Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2301

 

МАГАДЛАЛ

 

2017.11.03                                                     Дугаар 2301                              Улаанбаатар хот

 

 

 

 

 

Б.Лын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2017/01679 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Л ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Б, С.Б нарт холбогдох,

 

Орон сууцны үнийн урьдчилгаа, засварын зардалд 28 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Засварын зардал, алдагдал, ашиглалтын зардалд 42 589 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Зохигчдын гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Л,

Нэхэмжлэгчийн өмгөөлгч: А.Б,

Хариуцагч: С.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч: П.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Б.Л би “Шуурхай зар” сонины зарын дагуу С.Б түүний эхнэр С.Б нараас Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө 44/2 дугаар байрны 37 тоот 156.46 м.кв талбайтай ГД000286739, Ү-2204031246 дугаартай гэрчилгээтэй орон сууцны зориулалттай 5 өрөө байрыг 290 000 000 төгрөгөөр худалдан авч сувилалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон билээ. Тухайн үед С.Б надад уг байрыг ямар нэг доголдолгүй байр гэж тайлбарлаж байсан. Би уг байрыг авахын тулд “Б ББСБ” ХХК-иас 23 000 000 төгрөгийг авч сувилалын үйл ажиллагааг эхлүүлж эндээс олсон орлогоосоо авсан зээлээ төлнө гэж тооцоолсон. 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр С.Б намайг дуудан өөрийн таних нотариатч дээр дагуулан очиж “Иргэд хоорондын хэлцэл”-ийг өөрөө бичиж нотариатаар баталгаажуулсан. Би энэ хэлцлийг худалдах, худалдан авах гэрээ гэж ойлгосон бөгөөд нотариатч мөн тэгж хэлсэн. Би хэлцлийн дагуу байрны төлбөрт 13 000 000 төгрөгийг төлж энэ өдрөө С.Бтай уг байранд очиж түлхүүрийг авч байрны тухайн үеийн байдлыг гэрэл зургаар баталгаажуулж авсан. Би түлхүүр авах үедээ дахин түүнээс уг байранд ямар нэг доголдол байгаа эсэхийг тодруулсан боловч тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Ингээд би уг байранд 13 000 000 төгрөгөөр засвар хийлгэж үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байтал 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр бохирын ус алдсан. Би энэ талаар С.Б, С.Б нарт мэдэгдсэн. Дахин 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр бохирын ус алдаж энэ талаар мөн С.Бд мэдэгдсэн боловч ирээгүй. Тухайн үед ус алдсантай холбогдуулан уг орон сууцыг хариуцсан сантехникийн инженер Д.Бд мэдэгдэхэд С.Б Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хямд үнээр худалдан авч 2 жил бусдад борлуулж чадахгүй байж байгаад надад зарж борлуулсан, мөн уг байр урьд нь байнга бохир алддаг байсан талаар ярьснаар энэ байрыг би доголдолтой болохыг мэдсэн. Би мөнгөө гаргаад засварыг эхлүүлэх санал тавихад “та байрны өмчлөгч биш” гээд зөвшөөрөөгүй. 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн С.Бын ааш зан хувирч гэрээгээр чиний байр болсон, засварыг би хийхгүй гэж таагүй үгээр намайг доромжлох болсон. Эхнэр С.Б нь надтай уулзахдаа энэ байр хямдхан болохоор нь авсан чинь муу байр байсан. 2 жил зарж чадахгүй байж байтал таньд С.Б өгсөн байна, яаж ингэж чадаж байна аа. Одоо байрыг зарах зар өгөөд эндээс мөнгийг чинь өгнө, зарагдаагүй байсан ч таньд 25 000 000 төгрөг өөрөө зохицуулаад өгнө гэж яриад байрыг зарах зар өгсөн. Үүний дараа хүмүүс ирж байрыг нь үзэж байсан. Би тухайн үед байранд үйл ажиллагаа явуулахаар авч ирсэн эд хогшилоо авах гэхээр С.Б “та хүн автал түр байлгаж бай, хүнд үзүүлэхэд дотор байгаа тавилгатай нь үзүүлэхэд зүгээр юм” гэж хэлж миний эд хогшилыг өгөхгүй байсан.

2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр би С.Бын ажлын байр болох “Н Ш” валютийн зах дээр очиж уулзахад “Өнөөдөр шийдээд өгье та С.Бд байраа хүлээлгээд өгчих Б өөрсдөө амьдрахаар боллоо” гэсэн. Ингээд би С.Бгийн хамт уг байранд очтол байрны цоожны голыг солиод түлхүүрийг өөрсдөө аваад, лац тавьж дотор нь байсан миний эд зүйлийг өгөлгүй яваад өгсөн. 2016 оны 02 дугаар сар хүртэл тэднээс гуйж хөөцөлдөж байж орхисон эд зүйлээ авахад бохир дахин алдаж үлдсэн эд зүйл маань муудаж гэмтсэн байсан. Сэргээн засах чиглэлээр өдрийн эмчилгээ явуулах зорилготой “Б ББСБ” ХХК-иас 23 000 000 төгрөгийг авч С.Бд 13 000 000 төгрөгийг урьдчилгаа төлбөр болгон өгч, 13 000 000 төгрөгийн засвар уг байранд хийсэн. Иймд С.Б, С.Б нараас болж зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж мэргэжлийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахад төлсөн төлбөр болох 2 000 000 төгрөг, мөн байрны урьдчилгаанд төлсөн 13 000 000 төгрөг, байрны засварт зарцуулсан 13 000 000 төгрөг, нийт 28 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Гэрээ хэлцэлд заасан үүргүүдээ зөрчиж, бид нарын байрыг түрээслэж, худалдан авахаар хэлцэл хийж, гуйж байж авна гэж бид нарын орон сууцны түлхүүрийг авч 1 жил орчим араасаа хөөцөлдүүлж, бид нарын цаг зав, ажил, төрөл, сэтгэл санаагаар хохироосон. Мөн энэ хугацаанд байрны ханш 30 хувиар унаж 40 000 000-50 000 000 төгрөгийн алдагдалд оруулсан. Харилцан тохиролцож гэрээ хийхдээ Б.Л нь би орон сууцны зориулалтыг өөрчилж, эмнэлгийнх болгоно, эмнэлгийн зөвшөөрөл авна, зардлаа би өөрөө гаргана, та нар байраа зарахгүй хүлээж бай, би гурван сарын түрээс өгье, мөн 10 000 000 төгрөгийн урьдчилгаа өгье, заасан хугацаандаа худалдаж авч чадахгүй бол, та нарыг хохироохгүй, урьдчилгаа мөнгө, түрээсийн мөнгө засвар хийсэн зардлаа эргүүлэн авахгүй, та нар эмнэлгийн зориулалтыг буцаагаад орон сууцны зориулалт болгоход 10 000 000 төгрөг зарцуулаарай, би буцааж авахгүй. Ер нь би банкны зээлээр танай орон сууцыг худалдан авна. Голомт банкинд материалаа өгчихсөн, миний материал болон бүх юмаа ярьчихсан байгаа. Ойрхон байдаг хуульч, нотариатч дээр очиж 2 талынхаа санал бодлоо хэлж, гэрээ хэлцэл хийсэн. Гэрээнд заахдаа иргэн Б.Л нь түрээслэж байх 3 сарын хугацаандаа худалдан авч чадахгүй тохиолдолд 3 сарын түрээсийн мөнгө, урьдчилгаанд өгсөн            10 000 000 төгрөгийг эргүүлэн олгохгүй, зориулалтыг өөрчлөхөд зарцуулна. Мөн түрээслэн худалдан авах 3 сарын хугацаандаа орон сууцны зориулалтыг дур мэдэн өөрчилвөл, засварлавал, өөрийн зардлаар бүрэн хариуцна. Орон сууцыг түрээслэж ашиглаж байх хугацаандаа, байрны урсгал зардал, байрны төлбөр тооцоог 100% хариуцана гэж гэрээндээ тусгасан. Гэрээний түрээслэх хугацаа 2015 оны 01 дүгээр сарын 16-наас 2015 оны 04 дүгээр сарын 16-ны хооронд 3 сарын хугацаатай байсан. Гэрээний хугацаа дуусч байна та худалдаж авна гэсэн яасан бид нар мөнгөө авья гэхэд зээл бүтээгүй байна, би хөөцөлдөж байна гээд 5-6 сар орчим алга болсон. Ахиад 5 сарын дараа уулзаж байрныхаа түлхүүрийг авч, доторхи зүйлсээ ав, байраа чөлөөлж өг гэхэд маргааш ирж авья гэж хэлээд утсаа салгаад сураггүй алга болсон. Араас нь бас л хөөцөлдсөн, нэг утсаар ярихдаа та нар байраа миний нэр дээр шилжүүлээд өгчих, би тэгвэл авмаар байна гэж залилж авах гээд байсан. Сүүл рүүгээ танай байр ус алддаг гэсэн, бид хариуцсан СӨХ, орон сууцны контор, үйлчилгээний байгууллагууд байна, та засуулаад авчих, зардлыг нь худалдаж авах мөнгөнөөсөө хасуулаад авчихсан, эсвэл би өөрөө засуулаад өгье, та байраа худалдаж авах мөнгөө өгчих гэхэд мөнгөө өгдөггүй байсан. Иймд Б.Лгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.Л нь С.Баас Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ЭТӨЧ, 44/2-н 37 тоотод байрлах 156.46 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг 290 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож талууд 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Иргэд хоорондын хэлцэл”-ийг байгуулсан. Дээрх хэлцлийн дагуу Б.Л 3 000 000 төгрөгийг хариуцагчид төлснөөр нэхэмжлэгч уг орон сууцны түлхүүрийг 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авсан. Нэхэмжлэгч орон сууцыг хүлээн авснаас хойш 2 сарын дараа засвар хийж эхэлсэн байх ба уг орон сууцыг эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар өөрчилж, гал тогоо байсан хэсгийн сантехникийн хоолой болон бусад тоног төхөөрөмжүүдийг бүхэлд нь өөр өрөө рүү шилжүүлсэн. Ийнхүү орон сууцны засварын ажлыг мэргэжлийн бус хүнээр, доголдолтой гүйцэтгүүлснээс одоо ус алддаг болоод байна. Тиймээс гал тогооны хэсгийг буцааж зориулалтын өрөөнд нь аваачих, бүх өрөөний паркетан шалыг солих, хана, хаалганы цагаан өнгийг өөрчлөх зэргээр орон сууцны засварыг өмнөх байдалд нь сэргээх шаардлагатай байна. Иймд Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууцны зориулалтыг өөрчилснийг өмнөх байдалд сэргээхэд шаардагдах засварын зардал 12 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг гаргаж байна. 2015 оны 02 сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ болон хуучин орон сууцны дундаж үнэ 2016 оны мөн үеэс 13.7 хувиар буурчээ. Харин орон сууцны үнийн индексийг Монгол банк, төрийн орон сууцны корпорацийн сайт зэрэг мэдээллийн хэрэгслээс үзэхэд 2014 оны 12 дугаар сараас нийт орон сууцны дундаж үнэ, 2015 оны 08 дугаар сарын хооронд 10.2 хувиар буурсан болох нь “Б” ХХК-ийн судалгааны тайлангаар нотлогдож байна. Судалгаагаар орон сууцны зах зээлийн үнэ ханш хурдацтайгаар буурсан үзүүлэлт харагдах боловч дээрх судалгаанд тулгуурлан хамгийн бага үзүүлэлтээр тооцож үзэхэд л тухайн үед С.Б нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ЭТӨЧ, 44/2-н 37 тоот хаягт байрлах 156.46 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг 2015 оны 02 дугаар сард 290 000 000 төгрөгөөр худалдах боломжтой байсан бол мөн оны 08 дугаар сард уг байрны зах зээлийн ханш ердөө 261 000 000 төгрөг болж С.Бд 29 000 000 төгрөгийн бодит хохирол учирсан байна. Б.Л нь 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сар хүртэл 16 сарын хугацаанд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ЭТӨЧ, 44/2-н 37 тоот хаягт байрлах 156.46 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг эзэмшиж, ашигласан. Дээрх хугацаанд Б.Л нь уг орон сууцны ашиглалтын эхний 3 сарын зардлыг төлсөн. Үлдсэн 13 сарын ашиглалтын зардлыг огт төлөөгүй байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан хэлцлийн 10-т "...Үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж, ашгилах үеийн ашиглалтын зардлыг Б тал дангаар хариуцна” гэж заасны дагуу Б.Лаас 1 589 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Өмнөх байдалд нь сэргээхэд шаардагдах засварын зардал 12 000 000 төгрөг, орон сууцны зах зээлийн үнэ ханшийн бууралтаас бий болсон алдагдал 29 000 000 төгрөг, ашиглалтын зардал 1 589 000 төгрөг, нийт 42 589 000 төгрөгийг Б.Лаас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн хувьд талууд хуулийн хүрээнд аливаа гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг. Гэтэл С.Б өөрийн бичсэн “Иргэд хоорондын хэлцэл”-ийг 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр намайг дуудан ирүүлж танил нотариатч дээр дагуулж очиж миний санаа бодлыг асуулгүй “илт надад хохиролтой” ойлгомжгүй хэлцэлд гарын үзэг зуруулсан. Бид анхнаасаа үл хөдлөх хөрөнгийг түрээслэн ашиглах талаар ярилцаагүй байсан. Би тухайн орон сууцанд ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэж байгаагаа С.Бд хэлж түүний зөвшөөрснөөр засвар хийсэн. Засварыг 2015 оны 01 дүгээр сарын 20-ны үед эхэлсэн ба засварын явцад 2015 оны 03 дугаар сарын 09-нд ус алдсанаар доголдолтой болохыг мэдсэн. Ус алдсан асуудал нь хийсэн засварын ажилтай огт хамааралгүй угаасаа ус алддаг байр байсан ба миний хийсэн засварын ажил буруутай гэдгийг нотолсон ямар нэг баримтыг өгөөгүй байна. Мөн орон сууцны засварыг өмнөх байдалд нь оруулахад 12 000 000 төгрөг шаардлагатай болох талаар гаргаж өгсөн санхүүгийн тооцоо баримт байхгүй байгаагаас гадна миний хийсэн засвараас түүнд ямар ч хохирол учраагүй. С.Б өөрт нь        29 000 000 төгрөгний бодит хорирол учирсан гэх боловч сөрөг нэхэмжлэлдээ намайг буруутай болохыг, нотолсон баримтыг гаргаж ирүүлээгүй байна. Би хэлцэлд дурьдагдсан 16 сарын хугацаанд орон сууцыг эзэмшиж ашиглаагүй. Иймд түүний нэхэмжилж буй        42 589 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Б.Лын С.Б, С.Б нараас 28 000 000 төгрөг нэхэмжилсэн үндсэн нэхэмжлэл, С.Б, С.Б нарын Б.Лаас засварын зардал, алдагдал, ашиглалтын зардалд 42 589 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 297 950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд тэмдэгтийн хураамжид төлсөн 370 895 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Би нэхэмжлэлийн шаардлагандаа тухайн байранд засварт зориулж 13 000 000 гаргасанаас материалд         7 200 000 төгрөг, засварын ажилчдын цалинд 5 800 000 төгрөг тус тус гаргасан талаарх баримтыг өгсөөр байхад 4 023 600 төгрөгний баримт байна гэж гаргасан нь буруу байна. 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 2 дахь удаагаа ус алдахад С.Бд ус алдалтыг янзлаад өг би энэ байрыг авна гэж хэлсэнг тэр зөвшөөрч өөрийн зардлаар засвар хийж өгөхөөр болсон. Энэ байдлыг "Ө Д Ө" ХХК-ийн сантехникийн инженер н.Б мэдэж байсан. С.Б ус алдалтыг засч өгөөгүй ба та өөрөө зардлаа гаргаад засчих байрны үнээс 10 000 000 төгрөг хасч тооцьё гэж хэлсэн тул би мэрэгжлийн сантехникийн баг оруулж засвар хийлгэх хүсэлтийг "Ө Д Ө"     ХХК-нд гаргасан боловч уг байрны хууль ёсны эзэмшигч биш гэсэн шалтгаанаар засвар хийж өгөөгүй. Энэ талаар С.Бд мэдэгдсэн боловч тэр 2015 оны 04 дүгээр 10-ны үеэр бусдад уг байрыг зарах зар өгсөн байсны дагуу хүмүүс ирж үзэж байсан. Энэ байдлыг тухайн үед засвар хийж байсан Ц.Э, С.Бын эхнэр С.Б нар мэдүүлдэг. С.Б, С.Б нар бохирын ус алдалтыг янзалсан тохиолдолд байрны төлбөрийг төлнө гэж хэлсэн боловч засч өгөөгүй нь тэдний буруутай үйлдлээс болж би гэрээний дагуу 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр орон сууц худалдан авахад шаардлагатай төлбөрийг хийгээгүй. Энэ байдлаас дүгнэхэд гэрээг С.Б, С.Б нар бусдад зарах зар өгсөнөөр өөрсдөө гэрээнээс татгалзсан гэж үзэж болохоор байна. Иймд анхан шатны шүүхийн шийдврийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэл нь үнэн бодитой мэргэжлийн байгууллагууд болон Монгол банк, орон сууцны корпараци орон сууцны зах зээлийн үнийн индексийг цаг хугацаатай нь гаргасан дүгнэлтийг баримт болгож ач холбогдол өгч дүгнэж үзээгүй, эсрэг талын нэхэмжлэгчийн хууль бус, хэзээ, хаанаас яаж авсан нь мэдэгдэхгүй хуурамч баримтуудтай дүйцүүлэн үзэж хамтад нь хэрэгсэхгүй болгосон байна. Энэ талаар гомдолтой байна. Мөн үнэн бодитоор иргэн С.Б би хохирсон учраас нэхэмжлэл гаргах гэж Лд хэлж шаардсаныг Л нь мэдээд түрүүлэн биднийг хариуцагч, өөрөө нэхэмжлэгч болгож, худлаа жүжиглэж, биднийг хөрөнгө мөнгө цаг хугацаагаар хохироочихоод өөрөө төлбөрөөс зайлсхийх арга зохиож шүүхэд хандсан юм. Бид хууль журмын дагуу үнэнч шударгаар гэрээ хэлцэл хийж бодит байдалд зохицож ажилласан юм. Бидний байр орон сууц нь ямар нэгэн доголдолгүй мэргэжлийн хяналтын комисс хүлээн авсан Лд хүлээлгэж өгөхөөс өмнө, бөглөрч ус алдаж байгаагүй, Лгаас хүлээж авсанаас ч хойш ч ус алдаагүй одоо хүртэл зүгээр ямар нэгэн асуудалгүй хэвийн байгаа юм. Л нь бидний өмч орон сууцыг үнэгүйдүүлж хямдхан хуурч авах гэсэн зорилготой байсан бөгөөд түүний зорилго нь бүтээгүй болохоор нэхэмжлэлийн хариуцлагаас зайлсхийх гэсэн оролдлого юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Ла нь хариуцагч С.Б, С.Б нарт холбогдуулан

орон сууцны үнийн урьдчилгаа, засварын зардалд 28 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, засварын зардал, алдагдал, ашиглалтын зардалд 42 589 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...талуудын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан Иргэд хоорондын хэлцлийн дагуу шилжүүлэн авсан 156,46 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ашиглах боломжгүй, биет байдлын доголдолтой...” гэсэн бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...уг байранд ямар нэг доголдол байгаагүй, орон сууцыг өөрийн саналаар эмнэлгийн зориулалттай болгон өөрчилсөн, буцааж өмнөх байдалд нь оруулахын тулд гарах засварын зардлыг гаргуулна...” гэжээ.

Зохигчдын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан “Иргэд хоорондын хэлцэл” гэх баримтад бичсэнээс үзэхэд хариуцагч нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 44/2-3-7 тоот хаягт орших, 156,46 м.кв талбайтай, орон сууцыг нэхэмжлэгчид 290 000 000 төгрөгөөр худалдах, 2015 оны 4 дүгээр сарын     16-ны дотор төлөхөөр тохиролцсон байна.

Орон сууцны үнийг бүрэн төлөх хүртэл хугацаанд нэхэмжлэгч нь байрыг 3 000 000 төгрөгөөр түрээслэхээр хэлцэлд заажээ.

Шүүх хэрэгт авагдсан баримтууд, зохигчдын тайлбараас үзвэл талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, түүнийг нотлох баримтын талаар хийсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй гэж үзнэ.

Учир нь хэлцлийн 11-д “Б тал /Б.Л/ үл хөдлөх хөрөнгийг худалдан авахад бэлэн болмогц худалдах, худалдан авах гэрээг дахин байгуулна” гэсэн байхад шүүх “талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсанаас үзэхэд гэрээнээс татгалзсан агуулгатай байх ба шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийг баримтлан маргааныг шийдвэрлэсэн байна.

Хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар шүүх дүгнээгүй тохиолдолд хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл хэлцэл хийсэн талууд нь зөвхөн хүчин төгөлдөр хэлцлээс татгалзах эрхтэй.

Хэлцэлд заасан үл хөдлөх эд хөрөнгө нь улсын бүртгэлд бие даасан бүртгэлтэй эд хөрөнгө байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан хэлцлийн талаар хуульд заасан хэлбэрийн шаардлага, хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар шүүх дүгнээгүй байна.

Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсноор тухайн маргааныг шийдвэрлэхэд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг оновчтой сонгон хэрэглэх учиртай байна.

Дээрхээс гадна шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна.

Тухайлбал, хариуцагчийн хүсэлтээр шүүх шинжээч томилсон захирамждаа “нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч” гэж бичсэн ба Х Ү Тийг шинжээчээр томилсон нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн “Х Ү Т” гэх шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдаагүйгээс гадна шүүх шинжээч томилохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан ажиллагааг хийгээгүй атал “Х Ү Т” ХХК-иас гаргасан дүгнэлт, хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан “Б” ХХК-ийн дүгнэлт, “Ө Д” СӨХ, “Н Т” ХХК-ийн тодорхойлолт гэх баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсгийн заалтад нийцээгүй гэж үзнэ.

Эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр хийсэн шинжилгээ, дүгнэлтийг шинжээчийн дүгнэлт гэж үзэх үндэслэлгүй тул “Б” ХХК-ийн гаргасан дүгнэлт гэх баримт нь хуульд заасан арга, журмаар олж авсанд тооцогдохгүй, улмаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт “Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заажээ.

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг зөвтгөн залруулах замаар хэргийг шийдвэрлэх боломжгүй тул зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2017/01679 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 371 000 төгрөг, нэхэмжлэгчээс 287 950 төгрөг тус тус төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ИЧИНХОРЛОО

 

                                ШҮҮГЧИД                                           Д.БАЙГАЛМАА

 

                                                            М.НАРАНЦЭЦЭГ