| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2018/01613/И |
| Дугаар | 01873 |
| Огноо | 2018-06-05 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 01873
| 2018 оны 06 сарын 05 өдөр | Дугаар 102/ШШ2018/01873 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, *******,*******,******* тоотод байрлах, А М Э ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,*******,*******,******* байранд байрлах, НШШГГ холбогдох,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 4/63 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай” тогтоолыг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А М Э ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/01502 дугаар шийдвэрээр Б.Билгүүн, Д.Ганцэцэг нараас 177,297,988 төгрөг гаргуулан авахаар шийдвэрлүүлсэн. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд барьцааны хөрөнгө болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 46 дугаар байр 09 тоот 109 м.кв талбайтай орон сууцыг дуудлага худалдаагаар худалдан борлуулан 78,180,000 төгрөгийг манайд олгон үлдэгдэл мөнгө, улсын тэмдэгтийн хураамжид, төлсөн 1,114,640 төгрөгийг хариуцагч этгээдээр гаргуулахгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосонд туйлын гомдолтой байна. 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1502 тоот шийдвэрээр 177,297,988 төгрөгийг хариуцагч н.Ганцэцэг, н.Билгүүн нараас гаргуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад хугацаа хүлээлттэй удсан. Надад шүүхийн шийдвэрийн дагуу 78,180,000 төгрөгийг олгоод шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон мэдэгдэх хуудас өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/01502 дугаар шийдвэрээр Б.Билгүүн, Д.Ганцэцэг нараас 177.297.988 төгрөг гаргуулж А М Э ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Б.Билгүүн, Д.Ганцэцэг нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан өмчлөлийн эрхийн улсын Ү-2205028233 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 6 хороо, Энхтайваны өргөн чөлөө 46 байрны 09 тоот 109 мкв талбайтай орон сууцыг битүүмжлэн хурааж, Монгол улсын иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчээс үнийн санал асуухад төлбөр төлөгч Б.Билгүүн, Д.Ганцэцэг нар үнийн санал өгөхөөс татгалзсан тул үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний “Баян модот” ХХ-ийг үнэлгээчнээр томилж зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгоход Баянгол дүүргийн 6 хороо, Энхтайваны өргөн чөлөө 46-р байрны 09 тоот 109 м.кв талбайтай орон сууцыг 154,160,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг төлбөр төлөгч Б.Билгүүн, Д.Ганцэцэг нарт 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 3/24738 тоот мэдэгдлээр мэдэгдэхэд төлбөр төлөгч нар өөрсдөө орон сууцаа худалдан борлуулж төлбөрийг барагдуулах хүсэлт гаргасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу нэг сарын хугацааг олгосон. Төлбөр төлөгч нар тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр анхны албадан дуудлага худалдаагаар барьцаа хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнэлэгдсэн үнэ 154,160,000 төгрөгийн 70 хувь буюу 107,912,000 төгрөгөөр оруулахад худалдан борлогдоогүй тул оны 12 дугаар сарын 22-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд үнэлэгдсэн үнэ 154,160,000 төгрөгийн 50 хувь буюу 77,080,000 төгрөгөөр оруулахад 79,180,000 төгрөгөөр худалдан борлогдсон байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудасанд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 4/63 дугаар тогтоолоор дуусгавар болгосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А М Э ХХК нь хариуцагч НШШГГт холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 4/63 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай” тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж дууссан гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/01502 дугаар шийдвэрээр хариуцагч Б.Билгүүн, Д.Ганцэцэг нараас 177,297,988 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 1,114,640 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч А М Э ХХК-д олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 6 хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 46 дугаар байрны 09 тоот хаягт байрлах, 109 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараас үзэхэд дээрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон ч төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул НШШГГ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Б.Билгүүн, Д.Ганцэцэг нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 6 хороо, 46 байрны 09 тоот 109 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хурааж, төлбөр төлөгч нар өөрсдөө орон сууцаа худалдан борлуулж төлбөрийг барагдуулах хүсэлт гаргаснаар нэг сарын хугацааг олгосон ч төлбөр төлөгч тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй учир албадан дуудлага худалдаа явуулсан байна. 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаа явуулсан ч хөрөнгө борлогдоогүй тул 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулж 79,180,000 төгрөгөөр худалдаж төлбөр авагчид 78,180,000 төгрөгийг олгожээ.
Хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж 79,180,000 төгрөгийг төлбөр авагдчид шилжүүлснээр гүйцэтгэх баримт бичигт заагдсан ажиллагаа бүрэн хийгдсэн гэх үндэслэлээр 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 4/63 дугаар тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д ”Төлбөр төлөгчөөс шүүхийн шийдвэрт заасан хөрөнгө, мөнгийг гаргуулснаар төлбөрийг биелүүлсэнд тооцно”, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Ахлах шийдвэр гүйцэтгэгч дараахь үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаана”, 29.1.3-т “төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн” гэж тус тус заасан.
Шүүхийн шийдвэрт төлбөр төлөгч нараас 177,297,988 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 1,114,640 төгрөг гаргуулан төлбөр авагчид олгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн байхад шийдвэр гүйцэтгэгч барьцаа хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдалсан үнэ буюу 79,180,000 төгрөгийг төлбөр авагчид шилжүүлсж, төлбөрөөс үлдэх хэсгийг төлбөр төлөгчөөс гаргуулалгүйгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй.
Түүнчлэн төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлөөгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хуульд заасан бусад үндэслэл тогтоогдоогүй байхад хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь үндэслэлгүй байна.
Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 4/63 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай” тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасан үндэслэлгүй тогтоогдохгүй байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 4/63 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч А М Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эртэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР