Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/49

 

 

 

 

2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр                                            Дугаар 2022/ШЦТ/49                                                                                Даланзадгад сум

                                                                                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгч: Б.Т,

Өмгөөлөгч: Н.Нармандах,

Хэлмэрч: М.З,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Б-ийн Т-д холбогдох 2128002150038 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Шүүгдэгч Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 18-аас 19 цагийн хооронд Өмнөговь аймаг, Ханхонгор сум, Мандах багийн нутаг дэвсгэрт байх Мухар шивэрт гэх газарт Ш.Лг толгой руу нулимсан гэх шалтгаанаар харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, зодооныг салгахаар очсон С.С-ын нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 18-аас 19 цагийн хооронд Өмнөговь аймаг, Ханхонгор сум, Мандах багийн нутаг дэвсгэрт хохирогч С.С, Б.Л нарын зарж байсан бэлэг дурсгалын эд зүйлсийг тараан шидэж, хууль бусаар гэмтээн 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Тийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Бид нар найзуудтайгаа би гэр бүлтэйгээ Мухар шивэрт гэх газарт очиж хоол идэж байсан. Хоолоо идэж байгаад 1 шил

 архи бүх хүмүүстээ тойруулсан. Тэр үед Ш.Л шүлсээ над руу нулимсан.  Бүх хүмүүс сайхан уур амьсгалтай байж байхад над руу нулимахаар нь маш их уур хүрч бухимдсан, тэгээд очоод яасан бэ, юу болсон бэ яагаад гэж асуухад надад юу ч хэлээгүй. Тэгэхээр нь цохиод авсан. Тэгээд О ах ирээд бид хоёрыг салгасан. Би цохиж авсан. Эргүүлээд намайг тонгорч унагасан. Түүнээс хойш би сайн санахгүй байгаа.

Хохирогч Ш.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр би Мухар шивэрт гэх газарт эхнэрийн хамт жижиг сувинер, гар урлалын эд зүйл зарж байхад Т, О нар гэр бүлийн хамтаар Мухар шивэрт гэх газарт амрахаар ирсэн байсан. Тэгээд бид хэд хоол идээд нэг шил архи эргүүлээд байж байсан чинь Т гэнэт нүүр нь хувираад намайг шидээд унагаасан. Тэгээд гараараа миний толгой руу олон удаа цохиж миний амнаас цус гараад үүдэн 3 шүд унаад 1 шүд нь хөдөлсөн. Тэгсэн О Т бид хоёрыг салгасан. Тэгсэн эхнэр С-ын зарж байсан жижиг сувинер, дурсгалын эд зүйлийг тараагаад Нарны самбарыг нь хагалаад, жижиг дурсгалын эд зүйлийг эвдээд эхнэр С-ын үснээс нь зулгаагаад нүүр рүү нэг удаа цохьсон. Тэгсэн уйлаад суусан. Сыг Оын эхнэр аргадаад аваад явсан. Яг хэдэн төгрөг болсон талаар мэдэхгүй байна. Т надад нийт хохирол төлбөрийг бүгдийг барагдуулсан. Эмнэлгээр үзүүлж эмчилгээ хийлгэсэн талаарх бүх зардлыг төлсөн. Гомдол санал байхгүй. /хх-ийн 16-17 дахь тал/

Хохирогч С.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 08 сарын 21-ний өдөр нөхөртэйгээ хамт чулуугаар хийсэн бэлэг дурсгалын зүйл зараад байж байхад Т найз нартайгаа ирсэн. Тэгээд бид нар хоол хийж идээд юм яриад сууж байхад Т гэнэт манай нөхрийг зодоод эхэлсэн. Тэгэхээр нь би очиж салгах гэтэл намайг гараараа зүүн хацар руу хоёр удаа цохиж үснээс зулгаагаад миний зарж байсан эд зүйлийг тарааж шидсэн. Тэгээд хамт явсан найзууд нь Тийг салгаад аваад явсан. Т эхлээд манай нөхрийг зодоод эхэлсэн. Манай нөхөр Тийг зодоогүй, биед нь гар хүрээгүй, би нөхрөө салгах гэтэл намайг Т гараараа миний шүд рүү цохиод миний нэг шүдийг хөдөлгөсөн. Тэгээд тэр шүдээ эмнэлэг дээр очиж авхуулаад одоо хиймэл шүд хийлгэсэн байгаа./хх-ийн 21 дэх тал/

Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Л, С гээд хоёр хүнийг эгч нь дагуулж ирсэн. Тухайн хоёр хүн сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хун байсан. Эгч нь надад хунд зодуулсан гэж хэлсэн. Лг үзэхэд дээд үүдэн хоёр шүд нь хугарсан. Уг хугарсан хоёр шүдний хажуу талын шүднүүд үрэвсэлтэй байсан. /хх-ийн 25 дахь тал/

Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Жилийн өмнө зун 08 дугаар сард сонсголгүй 8 хүн болон хүүхдүүдийн хамт Мухар шивэрт гэдэг уул руу Т өөрийн машинтай, би өөрийн машинтай очсон. Тэгсэн Л С хоёр чулуугаар хийсэн гар урлал жижиг дурсгалын зүйлүүд зарж байсан. Тэгээд майхан бариад бүгдээрээ суугаад хоол идэж байсан чинь Л ирээд мэндэлсэн. Миний хажууд Т суугаад хоол идэж байсан. Нэг эргээд харсан чинь хоорондоо зодолдож байсан. Сонсож чадахгүй учраас юунаас болж зодолдсон талаар мэдэхгүй байна. Тэгээд би босож очоод Тийг салгаад Тийн машинд нь суулгаад одоо болно харьцгаая гэж хэлээд би өөрийнхөө машинд эхнэр хүүхдээ аваад явсан. /хх-ийн 30 дахь тал/

Шинжээч Б.Баярхүү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 430 дугаартай дүгнэлтэд дурдсанаар баруун дээд нэг, зүүн дээд нэгдүгээр шүдний булгаралт, зүүн чамархайн дагзанд зөөлөн эдийн гэмтэл тогтоогджээ.  Үзлэгт дурдсан хоёр шүдний гэмтлээс өөр шүдний гэмтэл байгаагүй. /хх-ийн 33 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 432 дугаартай дүгнэлтэд: С.С-ын биед зүүн дээд 3-р шүдний сулрал, дээд уруулд Зх2см цус хуралт, дээд уруулын дотор салстад шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. С.С-ын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. С.С-ын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 38 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 430 дугаартай дүгнэлтэд: Ш.Лы биед баруун дээд 1, зүүн дээд 1-р шүдний булгарал, зүүн чамархай, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Ш.Лы биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10% алдагдуулна. Ш.Лы биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10% алдагдуулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 43 дахь тал/

Шүүх сэтгэц гэм судлалын 8/22 дугаартай дүгнэлт шинжилгээнд: Б.Т нь сэтгэцийн өвчтэй эсэх? Хэрэв өвчтэй бол ямар өвчинтэй? Өвчин хэзээнээс эхэлсэн? Б.Т нь сэтгэцийн өвчтэй бол бусдын бие эрх чөлөөнд халдах үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгож мэдэж удирдаж чадаж байсан уу? Б.Т нь гэмт хэргийн үйлдлийн үед ямар нэгэн өвчтэй байсны улмаас өөрийнхөө үйлдлийг мэдэхгүй удирдаж чадахгүй болсон байж болох уу? Б.Т    нь үнэн зөв мэдүүлэг өгөх болон хэрэг хариуцах чадвартай эсэх. Түүнд өгсөн хариулт, түүний үндэслэл: Батмөнх овогтой Т нь сэтгэцийн хувьд эрүүл болно. Б.Т хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. /хх-ийн 51 дэх тал/

Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 268 дугаартай дүгнэлтэд: нарны толь 350.000 төгрөг, төмөр жижиг зуух 60.000 төгрөг, Баян мод 20.000 төгрөг, жижиг янгир сувинер 150.000 төгрөг нийт дүн 700.000  төгрөг /хх-ийн 55 дахь тал/

Шүүгдэгч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Өмнөговь аймаг Ханхонгор сум Мандах 1-р баг Мухар шивэрт гэх газар руу аймгаас 2021 оны 08 дугаар сарын 21-ний орой манай эхнэр, 4 хүүхэд, О хүүхэд эхнэртэйгээ, Жавзандулам, Цэвээндорж, Нацаг-Юм гэх хүмүүсийн хамт хоёр машинтай О, Цэвээнжав хоёр машины жолоо бариад очсон. Тухайн газартаа очоод 1 шил 0.75 литр архи Л, О, бид гурав хувааж уусан. Тэгээд бид хэд хоол идээд сууж байсан чинь Л, миний толгой руу хоёр удаа нулимсан. Тэгээд би Лгоос яагаад над руу нулимж байгаа юм гэж асуухад цаашаа яваад өгсөн. Тэгээд би араас нь очоод Лгийн нүүрэн тус газар руу гараараа нэг цохьсон. Тэгсэн Л намайг боогоод унагаасан. Тэгж байсан чинь О ирж салгасан. Тэгээд миний уур хүрээд зарж байсан сувинер эд зүйлийг тарааж цацсан. Тэгээд Л, С хоёр тэнд үлдээд би Цэвээндоржийн машинд эхнэр хүүхдээ суулгаад Ёлын аманд очиж хоносон. О гэр бүлтэйгээ аймаг руу явсан. Би тухайн үед жолоо бариагүй. Л миний толгой руу хоёр удаа нулимсан. Тэгээд би яагаад толгой руу нулимж байгаа юм гэж асуухад цаашаа яваад өгсөн. Би араас нь очоод нүүр рүү нь гараараа нэг цохьсон. Тэгсэн Л намайг боож унагаагаад байж байхад О бид хоёрыг салгасан. Сыг цохисноо санахгүй байна. Л бид хоёр муудалцаж байхад бид хоёрыг салгах гэж байгаад миний гарт өртсөн байх. Бусдаар бол би Сыг цохиогүй. Уур их хүрсэн учир Л, С нарын зарж байсан эд зүйлийг цацаж тараасан. Өөр надад мэдэх зүйл алга. Зарим үйл явдаа санахгүй байна. Маргааш нь миний нүүр шалбарч, хоолой хөндүүрлэж өвдөж байсан. /хх-ийн 63 дахь тал/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 дэх тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79 дахь тал/

Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 83 дахь тал/

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 84 дэх тал/

Хохирол төлбөр төлсөн талаарх баримт /хх-ийн 93-95 дахь тал/

MASLI дохионы хэлмэрч, орчуулагчдын холбооны нэхэмжлэл /хх-ийн 108-113 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Ш.Л, шүүгдэгч Б.Т нар нь 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 18-аас 19 цагийн хооронд Өмнөговь аймаг, Ханхонгор сум, Мандах багийн нутаг дэвсгэрт байх Мухар шивэрт гэх газарт Ш.Лг толгой руу нулимсан гэх шалтгаанаар харилцан зодолдсон нөхцөл байдал тогтоогдож байна.

Улмаар шүүгдэгч Б.Т, хохирогч Ш.Л нарын зодооныг салгахаар очсон хохирогч С.С-ын нүүрэн тус газар цохьсон үйл баримт тогтоогдож байна.

Мөн тухайн цаг хугацаанд хохирогч С.С, Ш.Л нарын зарж байсан бэлэг дурсгалын эд зүйлсийг тараан шидэж, хууль бусаар гэмтээсэн үйл баримт тогтоогдож байна.

Тодруулбал: Хохирогч Ш.Лгийн: ...Тэгээд бид хэд хоол идээд нэг шил архи эргүүлээд байж байсан чинь Т гэнэт нүүр нь хувираад намайг шидээд унагаасан. Тэгээд гараараа миний толгой руу олон удаа цохиж миний амнаас цус гараад үүдэн 3 шүд унаад 1 шүд нь хөдөлсөн. ...Тэгсэн эхнэр С-ын зарж байсан жижиг сувинер, дурсгалын эд зүйлийг тараагаад Нарны самбарыг нь хагалаад, жижиг дурсгалын эд зүйлийг эвдээд эхнэр С-ын үснээс нь зулгаагаад нүүр рүү нэг удаа цохьсон. /хх-ийн 16-17 дахь тал/ гэх мэдүүлэг,

Хохирогч С.С-ын: ...Тэгээд бид нар хоол хийж идээд юм яриад сууж байхад Т гэнэт манай нөхрийг зодоод эхэлсэн. Тэгэхээр нь би очиж салгах гэтэл намайг гараараа зүүн хацар руу хоёр удаа цохиж үснээс зулгаагаад миний зарж байсан эд зүйлийг тарааж шидсэн../хх-ийн 21 дэх тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.Аийн: 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Л, С гээд хоёр хүнийг эгч нь дагуулж ирсэн. Тухайн хоёр хүн сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хун байсан. Эгч нь надад хунд зодуулсан гэж хэлсэн. Лг үзэхэд дээд үүдэн хоёр шүд нь хугарсан. Уг хугарсан хоёр шүдний хажуу талын шүднүүд үрэвсэлтэй байсан. /хх-ийн 25 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.Оын: ...Миний хажууд Т суугаад хоол идэж байсан. Нэг эргээд харсан чинь хоорондоо зодолдож байсан. Сонсож чадахгүй учраас юунаас болж зодолдсон талаар мэдэхгүй байна. /хх-ийн 30 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Тийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Лгийн эрүүл мэндэд баруун дээд 1, зүүн дээд 1-р шүдний булгарал, зүүн чамархай, дагзанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 430 дугаартай дүгнэлт /хх-ийн 43 дахь тал/-ээр,

Шүүгдэгч Б.Тийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.С-ын эрүүл мэндэд зүүн дээд 3-р шүдний сулрал, дээд уруулд Зх2 см цус хуралт, дээд уруулын дотор салстад шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 432 дугаартай дүгнэлт /хх-ийн 38 дахь тал/-ээр тус тус тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Б.Тийн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.С, Ш.Л нарт 700.000 төгрөгийн хохирол учирсан болох нь: Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 268 дугаартай дүгнэлтэд: нарны толь 350.000 төгрөг, төмөр жижиг зуух 60.000 төгрөг, Баян мод 20.000 төгрөг, жижиг янгир сувинер 150.000 төгрөг нийт дүн 700.000  төгрөг /хх-ийн 55 дахь тал/ гэснээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 18-аас 19 цагийн хооронд Өмнөговь аймаг, Ханхонгор сум, Мандах багийн нутаг дэвсгэрт байх Мухар шивэрт гэх газарт Ш.Лг толгой руу нулимсан гэх шалтгаанаар харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, зодооныг салгахаар очсон С.С-ын нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 18-аас 19 цагийн хооронд Өмнөговь аймаг, Ханхонгор сум, Мандах багийн нутаг дэвсгэрт хохирогч С.С, Б.Л нарын зарж байсан бэлэг дурсгалын эд зүйлсийг тараан шидэж, хууль бусаар гэмтээн 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн тус тус үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Хохирогч Ш.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: … Т надад нийт хохирол төлбөрийг бүгдийг барагдуулсан. Эмнэлгээр үзүүлж эмчилгээ хийлгэсэн талаарх бүх зардлыг төлсөн. Гомдол санал байхгүй. /хх-ийн 16-17 дахь тал/, хохирогч С.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Т хохирлоо бүрэн барагдуулсан. Миний зарж байсан эд зүйлийг эвдсэн хохирол 500.000 төгрөгийг өгсөн. Миний шүдийг хийлгэж өгсөн /хх-ийн 21 дэх тал/ гэжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч Б.Тийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.С, Ш.Л нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, бусдын эд хөрөнгөд 700.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.

Шүүгдэгч Б.Т нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт хохирогч Ш.Л, С.С нарт 6.752.000 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохиролд 700.000 төгрөг, нийт 7.452.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хохирогч нарын хэрэгт бичгээр ирүүлсэн хүсэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Тийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд ...хохирогч С.С, Ш.Лувсан-Ендон, гэрч О нарын хэлмэрчээр ажилласан Болормаа, Сайнбаяр нарын Өмнөговь аймагт ажилласан 1.729.850 төгрөг төлөгдөөгүй. Уг төлбөр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын 2018 оны 161 дүгээр зүйлийн 1 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тооцсон тохиолдолд шүүгдэгчээс гаргуулах хуулийн зохицуулалт байгаа гэх дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ... Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 27 дугаар зүйлд хууль зүйн туслалцаа авах хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн талаар тусгасан байгаа. 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт шүүх, прокурор, хууль хяналтын байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүн эрх ашгаа хамгаалахад хүртээмжтэй орчныг бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд тэдгээрийг текст уншигч, бичигч, дохионы хэлний хэлмэрч, орчуулагчаар үнэ төлбөргүй хангах ба үйлчилгээний зардлыг улсын төсөвт тусгана гэж заасан гэх тайлбарыг тус тус гаргаж мэтгэлцэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна гэж хуульчилжээ.

Шүүх шүүгдэгч Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч тус шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... талууд, оролцогч энэ хуулийн 38.2 дугаар зүйлд заасан хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй бол гомдол, эсэргүүцэл бичих хугацаа дуусмагц, давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчлөлт оруулж шийдвэрлэснээр хүчин төгөлдөр болох тул шүүх энэ шийтгэх тогтоолоор дээрх асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж хэлмэрч И.Болормаа, П.Сайнбаяр нар нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдаж, шинжээчийн зардалтай холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Б.Тийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Тийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Тийн хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй...” /хх-ийн 79 дэх тал/, Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 136 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Прокурорын тогтоол /хх-ийн 121 дэх тал/ иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 83 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тодорхойлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч Б.Т нь шүүх хуралдаанд өөрийн сонгон авсан өмгөөлөгчтэйгээ оролцов.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Тэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч ... улсын яллагчийн зүгээс торгуулийн ял оногдуулах санал гаргасныг дэмжиж хүлээж авч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс эхлэн торгох ял оногдуулах санкцтай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн одоо дөрвөн зуун тавин нэгээс эхлэн торгох ялын хэмжээ тогтоогдсон байдаг. Иймд хуульд заасан хамгийн бага ялыг Б.Тэд оногдуулж өгөөч гэж хүсэж байна гэх тайлбарыг гаргав.

Шүүх улсын яллагчийн санал болгосон ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан ба шүүгдэгч Б.Т нь шүүхээс оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  хохирогч Ш.Л, С.С нарт 7.452.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой нэхэмжлэлтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Бийн овгийн Б-ийн Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тэд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялын хэмжээг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь шүүхээс оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгасугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлмэрч И.Болормаа, П.Сайнбаяр нар нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдаж, шинжээчийн зардалтай холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
  7. Шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  хохирогч Ш.Л, С.С нарт 7.452.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой нэхэмжлэлтэй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Т.ДЭЛГЭРМАА