Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/45

 

 

2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр                                              Дугаар 2022/ШЦТ/45                                         Даланзадгад сум

                                                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгч: Б.М,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овгийн Б-ийн М-д холбогдох 2228000000052 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Б.М нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын 2-р багт орших И.Х-ийн гэрийн гадаа түүнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний хамар болон нүүрэн хэсэгт цохиж, биед тархины доргилт, хамар ясны хугарал, 2 нүдний зовхины цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Мыг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.М шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.

 

Хохирогч И.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 03 дугаар сарын 14-ний өглөө ажлаасаа буугаад ажил дээрээ хоол унд идэж байгаад өдөр 13 цагийн үед гэртээ ажлын хүн болох Г-аар хүргүүлсэн. Тэгээд гэртээ орсон чинь гэрт Б, Г хоёр манайд 1 шил 0.5 граммын Ерөөл нэртэй архи ууж байсан. Г багш тасарсан унтаж байсан. Тэгээд би Бийг та одоо яв гэж хэлсэн чинь унаа байхгүй яаж явах юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би гадаа гараад Маргадыг дуудсан. Тэгээд Маргад ээжтэйгээ хамт ирсэн. Тэгээд Маргад намайг архи авч өглөө гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм гэрт согтуу ирсэн байж байна гэж хэлсэн. Тэгсэн өөдөөс нүүрэн тус газар руу гараараа нэг удаа цохьсон. Тэгээд тонгойсон чинь доороос өшиглөсөн. /хх-ийн 10-11 дэх тал/

 

Гэрч Г.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Машинаас буухад Маргад надад Хүдрээ уусан байна гэж хэлсэн. Тэгээд би Бийг авахаар хашаа руу орж явахад Маргад Хүдрээтэй чи аавтай архи уусан уу? Гишүүн ирэхэд чи бас архи авч өгөө биз дээ гэж хэлж байсан. Тэгээд би хашаа руу ороод гэр рүү явж байхад өөдөөс нөхөр гараад ирсэн. Тэгээд би буцаад хашааны хаалган дээр ирэхэд Х-ийн хамраас нь цус гарсан доошоо хараад хэвтэж байсан. Тэгэнгүүт нь би дээшээ эргүүлсэн. Тэгэхэд ухаан алдсан байсан. Тэгээд би М-д чи яаж байгаа юм бэ хүн аллаа гэж хэлсэн. Тэгээд би цээж дээр нь 2-3 удаа дарсан. Тэгсэн Хүдэрээ амьсгалсан. Тэгээд би Маргадыг гэр рүү орж ус авч ир гэж хэлсэн. Тэгээд гэрээс авчирсан усаар нүүр толгойг цээж хэсгийг нь усаар шавшиж норгосон. Тэгээд ухаан орохгүй байсан. Тэгэнгүүт Маргад бид хоёр зөөж машинд оруулаад эмнэлэг рүү явсан. Тэгээд эмнэлэгт очоод ухаан орсон. /хх-ийн 16 дахь тал/

 

Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Сургуулийн захирал Гтой удахгүй болох тэмцээний талаар ярилцаж байгаад Г захиралтай хамт Х-ийн гэрт очсон. Тэгсэн Хүдэр-Эрдэнэ гэртээ байгаагүй. Тэгээд би Хүдэр-Эрдэнэ рүү залгасан чинь гэрт ороод байж бай би одоо очлоо гэж хэсэн. Тэгээд гэрт нь орсон гэр нь онгорхой байсан. Год нэг шил Ерөөл 0.5 грамм архи байсан. Тухайн архийг Г бид хоёр хувааж ууж байсан чинь Хүдэр-Эрдэнэ Гарьдаатай хамт ороод ирсэн. Тэгээд тухайн архинаас амсаад буцаад гарсан. Тэгээд сууж байсан чинь манай машин хашааны гадаа ирэхийг цонхоор харсан. Тэгээд Х-ийн гэрээс гарахад урдаас эхнэр хүрээд ирсэн. Хашааны хаалгаар гарсан чинь Хүдэр-Эрдэнэ доошоо харсан хэвтэж байсан. Тэгэхээр нь эхнэр Хүдэр-Эрдэнийг дээшээ харуулаад Маргадыг ус авч ир гээд ус авч ирүүлээд усаар шавшаад, ухаан орохгүй болохоор нь эмнэлэгт хүргэсэн. /хх-ийн 18 дахь тал/

 

Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Х-ийн гэрт очсон чинь Г, Бээ хоёр 0.5 грамм Ерөөл нэртэй нэг шил архи уугаад сууж байсан. Архи дундуур байсан. Г Хүдэр-Эрдэнэ бид хоёрт архи аягалж өгсөн. Тэгээд уусан. Хүдрээ одоо манайд архи ууж болохгүй ээ дүү одоо хичээл сургууль нь тараад ирнэ гэж хэлээд Хүдэр-Эрдэнэ бид хоёр гэрээс нь гараад хашааны гадаа очоод Хүдэр- Эрдэнэ Маргад руу залгаад аав чинь манайд байна ирж ав гэж хэлсэн. Тэгээд удалгүй Маргад, ээжтэйгээ хамт ирсэн. Тэгээд Маргад машинаас бууж ирээд аав хаана байна. Согтуу байгаа юм уу гэж асуусан. Тэгсэн уусан байгаа гэж хэлсэн. Тэгсэн Маргад чи яахаараа аавд архи өгдөг юм бэ гэж асуусан. Тэгсэн Хүдрээ би ямар архи уу гэсэн юм уу манайд согтуу ирсэн сууж байна шүү дээ гэж хэлсэн. Тэгээд хоорондоо маргалдаж байгаад Маргад Хүдрээг гараараа цохьсон. Тэгсэн Хүдрээ урагшаа 2 алхаад доошоо суугаад хэвтсэн. Тэгсэн хашаанаас Б ах эхнэртэйгээ, Г нар гараад ирсэн. Тэгсэн Гыг эхнэр нь ирээд аваад явсан. Тэгээд М эгч Хүдрээг зүгээр үү гээд дээш нь харуулаад цээжин дээр нь гараараа дараад байсан. Тэгээд Хүдрээ нэг амьсгаа авах шиг болсон. Тэгээд эмнэлэг рүү аваад явсан. Хүдрээгийн хамраас нь цус гарч байсан. /хх-ийн 20 дахь тал/

 

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 171 дугаартай дүгнэлтэд: И.Х-ийн биед тархины доргилт, хамар ясны хугарал, 2 нүдний зовхины цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 25 дахь тал/

 

Шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Өмнөговь аймаг Ханхонгор сум Өгөөмөр баг Баян хорооллын 05-03 тоот хашааны гадаа И.Хтэй муудалцаж нүүр тус газар руу нэг удаа цохьсон. Тухайн хашаа нь болохоор Х-ийн хашаа байгаа юм. Гомдол санал байхгүй. /хх-ийн 34 дэх тал/

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 39 дэх тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дэх тал/

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 35 дахь тал/

Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 58 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

  Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд: 

Хохирогч И.Х, шүүгдэгч Б.М нар нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын 2-р багт орших И.Х-ийн гэрийн гадаа түүнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Улмаар шүүгдэгч Б.М нь хохирогч И.Х-ийн хамар болон нүүрэн хэсэгт цохьсон үйл баримт тогтоогдож байна.   

 

  Тодруулбал: Хохирогч И.Х-ийн: ...Тэгээд Маргад намайг архи авч өглөө гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм гэрт согтуу ирсэн байж байна гэж хэлсэн. Тэгсэн өөдөөс нүүрэн тус газар руу гараараа нэг удаа цохьсон. Тэгээд тонгойсон чинь доороос өшиглөсөн. /хх-ийн 10-11 дэх тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Мгийн: ...Тэгээд би буцаад хашааны хаалган дээр ирэхэд Х-ийн хамраас нь цус гарсан доошоо хараад хэвтэж байсан. Тэгэнгүүт нь би дээшээ эргүүлсэн. Тэгэхэд ухаан алдсан байсан. Тэгээд би М-д чи яаж байгаа юм бэ хүн аллаа гэж хэлсэн. /хх-ийн 16 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.Б-ийн: ... Хашааны хаалгаар гарсан чинь Хүдэр-Эрдэнэ доошоо харсан хэвтэж байсан. Тэгэхээр нь эхнэр Хүдэр-Эрдэнийг дээшээ харуулаад Маргадыг ус авч ир гээд ус авч ирүүлээд усаар шавшаад, ухаан орохгүй болохоор нь эмнэлэгт хүргэсэн. /хх-ийн 18 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Гн: ...Тэгээд Хүдрээ нэг амьсгаа авах шиг болсон. Тэгээд эмнэлэг рүү аваад явсан. Хүдрээгийн хамраас нь цус гарч байсан. /хх-ийн 20 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын 2-р багт орших И.Х-ийн гэрийн гадаа түүнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний хамар болон нүүрэн хэсэгт цохиж, биед тархины доргилт, хамар ясны хугарал, 2 нүдний зовхины цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч И.Х-ийн эрүүл мэндэд биед тархины доргилт, хамар ясны хугарал, 2 нүдний зовхины цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 171 дугаартай дүгнэлт /хх-ийн 25 дахь тал/-ээр тогтоогдож байна.

 

 

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

 

Хохирогч И.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “Нэхэмжлэх зүйл байхгүй” гэснээр шүүгдэгч Б.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч нь хувийн байдлын хувьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй” /хавтаст хэргийн 62 дахь тал/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 37 дахь тал/, Оршин суугаа хаягийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 40 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх саналыг гаргасан ба шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж ... Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Би дахиж хэрэгт холбогдохгүй. Гэм буруугаа ойлгож байгаа гэх тайлбарыг гаргав.

 

 Шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.М нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч И.Хд 309.300 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

      1. Шүүгдэгч М овгийн Б-ийн Маргадыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мад 450 //дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.М нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  хохирогчид 309.300 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА