Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 84

 

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Батжаргал,

Улсын яллагч Ц.Батзориг,

Шүүгдэгч Б.Гансүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Иш овгийн Буянгийн Гансүхэд холбогдох эрүүгийн 201615000258 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Төгрөг суманд 1991 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт саатуулах байрны жижүүрийн цагдаа, ам бүл-3, аав ээжийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 37-18 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа, шагнал, ял шийтгэлгүй, регистрийн дугаар: ЙН91031811 Иш овогт Буянгийн Гансүх.

Шүүгдэгч Б.Гансүх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Альфа” нэртэй баарны гадна талбайд иргэн Г.Тайванжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, зодож Г.Тайванжаргалын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Гансүх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Өөрийн буруутай үйлдлээс Г.Тайванжаргалд гэмтэл учруулсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрөө төлсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирлоо төлж, хохирогчтой эвлэрсэн” гэв.

Хохирогч Г.Тайванжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 23 цагийн орчим найз А.Очирвааньтай уулзахаар тохирсон байсан учир 5 дугаар багт байрлах “Альфа” бааранд орж А.Очирвааньтай уулзаж баар хаах цаг болчихсон байсан тул 0.5 литрийн 1 пиво талд нь ортол уугаад баарнаас гарсан юм. Гараад зогсож байтал 2 охин гүйж ирээд “...яасан аймаар юм бэ…” гэхээр нь яасан бэ гэтэл “... машинтай хүмүүс явуулахгүй байна…” гэсэн юм. Гэтэл бидний ойролцоо цагаан өнгийн Гранд марк-2 маркийн машин байсан. Машины цонх нь онгорхой 2 залуу суучихсан харагдаж байсан. Би тэр 2 охинд тус болох санаатай “... яах гээд байгаа юм бэ хүн зүгээр явуулчих энэ миний эхнэр ш дээ...” гэсэн. Тэгтэл жолоон дээр сууж байсан залуу нь “... Чиний эхнэр байтлаа чамаас зугтаадаг юм уу гөлөг өө...” гэх мэтээр хэл амаар доромжилсон. Би “... яагаад хүний эхнэр зугтааж болдоггүй юм бэ гэхэд…” тэр залуу /сүүлд Гансүх гэдгийг мэдсэн/ “... чамаас бол зугтаана л даа...” гэхээр миний дургүй хүрээд жолоочийн талынх нь хаалгаар очоод хаалгыг нь онгойлготол өөдөөс цээж рүү жийчихсэн /өшиглөсөн/ чинь би ойчсон. Хажууд байсан Очирваань намайг босгосон юм. Тэгээд бостол тэр залуу миний зүүн чихний дээд хэсэг рүү цохисон юм. Яг энэ үед цагдаагийн эргүүлийн машин ирж зогсоод 2 цагдаа бууж ирсэн. Би тэр цагдаа нарыг тэр залууг аваад явчих байх гэж бодсон чинь тэр залуу / Гансүх/-тэй юм яриад тэдний хажууд Гансүх нь намайг хэл амаар доромжилж над руу дайраад байсан. Тэгэхээр нь би цагдаа дээр хамт очъё гэхэд Б.Гансүх гэгч нь “....чамтай хамт доор орж байгаад чамайг ална...” гэхээр нь миний дургүй хүрээд тэр Гансүх гэдэг залууг цохисон чинь хүзүү цээж орчимд нь онож тэр залуу газар ойччихсон. Тэгтэл нөгөө 2 цагдаа залуу намайг боль гэсэн би тэгэхээр нь “... та нар намайг зодуулчихсан байхад тоохгүй байж таньдаг хүмүүс дээ ингэж үйлчилдэг юм уу...” гэж хэлж байтал Б.Гансүх хажуугаас хамар луу цохичихсон миний хамар мурийгаад цус гараад тогтохгүй байсан. Б.Гансүх бид хоёрыг цагдаа нар цагдаагийн газар дээр авчирсан.  Цагдаагийн жижүүр нь намайг хамраа эмнэлэгт үзүүлээд өргөдлөө авчирч өг гээд явуулсан. Би эхнэрээ дуудаж өргөдөл бичиж өгөөд эмнэлэг явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

Гэрч А.Очирвааний мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 08 дугаар сарын 24-ний орой 23 цагийн үед би ганцаараа “Альфа” бааранд 2 пиво уугаад сууж байсан. Тэгсэн манай найз Г.Тайванжаргал над руу хаана юу хийж байна гэхээр нь би “Альфа” бааранд байна гэсэн чинь яваад очъё гээд удалгүй 23 цаг өнгөрч байхад хүрээд ирсэн. Г.Тайванжаргалыг ирэнгүүт 1 бүтэн 1 тал шил пиво уугаад баар хаалаа гэхээр нь харихаар гарсан. Баарнаас гараад бид хоёр хажуухан талд нь бие засах гээд зогсож байтал хоёр охин “Гранд марк-2” маркийн автомашинтай залуучуудтай юм яриад байсан. Нөгөө залуучууд нь хөөе охион гээд орилоод хашгираад байсан. Г.Тайванжаргал болиоч ээ наад хоёр охиноо зүгээр явуулаачээ гэж хэлсэн чинь нөгөө машинтай залуу Б.Гансүх чи наашаа хүрээд ирдээ яасан овоо залуу вэ гээд дуудсан. Тайвнаа түрүүлээд яваад очиход нөгөө залуу Тайвнааг өшиглөж унагаасан. Тэгсэн тэр Б.Гансүх гэх залуу Тайвнааг толгой руу нь эхлээд нэг цохисон тэгсэн Тайвнаа тэр Б.Гансүхийн цээж рүү цохисон чинь Б.Гансүх газар ойчсон. Б.Гансүх босож ирээд Тайвнааг нүүр лүү нь цохиод авсан. Б.Гансүхтэй хамт явж байсан Бямбадорж гэх залуу Тайвнааг бас цохиод авах шиг болсон. Тэр үйл явдал их хурдан болж өнгөрсөн болохоор би Бямбадоржийг Тайвнаагийн хаана нь цохьсныг хараагүй. Тухайн үед цагдаа нар ирчихсэн байсан. Цагдаа дээр ирээд Б.Гансүх Тайвнааг хавирга руу нь бас нэг удаа өшиглөөд авсан. Өөр юм болоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

Гэрч Б.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр би мэдээлэл хүлээн авагч цагдаагаар ажиллаж байсан юм. Шөнө 00 цаг өнгөрч байхад цагдаагийн жижүүрийн 7032102 утсанд цагдаа Б.Гансүх “Альфа” баарны гадаа намайг хүн цохиулчихлаа гэж дуудлага өгсөн. Тэгэнгүүт нь тухайн өдрийн оройн эргүүл Ц.Цэдэн-Аюуш, Б.Цэрэндагва нарыг явуулсан. Удалгүй Б.Гансүх бас Б.Гансүхийг цохисон гэх залууг найзтай нь аваад ирсэн. Цагдаагийн газарт орж ирэхэд хоорондоо маргалдсан байдалтай байсан. Б.Гансүх тэр залууг чи намайг эхэлж цохисон биз дээ гээд байсан. Тэд нарыг орж ирэхэд тэр Г.Тайванжаргал гэх залуугийн хамарнаас нь цус гарчихсан нүүр нь нил цус болчихсон байсан. Тухайн үед ерөнхий жижүүр цагдаагийн ахлах дэслэгч Ц.Ганжаргал гарч байсан Б.Гансүхийг өрөө рүү ороод байж бай гэсэн. Нөгөө залуу нь өргөдөл бичээд яваад өгсөн. Удалгүй Б.Гансүх гэр лүүгээ явсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Цэдэн-Аюушийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр би томилгооны дагуу хэв журмын оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Орой 00 цаг 10 минутын орчим “Альфа” баарны гадаа дуудлага ирлээ гэхээр нь цаг д/а Б.Цэрэндагвын хамт дуудлаганд явсан. “Альфа” бааранд очиход машинаасаа бууж амжаагүй байхад Г.Тайванжаргал гэх залуу нь цагдаа Б.Гансүхийг цохиод авсан чинь Б.Гансүх арагшаа саваад унасан. Тэгэхээр нь би гүйж очтол Б.Гансүхтэй хамт явсан гэх залуу нь Г.Тайванжаргалыг цохиод авсан. Тэгэнгүүт нь би Г.Тайванжаргалыг тэвэрч аваад салгаад өөр тийшээ явтал миний зүүн мөрөн дээгүүр нэг гар орж ирээд Тайванжаргалыг цохьсон. Хэн хаана нь яаж цохьсныг би хараагүй. Би Г.Тайванжаргалыг тавьтал эхлээд зүгээр юм шиг байснаа хамарнаас нь цус гараад эхэлсэн. Ерөөсөө тогтохгүй байсан. Тэгээд эргүүлийн машиныг авчирч тэр Г.Тайванжаргалыг суулгах гэтэл суухгүй байсан. Тэр үед Б.Гансүх, Г.Тайванжаргал хоёр хэрэлдээд байсан. Машинд Г.Тайванжаргалыг суулгаад бас найз нь бололтой нэг цагаан цамцтай залууг бас суулгаад, мөн Б.Гансүхийг суулгаад явах гэтэл Б.Гансүх цагаан цамцтай залууг нь цохичихсон. Тэгэхээр нь буцаж буугаад Б.Гансүхийг урд суудалд суулгаад би өөрөө хойд суудал дээр суугаад цагдаа дээр ирж ерөнхий жижүүр цагдаагийн а/д Ц.Ганжаргалд хүлээлгэн өгсөн. Тэгээд удалгүй дахиад дуудлага гараад Б.Цэрэндагва бид хоёр яваад өгсөн. Тэр очсон дуудлага нь худлаа дуудлага байсан тэр үед би эргүүлээс буух цаг болчихсон байсан болохоор замаараа шууд гэр лүүгээ хүргүүлсэн. Г.Тайванжаргал, Б.Гансүх нарыг хүлээлгэж өгсөөр байтал тэр үед 01 цаг болж байсан. Өөр зүйл мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,

Гэрч Ц.Ганжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Би 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Цагдаагийн газрын жижүүрийн офицерийн үүрэг гүйцэтгэсэн.  24-ний шөнийн 00 цаг 10 минутын орчимд Цагдаагийн газрын 102 тоот утсанд “Альфа” баарны гадаа хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу эргүүлийн цагдаагаар гарч байсан дэд ахлагч Ц.Цэдэн-Аюуш, дэд ахлагч Б.Цэрэндагва нарыг явуулсан. 10 гаран минутын дараа эргүүлийн цагдаа нар дэд ахлагч Б.Гансүх энгийн хувцастай, Г.Тайванжаргал, А.Очирваань гэх 2 залууг авчирсан. Г.Тайванжаргал гэх залуу энэ залуу намайг баарны гадаа зодчихлоо гээд дэд ахлагч Б.Гансүхийг заасан. Г.Тайванжаргалын хамар цус болчихсон, хувцасных нь энгэр нилээн цус болсон байсан.  Г.Тайванжаргал би гомдолтой байна. Цагдаагийн газарт өргөдөл бичиж өгнө гээд өргөдөл гаргасан. Харин А.Очирваань гэх залуу нь Г.Тайванжаргалтай хамт явж байсан гэсэн. Болсон үйл явдлыг харсан гэж байсан. Би Б.Гансүхээс юу болсон талаар асуухад Б.Гансүх “Альфа” бааранд найзтайгаа хамт сууж пиво ууж байгаад гарч ирээд машиндаа суусан. Энэ залуу ирээд машины цонхоор миний эрүүн тус газар гараараа цохисон. Би машинаасаа бууж ирээд тэр залууг гараагаа нүүрэн тус газар нь нэг удаа цохисон, тэгээд цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан гэж хэлсэн. Би Г.Тайванжаргалын бичиж өгсөн өргөдлийг нь хүлээн авсан. Тайванжаргалын хамарнаас цус гараад тогтохгүй байхаар нь эмнэлэг яв гээд явуулсан. Би Гансүхийг бааранд хэнтэй явсан талаар асуухад бааранд нэг найзтайгаа суусан. Баар хаахаар нь гарсан. Хэрүүл маргааныг Г.Тайванжаргал өөрөө эхэлсэн гэж байсан. Б.Гансүхийг ажил дээр байлгаж байгаад цагдаа Б.Цэрэндагваар гэрт нь хүргүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

Гэрч Б.Бямбадоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 08 дугаар сарын 24-ний орой 21 цагийн үед би ажлаасаа тараад Арвайхээр сумын 5 дугаар багт байх гэртээ харьж, гэрээсээ машиныхаа түлхүүрийг аваад ажил дээрээсээ машинаа авахаар гарсан. Гэрээсээ гараад гэрийнхээ гадаа Б.Гансүхтэй таарсан. Өмнө нь ажлаасаа тараад явж байхдаа Б.Гансүхтэй утсаар яриад уулзахаар болсон юм. Б.Гансүх бид хоёр Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах “Альфа” баар луу орсон. “Альфа” баар луу ороход оройн 23 цаг болж байсан. Б.Гансүх бид хоёр 2 сэнгүр нэртэй пиво уусан, тэгтэл баар хаахаар болсон. Б.Гансүх өөрийнхөө “Гранд марк-2” маркийн автомашинтай явж байсан. Баарнаас гарч ирэхэд баарны гадна танихгүй 2 эмэгтэй зогсож байхаар нь Б.Гансүх бид 2 дөхөж зогсоод хүргээд өгье гэхэд тэр 2 хүүхэн юм дуугараагүй, тэр хоёр хүүхний хажууд Г.Тайванжаргал гэх залуу найзынхаа хамт зогсож байсан. Г.Тайванжаргал манай эхнэрээр яах гээд байгаа юм бэ, та хоёр юу юм бэ гээд бид хоёртой маргалдсан. Тэгээд тэр Г.Тайванжаргал гэх залуу миний сууж байсан /зөв талаар/ талаар ирээд цонхоор гараа оруулж ирээд мөр лүү гар нь шүргээд өнгөрсөн. Тэгтэл Б.Гансүх чи яах гээд байгаа юм бэ, чи ямар хаашаа юм бэ гэхэд Г.Тайванжаргал, Б.Гансүхийн сууж байсан талын цонхон дээр очоод цонхоор нь гар нь орж ирээд Б.Гансүхийг цохих гээд байсан. Тэгтэл Б.Гансүх машинаасаа гараад барилцаж аваад бие биенийгээ цохилцоод эхэлсэн. Хэн нь хэнийгээ, хаана нь хэдэн удаа цохьсныг мэдэхгүй байна. Б.Гансүх, Г.Тайванжаргал хоёрыг цохилцоод эхлэхээр нь би машинаас гарч ирсэн. Г.Тайванжаргалтай цуг явж байсан залуу Г.Тайванжаргалыг, би Б.Гансүхийг татаж салгасан. Тэр хоёрыг салгахад тэр хоёр өөд өөдөөсөө харж зогсчихоод хоорондоо хэрэлдээд байхаар нь би Г.Тайванжаргалтай цуг явж байсан залуугийн хажууд очоод юм яриад зогсож байтал Г.Тайванжаргал гэх залуу нь Б.Гансүхийг цохиод авсан. Б.Гансүх газар унасан. Б.Гансүхийг газар уначихаар нь би очоод Г.Тайванжаргал гэх залуугийн баруун шанаа руу нь гараараа цохисон. Намайг цохингуут л эргүүлийн цагдаа хүрээд ирсэн. Тэгээд цагдаа нар Б.Гансүх, Г.Тайванжаргал нарыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Гэрч Б.Цэрэндагвын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр жижүүрийн жолоочийн үүрэг гүйцэтгэж байсан. Шөнийн 00 цагийн үед жижүүрээс дуудлага ирлээ гээд “Альфа баарны гадаа хүмүүс зодолдоод байна” гэсэн дуудлагын дагуу цагдаагийн дэд ахлагч Ц.Цэдэн-Аюуштай хамт очсон. Тэгээд “Альфа” баарны гадаа очиж зогсоход Б.Гансүхийг нэг залуу цохиод унагаж байгаа харагдсан. Машинаас Ц.Цэдэн-Аюуш буугаад Б.Гансүхийг цохисон залууг бариад авсан. Цэдэн-Аюушийг очсны дараа Б.Гансүх нөгөө залууг цохиод авч байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 32 дугаар хуудас/,

Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 275 дугаартай: “…  Г.Тайванжаргалын биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…”  гэх дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Гансүхийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 73 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Гансүхийн ял шалгах хуудас/хх-ийн 74 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Гансүхийг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 48-53 дугаар хуудас/ зэрэг болно.,

Шүүгдэгч Б.Гансүх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Альфа” нэртэй баарны гадна талбайд иргэн Г.Тайванжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, Г.Тайванжаргалыг  зодож биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.Тайванжаргалын “… Тэр залуу /сүүлд Гансүх гэдгийг мэдсэн/ “... чамаас бол зугтаана л даа...” гэхээр миний дургүй хүрээд жолоочийн талынх нь хаалгаар очоод хаалгыг нь онгойлготол өөдөөс цээж рүү жийчихсэн /өшиглөсөн/ чинь би ойчсон. Хажууд байсан Очирваань намайг босгосон юм. Тэгээд бостол тэр залуу миний зүүн чихний дээд хэсэг рүү цохисон юм. “... та нар намайг зодуулчихсан байхад тоохгүй байж таньдаг хүмүүс дээ ингэж үйлчилдэг юм уу...” гэж хэлж байтал Б.Гансүх хажуугаас хамар луу цохичихсон миний хамар мурийгаад цус гараад тогтохгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/, гэрч А.Очирвааний “... Тайвнаа түрүүлээд яваад очиход нөгөө залуу Тайвнааг өшиглөж унагаасан. Тэгсэн тэр Б.Гансүх гэх залуу Тайвнааг толгой руу нь эхлээд нэг цохисон тэгсэн Тайвнаа тэр Б.Гансүхийн цээж рүү цохисон чинь Б.Гансүх газар ойчсон. Б.Гансүх босож ирээд Тайвнааг нүүр лүү нь цохиод авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33/, гэрч Б.Ууганбаяр, Ц.Цэдэн-Аюуш, Ц.Ганжаргал, Б.Бямбадорж, Б.Цэрэндавга нарын мэдүүлгүүд /хх-ийн 26, 31, 32, 34, 35,/, Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 275 дугаартай дүгнэлт /хх-ийн 43/, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 21-22/, шүүгдэгч Б.Гансүхийг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 48-53/, шүүгдэгч Б.Гансүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.,

Шүүгдэгч Б.Гансүхэд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Б.Гансүхийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Гансүх нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурьдав.

Шүүгдэгч Б.Гансүх нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх боловч шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сайн дураараа шүүгдэгчтэй эвлэрсэн талаараа шүүхэд хүсэлт ирүүлсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Б.Гансүхийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Гансүх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д “согтуурал буюу мансуурлын байдалтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй” гэж заасан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээд нь хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д заасныг удирдлага болгон шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн болно.

Хэрэгт шүүгдэгч Б.Гансүхийн AG 5124404 серийн дугаартай 10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт битүүмжилсэн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ахлах хэрэг бүртгэгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Иш овгийн Буянгийн Гансүхийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Иш овгийн Буянгийн Ганхсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Б.Гансүх нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар хэрэгт шүүгдэгч Б.Гансүхийн AG 5124404 серийн дугаартай 10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт битүүмжилсэн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ахлах хэрэг бүртгэгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Гансүхэд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр 304.1-д  зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Гансүхэд  урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  М.МАНДАХБАЯР