Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/48

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр                       Дугаар 2022/ШЦТ/48                                Даланзадгад сум

                                                                                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч: Ц.Т,

Хохирогч: Д.З,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Ц-ийн Т-д холбогдох 2228000000027 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Шүүгдэгч Ц.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 28-ны орой Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Баруунсайханы 9-28 тоотод орших гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Зийн биед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж халдаж, түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.Тийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:  02 дугаар сарын 29-ний орой архи уусан. Өглөө босоход эхнэр, хүүхэд бүгд байхгүй байсан. Манай хүүхэд ирж надад хэлсэн. Та ээжийг зодчихлоо. Тэгээд эхнэр М-ын гэрт байгаа гэж хэлэхээр нь очсон. Би эхнэрээ зодсон байсан. Тухайн үед ямар ч мэдрэлгүй байсны улмаас эхнэрээ зодсон. Их архи уугаад яаснаа мэдэхгүй байгаа. Хүүхэд надад бүгдийг нь тайлбарлаж хэлсэн. Залгуураар шавхарсан, архины шил шидсэн, ширээний булан руу түлхэж унагаасан, хайруулын таваг шидсэн гэж хэлсэн.

Хохирогч Д.З шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.З мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 01 дүгээр сарын 28-ны өглөө 08 цагийн үед Т бид хоёр дэлгүүрээс Хараа нэртэй 0,75 граммын 2 шил архи аваад гэртээ очоод хувааж уусан. Архи ууж байгаад би тасарчихсан байсан. Өдөр 15 цагийн үед байх би сэргэсэн чинь манай гэрт нэг цагдаа ирчихсэн Тийг аваад гэрээс гарсан. Тухайн үед манай хүүхдүүд манай найзын гэр рүү тоглох гээд явсан байсан. Би буцаад унтаж байсан чинь гэгээ тасрахаас өмнө байх харанхуй болоогүй байхад Т гэрт ирээд намайг зодож сэрээсэн. Намайг унтаж байгаад сэрэхэд Т миний нуруу руу будаа агшаагчийн залгуураар шавхраад байсан, бас архины шилээр миний баруун хөлний шилбэ рүү 2-3 удаа цохьсон, бас миний толгой руу будаа агшаагчийн залгуураараа шавхарсан байх миний зүүн чихний доод хэсэгт бага зэрэг шалбарсан байсан. Миний толгойг гэрийн баруун хаяанд байсан ширээ мөргүүлсэн. Хайруулын тавгаар миний толгой руу бас цохьсон. Би гэрээсээ гараад найз М-ын гэрт очсон. М-ын гэрт 2 хонож байгаад 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр цагдаа дээр өөрийн биеэр ирж дуудлага өгсөн. Одоогоор өвдөж байгаа зүйл байхгүй байна. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй./хавтаст хэргийн 9-10 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 96 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Д.Зийн биед тархины доргилт, баруун чамархайн хуйх, зүүн чихний гэдэс, зүүн мөр, ташаан дахь язарсан шарх, духны зүүн хэсэг, зүүн нүдний дээд зовхи, 2 талын бугалга, цээжний баруун хэсэг, зүүн сүвээ, баруун шилбэ тавхайн цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй./хавтаст хэргийн 15-18 дахь тал/

Шүүгдэгч Ц.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би согтуу байсан болохоор санахгүй байсан. Тэгээд гэрчийн мэдүүлэгт шавхарсан өөр гэмтэл учруулаагүй гэж мэдүүлсэн. Дараа нь гэртээ очоод хүүхдүүдээсээ юу болсон талаар асуухад намайг Зинамидэрийг будаа агшаагчийн залгуураар шавхарч архины шилээр хөлийг нь цохьсон бас ширээ мөргүүлсэн гэж хэлсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна... Д.Зтэй 2006 онд гэр бүл болж дундаасаа 4 хүүхэдтэй болсон. Гэрлэлтээ батлуулаагүй.” /хавтаст хэргийн 27, 29 дэх тал/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 04 дэх тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 38 дахь тал/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 264 дугаартай албан тоот /хавтаст хэргийн 30 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 31 дэх тал/

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 42-43 дахь тал/

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 49-51 дэх тал/

Өмнөговь аймаг Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 52-56 дахь тал/

Өмнөговь аймаг Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 57-62 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Д.З, шүүгдэгч Ц.Т нар нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны орой Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Баруунсайханы 9-28 тоотод орших гэртээ маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Улмаар шүүгдэгч Ц.Т гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн биед халдсан үйл баримт тогтоогдож байна.

Тодруулбал: Хохирогч Д.Зийн: “...Би буцаад унтаж байсан чинь гэгээ тасрахаас өмнө байх харанхуй болоогүй байхад Т гэрт ирээд намайг зодож сэрээсэн. Намайг унтаж байгаад сэрэхэд Т миний нуруу руу будаа агшаагчийн залгуураар шавхраад байсан, бас архины шилээр миний баруун хөлний шилбэ рүү 2-3 удаа цохьсон, бас миний толгой руу будаа агшаагчийн залгуураараа шавхарсан байх миний зүүн чихний доод хэсэгт бага зэрэг шалбарсан байсан. Миний толгойг гэрийн баруун хаяанд байсан ширээ мөргүүлсэн. Хайруулын тавгаар миний толгой руу бас цохьсон.” /хавтаст хэргийн 9-10 дахь тал/ гэх мэдүүлэг,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 96 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 15-18 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Тийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Зийн эрүүл мэндэд тархины доргилт, баруун чамархайн хуйх, зүүн чихний гэдэс, зүүн мөр, ташаан дахь язарсан шарх, духны зүүн хэсэг, зүүн нүдний дээд зовхи, 2 талын бугалга, цээжний баруун хэсэг, зүүн сүвээ, баруун шилбэ тавхайн цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 96 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 15-18 дахь тал/-ээр тогтоогдож байна.

 

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.Т, хохирогч Д.З нар нь хамтран амьдардаг эхнэр, нөхөр болохоо мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлж байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж үзэх үндэслэлтэй байна.

             Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий” гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан ба шүүгдэгч Ц.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 28-ны орой Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Баруунсайханы 9-28 тоотод орших гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Зийн биед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж халдаж, түүний биед тархины доргилт, баруун чамархайн хуйх, зүүн чихний гэдэс, зүүн мөр, ташаан дахь язарсан шарх, духны зүүн хэсэг, зүүн нүдний дээд зовхи, 2 талын бугалга, цээжний баруун хэсэг, зүүн сүвээ, баруун шилбэ тавхайн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

 

Хохирогч Д.З нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд ...”Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэснээр шүүгдэгч Ц.Тийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Ц.Тийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Тийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ц.Тийн хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэлтэй...” /хх-ийн 38 дахь тал/, Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоол, Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоол, Өмнөговь аймаг Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоол, Өмнөговь аймаг Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн тодорхойлолтод: Ц.Т нь Даланзадгад сумын Баруунсайхан 1 дүгээр баг Баруунсайханы 9-28 тоотод ам бүл 7 түр оршин суудаг нь үнэн болохыг Хүн ам өрхийн мэдээллийн санг үндэслэн тодорхойлов. /хх-ийн 30 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч Ц.Т нь шүүх хуралдаанд өөрийн сонгон авсан өмгөөлөгчийн хамт оролцов.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.Төд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Ц.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5  дахь хэсэгт зааснаар тэнсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулах нөхцөл байдал үүсэж байна. Тийм учраас Ц.Төд 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тоолж нийт 46 хоног буюу 1 сар 17 хоногийн хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймаг Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил, 17 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж заасан. Энэ заалтыг харгалзан үзээд миний үйлчлүүлэгчийн хувийн байдал болоод гэр бүлээ тэжээн тэтгэж байгаа нөхцөл байдлыг нь харгалзан үзэж хорих ялуудыг тус тусад нь эдлүүлж өгнө үү гэх тайлбарыг тус тус гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж хуульчилсан ба энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноор шүүгдэгч Ц.Тийг тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэл болох тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байхад дээрх асуудлыг шийдвэрлэхгүй байх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилсан.

Улсын яллагч шүүгдэгчид торгох ял оногдуулах санал гаргасан боловч шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тодорхой орлоготой талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүх шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Ц.Төд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Төд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Г овгийн Ц-ийн Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Төд 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  4. Шүүгдэгч Ц.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Төд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ДЭЛГЭРМАА