийн 28-29 дэх тал/

 

Шинжээч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: С.Бгийн биед учирсан эдгээр гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тархи доргилт зүүн нүдний дээд доод зовхи зүүн шуу нуруу баруун шилбэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 43 дахь тал/

 

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 79 дугаартай дүгнэлтэд: С.Бгийн биед тархи доргилт зүүн нүдний дээд доод зовхи зүүн шуу нуруу баруун шилбэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. С.Бгийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. С.Бгийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 39 дэх тал/

 

Шүүгдэгч С.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би гэрчийн мэдүүлэгт бүгдийг хэлсэн нэмж ярих зүйл байхгүй. Би Даланзадгад суманд гэртээ эхнэр Баярмаа 2 хүүхдийн хамт амьдарч байгаа. /хх-ийн 49 дэх тал/

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 дахь тал/

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 58 дахь тал/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 107 дугаартай тодорхойлолт /хх-ийн 59 дэх тал/

Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 57 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд: 

Хохирогч С.Б, шүүгдэгч С.Ө нар нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 19 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвөөс хойш тал дээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.Бтай маргаж, өөрийн эзэмшлийн 54-56 ӨМА улсын дугаартай кроун маркийн тээврийн хэрэгслийн бүхээгт маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Улмаар шүүгдэгч С.Ө нь хохирогч С.Бгийн нүүр рүү нь гараараа цохих, толгойгоороо мөргөх, үснээс нь зулгаах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Тодруулбал: Хохирогч С.Бгийн: ...Бид 2 маргалдаж байгаад нөхөр Ө уурлаад миний сууж байсан суудлын дэрийг гараараа цохиж байгаад намайг үргэлжлүүлж 2 удаа цохьсон. Тэгээд би уйлаад явлаа гээд машинаас буусан чинь намайг тэврээд машинд суулгах гэж байгаад нуруу хөлийг машины хаалганд цохьсон. /хх-ийн 28-29 дэх тал/ гэх мэдүүлэг,

Шинжээч Б.Баярхүүгийн: С.Бгийн биед учирсан эдгээр гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тархи доргилт зүүн нүдний дээд доод зовхи зүүн шуу нуруу баруун шилбэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 43 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Ө нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 19 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвөөс хойш тал дээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.Бтай маргаж, өөрийн эзэмшлийн 54-56 ӨМА улсын дугаартай кроун маркийн тээврийн хэрэгслийн бүхээг дотор нүүр рүү нь гараараа цохих, толгойгоороо мөргөх, үснээс нь зулгаах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.  

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Бгийн эрүүл мэндэд тархи доргилт зүүн нүдний дээд доод зовхи зүүн шуу нуруу баруун шилбэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 79 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39 дэх тал/-ээр тогтоогдож байна.

 

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.Ө нь хохирогч С.Б 2002 оноос хойш хамт амьдарч, дундаасаа 3 хүүхэдтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж хуульчилсан ба Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8- д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн” эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.

 

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт: эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан ба шүүгдэгч С.Ө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр С.Бгийн биед тархи доргилт зүүн нүдний дээд доод зовхи зүүн шуу нуруу баруун шилбэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

 

Иймд шүүгдэгч С.Өыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “Нэхэмжлэх зүйл байхгүй” гэснээр шүүгдэгч С.Өыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч нь хувийн байдлын хувьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй” /хавтаст хэргийн 66 дахь тал/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 55 дахь тал/, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 56 дахь тал/, Оршин суугаа хаягийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 57 дахь тал/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 107 дугаартай тодорхойлолтод: С.Б нь Даланзадгад сумын Далан 3 дугаар багийн 30-14 тоотод ам бүл 5 оршин суудаг болохыг Хүн ам мэдээллийн санг үндэслэн тодорхойлов /хх-ийн 59 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч С.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх саналыг гаргасан ба шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж ... Гэм буруугаа маш их ойлгож байгаа. Намайг уучлаарай гэх тайлбарыг гаргав.

 

 Шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч С.Өд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс /сумын төвөөс/ гарч явахгүй байх хязгаарлалт тогтоох саналыг шүүх хуралдаанд гаргасан ба шүүгдэгч өөрийгөө өмгөөлж тайлбар гаргаагүй тул шүүх шүүгдэгч С.Өд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс /сумын төвөөс/ гарч явахгүй байх хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ө нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч С.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч С.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

      1. Шүүгдэгч Б овгийн С-ийн Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Өд 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч С.Өд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс /сумын төвөөс/ гарч явахгүй байх хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ө нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч С.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА